Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2022/01330

 

 

Ш- ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч А.Мөнхзул, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2022/01833 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ш- ХХК-ийн хариуцагч Д.Д-т холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд нийт 1,581,660,820 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-, түүний өмгөөлөгч С.Б, хариуцагч Д.Д-, түүний өмгөөлөгч Т.С шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Ш- ХХК-ийн захирал нь 2007 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 07/04 тоот тушаал гарган Даринчулууны Даваажавыг тус компанийн нягтлан бодогчийн ажилд томилж 2007 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс ажиллуулж эхэлсэн бөгөөд компанийн зүгээс түүнд итгэж, компанийн үйл ажиллагааны дагуу гарах зардал, эд хөрөнгө, тайлан тооцоо зэргийг Нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомжид нийцүүлэн явуулна хэмээн итгэж найдаж бүхий л ажлыг хариуцуулан ажиллуулсан. Гэвч Д.Д- нягтлан бодогчоор 2007-2016 оныг дуустал 9 жил гаруй хугацаанд ажиллахдаа компанийн эд хөрөнгө, мөнгө төгрөгийг ямар ч зөвшөөрөлгүйгээр авах, бусдад шилжүүлэх, эд хөрөнгийг хувьдаа ашиглах, завших, үрэгдүүлэх, хулгайлах зэрэг зөрчил гаргаж байгаа болохыг 2014 онд Б.Б- тус компанид зөвлөхөөр ажилд орж хяналт, шалгалтаар илрүүлсэн. Үүнтэй холбогдуулж, 2016 оны 10 дугаар сард Д- ХХК-аар аудитын шалгалт оруулахад компанийн санхүү, нягтлан бодох бүртгэлийн баримт материал нуун дарагдуулсныг илрүүлж компанийн улирал бүрийн тайланд тусгагдсан байх ёстой баримтыг дарагдуулсныг олж тогтоосон. Өмнө нь Ш- ХХК-ийн нягтлан бодох бүртгэл, эд хөрөнгийн бүртгэл, кассын өдөр тутмын бүртгэл, санхүүгийн үйл ажиллагаанд аудит хийлгэж алдаа дутагдал байгааг олж тогтоон, засаж залруулах үүрэг чиглэлийг Д.Д-т өгч байсан бөгөөд тэрээр алдаа дутагдлыг засах биш харин компанийн тайлан тооцоог үргэлж буруу гаргах, будилуулах, эд хөрөнгө, мөнгө төгрөгийг хувьдаа завшиж байсан болохыг хожим хяналт, шалгалт баримтаар тогтоосон. Улмаар компанийн зүгээс 2016 оны 08 дугаар сард Д.Д-ын гаргасан хууль бус үйлдлүүдийг шалгуулахаар Баянзүрх дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст гомдол гаргасан. Гомдлын дагуу Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэх тухай 201625013168 дугаар тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгах явцад томилсон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 83 дугаар шинжээчийн дүгнэлтээр Ш- ХХК-ийн 2008-2014 онуудын бэлэн мөнгөний гүйлгээг тулган шалгахад гүйлгээг дэмжих анхан шатны баримтгүй 60,966,679.22 төгрөгийн гүйлгээ хийсэн болохыг тогтоосон. Мөн Д- ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 1908/92 дугаартай аудитын тайлангаар өмнө ирүүлсэн болон нэмэлт шинжилгээнд ирүүлсэн санхүүгийн баримтын хүрээнд шалгахад зөрчлийн дүнг давхардуулсан 23,456,100 төгрөг, кассын зарлагын ордерт удирдлага гарын үсэг болон мөнгөн хүлээн авсан гарын үсэгтэй 167,082,046 төгрөг, аудитын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн дүгнэлтэд орсон 138,724,341 төгрөг, дотоод хяналтын болон мөрдөгчөөс ирүүлсэн санхүүгийн баримтад байхгүй, нотлогдоогүй 68,693,506 төгрөг дотоодын хяналтаар илэрсэн, бэлэн мөнгөний кассаас удирдлагын шийдвэргүй, мөнгө хүлээн авсан нотлох болон дэмжих баримтгүй 446,578,700 төгрөгийн гүйлгээ байгаа зэргийг зарлагын баримт, бэлэн мөнгөний кассын баримтаар тогтоосон. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 154-р шинжээчийн дүгнэлтээр дээрх Д- ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 1908/92 дугаартай аудитын тайланг үндэслэлтэй болохыг дүгнэж, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн болохыг тогтоосон. Д.Д-ын гэмт үйлдлүүдийг Эрүүгийн хуульд заасан яллагдагчаар татаж болохгүй буюу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2020 оны 09 сарын 30-ны өдрийн хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай 5439 дугаартай тогтоолын дагуу компанид учруулсан хохирлыг Д.Д-аас гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Д.Д- нь 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Б.Батболд захирлын танил БНХАУ-ын иргэн Б- руу 250,000 ам доллар /тухайн үеийн Монгол банкны ханшаар 1 ам доллар 1,310 төгрөгтэй тэнцэж байсан/ буюу 327,500,000 төгрөгийг ямар ч гэрээ хэлцэл байгуулаагүй, 250,000 ам доллар шилжүүлэх шалтгаан байхгүй байхад компанийн өмнөөс шилжүүлсэн. Улмаар БНХАУ-ын иргэн Б- иргэн Н.Баярмаа руу 200,000 юань тухайн үеийн Монгол банкны ханшаар 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр юань 208 төгрөгтэй тэнцэж байсан ба 41,600,000 төгрөгийг ... Зоригоо Болдоогийн 249,970 ам долларын нэг хэсгийг буцаан төлөв гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн байхад Д.