Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 1043

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Сд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Мөнгөншагай,

шүүгдэгч Б.Солонгын өмгөөлөгч Б.Зулбаяр,

хохирогч Я.Ш, түүний өмгөөлөгч Н.Жамъяндорж,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 410 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Зулбаярын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Б.Сд холбогдох 1803001160268 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Бэсүд овгийн Б-н С, 1995 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эмэгтэй, дээд боловсролтой, олон улсын харилцаа,
англи хэлний орчуулагч мэргэжилтэй, “МИАТ” ТӨХК-нд Зорчигч үйлчилгээний
хэлтсийн бүртгэгч-диспетчер ажилтай, ам бүл 5, эцэг, эх, хоёр дүүгийн хамт Баянгол
дүүргийн ..................  тоотод оршин суух хаягтай, /регистрийн дугаар: ..................../,

Б.С нь 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 04В/469 дугаартай хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын агаарын хөлөгтэй холбогдсон хонгил дотор иргэн Я.Шг тэргэнцэр дээр суулган түрж явахдаа унагаж эрүүл мэндэд нь болгоомжгүйгээр хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн Прокурорын газраас: Б.Солонгын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүгдэгч Бэсүд овгийн Баярмагнайгийн Солонгыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугар зүйлийн 1-т /шийтгэх тогтоолд бичигдсэн байдлаар/ зааснаар шүүгдэгч Б.Сд 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эруүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдэж,

шүүгдэгч Б.Сд оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол 1.100.000 төгрөгийг Иргэний хариуцагч “МИАТ” ХК-наас гаргуулж хохирогч Я.Шд олгож,

Хохирогч нь цаашид гаргах эмчилгээний зардал болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Зулбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хохирогч Я.Ш нь ямар нөхцөл шалтгааны улмаас унасан буюу шүүгдэгч Б.Солонгын яг ямар үйлдлийн үйлчлэлээр унасан болох, хэрэв шүүгдэгч Б.Солонгын үйлдлийн улмаас унасан бол энэ нь шүүгдэгч Б.С хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ямар заалтаар хүлээлгэсэн үүргээ биелүүлээгүй болох нь тодорхойгүй байхад хэт ерөнхийлөн хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн үүргээ биелүүлээгүй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна. Шүүхээс энэ нөхцөл байдлыг анхаарч үзээгүйгээс хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт гаргасан.

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Хууль тогтоогчоос энэ зүйл ангийг гэмт хэрэгт тооцохоор хуульчлахдаа бусад хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хохирол учруулах гэмт хэргээс ялгаатай буюу “бусад болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учруулах” гэдэг хэсгийг хасч хуульчилсан байдаг. Энэ нь хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүндэвтэр гэмтэл учруулахдаа зөвхөн хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны акт болон хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол уг гэмт хэргийн бүрдэл хангагдахаар хуульчилсан. Ингэснээр хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүндэвтэр гэмтэл учруулахдаа хууль, захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ зөрчсөн байхыг шаардаж байгаа гэж үзэж байна. Аливаа үүрэг зөрчсөн үйлдэл эс үйлдэхүй нь заавал санаатай байх хууль зүйн шаардлага байдаг ба ямар нэгэн болгоомжгүй байдлаар үүргээ зөрчих гэсэн ойлголт байхгүй болно. Учир нь үүргийн аливаа зөрчил нь ямар нэгэн үйл ажиллагааг зөв зохистойгоор журамлаж, эерэг үр дүн гаргахад чиглэсэн, хийх дараалал болон шаардлага үзүүлэлтүүдийг нарийвчлан заасан тодорхой заалтыг санаатай үйлдэл, эс үйлдэхүйгээр зөрчсөн байх ёстой байдаг. Гэтэл шүүхээс Эрүүгийн хуулийн дээрхи зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, хэт өргөжүүлэн шүүгдэгч Б.Сд ял халдааж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 410 дугаар шийтгэх тогтоолыг хянаж өгнө үү.” гэв.

Хохирогч Я.Шгийн өмгөөлөгч Н.Жамъяандорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 410 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Хавтас хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолт зэрэгт Н.Солонгын ямар ажил гүйцэтгэх вэ гэдгийг тодорхой дурдсан байсан. Энэ нь Хөдөлмөрийн гэрээний 6.1 дүгээр зүйлийн 2 “тухайн ажилтан идэвхи санаачлагатай ажиллах, ажлын дутагдалгүй ажиллах”, мөн зүйлийн 16 “тухайн байгууллагаас гаргасан хууль тогтоомж, дүрэм зааврыг чанд мөрдөж ажиллана” гэх зэрэг зохицуулалт байгаа. Энэ заалтыг зөрчсөн байна гэж үзэж байна. Тэгэхээр Я.Шуурхай нь тухайн байгууллагаар үйлчлүүлэхдээ тэргэнцэр захиалсан. Тухайн захиалгын дагуу “МИАТ” ХХК-ийн үйлчлэгч Солонго гэх хүн үйлчилгээ үзүүлсэн. Нэгэнт үйлчилгээ үзүүлж байгаа тул аюулгүй байдлыг хангаж ажиллах үүрэгтэй. Гэтэл тухайн ауюлгүй байдлаа хангаж ажиллаагүй тул хохирогчийн биед хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзэж байна.” гэв.

Хохирогч Я.Ш тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...тэргэнцэр дээр суулгаж намайг авч явахад нь араас нь түлхсэн үгүйг нь сайн мэдэхгүй байна, би анзаараагүй. Гэнэт л би унасан. Тэгээд хүүхдүүд маань намайг тэргэнцэр дээр суулгаад цааш явсан. Миний бодлоор залуу хүн болгоомжгүй байдлаасаа болж алдаа гаргаад намайг тэргэнцэр дээрээс унагаасан гэж бодоод би Б.С гэх хүнээс хохирол нэхэмжлээгүй. Би “МИАТ” ХХК-ийн хүмүүс авч яваа тухайн хоолойны донсолгоотой замыг засахгүй бөгөөд хөдөлмөр хамгааллын талаасаа анхаарал сул байдлаас болж ийм асуудал удаа дараалан гардаг гэсэн. Тийм учраас би “МИАТ” ХХК- иас миний эмчилгээний зардлыг гаргаж өгнө үү гэж нэхэмжилнэ. Энэ хэрэг бүтэн 10 сар үргэлжилж байгаа тул надад хэцүү, хүндрэлтэй байна. Миний хөлөнд хагалгаа хийх шаардлагатай гэсэн. Хагалгаанд орох төлбөрийг гаргуулж өгнө үү гэж гомдол гаргасан. Миний эмчилгээнд 10.000.000 төгрөг шаардлагатай. Иймд хохирлыг гаргуулж өгнө үү.” гэв.

Прокурор Б.Мөнгөншагай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 410 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Хохирогчийн гаргасан гомдол нь үндэслэлгүй гэдэг нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тодорхой харагдаж байна. Шүүгдэгчийн гаргасан гомдлын утга санаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлд заасан захиргааны хэм хэмжээний акт болон хэлцлээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй гэх асуудлыг ярьдаг. Энэ нь хавтас хэрэгт авагдсан хохирогчийн өмгөөлөгчийн дурдаж байсан баримтуудаар тодорхой байгаа учир нэмэлт тайлбар хэлэх шаардлагагүй гэж үзэж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй бөгөөд хэргийг хянан шийдвэрлээд гаргасан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хохирогч Я.Ш нь “МИАТ” ХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 дугаар аяллаар зорчих үедээ “Тэргэнцрээр үйлчлүүлэх” захиалгаа Олон Улсын Зорчигч үйлчилгээний хэлтсийн “ULNAPOM SITA” мэдээлэл дамжуулах системээр өгчээ. Улмаар нислэг газардсаны дараа “МИАТ” ХК-ийн Зорчигч үйлчилгээний хэлтсийн бүртгэгч-диспетчер Б.С нь зорчигч Я.Шг тэргэнцэрт суулган түрж явахдаа онгоц буух хоолойд түүнийг тэргэнцрээс унагаасан үйл баримт тогтоогдсон байна.

