Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2022/01248

 

Ш.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Мөнхзул, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2022/01163 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ш.Б-ын хариуцагч Г.Г-, Ю- ХХК-д холбогдуулан гаргасан 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Г.Гантулгын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, М.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие нь Г.Г-ас 2018 оны 06 дугаар сард 88887777 дугаарыг худалдан авсан. Мөнгийг бэлнээр өгч, энэ дугаарыг худалдан авсан ба үүнээс хойш өнөөдрийг хүртэл 3 жил гаруй хугацаанд тус дугаарыг эзэмшиж байгаа юм. Гэтэл оны өмнө Г.Г- нь над руу утасдаж, би таниас дугаараа буцааж авъя гэж ярьсан. Тиймээс би энэ асуудлыг шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзээд энэхүү нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна. Ю- ХХК-ийг давхар хариуцагчаар татах нь зүйтэй, учир нь Ю- ХХК-д үүрэг өгч, тухайн дугаарыг Г.Г- нь бусдад шилжүүлэхгүй, худалдахгүй, зарахгүй байх боломж үүснэ гэсэн хууль зүйн зөвлөгөө авсан юм. Иймд хариуцагч Г.Г-ас 10,000,000 төгрөг гаргуулж, иргэн надад олгож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Ю- ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 16 дугаар зүйлийн 16.3 дах хэсэгт хариуцагчийг нэхэмжлэгчийн ашиг сонирхолд хохирол учруулсан этгээдийг ойлгоно гэж заасан ба Ю- ХХК нэхэмжлэгчийн ямар эрх ашиг сонирхлыг зөрчсөн нь тодорхойгүй, маргаан бүхий дугаарыг өөр хүнд шилжүүлэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор татсан гэж ойлгогдохоор байх ба манай компанийг хариуцагчаар татсан нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн ашиг сонирхлыг зөрчсөн явдал байхгүй боловч одоогийн байдлаар маргаан бүхий дугаарыг хаасан, аливаа этгээдэд шилжихгүй зогссон төлөвтэй байна. Иймд зөвхөн дугаар эзэмшигчийн шилжилт хөдөлгөөнийг хаах зорилготой Ю- ХХК-ийг хариуцагчаар татсан манай компанид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагч Г.Гантулгын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга: Миний ойлгосноор энэ дугаарыг Ш.Б-ад худалдсан боловч нэр нь шилжээгүй бөгөөд өмнөх худалдан авсан хүн нь буцаах хүсэлт гаргасантай холбоотой ийм асуудал гарсан гэж бодож байна гэжээ.

 

4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Лион групп ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 02234 дүгээр шийдвэрээр үүрэн телефоны 99113993 дугаарын эзэмших эрхийг Лион групп ХХК-ийн эзэмшилд буцаан шилжүүлэхийг хариуцагч Э.Эрдэнэцогт, Б.Оюунмандах нарт даалгаж, хариуцагч Э.Эрдэнэцогт, Г.Г- нараас үүрэн телефоны 88887777 дугаарын эзэмших эрх шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 377 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 02234 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийг 1 дэх заалтыг үүрэн телефоны 99113993 дугаарын эзэмших эрхийг Лион групп ХХК-ийн эзэмшилд буцаан шилжүүлэхийг хариуцагч Э.Эрдэнэцогт, Б.Оюунмандах нарт, хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 49 дүгээр зүйлийн 49.0 дэх хэсэгт зааснаар үүрэн телефоны 88887777 дугаарын эзэмших эрхийг Лион групп ХХК-д буцаан шилжүүлэхийг хариуцагч Э.Эрдэнэцогт, Г.Г- нарт тус тус даалгасугай гэж өөрчилсөн. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 01535 дугаар тогтоолоор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 377 дугаар магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Тиймээс нэхэмжлэгчийн тус шүүхэд иргэн Г.Г- болон Ю- ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар шүүхийн шийдвэр гарсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Боржигон овогт Гомбожавын Гантулгаас 10,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Б-ад олгож, хариуцагч Ю- ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 180,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.Г-ас 180,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Б-ад олгуулахаар шийдвэрлэжээ.

 