Д- иргэн Н.Баярмаагийн нэр дээр шилжүүлэн авч өнөөдрийг хүртэл компанид буцаан төлөөгүй байна. Мөн БНХАУ-ын иргэн Б- Д.Д-ын өгсөн зааварчилгааны дагуу 2012 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Ламтав овогтой Мөнхтуяагийн Голомт банкны 1905011247 тоот данс руу 633,000 юань буюу 131,664,000 төгрөгийг ... Жинь Манлай Улаанбаатарт Буянгаас зээлсэн мөнгөний үлдэгдэл 40,000 ам долларыг буцааж төлөхөд туслав. Юаньд шилжүүлэхэд 633,000 юань. Болдоод буцаан төлөх 250,000 ам долларын зээл үлдсэн болно гэх утгаар шилжүүлсэн байдаг. Дээрх БНХАУ-ын иргэн Б- Д.Д-т буцаан шилжүүлэх ёстой байсан 250,000 ам доллар буюу 327,500,000 төгрөг шилжүүлэхээс 380,224,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Үүнийг БНХАУ-ын иргэн Б- гэрчийн мэдүүлэг өгснөөр нотлохын зэрэгцээ мөнгөн гуйвуулгын баримтууд, тэдгээрийн орчуулга, мөрдөн байцаалтын шатанд өгсөн тайлбар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 154 дүгээр шинжээчийн дүгнэлтээр эдгээр мөнгийг Д.Д- завшсан болох нь тогтоогдсон. Иймд дээрх 250,000 ам долларыг өнөөдрийн Монгол банкны ханш болох 1 ам доллар 2,852.33 төгрөгөөр тооцож 713,082,500 төгрөгийг Д.Д-аас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Д- ХХК-тай Ш- ХХК 2007-2015 оныг дуустал хугацааны санхүүгийн бүхий л баримтад аудит хийлгэж, дүгнэлт гаргуулахаар гэрээ байгуулж гэрээний төлбөрт 8,000,000 төгрөг төлсөн. Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн шинжилгээ хийх, шинжээч томилох тогтоолын дагуу тавигдсан 5 асуултын хүрээнд хариулт гаргуулахаар санхүүгийн тайланд аудиторын тайлан, дүгнэлт гаргах, зөвлөмж гаргах ажлыг Д- ХХК-аар гүйцэтгүүлэхээр аудитын үйлчилгээ үзүүлэх тухай 201601/60 тоот гэрээг байгуулж, гэрээний дагуу 32,000,000 төгрөгийг төлсөн. Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Батмягмарын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн шинжилгээ хийлгэх тогтоолын дагуу Д.Д-т холбогдох эрүүгийн 201625013168 тоот хэрэгт шинжилгээ хийж дүгнэлт гаргуулахаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч Ц.О-аар дүгнэлт гаргуулж, төлбөрт нь 1,000,000 төгрөг болон 2,400,000 төгрөгийг төлсөн. Ш- ХХК-ийн санхүүгийн баримт, харилцах дансны хуулга бусад баримтад тохиролцсон горимоор 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны материалд шалгалт хийж, дүгнэлт бүхий аудитын тайлан гаргуулахаар 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр аудитын үйлчилгээ үзүүлэх тухай гэрээг Д- ХХК-тай байгуулж түүний дагуу 7,000,000 төгрөгийг төлсөн. Иймд Д.Д-аас бодитоор гарсан зардал 50,400,000 төгрөг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 83 дугаар дүгнэлтээр гарсан учирсан хохирол 660,966,679 төгрөг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 154 дүгээр дүгнэлтээр гарсан учирсан хохирол 446,578,700 төгрөг, 250,000 ам долларыг Монголбанкны өнөөгийн ханш болох 1 ам доллар 2,852.33 төгрөгөөр тооцож 713,082,500 төгрөг, нийт 1,871,027,879 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар Ш- ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэн Д.Д-т холбогдох иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлага 1,871,027,879 төгрөгийн нэхэмжлэлээс 289,367,059 төгрөгийг доорх байдлаар багасган нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 154 дүгээр дүгнэлтэд шинжээч асуулт 3-т хариулахдаа шинжилгээнд шинээр ирүүлсэн санхүүгийн баримтаар бэлэн мөнгөний кассаас удирдлагын шийдвэргүй мөнгө хүлээн авсан нотлох болон дэмжих баримтгүй 446,578,700 төгрөгийн гүйлгээ байгааг тогтоосон. Үүнээс нэмэлт шинжилгээнд ирүүлсэн Голомт банкны 2012 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 250,000 ам долларын ханш 1,310 төгрөг буюу 327,500,000 төгрөгийн гадаад гуйвуулгын мөнгө давхардаж нэхэмжлэлийн шаардлагад тусгагдсан байна. Иймд шинжээчийн 154 дүгээр дүгнэлтээр тогтоосон 465,989,141 төгрөгөөс 2012 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн ам долларын ханшаар тогтоосон 327,500,000 төгрөгийг хасч 138,489,141 төгрөг болсон. Үүн дээр Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт зааснаар ам долларын өссөн ханшаар тооцоход 250,000 ам долларыг Монголбанкны 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ханшаар 731,805,000 төгрөг болж байна. Энэхүү үнийн дүн дээр 138,489,141 төгрөгийг нэмэхэд 870,294,141 төгрөг болж байгаа. Иймд шинжээчийн дүгнэлт гаргахад гэрээний дагуу төлбөр төлсөн тул уг төлсөн 50,400,000 төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааны дагуу нэхэмжилж байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу шинжээчийн 2017 оны 83 дугаар дүгнэлтээр тогтоогдсон 660,966,679 төгрөг, шинжээчийн 2020 оны 154 дүгээр дүгнэлтэд ам долларын ханш нэмэгдсэнтэй холбогдоод шаардсан 870,294,141 төгрөгийг нэхэмжилж байгаа. Иймд хариуцагч Д.