Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 128/2018/0142/З |
Дугаар | 221/МА2018/0523 |
Огноо | 2018-09-26 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 221/МА2018/0523
2018 оны 9 сарын 26 өдөр Дугаар 221/МА2018/0523 Улаанбаатар хот
Д.О-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, Д.Х, хариуцагчийн өмгөөлөгч Л.С нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0454 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, өмгөөлөгч Л.С нарын давж заалдах гомдлоор Д.О-ын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0454 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 40 дүгээр зүйлийн 40.1, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.О-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Д.О-ыг урьд эрхэлж байсан Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.
2 дахь заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх 4.477.825 төгрөгийн олговрыг зохих шимтгэлийг тооцуулан хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Д.О-д олгохоор шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх Д.О-ын нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газарт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт хамааралтай ач холбогдол бүхий нотлох баримтыг буруу үнэлсэн, хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөнөөс шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй буруу гаргаж, хэргийн оролцогчийн эрх ашиг сонирхол зөрчигдсөн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч бид гомдолтой байна.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.О-ыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцээд 15 тоот тогтоол гарч, Д.О-ыг нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирлын ажилд томилсон тухай 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ТВ-ийн сувгаар мэдээлсэн.
2018 оны 01 сарын 11-ний өдрийн 1а\137 тоот албан бичгээр Эрүүл мэндийн сайд Авлигатай тэмцэх газарт “хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулах тухай” албан бичиг явуулан 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хариу авсан. Мэдүүлгийг Д.О нь хуульд зааснаар буюу Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23-р зүйлд зааснаар тухайлбал 23-р зүйлийн 23.2-т “Мэдүүлэг гаргагч хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ өөрөө үнэн зөв гаргах үүрэгтэй” гэж заасан дагуу гаргаж, хариуг авсан байх нь.
Д.О нь нэхэмжлэлдээ “... ажлаас чөлөөлөх болсон бодит нөхцөл байдлыг тогтоолгүй, өөр ажил албан тушаалд томилсон” гэжээ.
Захиргааны ерөнхий хуульд зааснаар “Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно. Бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэх ба энэ дагуу Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Эрүүл мэндийн яамнаас нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Монгол Улсын УИХ-ын тогтоолоор батлагдсан 45 тоот Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөө, Эрүүл мэндийн яаман дээр үүссэн нөхцөл байдлыг газар дээр нь шалгаж, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн илтгэх хуудас, 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 06/515 тоот 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгосон Эрүүл мэндийн яамны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн Үндэсний аудитын газрын дүгнэлт, бусад холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн болно.
Д.О нь Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын ажлыг хийж гүйцэтгэх хугацаандаа Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжүүлэх тухайлбал төрийн албыг чадавхижуулах, бүх шатанд мэргэшсэн албан хаагчидтай байж, нийгмийн итгэлцлийг бэхжүүлэх, Засгийн газрын зорилтыг хангалтгүй биелүүлсэн, төрийн алба тогтвортой мэргэшсэн байх зарчим алдагдсан, алдаатай шийдвэрүүдийн улмаас төрийн албан хаагчид хохирсон, Эрүүл мэндийн яамны захиргааны удаашрал хүнд суртлаас шалтгаалан төслүүдийн үйл ажиллагаа саатаж, төсөл хөтөлбөрүүд зогсох, зээл тусламжийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулахад хүргэсэн ноцтой байдал бий болсон, төслийг ашиглаж чадахгүйд хүрсэн бодит нөхцөл байдал бий болсон тул дээрх баримтууд, шүүхэд гаргаж өгсөн баримтуудаар эдгээр нь нотлогдсон.
Эрүүл мэндийн яамны хүний нөөцийн бодлого төлөвлөлт суларсан, 2016 оны 11 сараас хойш 14 ажилтныг төрийн жинхэнэ албан тушаалтны сул орон тоонд түр орлон гүйцэтгэгчээр томилж, сонгон шалгаруулалт зохион байгуулаагүй, хууль дээдлэх, захирах захирагдах ёсны зарчим зөрчигдсөн, байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүрсэн талаар Эрүүл мэндийн яаман дээр үүссэн нөхцөл байдлыг газар дээр шалгасан ажлын хэсэг дүгнэсэн.