6.Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, энэхүү давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... хариуцагч Ш.Б-а нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан ямар нэгэн тайлбарыг шүүхэд ирүүлээгүй ... гэж бичжээ. Гэтэл хэргийн хариуцагч нь Ш.Б-а биш Г.Г- юм. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... зохигч 10,000,000 төгрөгөөр 88887777 дугаарыг худалдсан ба хариуцагч 10,000,000 төгрөг буцаан төлөх үндэслэлтэй эсэх талаар тодорхой тайлбар гаргаж мэтгэлцээгүй ... гээд, мөн ... нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхжаргал болон хариуцагч Г.Гантулгын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Цолмон нарт мөн өдрийн шүүх хуралдааны товыг зохих журмын дагуу хүргэсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй ... гэжээ. Анхан шатны шүүхийн энэхүү дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Г.Г- нь өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Г.Галбадрахыг авсан. Мөн иргэн Г.Г- нь дээрх маргаан анх шүүхэд өрнөх үед өмгөөлөгч Б.Цолмон намайг сонгосон. Би тухайн үед иргэн Г.Г-ас чи хэдэн онд 88887777 дугаарыг Ш.Батгулга гэдэг хүнд зарсан юм бэ гэж асуухад тэрээр та санаж байна уу, 2018 онд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь 1278 дугаартай магадлал гаргаж дээрх 99113993 гэсэн дугаарыг иргэн Э.Эрдэнэцогт, Б.Оюунмандах нарын эзэмшилд хэвээр үлдээж, мөн 88887777 дугаарыг иргэн миний эзэмшилд бас хэвээр үлдээж байсан шүү дээ гэж хэлсэн. Би иргэн Г.Г-д Би санаж байна гэж хэлэхэд тэрээр Яг тэр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1278 дугаартай магадлал гарсны дараа буюу 2018 оны 6 сард би 88887777 дугаараа иргэн Ш.Б-ад зарсан юм. Гэхдээ яг 10,000,000 төгрөгөөр би Ш.Б-ад 88887777 дугаараа зараагүй бөгөөд урьдчилгаа төлбөр гэж 10,000,000 төгрөг авч байсан. Харин би Ш.Б-ад тухайн үед би энэ дугаараа 40,000,000 төгрөгөөр зарна, та урьдчилгаа 10,000,000 төгрөг өгчих гэж хэлж байсан гэж өмгөөлөгч надад хэлж байсан. Тиймээс иргэн Ш.Б-а болон иргэн Г.Г- нар нь 88887777 дугаарын үнийг хоорондоо 40,000,000 төгрөг хэмээн тохиролцсон. Өмгөөлөгч миний бие шүүх хуралд очсон боловч шүүх хурал эхэлснээс хойш 10 минутын дараа буюу хоцорч очсоноос болж шүүх хуралд өөрийн биеэр оролцож чадаагүй. Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр өөрийн өмгөөлөгч Б.Цолмонг оролцуулмаар байна гэж хэлсэн боловч шүүгч энэ санал хүсэлтийг хүлээж аваагүй. Хэдийгээр Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолоор, дээрх хэрэгт гуравдагч этгээдээр оролцсон Лион групп ХХК нь 88887777 дугаарын эзэмшигч гэж тогтоогдсон боловч энэхүү компани болон уг компаний захирал болох А.Баянмөнх гэгчийг Монгол Улсын шүүхийн байгууллага нь эрэн сурвалжилж байгаа болно. Учир нь Лион групп ХХК-ийн захирал болох А.Баянмөнх гэгчийг иргэн Э.Эрдэнэцогт гэдэг хүн нь шүүхэд нэхэмжлэл гарган, 99113993 дугаар болон 88887777 дугааруудтай холбоотой хохирлын асуудлаар өгсөн боловч А.Баянмөнх гэгч нь шүүхийн байгууллагаас санаатайгаар оргон зугтааж байгаа юм. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

7.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Хариуцагч Г.Гантулгын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

8.Давж заалдах гомдолд гаргасан гуравдагч этгээдийн тайлбар, татгалзлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Гомдолд дурьдсан зүйлүүд тухайн өмгөөлөгчийн хувийн зохион байгуулалтын асуудал учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд алдаа гараагүй тул хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч Ш.Б-а нь хариуцагч Г.Г-, Ю- ХХК-д холбогдуулан 10,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэсэн байна.

3.а.Нэхэмжлэгч Ш.Б-а нь хариуцагч Г.Г-тай 2018 оны 06 дугаар сард худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч Г.Г- нь 88887777 дугаарын эзэмших эрхийг худалдаж, нэхэмжлэгч нь 10,000,000 төгрөгийг хариуцагч Г.Г-д төлсөн болох нь талуудын тайлбараар тогтоогджээ.

3.б.Гэрээний зүйл болох эзэмших эрхтэй дугаар нь Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт заасан эрх, шаардлага, бусад хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний зохицуулалтад хамаарах бөгөөд үүнд эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний талаарх заалтууд нэгэн адил хамаардаг. Иймд анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

3.в.Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

3.г.Маргаан бүхий дугаарыг эзэмших эрхтэй этгээд нь гуравдагч этгээд Лион групп ХХК байх бөгөөд тус компанийн эзэмших эрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /хх-ийн 26-52-р тал/

3.д.Хариуцагч буюу худалдагч Г.Г- нь эрхийн доголдолтой буюу эзэмших эрхийн маргаантай дугаар худалдсанаас нэхэмжлэгч Ш.Б-а нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж, 10,000,000 төгрөгийг буцаан шаардсан нь үндэслэлтэй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

3.е.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгждэг, анхан шатны шүүх хариуцагч Г.Г-д нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох зохигчийн эрх, үүргийг тайлбарлан танилцуулсан байх бөгөөд хариуцагч Г.Г- нь нэхэмжлэлийн хувийг гардаж авснаас хойш хариу тайлбар болон татгалзлаа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй байна. Иймд шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй шийдвэр гаргасан гэх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

3.ё.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу үнэлж, хариуцагч Г.Г-ас 10,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.Б-ад олгуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Хариуцагч Ю- ХХК-ийн хувьд нэхэмжлэгч Ш.Б-атай гэрээний эрх зүйн харилцаанд ороогүй, тус компани Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмнө аливаа хэлбэрээр үүрэг хүлээсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул анхан шатны шүүх Ю- ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

4.Түүнчлэн, хариуцагчийн өмгөөлөгч нь давж заалдах гомдолдоо шүүх хуралдаанд оролцох эрхээр хангаагүй, 10 минут хоцорч очиход хуралдааныг үргэлжүүлсэн гэх боловч анхан шатны шүүх зохигчдод хуралдааны товыг хуульд заасан журман дагуу мэдэгдсэн болох нь шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсаар тогтоогдсон, мөн өмгөөлөгч шүүх хуралдаанд хоцорч ирсэн асуудалд шүүхийг буруутгах үндэслэлгүй тул энэ талаарх хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхив. /хх-ийн 74-р тал/

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2022/01163 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

Г.ДАВААДОРЖ