Зорчигч үйлчилгээний хэлтсийн бүртгэгч-диспетчер Б.Солонгын дээрх болгоомжгүй үйлдлийн улмаас 76 настай хохирогч Я.Шгийн бие махбодид хүндэвтэр зэргийн хохирол учирсан болох нь:

шүүгдэгч Б.Солонгын “...тэргэнцэр дээр суулгаад дөнгөж хөдлөөд уг хоолойн төмөртэй уруу хэсэгрүү уруудсан нөгөө эмээ тэргэнцэрээс хоёр өвдгөөрөө унасан. Тэргэнцэртэй хүн унагаж хариуцлага алдсан талаараа ээлжийн ахлагч Уянгад тодорхойлолт бичиж өгсөн.” гэх мэдүүлэг /хх1, х68-70/,

хохирогч Я.Шүүрайгийн “...Тэргэнцэрт суугаад хол яваагүй тэргэнцэр огцом юманд тээглэж байгаа юм шиг болоод урагшаагаа унасан. Тухайн үед маш их өвдсөн болохоор сайн санахгүй байна.” гэх мэдүүлэг /хх1, х9-11/,

гэрч Ч.Батцэцэгийн “...Онгоцноос буух үед “МИАТ” ХК-ийн ажилтан гэх эмэгтэй хүн тэргэнцэртэй хүлээн авч ээж Я.Шг тэргэнцэр дээр суулган агаарын хөлгөөс гарч нисэх онгоцны буудалтай холбосон хоолойгоор явах үедээ анхаарал болгоомжгүй хандаж ээж Я.Шг тэргэнцэр дээрээс унагасан. Тэр үед ээж Шуурай 2 хөлөөрөө өвдөглөн унаж баруун өвдөг нь гэмтсэн” гэх мэдүүлэг /хх1, х48-50/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн  “...Я.Шгийн биед баруун өвдөгний урд чагтан холбоос шаант ясанд бэхлэгдэх хэсэгт хэсэгчилсэн урагдал, өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөр чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх 1987 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх1, х37/,

“...хүний биед үзлэг хийсэн 1987 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Я.Шгийн биед “Med trauma” эмнэлгийн 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн өвдөгний үений СРТГ-ийн шинжилгээгээр өмнөд чагтан холбоосны шаант ясанд бэхлэгдэх хэсгийн хагас урагдал, шаант ясны гадна урд гадаргуун ясны эдийн хаван, няцрал гэмтэлтэй байна. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, цохих, цохигдох унах үйлдлийн аль альнаар үүснэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх 793 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх2, х51-54/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

“МИАТ” ХК-ийн “Зорчигч үйлчилгээний заавар” нь Монгол Улсын хууль болон Иргэний нисэхийн багц дүрэм, Олон Улсын иргэний нисэхийн конвенцуудад нийцүүлэн гаргасан, компанийн Газрын үйл ажиллагааны харъяа ажилтан, албан хаагчдын үйл ажиллагаанд баримтлах дүрэм журам бөгөөд энэхүү журамд Зорчигч үйлчилгээний хэлтсийн бүртгэгч-диспетчерийн хийж гүйцэтгэх ажил үйлчилгээ, үүргийн талаар тодорхой тусгагдсан байна. Тухайлбал, Зорчигч үйлчилгээний хэлтсийн бүртгэгч-диспетчер нь:

- МИАТ” ХК-ийн Зорчигч үйлчилгээний зааварт заасан “ИНЕГ-аас гаргасан дүрэм журам, заавар, МИАТ ХК болон ИАТА-ийн батлагдсан тогтоол, шийдвэр, дүрэм, заавар зэргийг сайтар мэдэж мөрдөн, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллах,

- Бүртгэлийн өмнөх болон дараах зөвлөгөөнд орж, үүрэг даалгаврыг чанд биелүүлэх,

- Зорчигчдод хөнгөн шуурхай үйлчлэх,

- Зорчигчдыг угтаж авах, үдэн гаргах”,

-...тэргэнцэртэй, өвчтэй, өндөр настай, хүүхэдтэй зэрэг тусгай анхаарал шаардлагатай зорчигчдод онцгой анхаарал хандуулан үйлчлэх талаар тусгажээ.

