Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 32

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Гт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

       

 

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

            Прокурор                                                        Н.Цогтбаяр

            Шүүгдэгчийн өмгөөлөгч                               Э.М

            Нарийн бичгийн дарга                                  Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 130 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Цогтбаярын бичсэн эсэргүүцлийг үндэслэн, Б.Гт холбогдох 1812001330095 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг Наранбулагийн 02-16 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 14 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж, мөн хугацаагаар хянан харгалзагдсан, 2018 оны 02 сарын 22-ны өдөр Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнссэн, Б овогт Бын Г

 

Б.Г нь 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг Наранбулаг хорооллын 04-12 тоотод оршин суух Д.Бгийн гэрээс гуулин бурхан, Алтангэрэл судар зэргийг нууцаар, хууль бусаар хулгайлж түүнд 450 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас Б.Гт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 130 дугаартай цагаатгах тогтоолоор:

Шүүгдэгч Б овгийн Б-н Гын үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй тул түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 1812001330095 дугаартай эрүүгийн хэргийг хэрэг бүртгэлтэд Архангай аймаг дахь Цагдаагийн газарт буцааж, Шүүгдэгч Б.Г нь 2018 оны 06 сарын 21-ний өдрөөс 2 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, Шүүгдэгч Б.Гт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Б.Г нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан журмаар эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг цагаатгах тогтоолыг хүлээн авснаас хойш 10 жилийн дотор, бусад эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийг эрхийг нь тайлбарласан хуудас хүлээн авснаас хойш 10 жилийн дотор оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдаж, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч цагаатгах тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Цагаатгах тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.”

 

Прокурор Н.Цогтбаярын бичсэн эсэргүүцэлд: “Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Цогтбаяр би тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 130 дугаартай цагаатгах тогтоолыг 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянавал:

Б.Г нь 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг Наранбулаг хорооллын 04-12 тоотод оршин суух Д.Бгийн гэрээс гуулин бурхан, Алтангэрэл судар зэргийг нууцаар, хууль бусаар хулгайлж түүнд 450 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Архангай аймгийн прокурорын газраас Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр 2018 оны 04 сарын 20-ны өдрийн 97 дугаартай яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд:

1. Хохирогчийн гэрээс алдсан бурхан болон судрыг олж үзлэг хийж хохирогчид хүлээлгэн өгөхдөө тэмдэглэлд тухайн эд зүйлийн хэмжээ, материал, шинж чанарын талаар нарийвчлан тусгаагүй, мөн хохирогчоос мэдүүлэг авахдаа тухайн эд зүйлийн шинж чанар, гарал үүслийн талаар нарийвчлан тодруулаагүй,

2. Мөрдөгчийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн шинжээч томилсон тогтоолд шинжилгээ хийлгэхээр шинжээчийн мэдэлд хохирогчийн өмсөж явсан гэх хувцасыг шилжүүлсэн нь тухайн хэрэгт ямар хамааралтай болох нь тодорхойгүй,

3. Шинжээчийн дүгнэлтийн шинжилгээний объектын талаарх мэдээлэл гэсэн хэсэгт өндөр болон уртын хэмжээ, гарал үүсэл нь тодорхой биш гуулин бурхан, судар гэж дурдсан,

4. Шинжээчийн дүгнэлт гаргахдаа зах зээлийн хандлагаар арилжаалагдсан ижил төрлийн зүйлийн үнэ ханштай шууд харьцуулах аргаар Үнэгүй.мн, зармэдээ.мн зэрэг мэдээллийн сайтаар худалдаалахаар зарласан бурхан, судрын үнэ ханшийн мэдээллийг харьцуулах байдлаар дүгнэлт гаргажээ.

Эдгээрээс үзэхэд шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 75 дугаартай дүгнэлтээр бурхан, судар зэргийн үнэлгээг нийт 450 000 төгрөгөөр тогтоосон нь бодитой биш гэж үзэх үндэслэлтэй байна.

Алдагдсан бурхан, судар зэргийг мөрдөн байцаалтын явцад олж, хохирогчид хүлээлгэн өгсөн, тэдгээрийн шинж чанарын талаар мөрдөн байцаалтын явцад нарийвчлан тогтоогоогүй зэрэг нөхцөл байдлуудын улмаас хавтаст хэрэгт цугларсан байгаа нотлох баримтуудын хэмжээнд нэмэлт шинжилгээ хийлгэх боломжгүй, шүүхээс шинжилгээ хийлгэх зорилгоор уг бурхан, судар зэргийг хохирогчоос гаргуулан шинжилгээнд хүргүүлэх, хохирогчоос дахин мэдүүлэг авч шинж байдлын талаар тодруулах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Б.Гт холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 75 дугаартай шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тооцох үндэслэлгүй байх бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан Б.Гт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна.

Дээр дурдсан нөхцөл байдлуудаас үзэхэд мөрдөн байцаалтын явцад нотолбол зохих байдал болох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоож чадаагүй байна гэж дүгнэн Б.Гт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна.