Анхан шатны шүүх шийдвэртээ “... дээр дурдсан хуулийн заалтад хамаарах нөхцөл байдал үүсээгүй, өөрөөр хэлбэл хариуцагчаас өөр ажил албан тушаалд томилох талаар түүнтэй тохиролцоогүй ...” гэжээ.
Төрийн албан тушаалыг тухайн албыг гүйцэтгэж буй этгээдтэй “тохиролцон” өөрчлөх үндэслэл дээрх хуулийн заалтад байхгүй бөгөөд дээрх нотлох баримтуудаар түүнтэй хариуцлага тооцох нөхцөл байдал тогтоогдсон учраас төрийн үйлчилгээний албан тушаалд томилон ажиллуулахаар Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн бөгөөд шүүх “... Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасныг баримтлан албан тушаалаас чөлөөлсөн илт хууль бус болжээ” гэсэн үндэслэлийг зөвшөөрөхгүй гомдолтой байиа.
Шүүхэд баримт болгон өгсөн Үндэсний аудитын газрын дүгнэлт нь нэхэмжлэгч Д.О-ын ажиллаж байх хугацааны санхүүгийн үйл ажиллагаанд хийгдсэн дүгнэлт бөгөөд Үүнд:
Үндэсний оношлогоо, эмчилгээний төвийн цогцос хадгалах байрны барилга угсралтын ажлыг гүйцэтгэгч “Ж...” ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1,136,428,230.0 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулаад 2017 онд уг компанийн хийсэн ажлын гүйцэтгэл 34 хувьтай байхад ЭМЯ гүйцэтгэгчийн хийгдээгүй ажилд бодит бус гүйцэтгэл баталгаажуулж, 100 хувийн санхүүжилтийг улсын төсвөөс олгож ...” гээд төлбөр барагдуулах акт Төрийн нарийн бичгийн даргад тавигдсан,
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн био устгалын 3-р шатлалын лабораторийн барилга, гадна дулааны шугамын ажлын экспертизээр хянагдсан төсөв ... гэрээний дүн... хяналтын төсвөөс 400 сая төгрөгөөс илүү байгаа нь Төсвийн тухай хуулийн заалт зөрчсөн,
Говь-Алтай аймгийн төрөх эмнэлэг \50 ортой\ барих төсөл арга хэмжээний өмнөх гүйцэтгэгч “Лкх” ХХК-нд 2,524.4 сая төгрөг буюу нийт санхүүжилтийн 87,1 хувийг олгосон байхад барилга угсралтын ажлын гүйцэтгэл 40 хувьтай гэрээ цуцлагдсан,
Говь-Алтай Цээл сумын эрүүл мэндийн төвийн барилга төсөл, арга хэмжээний өмнөх гүйцэтгэгч “Гт” ХХК-нд 469,8 сая төгрөг буюу 100 хувийн санхүүжилт олгосон байхад барилга угсралтын ажлын гүйцэтгэл 40 хувьтай гэрээ цуцлагдсан,
Дорноговь, Сайншанд сумын төрөх эмнэлэг, төсөл арга хэмжээний өмнөх гүйцэтгэгч “Ми” ХХК-нд 1,285.0 сая төгрөг буюу 100 хувийн санхүүжилт олгосон байхад барилга угсралтын ажлын гүйцэтгэл 40 хувьтай гэрээ цуцлагдсан,
Дундговь, Дэлгэрхангай сумын Эрүүл мэндийн төвийн барилга, төсөл арга хэмжээний гүйцэтгэгч “БУ” ХХК-нд 200,0 сая төгрөг буюу 44,3 хувийн санхүүжилт олгосон байхад ажлын гүйцэтгэл 15 хувьтай гэрээ цуцлагдсан нь улсын төсвийн хөрөнгийг шамшигдуулах эрсдэлд хүргэсэн. Үндэсний аудитын газрын албан шаардлагууд нь Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажилтай нь буюу түүний ажиллаж байх хугацааны хариуцлагагүй ажиллагаатай холбогдоно.
Эдгээр нь Засгийн газрын болон салбарын яамны нэр хүндийг унагасан, ажлаас чөлөөлөх хангалттай үндэслэл бөгөөд түүний албан тушаалыг хуульд зааснаар бууруулан чөлөөлсөн нь хуулийн холбогдох заалтад нийцсэн, хуулиар тогтоосон “төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг” зөрчөөгүй ба нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж хариуцагч үзэхгүй байгаа бөгөөд энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.
