Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 410

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

 

Нарийн бичгийн дарга Г.Гансугар,

Улсын яллагч Б.Мөнгөншагай,

Хохирогч Я.Ш, түний өмгөөлөгч Н.Жамъяандорж,

Шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Б.Зулбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Б-ийн С-д холбогдох эрүүгийн ………….. дугаартай хэрийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн … оны … дүгээр сарын …-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн …. настай эмэгтэй, дээд боловсролтой, олон улсын харилцаа англи хэлний орчуулагч мэргэжилтэй ……… Зорчигч үйлчилгээний  хэлтсийн бүртгэгч диспетчир ажилтай ам бүл 5, эцэг эх 2 дүүгийн хамт …. дүүргийн … дүгээр хороо …… тоотод оршин суух хаягтай урьд ял шийтгэлгүй, Б овгийн Б-ийн С /РД:............./

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Б.С нь 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ,,,,,,,,,, дугаартай хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Чингис хаан” олон улсын нисэх буудлын агаарын хөлөгтэй холбогдсон хонгил дотор иргэн Я.Ш-г тэргэнцэр дээр суулган түрж явахдаа унагаж эрүүл мэндэд нь болгоомжгүйгээр хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “…Би 2017 оны 06 дугаар 09-ний өдөр МИАТ компанид бүртгэгч, диспетчерийн ажилд орсон. 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ажилдаа очоод Уянга ахлагч ажил үүргийн хуваарийг минь танилцуулсаны дараа ажлаа эхэлсэн. Тухайн өдөр би жижүүртэй байсан. Жижүүр нь зорчигч нарын бичиг баримтыг бүртгэж, онгоцонд зорчиж яваа хүмүүст үйлчилгээ үзүүлдэг. Тухайн өдөр ОМ-302 нислэг 2 цаг саатаад ирэхэд би онгоцны хоолойд зорчигч нарыг хүлээж авсан. Нөхцөлт тээвэрлэгч гэдэг нь бусад зорчигч нараас түрүүлж суугаад, сүүлд буудаг. Мөн тэргэнцэрээ түрүүлээд захиалсан байдаг. Гэтэл тухайн үед хохирогч 10-20 хүний дунд буусан. Би хохирогчийн тэргэнцэр захиалсан эсэхийг баталгаажуулаад үйлчилгээ үзүүлж байсан. Үйлчилгээгээ үзүүлээд 2 алхахад хоолойд байсан төмөрт тэргэнцэр тээглээд хохирогч урагшаагаа унасан. Хүмүүс очоод хохирогчийг тэргэнцэр дээр суулгахад хохирогч үүргэвчтэй байсан. Хохирогчийн ар гэрийн зүгээс намайг “уучлалт гуй, унагаасан гэдэг талаараа бичиг хийж өг” гэж хэлсэн. Би хохирогчоос уучлалт гуйсан. Би хохирогчийг унагаасан гэдэг үүднээс биш, ажлын байрны соёл гэдэг үүднээс уучлалт гуйсан. Би хохирогчийг албаар унагаагаагүй, тухайн үед ажлаа хийж явсан. Би ял авах хэмжээнд үйлдэл гаргаагүй” гэв.

 

Хохирогч Я.Ш мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:  “…Би Америк улсад амраад буцаж байгаад даралт ихтэй учир Солонгос улсын Инчён нисэх онгоцны буудлаас тэргэнцэр захиалсан. Монгол улсад онгоц буухад үйлчлэгч надаас “та тэргэнцэр захиалсан уу” гэхэд би “тийм” гэхэд намайг тэргэнцэрт суулгасан. Тэргэнцэрт суугаад хол яваагүй тэргэнцэр огцом юманд тээгэлдэж байгаа юм шиг болоод урагшаагаа унасан. Тухайн үед маш их өвдсөн болохоор сайн санахгүй байна. Хүүхдүүд минь намайг босгоод суулгасан. Өвдгөндөө имра зураг авахуулахад “өвдөгний холбоос тасарсан, шингэн хурсан байна, хагалгаа хийнэ” гэсэн. Намайг хөгшин настай учир хагалгаа хийсэн ч дахин өвдөгний холбоос тасарна гээд хагалгаа хийгээгүй. Түүнээс хойш би хөлөндөө бэхэлгээ хийлгээд гэртээ дэглэм сахисан. Гэлээ гээд миний бие сайжрахгүй байна. Гэмтэл эдгэрэхгүй болохоор эмчээс зөвлөгөө авахад эмч “өвдөгнийхөө чагтан холбоосыг солиул” гэж хэлсэн. Уг зөвлөгөөний дагуу хагалгаа хийх гэхэд 10 орчим сая төгрөг болно гэсэн учир надад мөнгө байгаагүй. Би шүүгдэгчид гомдоогүй, МИАТ компанид гомдож байна. Яагаад гэвэл аюулгүй байдлыг минь хангаагүй. Шүүгдэгч Солонго болон МИАТ компани аль аль нь энэ хэргээс хойш надтай холбогдоогүй. Би ахин дахин шүүх эмнэлэгт үзүүлсэн. Тэгээд миний өвчин эдгэрэхгүй гэдгийг ойлгосон. Би шүүгдэгчид гомдоогүй, залуу хүн, ажилдаа анхааралтай хандана биз. Би өвдөгний чагтан холбоосоо солиулах зардлыг МИАТ компаниас гаргуулж өгөхийг хүсч байна. Тухайн үед би үүргэвчтэй байсан нь үнэн. Цүнхэнд хүүхдийн живх байсан. Хүн унагаах хэмжээний ачаагүй байсан. ... гэхдээ би шүүгдэгч Солонгод гомдоогүй, түүнд хөнгөн ял шийтгэл оногдуулахыг хүсч байна” гэв.