Д-аас нийт 1,581,660,820 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш- ХХК-д олгож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Д.Д- миний бие 2007 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд Ш- ХХК-д нягтлан бодогчоор ажилласан. Тус компанид ажиллах хугацаанд санхүүгийн 7 ажилтан байсан. Миний ажил үүргийн хуваарь бол харилцахын бэлэн мөнгөний баримт авч тайлан гаргах, татварын тайлан гаргах ажил байсан. Бэлэн мөнгө захиран зарцуулах гарын үсэг зурах эрх байгаагүй. Захирал Б.Батболд өөрийнхөө гарын үсгээр банкинд гүйлгээ хийдэг байсан. Энэ хугацаанд н.б- гэсэн 5 хүн тооцооны нярав, тооцооны нягтлан бодогчийн ажлыг гүйцэтгэж байсан. Эдгээр хүмүүс тооцоо болон бэлэн мөнгө, бараа материалаа хариуцаж, анхан шатны баримтаа бүрдүүлдэг байсан. Эрүүгийн хэрэг шалгах явцад мөрдөн байцаалтын шатанд Д- ХХК-ийн гаргасан санхүүгийн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт гаргуулахаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилсон. Надад хэрэг үүсгүүлэхээр дүгнэлт гаргуулж байгаа шинжээчид компанийн кассын тайлан, бэлэн мөнгөний тооллогын баримт, харилцахын орлого зэрэг нэг ч нотлох баримт гаргаж өгөөгүй, зөвхөн анхан шатны баримт дээр дүгнэлт гаргуулсан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 83 дугаар дүгнэлт, 2020 оны 07 дугар сарын 28-ны өдрийн 154 дүгээр дүгнэлтүүд нь нотлох баримтын шаардлага хангасан материал дээр дүгнэлт гаргасан. Д- ХХК нь үйлчлүүлэгчийн хүсэлтээр дүгнэлт гаргасан бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн нь Д- ХХК-ийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар мөрдөгчийн тавьсан асуултад хариулан дүгнэлт гаргасан. Шүүхийн шийдвэрээр гэм буруутайд тооцоогүй байхад намайг гэмт хэрэг хийсэн нь тогтоогдсон мэтээр прокурорын тогтоол дээр бичсэн байх ба нэхэмжлэгч Ш- ХХК нь уг прокурорын тогтоолыг үндэслээд энэ их хэмжээний мөнгийг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй. Би Ш- ХХК-д ажиллаж байхдаа ерөнхий нягтлан бодогч хийж байсан ба бэлэн болон бэлэн бус мөнгөний гүйлгээг кассын нярав, бараа материалын нярав, тооцооны нягтлан зэрэг тусдаа ажилтан хариуцан ажилладаг. Миний хувьд зөвхөн санхүүгийн тайлан тооцоо гаргадаг байсан бөгөөд харилцах дансыг гүйцэтгэх захирал, бэлэн мөнгөний кассыг гүйцэтгэх захирал, кассын нярав хоёр хариуцдаг байсан. Тухайн компанид ажиллаж байхдаа бэлэн мөнгөтэй харьцаж байгаагүй учир нэхэмжлэгч Ш- ХХК-ийн шаардаж байгаа мөнгийг хувьдаа авч завших ямар ч боломж, үндэслэл байхгүй. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 154 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 250,000 ам доллар буюу 713,082,000 төгрөгийг завшсан нь тогтоогдсон тул Д.Д-аас гаргуулна гэж нэхэмжилсэн байх ба Ш- ХХК-ийн гаргаж өгсөн 250,000 ам долларын зээл олгов гэсэн баримт нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлсөн мөнгөний баримт юм. Татвараас нуун мөнгө шилжүүлсэн асуудал. Гадаад шилжүүлгээр мөнгө шилжүүлэхээр гааль дээр шалгадаг бөгөөд энэ шалгалтаас бултан мөнгө шилжүүлэхдээ зээл олгосон мэтээр гүйлгээний утгыг бичдэг байсан. Дээрх мөнгөн шилжүүлгийн дүн нь 2 компанийн хооронд хийсэн орон сууцны барилга угсралтын гэрээний тооцоо нийлсэн актаар нотлогдох тул 250,000 ам долларыг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Би өөрийгөө компаниас нэг ч төгрөг хувьдаа авч хэрэглээгүй гэдгээ хангалттай тайлбарласан ба намайг буруутгах гэж хийлгэсэн дүгнэлтийн төлбөрийг би төлөх ёсгүй. 2016 онд ажлаас гарахдаа ажил хүлээлцсан актаар бүх баримт, файлаа хүлээлгэж өгсөн. Шинжээчид санхүүгийн анхан шатны баримт хуульд нийцэхгүй болохоор дүгнэлт гаргах боломжгүй мөнгөн дүн гаргасныг нягтлан бодогч намайг завшсан мэтээр ойлгоод байна. Санхүүгийн анхан шатны баримтыг гагцхүү нягтлан бодогч бүрдүүлдэг биш бөгөөд кассын болон бэлэн мөнгөний нярвууд, санхүүгийн бусад ажилтнууд өөрсдийн ажил үүргийн хуваарийн дагуу мөн бүрдүүлдэг. Иймд нэхэмжлэгч Ш- ХХК-ийн надаас шаардаад байгаа 1,581,660,820 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт: Нэхэмжлэгч Ш- ХХК-ийн 1,581,660,820 төгрөгийг иргэн Д.Д- завшсан гэх ямар ч үндэслэл олж харсангүй. Тийм учраас иргэн Д.Д- буруутай гэж бодохгүй байна. Нэхэмжлэгч талын ярьж байгаа байдал тодорхойгүй, нотлох баримтгүй, өөрсдөө хяналт шалгалт сайн тавиагүй учраас энэ их мөнгийг иргэн Д.Д-аас гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ. Нэхэмжлэгч компанийн захирал Б.Батболд яагаад өөрөө оролцохгүй, эгчийгээ оролцуулж байгаад эргэлзэж байна. Эцэст нь хэлэхэд иргэн Д.Д- 1,581,660,820 төгрөгийг хувьдаа завшаагүй, харин бичиг баримтын зөрчил гаргасан гэж дүгнэж байна гэжээ.