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана” гэж, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт “Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд нь шинжилгээний объектыг шинжилгээ хийх байгууллага, шинжээчид хүргүүлэх боломжгүй бол шинжээчийг шинжилгээний объектэд чөлөөтэй нэвтрэх, шинжилгээ хийх нөхцөлөөр хангах үүрэгтэй” гэж тус тус хуульчилсан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Гын хулгайлсан бурхан, судар зэргийн шинж байдлыг бүрэн тогтоолгүйгээр хохирогч Д.Бд буцаан олгосон, шинжээчид шинжилгээний объект болох дээрх эд зүйлсийг тогтоолын хамт хүргүүлсэн эсэх нь эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогджээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг тогтоосон шинжээчийн 75 дугаартай дүгнэлт эргэлзээтэй байхад шүүх хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэлгүйгээр, дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэн тухайн дүгнэлтийг нотлох баримтаас хасч улмаар Б.Гт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан нь үндэслэлгүй байна.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон

- Мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн

-  Мөрдөн байцаалтын явцад нотолбол зохих байдлыг нотолж чадаагүй, дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэх үндэслэлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд заасан хэргийг прокурорт буцаах үндэслэл тогтоогдсон байхад хэргийг прокурорт буцаалгүйгээр хэрэгсэхгүй болгож цагаатгасныг үндэслэлгүй гэж үзэж байна.

3. Мөн цагаатгах тогтоолын “Тогтоох нь” хэсгийн 1 дэх заалтад шүүгдэгч Б.Гын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгосон нь түүнд холбогдох ямар үйлдлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь тодорхой бус ойлгомжгү байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрөхгүй байхаар бичигдсэн байх” хуулийн шаардлагад нийцэхгүй байгааг дурдах нь зүйтэй.

Иймд Б.Гт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 130 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эсэргүүцэл бичив. Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор оролцох болно.” гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Б.Гт холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 130 дугаартай цагаатгах тогтоол хуульд заасан шаардлагыг хангаагүй үндэслэлгүй учраас хүчингүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.М шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 130 дугаартай цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий, прокурорт шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн, нотлогдвол зохих гэмт хэргийн үндсэн шинж болох хохирол, хор уршгийн хэмжээ нотлогдоогүй учраас цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурор Н.Цогтбаярын бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг Наранбулаг хорооллын 04-12 тоотод оршин суух Д.Бгийн гэрээс гуулин бурхан, Алтангэрэл судар зэрэг эд зүйл алдагдсан гэмт хэрэг гарсан, тухайн эд зүйлсийг Б.Г авсан болохыг гэрчүүд мэдүүлсэн, гэрчүүдийн мэдүүлгийн эх сурвалжийг баталж алдагдсан эд зүйлийг хулгайлсан талаараа Б.Г мэдүүлсэн байхад анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд, хэргийн бодит байдал зэрэгт зөв, үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  27.8 дугаар зүйлийн 2 дах хэсэгт шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана гэж хуулиар шүүхэд эрх хэмжээ олгосон байхад анхан шатны шүүх шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 75 дугаартай дүгнэлтээр бурхан, судар зэргийн үнэлгээг нийт 450 000 төгрөгөөр тогтоосон нь бодитой биш гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй байна.

 

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 130 дугаартай цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг шүүгч өөрийн санаачлагаар хянан хэлэлцэж шийдвэр гаргах тухай эрх олгогдсон байх тул шүүгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын эрхийг хангах, оролцогчдоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэх, мөрдөн шалгах ажиллагааны явцад дутуу гүйцэтгэсэн ажиллагааг нэмж хийлгэх, хэргийг нэг мөр хурдан шуурхай шийдвэрлэхийн тулд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулж байвал зохино.        

 

Цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн тул хэрэг анхан шатны шүүхэд очтол Б.Гын 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн, 2018 оны 06 сарын 18-ны өдрийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд ирэхгүйгээр шүүхээс авсан таслан сэргийлэх арга хэмжээг удаа дараа зөрчиж байсан, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь үндэслэлтэй байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шүүхийн цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгчид гардуулан өгнө гэсэн заалтыг зөрчиж цагаатгах тогтоолыг оролцогч биш этгээд болох Оюунбилэгт гардуулан өгсөн, шүүхийн шийдвэрийг цахим санд байршуулахыг хэргийн оролцогч болох Б.Гт мэдэгдэлгүйгээр Оюунбилэгт мэдэгдэж гарын үсэг зуруулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт давж заалдах журмаар гаргасан гомдол, эсэргүүцлийг хүлээн авсан шүүх дараагийн ажлын өдөрт багтаан гомдол, эсэргүүцлийн хуулбарыг прокурор, оролцогчид хүргүүлнэ гэсэн заалтыг зөрчин хэргийн оролцогч биш Оюунбилэгт танилцуулсан зэргийг дурдах нь зүйтэй байна.  

  

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.3-т тус тус заасныг удирдлага болгон

 

                                                          ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 130 дугаартай цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол Б.Гт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

3. Б.Гыг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд хорьсугай.

 

4. Б.Гт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болохыг түүний ар гэр, өмгөөлөгчид мэдэгдэхийг шүүгчийн туслах О.Батцэрэнд даалгасугай.

 

5. Б.Гыг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд хүргэхийг Архангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т тус тус зааснаар гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Т.ДАВААСҮРЭН

 

                             ШҮҮГЧИД                                         Д.БЯМБАСҮРЭН

 

                                                                                       В.ЦЭЦЭНБИЛЭГ