Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 411

 

О.С, Б.П нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгч О.С-н өмгөөлөгч Д.Тунгалаг, Г.Оюунцэцэг, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 401 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 542 дүгээр магадлалтай, О.С, Б.П нарт холбогдох 1906043442095 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч О.С, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг, Г.Оюунцэцэг, шүүгдэгч Б.П-н өмгөөлөгч С.Одгариг нарын гаргасан гомдлуудыг үндэслэн  2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 2000 оны 07 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оюутан, урьд ял шийтгэлгүй, О.С,

Монгол Улсын иргэн, 2000 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оюутан, урьд ял шийтгэлгүй, Б.П нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэн, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “О.С, Б.П нарыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэн, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч О.С, Б.П нарыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.  

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.П, О.С нарт 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.С-т 2 жил 6 сар, шүүгдэгч Б.П-т 2 жил хорих ял тус тус шийтгэсүгэй” гэж,

3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.С, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг, шүүгдэгч Б.П-н өмгөөлөгч С.Одгариг нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч О.С гаргасан гомдолдоо “...Миний үйлдсэн гэм буруутай үйлдэл нь өөрийн санаа сэдэлгүйгээр болсон явдал бөгөөд хохирогчид учирсан хохирлыг бүрэн барагдуулж, хохирол төлбөргүй болсон. Мөн хохирогчоос чин сэтгэлээсээ уучлалт гуйж, эвлэрсэн. Хоёр шатны шүүхээс надад оногдуулсан ялыг хүндэтгэж, хариуцлагаа ухамсарлаж, өөрийн үйлдсэн гэм буруутай үйлдэлдээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Би бага насандаа цэцэрлэг, сургуульд суралцаж төгссөн. Улмаар дээд боловсрол эзэмшихээр Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Бизнесийн удирдлагын ангид суралцаж байсан. Надад итгэл хүлээлгэвэл сургуульдаа үргэлжлүүлэн суралцаж гэр бүлдээ сайн хүү байхаас гадна ирээдүйд улс орондоо тус нэмэртэй боловсон хүчин болохын төлөө хичээнгүйлэн ажиллаж, суралцана гэдгээ амлаж байна. Иймд эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч О.С-н өмгөөлөгч Г.Оюунцэцэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцаалгахаар хяналтын журмаар гомдол гаргасан. Өчигдөр шүүүгдэгч болон түүний ар гэрийнхэнтэй уулзахад оногдуулсан ялаас хөнгөрүүлэх гэсэн байр суурьтай байсан. О.С анхан шатны шүүх хуралдааны үед гэм буруугаа хүлээгээгүй ч хяналтын шатны шүүхэд гэм буруугаа ойлгож, оногдуулсан ялыг хөнгөрүүлэх хүсэлт илэрхийлснийг уламжилж байна” гэсэн байна” гэв.

 

Мөн шүүхэд шүүгдэгч О.С-н өмгөөлөгч Д.Тунгалаг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Хяналтын журмаар гаргасан гомдлоо өөрийн үйлчлүүлэгчийн хүсэлтийг хүндэтгэн өөрчилж байна. Анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлж өгнө үү” гэв.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч нар нь эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэн, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож тогтоогдсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон ял оногдуулсан буюу Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.С, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг, Г.Оюунцэцэг, шүүгдэгч Б.П-н өмгөөлөгч С.Одгариг нарын гаргасан гомдлуудыг үндэслэн О.С, Б.П нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч О.С, Б.П нар нь бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 05 цаг орчим Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэргийн хотхоны орчим Г.Б-н хоолойг нь боож, илээр хүч хэрэглэн довтолж, гар утсыг нь дээрэмдэж бусдад 200,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.

 

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч О.С, Б.П нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн тэдгээрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчилж хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.П-н өмгөөлөгч С.Одгаригийн зүгээс хохирогчийн мэдүүлэг эргэлзээтэй тул хорих ялыг тэнсэхийг хүссэн агуулга бүхий гомдлыг гаргажээ.

 

Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, гэмт этгээдийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсдэг нөхцөлт Эрүүгийн хариуцлагын нэг төрөл бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тодорхой заасан.

 

Дээрх зохицуулалтаас харахад шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэрэг нь хүнд гэмт хэргийн ангилалд хамаарах тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хууль зүйн үндэслэлгүйгээс гадна хохирогч Г.Б, гэрч М.А нарын мэдүүлэг болон О.С, Б.П нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл зэргийг үгүйсгэх, хэргийн үйл баримтад эргэлзээ төрүүлэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Мөн шүүгдэгч О.С-н өмгөөлөгч Г.Оюунцэцэг, Д.Тунгалаг нарын гаргасан гомдлын хэргийн нөхцөл байдал, үйл баримтыг дахин шалгах, тогтоохтой холбоотой хэсгүүд нь хяналтын шатны шүүхийн эрх хэмжээнд хамаарахгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хяналтын шатны шүүхийн эрх хэмжээг “...анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, ...тухай асуудлыг урьдчилан шийдвэрлэх эрхгүй” хэмээн тодорхойлсон тул өмгөөлөгч гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

 

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журмыг тодорхойлсон бөгөөд 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэж заасны 18 насанд хүрсэн, 21 насанд хүрээгүй хүн гэдэг нь хэдийгээр насанд хүрсэн боловч оюун санаа, сэтгэхүйн хөгжлийн хувьд өсвөр насны хүүхдийн хэмжээнд, юмс үзэгдлийн мөн чанар, үр дагаврыг ухамсарлан ойлгох чадвар сул энэ нь сэтгэцийн шинжээчийн дүгнэлт бусад нотлох баримтуудаар нотлогдсон хүний хувьд хэрэглэж болдог онцгой тохиолдлыг хуульд тусгайлан хуульчилсан.

 

Уг зохицуулалтад хамаарах 18 насанд хүрсэн, 21 насанд хүрээгүй хүн бүрийг энэхүү ойлголтод хамааруулан өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх  хууль зүйн үндэслэлгүй тул хоёр шатны шүүхээс О.С, Б.П нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглээгүйг буруутгах үндэслэлгүй.

 

Харин шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал болон тэдгээрийн хувийн байдал, нас, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан харгалзан хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр тэдэнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлсэн өөрчлөлтийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хамтран оролцогчдын гүйцэтгэсэн үүрэг зэрэг нь адил байх тул тэдгээрт оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлсэн өөрчлөлтийг оруулахдаа ялгамжтай байдлаар бус ижил хэмжээний ял шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэсэн болно.

 

Иймд шүүгдэгч О.С-н ял шийтгэл хөнгөрүүлэхийг хүссэн гомдлыг хүлээн авч түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг, Д.Тунгалаг нарын гаргасан хэргийн нөхцөл байдал, үйл баримтыг дахин шалгах тухай гомдол болон шүүгдэгч Б.П-н өмгөөлөгч С.Одгаригийн тэнсэхийг хүссэн гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

                  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 401 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 542 дүгээр магадлалд:

          “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.С, Б.П нарт тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

                2. Шүүгдэгч О.С-н гомдлыг хүлээн авч түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг, Д.Тунгалаг, шүүгдэгч Б.П-н өмгөөлөгч С.Одгариг нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

                                                      ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                                                      ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН