Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 130

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дөлгөөнөөр хөтлүүлж

Улсын яллагч: Н.Цогтбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Мөнх-Эрдэнэ  

Шүүгдэгч: Б.Г нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б Гт холбогдох 1812001330095 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Б-ын Г /РД:/

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Б.Г нь 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр,Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн Наранбулаг хорооллын 04-12 тоотод оршин суух Д.Бгийн гэрээс гуулин бурхан, А судар зэргийг нууцаар, хууль бусаар хулгайлж, түүнд 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Мөрдөн байцаалтын үед:

 

Хохирогч Д.Бгийн өгсөн: ...Би хэрэг гарсан өглөө 09:00 цагт ажилдаа явахаар гэрээсээ гарсан юм. Манай гэрт манай хүүхэд үлдсэн юм. Тэгээд орой 19:00 цагийн үед намайг ажил дээрээ байхад манай төрсөн дүүгийн эхнэр над руу залгаад “танай гэрт байсан бурхан судар хоёр алга болчихсон байна” гэж хэлсэн. Тэгээд би гэртээ ирээд охиноосоо юу болсон талаар асуусан чинь манай ач хүү надад хэлэхдээ таныг ажилдаа явсны дараа Г ах манай гэрт орж ирээд орон дээр унтаад өгсөн тэгээд манай ач өдөр гарах гээд Г гэх хүнийг босоорой ахаа би гэрээсээ гарах гэсэн юм гэж хэлсэн чинь Г огт дуугарахгүй хэвтээд байхаар нь хаалгаа гадна талаас нь цоожлоод гарч явчихаад буцаж гэртээ ирээд хаалгаа онгойлгосон чинь Г үг дуугүй зөрөөд гараад явчихсан гэсэн. Тэгээд манай дүүгийн эхнэр Д манай гэрт ороод харсан чинь бурхан, сахиус 2 байхгүй болчихсон байсан гэсэн. Тэгээд би цагдаад мэдэгдсэн. Би энэ хэрэгт манай хамаатны залуу болох Гыг сэжиглэж байна. Манай гэрт байсан бурхан нь Бурхан багшийн гуулин шаргал бурхан байсан бөгөөд судар нь Аийн гадуураа улаан шаргал өнгийн даавуугаар ороосон судар байсан юм. Манай гэрт өмнө нь хулгай орж байгаагүй. Хэрэг гарах үед манай ач хүү Г хоёр байсан гэсэн. Би алдсан бурхнаа 300.000 төгрөгөөр, боодолтой судраа 10.000.000 төгрөгөөр үнэлж байна. Манай гэрт бурхан судар байдаг талаар манай ах дүү нар бүгд мэдэж байгаа. Би алдсан эд зүйлсээ олж авах хэрэгтэй байна. Гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 7-9 хуу/

 

Гэрч Т.Д өгсөн: ...2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 11:00 цагийн үед намайг гэртээ байхад манай хамаатны залуу болох Г манай гэрт орж ирээд гараад явсан юм. Тэгээд би 11 цаг 30 минутын үед ажилдаа яваад орой 19:00 цагийн үед гэртээ ирсэн чинь манай гэрт сууж байсан. Тэгэхээр нь би юм ярилгүй сууж байсан чинь Г бэлэн хоол идэх гэсэн юм ус буцалгаад өгөөч гэхээр нь гал дээр ус буцалгаж байсан чинь Г бэлэн хоол аваад ирье гээд гэрээс гараад явсан. Тэгээд байж байтал хажуу талын Батнасан эгчийн гэрээс ач хүү нь манай гэрт байсан бурхан судар хоёр алга болчихсон байна гээд орж ирэхээр нь би ороод үзсэн чинь бурхан судар хоёр нь байхгүй байсан. Тэгээд би Батнасан эгч рүү утсаар ярьж болсон явдлын талаар хэлсэн. Би энэ хэрэгт манай хамаатны залуу болох Гыг сэжиглэж байна. Манай эгчийн гэрт байсан бурхан нь Бурхан багшийн гуулин шаргал бурхан байсан бөгөөд судар нь А гадуураа улаан шаргал өнгийн даавуугаар ороосон судар байсан юм. Батнасангийн гэрт өмнө нь хулгай орж байгаагүй. Манай гэрт хэрэг гарах үед манай хүү байсан юм. Г манайд байхдаа гартаа ямар нэгэн эд зүйл бариагүй байсан. Уул нь Г манай гэрт ирээд байдаггүй юм ямар хэргээр манай гэрт ирсэн талаар нь мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу/