 

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Д.Д-т холбогдох 1,581,660,820 төгрөг гаргуулах тухай Ш- ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ш- ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,513,089 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах байдлаар давж заалдах гомдол гаргаж байна.

5.а.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх үндсэн зарчим, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан Шинэ дел констракшн ХХК-ийн санхүүгийн анхан шатны баримтад 2007-2014 хооронд удаа дараа хийгдсэн мэргэшсэн нягтлан бодогч, аудит, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтүүдийг үгүйсгэсэн, уг дүгнэлтүүдийг эс зөвшөөрч эрүүгийн болон иргэний хэрэг хянан шалгах ажиллагааны явцад гомдол гаргасан нотлох баримтуудыг хариуцагч Д.Д- болон түүний өмгөөлөгч шүүхэд ирүүлээгүй. Харин анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хамааралтай нотлох баримтуудыг үгүйсгэсэн эрх зүйн дүгнэлтэд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт ... Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. ..., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-т Анхан шатны шүүх хуралдаанаар тухайн шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх,гэм буруутай бол түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хянан шийдвэрлэнэ. гэж тус тус заасан тул дээр дурдсан прокурорын тогтоолыг үндэслэн хариуцагч Д.Д-ыг бусдад хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх боломжгүй. гэж дүгнэснээс үзэхэд анхан шатны шүүх эрүүгийн хэрэг шийдвэрлэж байна уу эсвэл иргэний хэрэг шийдвэрлэж байна уу гэдэг нь ойлгомжгүй. Өөрөөр хэлбэл, шүүх гэм буруу, гэм хорын эрх зүйн үр дагаврыг ялгаж хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна. Хариуцагчийн хууль зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид учирсан хор уршгийг арилгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан, түүнээс прокурорын тогтоолыг үндэслэн шаардах эрхээ тодорхойлоогүй болно. Прокурорын тогтоол нь Д.Д-т холбогдох эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр эрүүгийн хэргийг хаасан тул цаашид эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу учирсан хохирлыг барагдуулах хууль зүйн боломжгүй болсон тул зөрчигдсөн хууль ёсны эрх, ашиг сонирхол иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллаагаар хамгаалуулахыг хүссэн. Иймд нэхэмжлэгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлж, цугларсан нотлох баримтыг дэмжиж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн гэм хор учруулснаас хариуцлага хүлээлгэх үндэслэлээс чөлөөлөгдөх хууль зүйн үндэслэлийг мөн хуулийн 497.2 дахь хэсэгт Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө. гэж хуульчилжээ. Энэхүү хуулийн зохицуулалтаас үзэхэд: Хариуцагч Д.Д- нь аудит болон Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн гаргасан түүний нягтлан бодох үйл ажиллагааны явцад гаргаж байсан хууль зөрчсөн үйлдэл болох дотоодын хяналтаар илэрсэн бэлэн мөнгөний кассаас удирдлагын шийдвэргүй, мөнгө хүлээн авсан, анхан шатны санхүүгийн баримтыг дэмжих нотлох баримтгүй, санхүүгийн орлого, зарлагын бүртгэл хөтлөлт байхгүй байгаа зэргийг шүүхийн шинжилгээний дүгнэлт гаргах үед өөрөө тайлбар хийж оролцохдоо Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан нягтлан бодогчийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх хуулийн заалтыг хангасан эсэхээ нотолж чадаагүй байдаг. 2-рт: хариуцлагаас хуульд зааснаас бусад тохиолдолд чөлөөлөгдөхөөр байна. Гэтэл Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 27 дугаар зүйлд энэхүү хуулийг зөрчсөн нь нотлогдсон тохиолдолд хуулийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй байна. Харин анхан шүүх хариуцагч Д.Д-ыг гэм хорын хариуцлагаас чөлөөлөхдөө ... Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт Аж ахуйн нэгж байгууллагын гүйцэтгэх удирдлага болон ерөнхий нягтлан бодогч санхүүгийн тайланд гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ дарж баталгаажуулах бөгөөд гүйцэтгэх удирдлага санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцна. гэж заасны дагуу Шинэ дөл констракнш ХХК-ийн захирал Б.Батболд, ахлах нягтлан бодогч Мөнхбаяр нар санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцахаар байна. Шүүх дүгнэсэн нь илт үндэслэлгүй бодит байдлаас зөрүүтэйгээр дүгнэлт хийжээ. Учир нь хариуцагч Д.Д- 2007 оны 08 дугаар сараас хойш Ш- ХХК-ийн улирал, жилийн эцсийн тайланг гаргаж өөрөө баталгаажуулж байсан Энэ талаар мэргэшсэн нягтлан бодогч Т.Батсайханы дотоод аудитын шалгалтаар санхүүгийн тайланд 629,283,659 төгрөгийн зөрчил илэрч компанид торгууль тавьж байсан баримтууд нь дүгнэлтээр тогтоогдох ба тус компанид ахлах нягтлан бодогч Н.Мөнхбаяр гэх хүн ажиллаж байгаагүй, түүний гарын үсэгтэй санхүүгийн тайлан нотлох баримтаар хэрэгт байхгүй болно. Уг компанийн захирал Б.Батболдод Мөнхбаяр гэх төрсөн дүү байхгүй, Мөнхбаяр нь барилгын борлуулалтын ажил эхлэх үед түр хугацаагаар борлуулалт хийж байсан. Компанийн гүйцэтгэх удирдлага санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцахаар хуульчилсан боловч нягтлан бодогч нь тусгай мэргэжил эзэмшсэний хувьд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нийцүүлэн санхүүгийн тайлан, бүртгэлийг бүрдүүлж, гүйцэтгэх удирдлагыг мэдээллээр хангах үүргийг хүлээсэн байна. Учир нь хариуцагч Д.Д-ын Хөдөлмөрийн гэрээний дагуу түүний ажил үүргийн хуваарьт: сар бүр бэлэн мөнгөний кассын тайлан, анхан шатны баримт тулгаж шалгах, санхүүгийн тайланг хуульд заасан хугацаанд тайлагнах, гэрээт ажил бүрийг хянаж тооцоо нийлсэн актаар дуусгавар болгож байх зэрэг үүргийг хүлээсэн байдаг.

