Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 35

 

 

Ч.Ут холбогдох эрүүгийн

хэргийн тухай

       

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

            Прокурор                                            Б.Батсайхан

            Шүүгдэгчийн өмгөөлөгч                   Н.Энхжаргал

            Хохирогчийн өмгөөлөгч                   С.Пүрэвсүрэн

            Нарийн бичгийн дарга                      Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүүгийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч О.Өын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Ч.Ут холбогдох 1812001840145 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1979 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Ш овгийн Чы У

 

Ч.У нь 2018 оны 03 дугаар сарын 18-20-ны өдрийн хооронд Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн “Халуун усны ам” гэх газраас иргэн О.Өын өмчлөлийн 4 тооны адууг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 6.300.000 төгрөгийн хохирол учруулсан  гэх гэмт хэрэгт холбогджээ.  /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас Ч.Ут холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолоор: “Шүүгдэгч Ш овгийн Чы Уыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Ч.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Шүүгдэгч Ч.У нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдаж, Хохирогч О.Өын нэхэмжилсэн нийт 4.230.000 төгрөгийн нэхэмжлэл нь  хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой 3.700.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,  алдсан малаа эрж хайх болон шинжээчид төлсөн зардалд тооцож нэхэмжилсэн 530.000 төгрөгөө холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж, Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хохирогч, шүүгдэгч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ут авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.”

 