 

Гэрч М.Д өгсөн: ...2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр би гэртээ байж байсан чинь үдээс хойш 16:00 цагийн үед Г ах манай гэрт согтуу ороод ирсэн юм. Тэгээд би дүүгээ сургуулиас нь авах болчихоод гарах гээд Г ахыг гараарай гэсэн чинь гарахгүй гээд дунд хуруугаа өөдөөс гаргаад байсан. Тэгэхээр нь би хаалгаа гаднаас нь түгжээд дүүгээ сургуулиас нь аваад гэртээ буцаж ирээд байшингийн хаалга онгойлгосон чинь Г ах орон дээр хэвтэж байсан. Тэгээд хэсэг байж байгаад Г ах босоод манай урд талын гэрт байдаг Д эгчийн гэрт нь орсон юм. Тэгээд Г ах Д эгчийн гэрт ороод бэлэн гоймон дэвтээж иднэ гээд ус халаалгаж байгаад гарч яваад буцаж орж ирээгүй гэсэн. Тэгээд байж байсан чинь манай гэрт байдаг бурхан байхгүй болчихсон байхыг хараад Д эгчид хэлсэн юм. Д эгч эмээд утсаар хэлээд цагдаад мэдэгдсэн гэсэн. Манай гэрт хэрэг гарсан өдөр Г ахаас өөр хүн орж ирээгүй. Манай эмээгийн гэрт байсан бурхан нь Бурхан багшийн гуулин шаргал бурхан байсан бөгөөд судар нь Аптангэрэлийн гадуураа улаан шаргал өнгийн даавуугаар ороосон судар байсан гэсэн би яг ямар бурхан судар болохыг нь мэдэхгүй. Намайг гарах үед бурхан судар хоёр байсан. Би яг гэрээс гарахдаа бурхны урд талын тавиур дээрээс гэрийн түлхүүрээ авах гэж байхад бурхан судар хоёр байсан юм. Хэрэг гарах үед Г ах бид хоёр гэрт байсан өөр хүн байгаагүй. Г гартаа ямар нэгэн эд зүйл бариагүй байсан. Г манай гэрт ирээд байдаггүй юм ямар хэргээр манай гэрт ирсэн талаар нь мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/

 