5.б.Шүүх шийдвэрийн дүгнэх хэсэгтээ: Хариуцагч Д.Д-тай нэхэмжлэгч Ш- ХХК эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх тухай гэрээ байгуулаагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй гэжээ. Нягтлан бодох бүртгэлийн хуулиар нягтлан бодогч нь тухайн аж ахуйн нэгжийн бэлэн мөнгө болон эд хөрөнгийн бүртгэл түүний шилжилт хөдөлгөөнийг санхүүгийн тайланд анхан шатны баримтыг үндэслэн тусгаж тайлагнах үүргийг хуулиар хүлээсэн байдаг тул эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх гэрээ нь хэрэг хянан шийдвэрлэхэд төдийлөн ач холбогдолтой гэж үзэх боломжгүй юм. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан хохирлыг хэрэгсэхгүй болгохдоо: Ш- ХХК болон Д.Д- нарын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн болох нь тогтоогдсон ба Иргэний хуульд заасан гэрээний эрх зүйн харилцаа үүссэн болох нь тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасны дагуу хохирол шаардах эрхгүй, нэхэмжлэгчийн гэрээний дагуу гүйцэтгүүлсэн болон шинжээчийн ажлын хөлсөнд төлсөн мөнгийг хохиролд тооцон хариуцагч Д.Д-аас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй гэжээ. Нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 2 дугаар дэд хэсэгт хамаарах зөрчлийн улмаас гэм хор учруулснаас үүсэх үүрэг болох гэрээний бус үүргийн хохирлыг шаардсан болно. Хариуцагчийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн удаа дараагийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэж дүгнэсэн атлаа хариуцлагаас чөлөөлсөн нь үндэслэлгүй юм. Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа нь Иргэний эрх зүйн нэг салбар эрх зүйн харилцаа юм. Иргэний эрх зүйн харилцаанд гэрээний болон гэрээний бус харилцааны улмаас үүссэн хохирлыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар тодорхойлдог.

5.в.Шүүх хариуцагчийн 2012 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр БНХАУ-ын банкны Бээжин хот дах салбарт шилжүүлсэн 250,000 ам.долларын шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо: нэхэмжлэгч тал Д.Д-ыг 250,000 ам.долларыг Бээжин рүү шилжүүлж, өөрөө онгоцоор очиж авсан гэж тайлбарлаж байх боловч, мөнгөн шилжүүлгийн баримт дээр зээлэв утгатай, Б.Батболдын гарын үсэг бичигдсэн, Ш- ХХК-аас Бээжин Манглай ценчюри импорт энд экспорт трединг центр компанид мөнгө шилжүүлж байсан талаар тус компанийн захирал гэрч БНХАУ-ын иргэн Bao ginggeletu эрүүгийн хэрэгт мэдүүлсэн зэргээс Д.Д- захирлын зөвшөөрлөөр, өгсөн үүргийг биелүүлж, 250,000 ам.долларыг Б.Батболд захирлын өмнөөс Бээжин Манглай ценчюри импорт энд импорт трединг центр компанид шилжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул 731,805,000 төгрөгийг хариуцах үндэслэлгүй. гэж дүгнэжээ. Шүүхийн дээрх дүгнэлт хэрэгт авагдсан нотлох баримтын агууллагаас эрс зөрүүтэй, үнэлвэл зохих нотлох баримтад дүгнэлт өгөөгүй, үнэлээгүй нь дараах байдлаар тогтоогдож байна. Гуравдугаар хавтаст хэргийн 134-135 -р талд хариуцагч Д.Д- 2012 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр Голомт банкнаас БНХАУ-ын Бээжин хот Яа Бао Лью дах 348056023804 TOOT Дансанд 250,000 ам.долларыг шилжүүлэхдээ Даринчулуун Даваажав Монгол Улс Улаанбаатар хот, БЗД 6-р хороо, 27-30 гэж өөрийн гэрийн хаяг, № УР 76021407 гэж регистрийн дугаар бичсэн байна. Энэхүү нотлох баримтыг Голомт банкнаас шүүгчийн захирамжаар гаргуулсан. Дээрх хавтаст хэргийн 139 -р талд хариуцагч 2012 оны 04 дүгээр сарын 20 ны өдөр /маргааш нь/ Бээжин дах BANK OF CHINA Бээжин шаунжин салбарын олон улсын мөнгөн гуйвуулгын мэдэгдэлд дурдсанаар 249,970.00 ам.долларыг 349356023807 тоот дансанд Даринчулуун Даваажав Баянзүрх 6-р хороо гэж тэмдэглэлд авагдаж гүйлгээ хийгдсэн байна. Энэхүү нотлох баримт нь эрүүгийн хэрэг хаагдах үед хавтаст хэргээс бүрдүүлсэн болно. Мөн 3-р хавтаст хэргийн 118-119 дүгээр талд: БНХАУ-ын иргэн ВАО QINGGELETU гэх хүний мэдүүлэгт: ... ямар ч байсан 348056023804 тоот данс нь манай компанийн дугаар биш байна. Шинэ дөл ХХК болон энэ ... компанийн ажилчдаас ямар нэгэн байдлаар 250,000 ам.доллар авч байсан үйлдэл байхгүй гэж мэдүүлж байжээ. Уг мэдүүлгийг эрүүгийн хэргийн материалаас шүүгчийн захирамжийн дагуу бүрдүүлсэн болно. Дээрх нотлох баримтаас үзэхэд хариуцагч нь компанийн гүйцэтгэх удирдлагын зөвшөөрөлгүй мөнгөн хөрөнгө шилжүүлж будилуулж, ашиглах зорилгоор БНХАУ-д очиж өөр дансанд өөрийн биеэр өөр дансанд шилжүүлсэн нь тогтоогдож байна. Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд бүрдүүлсэн нотлох баримтыг бүрэн гүйцэт хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлж хэргийг хянан шийдвэрлэхийг хүсээгүй байна гэж ойлгогдож байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