Хохирогч О.Өын гаргасан давж заалдах гомдолд: “Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч О.Ө би дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Ч.У нь 2018 оны 03 дугаар сарын 18-20-ны өдрийн хооронд миний бэлчээртээ байсан 4 тооны адууг хулгайлан авсан. Үүний дотор миний хурдан удмын 10 сая төгрөгөөр Хэнтий аймгаас худалдан авсан азарга байсан. Үүнийг би анх худалдан авсан үнээрээ шүүгдэгч Ч.Уаар төлүүлэхийг хүсч байна. Хавтаст хэрэгт надад энэ азаргыг худалдсан, азарганы эзэн Э.Энхтайваны азарганы үнийг тодорхойлсон баримт байгаа. Гэтэл үүнийг шүүх үнэлээгүйд нь гомдолтой. Үнэлгээ тогтоосон баримтад зах зээлийн үнээр хурдан азаргын үнийг 10 сая төгрөгөөр бууруулан тогтоосон хэдий ч миний азарга зах зээлийн үнээрээ 10 сая төгрөгөөр үнэлэгдэж, худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн гэдэг нь тогтоогдож байгаа гэж үзэж байна. Үнэлгээний дүгнэлтэнд гомдол гаргах эрхийг мөрдөгч тайлбарлаагүй ба надад шүүгдэгчтэйгээ тохиролцоод азарганыхаа үнийг төлүүл гэж хэлж, Ч.У ч гэсэн авсан үнээр чинь төлж хохиролгүй болгож өгнө гэж намайг худал хэлж байгаад шүүх хуралд орсон. Нөгөө талаар малчин бидний нойр хоолоо хасан байж амьдралын эх үүсвэрээ болгон байдаг ажлын үр дүнг байхгүй болгож, хурдан сайхан азаргыг минь үзэх үс ч үгүй болгочихоод байгаа Ч.У гэгчид шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нь энэ хүнийг дахин гэмт хэрэг үйлдэх боломжийг олгосон, хохирогчийг дэндүү басамжилсан асуудал гэж үзэж байна. Яагаад энэ хүн бусдыг хайрлах сэтгэлгүй, биднээс тэгш хараад уучлал гуйх сэтгэлгүй хохироочихоод түүндээ ямар ч гэмшсэн юмгүй явахад түүнд ял шийтгэл өгөхгүй тэнсэж байгаа юм бэ, энэ нь хууль зөрчөөгүй гэх хэдий ч хохирогч болсон хүний эрх арай л дэндүү зөрчигдөөд байгаа нь харагдаж байна. Анхан шатны шүүхээс хохирогч О.Ө надад хохирлыг бүрэн гаргуулж өгөөгүй, улмаар шүүгдэгч гэх Ч.Ут хуульд заасан хорих ялыг оногдуулж, эдлүүлээгүй явдалд нь гомдолтой. Хэрэг шийдвэрлэж, “хулгайч”-ийн толгойг илж өнгөрүүлж байгаа байдал нь та нар хулгай хий, тэгээд наад хүмүүс чинь хохироод байж байг гэж хэлж байгаатай адил нөхцөлийг үүсгэсэн гэж ойлгогдож байгаа юм. Иймд Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолтой Ч.Ут холбогдох хэргийг хянаж, хохирогч надад учирсан хохирлыг бүрэн гаргуулж, Ч.Ут ял шийтгэл оногдуулж, биечлэн эдлүүлж өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч С.П-ийн хамт оролцоно.” гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсайхан би Монгол Улсын Үндсэн хуулийн 56 дугаар зүйл, Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн Ч.Ут холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд прокуророор оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Ч.У нь 2018 оны 03 дугаар сарын 18-20-ны өдрийн хооронд Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн “Халуун усны ам” гэх газраас иргэн О.Өын өмчлөлийн 4 тооны адууг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 6.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын ажиллагааны явцад тогтоогдсон бөгөөд уг хэргийг прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолоор хэргийг шийдвэрлэсэн. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтанд үндэслэж, нотлох баримтыг магадлах зарчмаар өөрийн дотоод итгэлээр шийдвэрээ гаргаж шүүгдэгч Ч.Ут Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн шийдвэр нь хууль ёсны үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, хохирогч О.Өын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч С.Пүрэвсүрэн шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Мөрдөн байцаалтын шатанд Энхтайван гэдэг хүний тодорхойлолтыг өгөөд байхад ядаж энэ хүнийг гэрчээр асуучихгүй яасан юм болоо гэсэн бодол байна. Яагаад хохирогчийг үнэлгээтэй холбоотой гомдлоо гаргаагүй юм бэ гэж байна. Шүүгдэгч нь хохирогчийн хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулна гэж байсан учраас үнэлгээтэй холбоотой гомдол гаргаагүй, өөрийнхөө эрх ашгийг хохироосон асуудал байгаа юм. Үүнийг шүүх хуралдааны шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй. Хэрвээ Э гэдэг хүнийг гэрчээр асуучихсан байсан бол өнөөдөр үнэлгээ үнэн зөв гарах ач холбогдолтой байсан байх. Тийм учраас энэ хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд буцааж гэрчээр Э-ыг асууж, дүгнэлтийг дахин гаргуулах саналтай байна.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Шинжээчийн дүгнэлт гаргахдаа хохирогчийн алдсан 4 тооны адуунаас хурдан гээд байгаа адууны өмнө нь авч байсан өргөмжлөлийг нь үнэлж дүгнэж үнэлгээ гаргасан байдаг. Аймаг орон нутаг, бүсийн, сум орон нутаг, овооны наадам, тахилга гэх мэтийн уралдаанд ямар үзүүлэлт гаргаж яаж уралдаж байсан юм, тэр нь ямар нотлох баримтаар яаж нотлогдож байгаа вэ гэдгийг үндэслэж тухайн аймаг орон нутагт хурдан удмын адуу ямар үнэ ханштай байдаг зэрэг байдлыг үндэслэж шинжээчийн дүгнэлт гарч тогтоосон. Мөн хохирогчийн зүгээс гаргасан үнэлгээг шинжээч үнэлж тогтоосон байдаг нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Хэрэгт авагдсан сум болон тахилгын наадмын өргөмжлөлүүдээс аймаг болон Цэнхэр суман дахь үнэлгээ, үнэ ханшыг нь үндэслэж азаргыг 4 500 000 төгрөгөөр үнэлэгдсэн нь тогтоогдсон учраас үнэлгээ хууль журамд нийцсэн гэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Дээрх адууны үнэлгээнээс гадна алдагдсан 3 адууны үнэлгээг шүүгдэгчийн зүгээс бүрэн нөхөж барагдуулсан. Ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, гэм буруугийн хувьд маргаангүй, учруулсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, мөн хөнгөрүүлэх нөхцөл байдлууд гэвэл анх удаа гэмт хэрэг үйлдснээс гадна хохирол төлбөр төлснийг, түүний ар гэрийн байдал, хувийн байдал, гэмт үйлдэлдээ хандаж байгаа хандлага зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр болсон гэж үзэж байна. Иймд Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, хохирогч О.Өын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ч.У нь бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. 