Гэрч Г.Бийн өгсөн: ...2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр намайг гэртээ байж байхад өглөө 10:00 цагийн үед Г ах манай гэрт орж ирээд буцаад гараад явсан юм. Тэгээд өдөр 13:00 цагийн үед Г ах дахиж гэрт орж ирээд юм ярихгүй сууж байгаад гэртээ харилаа гээд гараад явсан юм. Тэгээд удалгүй манай дүү эмээгийн байшинд байж байгаад манай гэрт ороод ирсэн. Би тэгэхээр нь яасан бэ гэсэн чинь Г ах гэрт орж ирээд гарахгүй байна гар гэсэн чинь салаавч гаргаад байна би дүүгээ сургуулиас нь авах гэсэн юм гэж надад, манай дүү хэлсэн. Тэгэхээр нь би гаднаас нь түгжээд явчих гэж хэлсэн чинь манай дүү гэрээ гаднаас нь түгжээд сургууль руу дүүгээ авахаар явсан юм. Тэгээд удалгүй би гэрээс гараад ирсэн чинь манай дүү гэрийнхээ гадаа зогсож байхаар нь яасан бэ миний дүү гэж асуусан чинь Г ахаас айгаад хаалгаа онгойлгож чадахгүй байна гэхээр нь би хаалгыг нь онгойлгож өгсөн чинь Г байшингийн цонхон талын орон дээр хэвтэж байсан юм. Тэгээд би гэртээ орох гэсэн чинь Г ах танай гэрт хамт оръё гээд надтай хамт манай гэрт орж ирсэн юм. Удалгүй манай ээж гаднаас орж ирсэн чинь Г бэлэн гоймон идэх гэсэн юм ус халаагаад өгөөч гэж хэлээд гоймон аваад ирье гээд гэрээс гарч яваад буцаж ирээгүй юм. Тэгээд байж байсан чинь манай дүү орж ирээд эмээгийн бурхан алга болчихсон байна гээд манай гэрт орж ирсэн. Тэгэхээр нь ээж бид хоёр гэрт нь яваад орсон чинь бурхан судар хоёр нь алга болсон байсан. Тэгээд бид нар Г ахыг авчихсан байна гэж бодоод цагдаад дуудлага өгсөн чинь цагдаа нар бурхан судар хоёрыг нь Г ахаас олж өгсөн. Манай гэрт хэрэг гарсан өдөр Г ахаас өөр хүн орж ирээгүй. Манай эмээгийн гэрт байсан бурхан нь Бурхан багшийн гуулин шаргал бурхан байсан бөгөөд судар нь А гадуураа улаан шаргал өнгийн даавуугаар ороосон судар байсан гэсэн би яг ямар бурхан судар болохыг нь мэдэхгүй. Намайг гэрт орох үед бурхан судар хоёр байсан эсэх талаар мэдэхгүй байна. Хэрэг гарах үед Г ах би манай дүү бид гурав гэрт байсан өөр хүн байгаагүй. Г гартаа ямар нэгэн эд зүйл бариагүй байсан. Г манай гэрт ирээд байдаггүй юм ямар хэргээр манай гэрт ирсэн талаар нь мэдэхгүй байна. Г ах хулгайлаад хашаандаа аваачаад нуучихсан байсан гэж цагдаа хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 хуу/

 

Шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн дүгнэлтээр бурхан, судрын зах зээлийн үнэлгээг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар нийт 450.000 төгрөг болохыг тодорхойлов... гэх дүгнэлт /хх-ийн 17 хуу/

Б.Гын яллагдагчаар өгсөн: би өөрийн хийсэн хулгайн хэргээ хүлээн зөвшөөрч байна...би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж буруугаа хүлээж байна...гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 хуу/

 

Эд зүйлд үзлэг хийж  ногоон өнгийн даавуунд боосон шар өнгөтэй суугаа хэлбэртэй хуучин хэрэглэж байсан бурхан, улаан өнгийн даавуунд боосон гадуур нь бор мяндсан уяагаар тойруулж ороосон хуучны төвд бичгээр бичсэн урт нь 45 см, өргөн нь 14 см урттай сударыг  хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зураг /хх-ийн 3-4 хуу/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 35 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 36-37 хуу/

Шийтгэх тогтоол, магадлалын хуулбар /хх-ийн 39-56, 78-92 хуу/

Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусгаж хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 58-59 хуу/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудаас эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтээс бусад нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх бусад нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон  хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Гт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

 Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинжлэн судласан хохирогч  Д.Бгийн... орой 19:00 цагийн үед намайг ажил дээрээ байхад манай төрсөн дүүгийн эхнэр над руу залгаад “танай гэрт байсан бурхан судар хоёр алга болчихсон байна” гэж хэлсэн… гэсэн мэдүүлэг, гэрч Т.Дын... хажуу талын Батнасан эгчийн гэрээс ач хүү нь манай гэрт байсан бурхан судар хоёр алга болчихсон байна гээд орж ирэхээр нь би ороод үзсэн чинь бурхан судар хоёр нь байхгүй байсан...гэсэн мэдүүлэг,  гэрч М.Д... манай гэрт байдаг бурхан байхгүй болчихсон байхыг хараад Д эгчид хэлсэн юм...гэсэн мэдүүлэг, гэрч Г.Бн өгсөн... манай дүү орж ирээд эмээгийн бурхан алга болчихсон байна гээд манай гэрт орж ирсэн. Тэгэхээр нь ээж бид хоёр гэрт нь яваад орсон чинь бурхан судар хоёр нь алга болсон байсан...гэсэн мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаас үзэхэд 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 16 цагийн орчим Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн Наранбулаг хорооллын 04-12 тоотод оршин суух Д.Бгийн гэрээс бурхан, судар алдагдсан болох нь тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Г нь мөрдөн байцаалтын явцад тухайн бурхан болон судар зэргийг хулгайлж авсан гэм буруугаа хүлээж мэдүүлэг өгсөн бөгөөд түүний энэ мэдүүлэг нь хохирогч Д.Б, гэрч М.Д, Г.Б нарын мэдүүлгээр батлагдаж байна.