Яамны эрх зүйн байдлын тухай хуулиар Яамны төрийн нарийн бичгийн даргын албан тушаал, үүргийг тодорхойлон заасан бөгөөд уг тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн тул түүний албан тушаалыг бууруулан өөр ажилд тавьсан. Захиргааны акт хууль бус байх шинжийг агуулаагүй гэж үзэж байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас Д.О нь яамны аппаратын ажлыг мэргэшлийн үндсэн дээр зохион байгуулж удирдаагүй, батлагдсан төсөв, орон тооны хязгаарт багтаан яамны төсвийн хөрөнгийг тогтоосон журмын дагуу захиран зарцуулж, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүйгээс яамны нэр хүнд унаж, төрийн албан хаагчид хохирох, эрүүл мэндийн төв, оношлогооны барилга байгууламж хугацаа сунгагдан баригдахгүй байх нөхцөл шалтгаанууд бий болсон.
Нэхэмжлэгч нь яамны сайдтай үр дүнгийн гэрээ байгуулан ажилладаг бөгөөд ажлаа дүгнүүлэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй, шүүхэд үр дүнгийн гэрээ дүгнүүлэхтэй холбоотой баримт гаргуулахаар шүүх хуралдаан дээр хүсэлт гаргасан ч шүүх шийдвэрлээгүй.
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын хороогоор Төрийн албаны зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэх үеэр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын томилгоотой холбоотой асуудлын талаар мэдээлэл, танилцуулга, санал явагдсан.
2014 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн шүүхийн шийдвэрээр н.Х. 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 1427 тоот шүүхийн шийдвэрээр н.Э нар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн тогтоогдсон, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулж шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд байгаа талаар Төрийн албаны зөвлөлөөс шүүхэд албан бичиг ирүүлсэн.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54-р зүйлийн 54.1.6-д “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар ... хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа” бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12-р зүйлд захиргааны шүүхийн шийдвэр заавал биелэгдэх чадвартайг заасан.
Нэхэмжлэгч нь бодит нөхцөл байдал тогтоох ажлын хэсгийн үүрэг бүхий хүмүүстэй уулзаж, холбогдох баримт материалтай танилцаж байсан бөгөөд тайлбар санал гаргах хангалттай боломж байсан. Засгийн газрын хуралдаан гэнэт хуралдаж, ажлыг нь өөрчилсөн зүйл байхгүй ба сонсох ажиллагааны талаар шүүхийн шийдвэрт заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй.
Түүнчлэн шийдвэрт өмгөөлөгчийн нэрийг буруу бичсэн, шийдвэрийн 6-р хуудасны дээрээс 14 дэх мөрөнд “Гэтэл намайг ажлаас үндэслэлгүй халсан гэж тайлбар хийж байна” хэмээн өмгөөлөгчийн тайлбарт бичигдсэн, 7-р хуудасны дээрээс 4,5 дахь мөрөнд “тус дүүргийн”, “төсөв төлбөр” гэх мэт үг бичигдсэн нь ойлгомжгүй, шийдвэрийн найруулга, боловсруулалт хуулийн шаардлага хангахгүй гэж үзэхээр болсон байна.
Иймд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлсөн захиргааны акт үндэслэлтэй, түүнийг нэгдүгээр эмнэлгийн Ерөнхий захирлаар томилсон нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоно уу гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Д.О-аас Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан “Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
1. Хариуцагчийн “Д.О-ыг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирлын албан тушаалд томилохоор болсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлсөн” гэх үндэслэлийн тухайд:
Нэхэмжлэгч Д.О нь сонгон шалгаруулалтын дагуу Төрийн албаны зөвлөлөөс санал болгосноор Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагч байна. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаар тогтоолоор “өөр ажилд томилогдох болсонтой нь холбогдуулан” Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасныг үндэслэн нэхэмжлэгч Д.О-ыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлжээ.
Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачлагаар албан тушаалаас нь бууруулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх харилцааг зохицуулсан бөгөөд 23 дугаар зүйлийн 23.1, 23.3 дахь хэсэгт төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачлагаар албан тушаал бууруулах, түр чөлөөлөх харилцааг, 23.2, 23.4 дэх хэсэгт төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлөх харилцааг ялган зохицуулсан байна.
Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Төрийн жинхэнэ албан хаагч төрийн улс төрийн албан тушаалд сонгогдон буюу томилогдон ажиллах болсон, эсхүл төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон, тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө” гэж заасан нь төрийн жинхэнэ албан хаагч улс төрийн албан тушаалд сонгогдон ажиллах болсон, эсхүл түүнтэй зөвшилцөн өөр ажил албан тушаалд томилохоор болсон бол төрийн жинхэнэ албанаас чөлөөлөх агуулгатай байна.
Маргаан бүхий актаас үзвэл Д.О-ыг аль байгууллагад, ямар албан тушаалд томилон ажиллуулах болсон нь тодорхойгүй байх бөгөөд нэхэмжлэгчээс “ажлаас чөлөөлөгдөх болсон бодит нөхцөл байдлыг тогтоолгүй, түүнийг өөр ажилд томилж байгааг мэдэгдээгүй, өөр ажил албан тушаалд томилох нөхцөл байдал үүсээгүй байхад” 15 дугаар тогтоол гарсан гэсэн үндэслэлээр маргасан байна.
Хариуцагч нэхэмжлэгчийг өөр ямар ажил, албан тушаалд томилох болсон талаар нэхэмжлэгчид мэдэгдэж тайлбар саналыг нь аваагүй маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцээгүй учир хуульд заасан үндэслэл журмын дагуу ажлаас чөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлын “Үндэсний аудитын газрын акт, дүгнэлт, Эрүүл мэндийн яаман дээр үүссэн нөхцөл байдлыг газар дээр нь шалгаж, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн илтгэх хуудас ... зэрэг нотлох баримтаар нэхэмжлэгчид хариуцлага тооцох нөхцөл байдал тогтоогдсон, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуульд заасан зорилго зорилтоо хангалтгүй биелүүлсэн тул албан тушаал бууруулан төрийн үйлчилгээний албан тушаалд томилон ажиллуулахаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн” гэх үндэслэлийн тухайд:
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаар тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д нийцээгүй байна.
Зорилгодоо нийцсэн эсэх тухайд: Хариуцагч нь нэхэмжлэгч ажлын хариуцлага алдсан тул албан тушаал бууруулсан гэж тайлбарлан маргадаг. Гэтэл 15 дугаар тогтоолд “Өөр ажилд томилогдох болсонтой нь холбогдуулан Д-ийн О-ыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй” гэжээ. Үүнээс үзвэл уг акт нь нэхэмжлэгч өөр ажилд томилогдох болсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлөхөд зорьсон байна. Хэрэв акт зорилгодоо нийцсэн байх тохиолдолд маргаан бүхий актад “өөр ажилд томилогдох болсон” бус “ажлын хариуцлага алдсан” гэх үндэслэлийг зааж, албан тушаал бууруулах зохицуулалтыг хэрэглэхээр байна. Үүнээс үзвэл маргаан бүхий захиргааны акт зорилгодоо нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй.
Бодит нөхцөлд тохирсон эсэх тухайд: Актыг гаргах үндэслэл болсон бүх нөхцөлийг бүрэн тодорхойлж, түүнд хамаарах нотлох баримтыг цуглуулж, тэдгээрийг үндэслэн шийдвэр гаргахыг бодит нөхцөл байдлыг тогтоосон гэж ойлгоно. Гэтэл энэ тохиолдолд нэхэмжлэгчийг өөр ямар ажил, албан тушаалд томилох болсон талаар дурдаагүй, ажлаас чөлөөлөхтэй холбоотой баримтыг зааж, түүнийг хэрхэн үнэлсэн үндэслэлээ заалгүйгээр 15 дугаар тогтоолыг гаргасан байх тул бодит нөхцөл байдлыг тогтоосон гэж үзэх боломжгүй.
Дээрх нөхцөл байдлаас үзвэл маргаан бүхий захиргааны акт нь зорилгодоо нийцсэн талаар хариуцагчаас үндэслэл бүхий тайлбар, нотлох баримт ирүүлээгүй, ирүүлсэн тайлбар нь актын зорилгоос зөрүүтэй, нэхэмжлэгчийг төрийн албанаас чөлөөлөх ямар үндэслэл бүрдсэн, тэдгээр нь холбогдох нотлох баримтаар хэрхэн нотлогдож, түүнийг нь захиргаа хэрхэн үнэлж уг шийдвэрийг гаргасан талаар хариуцагч тайлбар, нотлох баримт гарган мэтгэлцээгүй байх тул маргаан бүхий захиргааны акт үндэслэл бүхий биш байна.
Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар төрийн жинхэнэ албан хаагч албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсныг төрийн албаны төв байгууллагаас тогтоосон журмын дагуу үнэлж, дүгнэн тогтоосны үндсэн дээр захиргааны санаачлагаар албан тушаал бууруулахаар зохицуулсан байна.
Хариуцагч Засгийн газар нь 15 дугаар тогтоолыг гаргахдаа төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачлагаар албан тушаал бууруулах Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийн зохицуулалтыг үндэслээгүй, нэхэмжлэгчийн үйл ажиллагааны үр дүнтэй холбоотой татгалзлаа болгож буй уг нөхцөл байдлыг актад үндэслэл болгож заалгүйгээр, төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн үйлчилгээний албан тушаалд томилсон байх тул актын үндэслэл болоогүй, эдгээр үндэслэлээр нөхөж тайлбар гаргаж байгааг хүлээн авах боломжгүй.
Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т “тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж заасантай хариуцагчийн дээрх татгалзал нийцээгүй, захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаанд үндэслэл болгох зорилгоор уг үйл баримтуудыг шинжлэн судалж, нэхэмжлэгчид ач холбогдол бүхий ямар эерэг, сөрөг нөхцөл байдал бий болж байгааг тодорхойлон судалсан гэж үзэхээргүй байна.
Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасан бөгөөд маргаан бүхий актад заагаагүй дээрх үйл баримтуудтай холбогдуулан хариуцагч шаардлагатай ямар ажиллагааг хийж, холбогдох нотлох баримтыг цуглуулан тэдгээрийг хэрхэн үнэлж дүгнэсэн талаар шүүх нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагаа хийх үүрэггүй.
3. Хариуцагч нь Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд шүүхээс хийсэн үзлэгийг хангалтгүй гэж үзсэн тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн татгалзлын үндэслэл болгож буй Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг нотлох баримтаар гаргаж өгөх боломжтой байсан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх нотлох баримт цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй гэж маргасныг хүлээн авах боломжгүй байна.
Түүнчлэн, нэхэмжлэгчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар Эрүүл мэндийн яамны 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1а/137 дугаар албан бичгээр Авилгатай тэмцэх газарт хандсан, Эрүүл мэндийн сайдын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг Б/20 дугаар тушаалаар Д.О-ыг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон зэрэг нь маргаан бүхий акт батлагдан гарснаас хойш болсон үйл баримтыг үндэслэл болгон маргаан бүхий захиргааны актыг зөвтгөсөн тайлбар гаргаж байгаа нь Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар Төрийн нарийн бичгийн даргын Төрийн албаны тухай хуульд зааснаас өөр үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөх, чөлөөлөх, халах, захиргааны санаачлагаар албан тушаалаас нь бууруулахыг хориглосонтой нийцэхгүй байна.
Төрийн нарийн бичгийн даргыг Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн жинхэнэ албан хаагчтай зөвшилцөн өөр ажил албан тушаалд томилоогүй, захиргааны санаачлагаар төрийн албаны чөлөөлөх, албан тушаал бууруулах тохиолдолд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар яамны Төрийн нарийн бичгийн даргыг Төрийн албаны тухай хуулийн 351 дүгээр зүйлд заасны дагуу Төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар томилж, чөлөөлөх бөгөөд Төрийн албаны зөвлөлөөс Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргыг чөлөөлөх саналыг Засгийн газарт хүргүүлээгүй байна.
Нэхэмжлэгчийг сонгон шалгаруулалтын дагуу Төрийн албаны зөвлөлийн саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 115 дугаар тогтоолоор Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилсон байх тул Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 725 дугаар албан бичгээр урьд нь Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 2739/С шийдвэрээр Ж.Хатанбаатар, 2015 оны 1427 дугаар шийдвэрээр А.Эрдэнэтуяа нарыг эгүүлэн тогтоож шийдвэрлэж байсан талаар дурдсан нь нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа гэж үзэх үндэслэл болохгүй. Учир нь хариуцагч захиргааны байгууллага, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд өмнөх хоёр шүүхийн шийдвэрийн дагуу Ж.Х, А.Э нарыг томилох тухай шийдвэр гаргасан баримт байхгүй.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0454 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, өмгөөлөгч Л.С нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Ц.ЦОГТ