 

Гэрч Ч.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:  “…Би 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Солонгос улсын Инчон нисэх буудлаас “МИАТ”ХК-ийн ОМ-302 онгоцоор 19 цагийн үед Улаанбаатар хотод ээж Я.Шуурай эгч Отгонцэцэг охин Сэцэн нарын хамт ирсэн. Онгоцноос буух үед “МИАТ” ХК-ийн ажилтан гэх эмэгтэй хүн тэргэнцэртэй хүлээн авч ээж Шуурайг тэргэнцэж дээр суулган агаарын хөлгөөс гарч нисэх онгоцны буудалтай холбосон хойлоогоор явах үедээ анхаарал болгоомжгүй хандаж ээж Шуурайг тэргэнцэр дээрээс унагасан. Тэр үед ээж Шуурай 2 хөлөөрөө өвдөглөн унаж баруун өвдөг нь гэмтсэн” гэх мэдүүлэг /1хх 48-50/

Гэрч Б.У мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:  “…2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 19 цагийн үед Чингис хаан олон улсын нисэх буудлын 1 давхарт манай ээлжийн бүртгэгч диспетчир Б.Солонго утсаар нэг асуудал гарчихлаа гэхээр нь яваад очтол Солонго тэргэнцэртэй настай эмэгтэй хүн, хамт явсан 2 эмэгтэй хүн, 1 хүүхэдтэй зогсож байсан. Ингээд нэг эмэгтэй нь “танай ажилтан чинь манай ээжийг онгоцны хүзүүвч хойлоод унагачихлаа, гомдолтой байна” гэсэн. Би Солонгоод чи ямар хариуцлагагүй юм бэ, тэргэнцэртэй зорчигч авч явж байж хоолойд хойшоо татас хийгээд явахгүй яасан юм бэ, чиний буруу анхаарал болгоомжгүй хандсан байна гэж хэлээд нөгөө тэргэнцэртэй эмэгтэйгээс дахин уучлалт гуйсан.” гэх мэдүүлэг/1хх 54-56/

 

Гэрч С.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:  “…Бүртгэгч диспетчир нь тэргэнцэртэй зорчигч нарт Зорчигч үйлчилгээний зааврын 6 дугаар бүлгийн 6.4-д зааснаар тэргэнцэр захиалсан зорчигчид суудал хувиарлалт болон аюулгүй байдлыг хангаж агаарын хөлөгт суулгах, буулгах үйлчилгээ үзүүлдэг. Үйлчилгээ явуулж байгаа тэргэнцэр бол Олон улсын ISO7176:2014 стандартын шаардлага хангасан байдаг.” гэх мэдүүлэг /1хх 66-67/

 

Гэрч О.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:  “…Med trauma” эмнэлгийн дүрс оношлогооны дүгнэлтийг үзээгүй дүгнэлт бичсэн. Хохирогчид учирсан гэмтэл нь хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байсан. Шингэн хурсан яс болон холбоосонд хаван үүссэн зэрэг нь шинэ гэмтэл болохыг нотолж байгаа юм.” гэх мэдүүлэг /2хх 62-64/

 

Гэрчээр Б.С мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “...2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 19 цагийн үед Чингис хаан олон улсын нисэх буудалд Сөүл- Улаанбаатар чиглэлийн ОМ-302 аялалын дугаартай агаарын хөлгөөр ирсэн зорчигч тэргэнцэр захиалсан ба 1 эмээ бууж ирсэн. Тэр эмээг тэргэнцэр дээр суулгаад дөнгөж хөдлөөд уг хоолойн төмөртэй уруу хэсэгрүү уруудсан нөгөө эмээ тэргэнцэрээс 2 өвдгөрөө унасан. Тэргэнцэртэй хүн унагаж хариуцлага алдсан талаараа ээлжийн ахлагч Уянгад тодорхойлолт бичиж өгсөн. Манай “МИАТ” ХК тэргэнцэртэй зорчигчтой ажиллах талаар тодорхой заасан байдаг ба сургалт ордог. Гэхдээ би сургалтанд сууж байгаагүй” гэх мэдүүлэг / 1хх 68-70/