Мөрдөн байцаалтын явцад алдагдсан бурхан, судар зэргийг үнэлгээг шинжээч томилж  дүгнэлт гаргуулан тогтоолгоход бурханыг 300.000 төгрөгөөр, судрыг 150.000 төгрөгөөр тус тус үнэлжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй, шинжээч томилж дүгнэлт гаргуулах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчсөн байгаа талаар шинжлэн судлаж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэх шүүх хуралдааны үед шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай дүгнэлт гаргасан бөгөөд эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн  дүгнэлтийг  хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулах, эх сурвалжийг нь магадлах аргаар шалгахад дараахь нөхцөл байдал тогтоогдов. Үүнд:

1. Хохирогчийн гэрээс алдагдсан бурхан болон судрыг олж үзлэг хийж /хх-ийн 3 хуу/ хохирогчид хүлээлгэн өгөхдөө  тэмдэглэлд тухайн эд зүйлийн хэмжээ, материал, шинж, чанарын талаар нарийвчлан тусгаагүй, мөн хохирогчоос мэдүүлэг авахдаа тухайн эд зүйлийн шинж чанар, гарал, үүслийн талаар нарийвчлан тодруулаагүй, 

2. Мөрдөгчийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Шинжээч томилсон тогтоолд /хх-ийн 18 хуу/ шинжилгээ хийлгэхээр шинжээчийн мэдэлд “ хохирогчийн өмсөж явсан гэх хувцасыг” шилжүүлсэн нь тухайн хэрэгт ямар хамааралтай болох нь тодорхойгүй,

3. Шинжээчийн дүгнэлтийн / хх-ийн 17 хуу/  “шинжилгээний обьектийн талаархи мэдээлэл” гэсэн хэсэгт “ өндөр болон уртын хэмжээ, гарал үүсэл нь тодорхой биш гуулин бурхан, судар” гэж дурдсан

4. Шинжээч нь дүгнэлт гаргахдаа зах зээлийн хандлагаар, арилжаалагдсан ижил төрлийн зүйлийн үнэ ханштай шууд харьцуулах аргаар unegui.mn, zarmedee.mn зэрэг мэдээллийн сайтаар худалдахаар зарласан бурхан, сударын үнэ ханшийн мэдээллийг харьцуулах байдлаар дүгнэлт гаргажээ.  

 Эдгээрээс үзэхэд шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 75 дугаартай дүгнэлтээр бурхан, судар зэргийн үнэлгээг нийт 450.000 төгрөгөөр тогтоосон нь бодитой биш гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь үнэлгээ тогтоолгож буй бурхан, судар зэргийг шинжээчид хүргүүлээгүй, /бурхан, судар зэргийг 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хохирогчид хүлээлгэн өгсөн/ шинжээч нь уг эд зүйлийн шинж, байдлын талаар мэдээлэл хангалтгүй байхад буюу “өндөр болон уртын хэмжээ, гарал үүсэл нь тодорхой биш гуулин бурхан, судар” гэсэн мэдээллийн хүрээнд, unegui.mn, zarmedee.mn зэрэг мэдээллийн сайт дахь мэдээллийг харьцуулж дүгнэлт гаргасан нь түүнийг тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Монгол Улсын  Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйл /Хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлал/-ийн 8.1 дэх хэсэгт Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно.