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулан Ч.Уын бусдын малыг хулгайлсан үйлдэлд үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, хэргийг зөв зүйлчилсэн байна.

 

Хэргийн үйл баримтын талаар тогтоосон дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, эдгээр нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Анхан шатны шүүхээс Ч.Ут хөнгөн гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Ч.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон байна.

 

Иймд хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Хохирогч үнэлгээ тогтоосон баримтад зах зээлийн үнээр хурдан азаргын үнийг 10 сая төгрөгөөр бууруулан тогтоосон хэдий ч миний азарга зах зээлийн үнээрээ 10 сая төгрөгөөр үнэлэгдэж, худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн гэдэг нь тогтоогдож байгаа, анхан шатны шүүхээс хохирогч О.Ө надад хохирлыг бүрэн гаргуулж өгөөгүй, улмаар шүүгдэгч гэх Ч.Ут хуульд заасан хорих ялыг оногдуулж, эдлүүлээгүй явдалд нь гомдолтой  гэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан нь үндэслэлгүй юм.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлавал 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр шинжээчийн 94 дугаартай дүгнэлт гарчээ. Уг дүгнэлтэнд Азрага нь 2016 оны аймгийн наадмаар азрагны уралдаанд 3-аар, Батцэнгэл сумын Дэл багийн өдөрлөгөөр 3-аар хурдалж байсан, Хэнтий аймгаас худалдаж авсан гэсэн тодорхойлолттой гэсэн обьектийн талаарх мэдээллийг бүрэн дурдаж хурдан удмын нас нийлсэн азрага 4.500.0 төгрөгийн үнэлгээтэй болохыг тогтоосон байна.

 

Хавтаст хэрэгт хохирогч нь хурдан удмын азарга бусдаас 10.000.0 төгрөгөөр худалдаж авсан талаарх тодорхойлолт байгаа хэдий ч тухайн баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу томилогдсон шинжээч үнэлж дүгнэлтээ гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг үнэлэх нь зүйтэй.

 

  Хохирогч О.Ө нь дээрх шинжээчийн дүгнэлттэй 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр танилцаж гарын үсэг зурсан бөгөөд уг шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй , азарганы үнэлгээтэй санал нийлэхгүй байгаа талаарх гомдлоо гаргаагүй, хавтаст хэргийн материалтай 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр танилцаж тэмдэглэлд гарын үсэг зурж улмаар гомдол, санал байхгүй, хохирлоо бүрэн авсан талаар бичсэн нь шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч алдсан адууг эрж хайхад гарсан зардал 500.0 төгрөг, шинжээчийн дүгнэлт гаргуулахад төлсөн 30.0 төгрөг зэргийг нэхэмжилсэн бөгөөд хэрэгт энэ талаар баримт байхгүй, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны үед энэ талаар баримт гаргаж өгөөгүй байх тул иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тогтоолд зааж өгсөн нь хохирогчийн эрхийг хангасан гэж үзэхээр байна.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэгт хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан бол шүүгдэгчид ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой юм.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1-т тус тус заасныг удирдлага болгон

 

                                                          ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т тус тус зааснаар гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Т.ДАВААСҮРЭН

 

                             ШҮҮГЧИД                                         Д.БЯМБАСҮРЭН

 

                                                                                       В.ЦЭЦЭНБИЛЭГ