 

Иргэний хариуцагч Л.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр манай компаний бүртгэгч диспетчир Б.С нь хохирогч Я.Ш-ийн тэргэнцэр захиалсан хүсэлтийн дагуу хүлээн авч үйлчилсэн. Энэ үед хохирогч Я.Ш нь тэргэнцэрээс унаж, баруун өвдөгөө гэмтээсэн шинжээчийн дүгнэлт гарсан байна. Энэ асуудалд манай бүртгэгч диспечир Б.С-ийн буруутай үйлдэл тогтоогдвол Я.Ш-д учирсан хохирол нэхэмжлэлийг хуулийн дагуу манай компани хариуцах болно.” гэх мэдүүлэг /1хх-ийн 187-р тал/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 30 өдрийн №1987 тоот дүгнэлтэд: “…Я.Ш-ийн биед баруун өвдөгний урд чагтан холбоос шаант ясанд бэхлэгдэх хэсэгт хэсэгчилсэн урагдал, өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөр чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /1хх-37-р тал/

 

Шинжээч эмч Б.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Я.Шуурайгийн биед 2018,01,28-ны өдөр үзлэг хийхэд баруун өвдөгт бэхэлгээ хийгдсэн, үений  хөдөлгөөн хязгаарлагдсан эмзэглэлтэй байсан. Мөн 2018.01.18-ны өдрийн ГССҮТ яаралтай тусламжийн хуудас болон 2018.01.19ний өдрийн баруун өвдөгний үений соронзон резонанст томаграфийн шинжилгээ хийлгэсэн байсан холбоосын гэмтэл нь удаан хугацаанд буюу 4 долоо хоногоос дээш хугацаанд эдгэрдэг ба ихэнх тохиолдолд мэс заслаар бүрэн эмчлэгддэг..гэх мэдүүдэг /1хх 38-39/

 

Эрүүл мэндий яамны дүрс оношилгоо судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн 2018.05.25-ны өдрийн 59/18 дугаартай санал дүгнэлт /2хх 48-50/

 

Шүүхийн шинжилгааний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 793 дугаартай дүгнэлт: “...хүний биед үзлэг хийсэн 1987 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Я.Ш-н биед “Med trauma” эмнэлгийн 2018.01.19-ний өдрийн өвдөгний үений СРТГ-ийн шинжилгээгээр өмнөд чагтан холбоосны шаант ясанд бэхлэгдэх хэсгийн хагас урагдал, шаант ясны гадна урд гадаргуун ясны эдийн хаван, няцрал гэмтэлтэй байна. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, цохих, цохигдох унах үйлдлийн аль альнаар үүснэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт. /2хх 51-54/

 

Өвчний түүх /1хх-14-15/, хохиролын баримт /1хх-16-17, 21-29, 2хх-92-94/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-42-44/, Төмөр тэргэнцэрт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг /1хх 45-47/, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл /1хх-57-58/, MIAT ХК-ний Зорчигч үйлчилгээний зааварын хуулбар /хх-76-82, 202-250, 2хх-01-17/, шүүгдэгчийн хувийн байдалыг тодорхойлсон баримт /1хх-84-87, 90-93/, МИАТ-ХК-ий ажилд түр томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ /1хх-107-116/,  Ял шалгах хуудас /хх-88/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-86/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Б.С нь 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 04В/469 дугаартай хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Чингис хаан” олон улсын нисэх буудлын агаарын хөлөгтэй холбогдсон хонгил дотор иргэн Я.Ш-г тэргэнцэр дээр суулган түрж явахдаа унагаж эрүүл мэндэд нь болгоомжгүйгээр хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлгээр болон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 30 өдрийн №1987 тоот дүгнэлт, Эрүүл мэндий яамны дүрс оношилгоо судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн 2018.05.25-ны өдрийн 59/18 дугаартай санал дүгнэлт /2хх 48-50/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 793 дугаартай дүгнэлт, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-42-44/, Төмөр тэргэнцэрт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг /1хх 45-47/, Зорчигч үйлчилгээний зааварын хуулбар /хх-76-82, 202-250, 2хх-01-17/, МИАТ-ХК-ий ажилд түр томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ /1хх-107-116/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.С-д холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ял оногдуулах нь үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлж, Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.С-д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

 

Хохирол төлбөрийн хувьд

Хохирогч Я.Ш нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол баримтаар 1.100.000 төгрөг нэхэмжилснийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж хуульчилсныг үндэслэн Иргэний хариуцагч ......... ХК-наас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирогч Я.Ш нь цаашид эмчилгээ хагалгаанд шаардлагатай гэж 10.000.000 төгрөг нэхэмжилснийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журамаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.