6.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга: Манай ахлах нягтлан бодогч н.Мөнхбаяр захирал н.Батболдын төрсөн ахынх нь хүү юм. н.Мөнхбаяр надаас 2 сарын өмнө ахлах нягтлан бодогчоор орсон байсан. Та татвартай холбоотой тайлангаа хариуц. Би бэлэн мөнгө болон бусад гүйлгээг хариуцана. Санхүүгийн 7 ажилтан дотор ажиллаж байсан. Нэхэмжлэгч тал н.Батболдод н.Мөнхбаяр гэх төрсөн дүү байхгүй тийм ажил хийж байгаагүй, борлуулалтанд байсан гэдэг боловч борлуулалтанд байгаагүй. Шүүх шинжилгээний дүгнэлтүүдэд анхан шатны баримт, санхүүгийн тайлан, гэрээ гэх мэт зүйлийг нэхэмжлэгч гаргаж өгөөгүй. Он цагийн дэс дараалалгүй бүгдийг нь хольсон баримт гаргаж өгсөн тухайн дүгнэлтэд тусгасан. Цаст констракшн ХХК-ийн 12,000,000 төгрөгийн би гарын үсэг зурж аван, нөүтийн падаан аваад, нөүтийн тайлан, аж ахуйн нэгжийн тайлан, санхүүгийн тайланд энэ дүнгээр бараа материал авсан тухай тусгагдсан. Би гарын үсэг зураад нөгөө газартай тооцоо хийсэн баримтыг авч үзээд түүнийгээ надаас нэхэмжилж байгаа би гайхаж байна. Санхүүгийн тайланд тусгагдсан байгаа атлаа санхүүгийн тайлан, нөүтийн тайлан, татварын тайлан, аж ахуйн нэгжийн тайлангуудыг удаа дараагийн шинжээчийн дүгнэлтэд өгч хамруулж байгаагүй. Гэрч н.Оюунтуул, ар н.Оюунцэцэг нар бүгд хэлсэн, дүгнэлтэд тусгасан байсан. Д.Д- гэдэг хүн 13 дугаар хороололд гэртэй гэж тайлбарладаг. Мөнгө шилжүүлэхээр очиход Голомт банк ХХК одоо хүртэл та бичиг баримтаа өгнө үү гээд бичиг баримтыг үзээд гадаад руу шилжүүлгийг хаяг, нэр бүгдийг бичдэг. Би бичиг баримтгүй очвол шилжүүлэг хийж чадахгүй. Зээл гэж гаргасан тухайд гадаад руу гарч байгаа мөнгийг Монгол Улсын Сангийн яам, Татварын алба, Гаалийн ерөнхий газар бүгд хянадаг. Хэрэв бараа материал гэж гаргасан бол танайх 250,000 ам долларыг бараа материал гэж гаргасан байна энэ бараанууд хаана байгаа вэ. 250,000 ам доллартай тэнцэхүйц бараа материалд гааль татвараа суутгах ёстой, тайлганасан байх ёстой гэдэг гаалийн шалгалт, татварын шалгалт шалгадаг. Манай захирал тийм учраас чи зээл гэж гаргана гээд тэр мөнгийг надад өгөөд энэ хаягаар шилжүүл гэж хэлсний дагуу би банкинд очиход банк миний иргэний үнэмлэхийг аваад шилжүүлэг хийсэн. Хятад хүн нь мэдүүлэгтээ н.Батболд бид 2 хуурай ах дүүс өмнө нь над руу мөнгө шилжүүлээд захисан зүйлүүдийг би хятадаас олж өгдөг. Д.Д- гэх хүнийг танихгүй, уулзаж байгаагүй тухай хэлдэг. Би бас танихгүй. Би энэ мөнгийг шилжүүлээд олон тэрбум хятад хүмүүсээс хаанаас тэр хүнийг олоод хятадын дансанд байгаа мөнгийг тэр тэр хүмүүс рүү шилжүүлнэ гээд уулзаж байгаагүй, бие биенийгээ танихгүй байхад гүйлгээ хийсэн гэдэгт гайхаж байна. Д.Д- буюу миний дансанд тэр орсон юм уу гэвэл үгүй. Шүүхийг үнэн зөв шийдвэр гаргаасай гэж хүсэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.Нэхэмжлэгч Ш- ХХК нь хариуцагч Д.Д-т холбогдуулан нягтлан бодогчоор ажиллах хугацаандаа компанийн эд хөрөнгө, мөнгө төгрөгийг зөвшөөрөлгүйгээр авах, бусдад шилжүүлэх, хувьдаа ашиглах, завших зэрэг зөрчил гаргасан гэх үндэслэлээр гэм хорын хохиролд 1,581,660,820 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч тус компанид нягтлан бодогчоор ажиллаж байхдаа бэлэн мөнгөтэй харьцдаггүй байсан, санхүүгийн бүх гүйлгээ захирлын зөвшөөрлөөр хийгддэг тул их хэмжээний мөнгө хувьдаа завших ямар ч боломжгүй гэх үндэслэл заан нэхэмжлэлээс татгалзжээ.