8.2 дахь хэсэгт Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дангаараа, эсхүл төрийн холбогдох эрх бүхий байгууллагатай хамтран тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, зориулалтад нийцсэн хөрөнгийн үнэлгээний аргачлалыг баталж, мөрдүүлнэ. гэж тус тус заасан байх бөгөөд шинжээч нь дүгнэлт гаргахдаа хуульд заасан арга, аргачлал ашиглаагүй  байна гэж үзэв.

Мөн хохирогч нь мэдүүлэг өгөхдөө судраа 10.000.000 төгрөгөөр үнэлнэ гэсэн бөгөөд шинжээч 150.000 төгрөгөөр үнэлгээ тогтоосон нь эрс зөрүүтэй байхад энэ байдлыг тодруулах талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй байна гэж дүгнэв. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 16.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээг шинжээч томилж, дүгнэлт гаргуулан тогтоохоор заасан тул хохирогчийн мэдүүлгийг үндэслэн эд зүйлийн үнэлгээг тооцох боломжгүй, хохирогч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг заагаагүй байна.

 

Шүүх хуралдааны үед эд зүйлийн үнэлгээний талаар нэмэлт шинжилгээ хийлгэх тухай  хүсэлт талуудаас гаргаагүй бөгөөд алдагдсан бурхан, судар зэргийг мөрдөн байцаалтын явцад олж хохирогчид хүлээлгэн өгсөн, тэдгээрийн шинж чанарын талаар мөрдөн байцаалтын явцад нарийвчлан тогтоогоогүй зэрэг нөхцөл байдлуудын улмаас хавтаст хэрэгт цугларсан байгаа нотлох баримтуудын хэмжээнд нэмэлт шинжилгээ хийлгэх боломжгүй, шүүхээс шинжилгээ хийлгэх зорилгоор уг бурхан, судар зэргийг хохирогчоос гаргуулан шинжээчид хүргүүлэх, хохирогчоос дахин мэдүүлэг авч шинж байдлын талаар тодруулах хуульзүйн үндэслэлгүй байна.

 

Иймд Б.Гт холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 75 дугаартай шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тооцох үндэслэлгүй байх бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан Б.Гт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна.

 

Дээр дурдсан нөхцөл байдлуудаас үзэхэд мөрдөн байцаалтын явцад нотолбол зохих байдал болох Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоож чадаагүй байна гэж дүгнэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Г нь 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 16 цагийн орчим Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн Наранбулаг хорооллын 04-12 тоотод оршин суух Д.Бгийн гэрт байхдаа бурхан, судар зэргийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй байна гэж үзлээ.

Учир нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн тайлбарт:  -Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй. гэж заасан байх бөгөөд Б.Гын үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учирсан болох нь тогтоогдохгүй байх тул түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч  Б.Г нь 2018 оны 06 сарын 21-ний өдрөөс 2 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 1812001330095 дугаартай эрүүгийн хэргийг хэрэг бүртгэлтэд Архангай аймаг дахь Цагдаагийн газарт буцаах нь зүйтэй байна. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шүүгдэгчийг цагаатгасан...бол цагдан хоригдож байгаа шүүгдэгчийг суллана гэж заасан байх тул шүүгдэгч Б.Гт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 5, 6 дахь хэсэг, 36.9 дүгээр зүйл, 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон   

                                            

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Б Гын үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байх тул түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 1812001330095 дугаартай эрүүгийн хэргийг хэрэг бүртгэлтэд Архангай аймаг дахь Цагдаагийн газарт буцаасугай. 

 

3.   Шүүгдэгч Б.Г нь 2018 оны 06 сарын 21-ний өдрөөс 2 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

 

4.    Шүүгдэгч Б.Гт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

5.   Б.Г нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан журмаар эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг цагаатгах тогтоолыг хүлээн авснаас хойш 10  жилийн дотор,  бусад эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийг эрхийг нь тайлбарласан хуудас хүлээн авснаас хойш 10 жилийн дотор оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6.  Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч цагаатгах тогтоолыг  гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

7.    Цагаатгах тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй. 

 

 

 

 

 

 

                                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ОДХҮҮ