 Мөн шүүгдэгч Б.Стой байгуулсан 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 04В/469 дугаартай хөдөлмөрийн гэрээнд “Иргэний нисэхийн хууль, дүрэм, журам, ажил олгогчоос тогтоосон Хөдөлмөрийн дотоод журам, болон бусад дүрэм журмыг чанд сахин ажиллах; Ажил үүргээ гүйцэтгэхдээ тухайн асуудлаар гарсан хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, дүрэм, журам, зааврыг нарийвчлан судалж, удирдлагыг хууль зүйн үндэслэлтэй үнэн зөв, бодит мэдээллээр хангах, удирдлагаас өгсөн удирдамж, чиглэлийг чанд мөрдөж, мэргэжлийн өндөр түвшинд ажиллах”, Ажлын байрны тодорхойлолтын 3.1-т “Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга болон ээлжийн ахлагчийн өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэн ажиллах;” 3.2-т “Зорчигч үйлчилгээний заавар, Аюултай ачааны заавар, Газрын үйл ажиллагааны заавар болон холбогдох бусад заавар, дүрэм, журамтай танилцан биелүүлж ажиллах;” зэрэг үүрэг хүлээлгэсэн байна.

Шүүгдэгч Б.С нь “МИАТ” ТӨХК-нд Зорчигч үйлчилгээний хэлтсийн бүртгэгч-диспетчерээр ажиллахдаа хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, Зорчигч үйлчилгээний заавар зэргийг даган мөрдөж, ажил үүргээ хэрэгжүүлэх ёстой атал тэрээр дээрх журам, зааварт заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэм буруутай, түүний ажил үүрэгтээ хайхрамжгүй хандсан үйлдлийн улмаас хохирогч Я.Шгийн бие махбодид хүндэвтэр хохирол учирсан шалтгаант холбоотой байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Зулбаярын гаргасан “анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэх давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Солонгын Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүндэвтэр хохирол учруулсан хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт хийсэн байх бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзэв.

Харин энэхүү магадлалд Тээврийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Солонгыг “хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн үүргээ биелүүлээгүйн улмаас ... “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын агаарын хөлөгтэй холбогдсон хонгил дотор иргэн Я.Шг тэргэнцэр дээр суулган түрж явахдаа унагаж эрүүл мэндэд нь болгоомжгүйгээр хүндэвтэр хохирол учруулсан” гэж хэт ерөнхийлсөн, ойлгомжгүй байдлаар дүгнэн яллах дүгнэлт үйлдсэн нь учир дутагдалтай болсныг тэмдэглэх нь зүйтэй гэж үзэв.

Зүй нь прокурорын яллах дүгнэлтэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлд заасан “...захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэх гэмт хэргийн иш татсан шинжийг ойлгомжтой байдлаар, тухайн шүүгдэгчийн хувьд байгууллагын ямар дүрэм журам, зааврыг хэрхэн зөрчсөн болохыг тодорхой бичих нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагад нийцнэ.

Гэм хорын хохирлын хувьд анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 1.100.000 төгрөгийг иргэний хариуцагч “МИАТ” ХК-иас гаргуулан хохирогч Я.Шд олгохоор, мөн хохирогч нь цаашид гаргах эмчилгээний зардал болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугар зүйлийн 1-т зааснаар...” гэж техникийн шинжтэй үг үсгийн алдаа гаргасныг зөвтгөх,

мөн Монгол Улсын Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн ... илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж хуульчилсан тул иргэний хариуцагчийн шаардах эрхийн талаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт нэмэлт оруулан энэ талаар дурдах нь зүйтэй гэж үзсэн болно.

Дээрх үндэслэлээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 410 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Зулбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 410 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугар зүйлийн 1-т зааснаар...” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар...” гэж өөрчилж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй болохыг дурьдсугай” гэж нэмэлт оруулсугай.

2. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 410 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Зулбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ОЮУНЧУЛУУН

                                 ШҮҮГЧИД                                                          Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                                                                                Ц.ОЧ