 

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

4.Хариуцагч Д.Д- нь нэхэмжлэгч Ш- ХХК-ийн захирлын 2007 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 07/04 дугаар тушаалаар тус компанийн нягтлан бодогчоор томилогдон ажиллаж байгаад захирлын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2/16 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 38 дугаар зүйлийн 38.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгджээ. /хх-ийн 27-28-р тал/

 

5.Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорын 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн тогтоолоор нэхэмжлэгч Ш- ХХК-ийн захирал Б.Батболдоос гаргасан иргэн Д.Д- нь байгууллагын мөнгө завшсан гэх гомдолд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байна. /хх-ийн 60-р тал/

 

5.а.Мөрдөн байцаалтын явцад Д- ХХК-ийн дүгнэлтүүд гарч, сүүлийн буюу 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн дүгнэлтэд ... Д.Д- нь тус компанид 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нягтлан бодогчоор ажиллахдаа захирлын зөвшөөрөлгүй, анхан шатны нотлох баримтгүй, бэлэн мөнгө хүлээн авсан хүний гарын үсэггүй, хуурамч хүчин төгөлдөр бус баримттай нийт 3,662,642,227.28 төгрөгийн зарцуулалтыг санхүүгийн тайланд тайлагнасан байна. Энэ нь НББОУС 1-Санхүүгийн тайлагнал, Санхүү эдийн засгийн сайд, Үндэсний статистикийн газрын даргын 2002 оны 171/111 тоот тушаал, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйл, 7 дугаар зүйлийн 7.4, 7.7 дах хэсэгт заасныг тус тус зөрчсөн байна гэж, /хх-ийн 81-83-р тал/

 

5.б.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 154 дугаар дүгнэлтэд нэмэлт шинжилгээгээр Д- ХХК-ийн 1908/92 дугаартай аудитын дүгнэлтэд тусгагдсан ... бэлэн мөнгөний кассаас удирдлагын шийдвэргүй, мөнгө хүлээн авсан нотлох болон дэмжих баримтгүй ... гүйлгээ байгааг нягтлан бодогч Д.Д-т хамааралтай эсэхийг мөрдөн байцаалтаар шалгаж тогтоохоор байна, ... 250,000 ам.доллар буюу 327,500,000 төгрөгийн гадаад гуйвуулгыг юунд зарцуулсныг нотлох болон дэмжих анхан шатны баримт шинжилгээнд ирээгүй тул мөрдөн байцаалтаар тогтоохоор байна. Ш- ХХК-нд нягтлан бодогчоор ажиллаж байсан Д.Д- завшсан эсэх үйлдлийг эдийн засгийн шинжилгээгээр тогтоох боломжгүй гэжээ. /2хх-ийн 70-73-р тал/

5.в.Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 5439 дугаар прокурорын тогтоолд ... Д.Д- нь Ш- ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байхдаа Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд ажил үүргээ гүйцэтгээгүйн улмаас компанид их хэмжээний хохирол учруулсан, 2012 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр олон улсын банк хоорондын гүйлгээгээр 250,000 ам.доллар шилжүүлж завшсан гэх үйлдэл нь тогтоогдсон, гэвч дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасны дагуу яллагдагчаар татаж болохгүй буюу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан байна. /2хх-ийн 58-59-р тал/

 

5.г.Дээрх прокурорын тогтоолд хариуцагч Д.Д-ыг нэхэмжлэгч Ш- ХХК-д их хэмжээний хохирол учруулж, мөнгө завшсан талаар заасан хэдий ч хүчин төгөлдөр болсон эрүүгийн хэргийн шийтгэх болон цагаатгах тогтоолын гэмт хэрэг гарсан эсэх, холбогдох этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэсэн хэсэг нь иргэний хэрэг хянан шийдвэрлэж буй шүүхэд дахин нотлох шаардлагагүй зүйлд хамаардаг.

 

6.Хариуцагч Д.Д-ын ажил үүргийн хуваарьт ... бэлэн мөнгөний кассын тайлан, анхан шатны баримт тулгаж шалгах, санхүүгийн тайланг хуульд заасан хугацаанд хийж тайлагнах, сар бүр бараа материалын тайлан хүлээн авах, компанийн үндсэн хөрөнгийг тоолж баталгаажуулж кодолж, эзэмшиж буй хүмүүст хуваарилж хяналт тавих, гэрээт ажил бүрийг хянаж тооцоо нийлсэн актаар дуусгавар болгож байх, ажилчдын анкет, хөдөлмөрийн гэрээ, ажил үүргийн хуваарийг хийж зохих журмын дагуу баримт бүрдүүлж ажиллах гэсэн байх бөгөөд гэрч Б.Гэрэлмаагийн мэдүүлэгт бэлэн мөнгөний кассыг би хариуцдаг байсан, Д.Д-т бэлэн мөнгө гаргах эрх байгаагүй гэжээ. /хх-ийн 39, 3хх-ийн 33-р тал/

 

6.а.Дээрх ажил үүргийн хуваарь болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль сануулж авсан гэрчийн мэдүүлэг нотолгооны ач холбогдолтой бөгөөд кассаас бэлэн мөнгө гаргах эрх надад байгаагүй гэх хариуцагчийн татгалзлыг үндэслэлтэй гэж үзэхээр байна. Түүнчлэн, хариуцагч Д.Д-ыг нэхэмжлэгч Ш- ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаанд тус компанид санхүүгийн 5-7 ажилтан ажиллаж байсан нь зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон тул гэм хор учруулсны хохирлыг зөвхөн Д.Д-д хариуцуулахаар шаардсан нь үндэслэлгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй. /4хх-ийн 28-р тал/

 

6.б.Компанийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.4 дэх хэсэгт Компанийн гүйцэтгэх удирдлага тухайн компанийн нягтлан бодох бүртгэл санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцна гэж, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага болон ерөнхий нягтлан бодогч санхүүгийн тайланд гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ дарж баталгаажуулах бөгөөд гүйцэтгэх удирдлага санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцна гэж тус тус заасан бөгөөд компанийн санхүүгийн тайлан үнэн, зөв гараагүйтэй холбоотой асуудлыг дээрх хуульд зааснаар гүйцэтгэх удирдлага хариуцах талаар дүгнэсэн шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

 

6.в.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл /эс үйлдэхүй/ болон хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байхыг ойлгодог.

 

6.г.Хариуцагч Д.Д-ын хувьд нэхэмжлэгч Ш- ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байхдаа захирлын зөвшөөрөлгүй, анхан шатны нотлох баримтгүй, бэлэн мөнгө хүлээн авсан хүний гарын үсэггүй, хуурамч хүчин төгөлдөр бус баримттай зарцуулалтыг санхүүгийн тайланд тайлагнасан гэх үйлдэл нь хууль бус үйлдэлд хамаарч байх боловч энэхүү үйлдэл нь нэхэмжлэгчид учирсан хохиролтой шалтгаант холбоотой байх ёстой.

 

6.д.Нэхэмжлэгч Ш- ХХК нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 83 дугаар дүгнэлтэд ... гүйлгээг дэмжих анхан шатны баримтгүй хийгдсэн 660,966,679.22 төгрөгийн гүйлгээг эдийн засгийн шинжилгээгээр тогтоох боломжгүй /хх-ийн 80-82-р тал/, 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 154 дугаар дүгнэлтэд ... бэлэн мөнгөний кассаас удирдлагын шийдвэргүй, мөнгө хүлээн авсан нотлох болон дэмжих баримтгүй 446,578,700 төгрөгийн гүйлгээ байгааг нягтлан бодогчоор ажиллаж байсан Д.Д-т хамааралтай эсэхийг мөрдөн байцаалтаар шалгаж тогтоохоор байна. гэж тус тус заасныг үндэслэл болгон өөрт учирсан хохирлоо тодорхойлсон нь үндэслэлгүй байна.

 

6.е.Учир нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар гэм хорын хохирлыг тодорхойлохдоо бодит хохирол болон олох байсан орлогоор тодорхойлдог тул нэхэмжлэгч нь анхан шатны баримтгүй хийгдсэн гүйлгээг эдийн засгийн шинжилгээгээр тогтоох боломжгүй талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлтүүдийг шууд нэхэмжлэлийн үндэслэл болгон хохирлоо тодорхойлсон нь дээрх хуулийн агуулгад нийцээгүй байна.

 

Иймд шинжээчийн ажлын хөлс болон дээрх шинжээчийн дүгнэлтэд заасан мөнгөн дүнгийн хэмжээгээр хариуцагч Д.Д-ыг нэхэмжлэгч Ш- ХХК-д гэм хорын хохирол учруулсан гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй тул шүүх нотлох баримтыг тал бүрээс нь үнэлээгүй, гэм хорын хохирол учруулсан нь удаа дараагийн шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

6.ё.БНХАУ-ын иргэн Б- руу захирлын зөвшөөрөлгүй 250,000 ам.доллар шилжүүлсэн гэх шаардлагын тухайд анхан шатны шүүх хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, тус мөнгийг шилжүүлсэн баримт дахь гүйлгээний утга зэргийг харьцуулан дүгнэж, уг шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамд нийцсэн байна. /3хх-107, 3хх-118-119-р тал/

 

6.ж.Харин анхан шатны шүүхийн талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт зааснаар хохирол шаардах эрхгүй гэх дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлсон, талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн нь гэм хорын хохирол шаардах эрхийг үгүйсгэхгүй. Гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл болон хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх урьдчилсан нөхцөл хангагдсан байх ёстой.

 

7.Иргэдийн төлөөлөгчийн нэхэмжлэгч Ш- ХХК-ийн 1,581,660,820 төгрөгийг иргэн Д.Д- завшсан гэх ямар ч үндэслэл олж харсангүй. Тийм учраас иргэн Д.Д- буруутай гэж бодохгүй байна. Нэхэмжлэгч талын ярьж байгаа байдал тодорхойгүй, нотлох баримтгүй, өөрсдөө хяналт шалгалт сайн тавиагүй учраас энэ их мөнгийг иргэн Д.Д-аас гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ. Нэхэмжлэгч компанийн захирал Б.Батболд яагаад өөрөө оролцохгүй, эгчийгээ оролцуулж байгаад эргэлзэж байна. Эцэст нь хэлэхэд иргэн Д.Д- 1,581,660,820 төгрөгийг хувьдаа завшаагүй, харин бичиг баримтын зөрчил гаргасан гэсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байгааг давж заалдах шатны шүүх шийдвэр гаргахдаа харгалзан үзсэн болно.

 

8.Иймд хариуцагч Д.Д-д холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 1,581,660,820 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ш- ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасанд тус тус нийцсэн байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2022/01833 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,513,089.40 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

Г.ДАВААДОРЖ