Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/01385

 

 

 

 

 

 

 

Г- ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч М.Баясгалан, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2022/01768 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г- ХХК-ийн хариуцагч Д.М-ад холбогдуулан гаргасан зээлийн хүүд нийт 40,755,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Зээлдэгч Д.М- нь манай байгууллагатай 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулан, 60,000,000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцож, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар фидуцийн гэрээ байгуулж, мерседес бенз жи-350 маркын автомашиныг барьцаалсан. Зээлдэгч Д.М- нь зээлийн хүүгийн төлбөрт 7,225,000 төгрөг төлсөн. Зээлдэгч Д.М- нь хуурамч бичиг баримт бүрдүүлэн манай байгууллагын нэр дээр бүртгэлтэй байсан автомашины эзэмших эрхийг шилжүүлэн авч бусдад худалдан борлуулсан тул бид Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасныг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 2021/ШЦТ/426 дугаар тогтоолоор, гэм буруутайг нь тогтоож, 10,000,0000 төгрөгөөр торгох ял оноосон. Д.М- нь манай байгууллагад үндсэн зээл 60,000,000 төгрөг, хуримтлагдсан хүү 40,775,000 төгрөг, нийт 100,775,000 төгрөг төлөхөөс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 60,000,000 төгрөгийг нь төлсөн. Бид эрүүгийн журмаар шалгуулах өргөдөл өгсөн хугацаа болох 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаагаар хүүг тооцон нэхэмжилсэн болно. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 40,755,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Миний бие 2018 оны 11 дүгээр сарны 27-ны өдөр нэхэмжлэгч Г- ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 01-64 УБҮ улсын дугаартай, автомашиныг унаж явахаар барьцаанд тавьж, 60,000,000 төгрөгийг компанийн үйл ажиллагаандаа зориулж авсан. Зээл авсан өдрөөс хойш зээлийн төлбөр болон хүүд 7,000,000 гаруй төгрөг төлж, үлдэгдэл зээлийн төлбөрийг төлж чадаагүй. Учир нь манай компани улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг бөгөөд сүүлийн жилүүдэд газар тариалангийн салбарт ган ихтэй, ургац муутай байсан. Энэ тухайгаа зээлдэгч байгууллагад мэдэгдэж 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулан, хугацааг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч байгууллага Д.М- надад холбогдуулан гомдол гарган эрүүгийн хэрэг үүсгүүлж, улмаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/426 дугаар тогтоолоор иргэний маргаан биш гэж үзэн, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Өөрөөр хэлбэл гэрээ хүчин төгөлдөр бус болох нь шийтгэх тогтоолоор тогтоогдсон тул шаардах эрх үүсэхгүй, харин өгсөн авснаа буцаах үр дагавар үүсгэдэг тул бид 60,000,000 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр тус байгууллагын Хаан банкинд эзэмшдэг 5009687688 тоот дансанд шилжүүлснээр гэрээтэй холбоотой үүрэг дуусгавар болсон. Харин зээлийн гэрээ хүчин төгөлдөр байсан бол нэхэмжлэгч шаардах эрхтэй байсан. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноор гэрээний дагуу мөнгө шаардах эрхгүй бөгөөд гомдол гаргах болохоор гэрээг хууль бус гэж үздэг, шүүхэд нэхэмжлэл гаргах болохоор хүчин төгөлдөр болдог байж таарахгүй. Хууль зөрчсөн хэлцэл байгуулсан, мөн хариуцагч гэрээгээр хүлээн авсан 60,000,000 төгрөгөө буцаан шилжүүлсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасантай нийцсэн. Иймд нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.М-аас 40,755,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г- ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 361,825 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 361,825 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийт эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

4.а.Анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн нөхцөл байдал, үйл баримтад зөв үнэлэлт дүгнэлт өгөөгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Хариуцагч Д.М- нь 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээний дагуу 60,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан. Гэтэл нэхэмжлэгч нь 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээний тохирсон хугацаанаас өмнө зээл, зээлийн хүү 100,755,000 төгрөгөөр хохирсон гэж Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 1-р хэлтэст гомдол гаргасан. Уг гомдлын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 896 дугаартай яллах дүгнэлтээр Д.М-ыг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж, Гүнсан эрдэнэс ББСБ ХХК-д 60,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзсэн бөгөөд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ЩЦТ/426 дугаартай шийтгэх тогтоолоор 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулсан. Тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон. Ийнхүү зээлийн гэрээг хууль зөрчиж, гэмт хэрэг үйлдэх замаар байгуулагдсан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон тул тухайн гэрээний хүчин төгөлдөр эсэх байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй болно.

4.б.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх хууль зөрчсөн гэх үндэслэлд хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл бүр хамаардаггүй, гагцүү хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн буюу тухайн төрлийн хэлцэл хийх нь хуулиар хориотой, эсвэл хэлцлийн агуулга угтаа хуульд нийцэхгүй байхыг ойлгоно. Нэгэнт иргэний эрх зүйн хэлцлийг эрүүгийн гэмт хэрэг үйлдэх хэлбэр болгосон тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл, хэлцлээс үүрэг үүсэхгүй. Хүчин төгөлдөр бус хэлцлээс үүсэх үр дагаврыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж зааснаар өгсөн авснаа харилцан буцаан шилжүүлэх замаар арилгахаар хуульчилсан байдаг тул Гүнсан эрдэнэс ББСБ-д 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 60,000,000 төгрөгийг төлснөөр хариуцагч Д.М-ад хуулиар хүлээсэн үүрэг дуусгавар болсон гэж үзэж байна. Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, түүний хүүг буцаан төлөх үүргийг биелүүлээгүй тул зээлдүүлэгч зээлийн гэрээг цуцалж, зээлийн үндсэн төлбөр, гэрээ цуцлах хүртэл хугацаанд тооцогдсон хүүг нэхэмжилсэн нь үндэслэлтэй гэж үзэхдээ хэрэгт нэхэмжлэгч байгууллагыг банк санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй гэж үзэх нотлох баримт авагдаагүй байхад зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь нотлох баримтад үндэслэгдээгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Талууд маргаагүй байдал нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явагдах үйл ажиллагааг нэхэмжлэгч эрхлэх эрхтэй гэж шүүх шууд дүгнэх үндэслэл болохгүй гэж бодож байна. Түүнчлэн шүүх хариуцагчаас 40,755,000 төгрөгийг гаргуулахдаа үндсэн зээл, эсхүл түүний хүүгийн аль нь болох, тухайн төлбөрийн тооцооллыг хэрхэн тооцож гаргасан тухайгаа шийдвэртээ огт дүгнээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлд нийцээгүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаж оролцоогүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч Г- ХХК нь хариуцагч Д.М-ад холбогдуулан зээлийн хүүд нийт 40,755,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

4.Зохигчид 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Г- ХХК нь 60,000,000 төгрөгийг, сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлэх, хариуцагч Д.М- нь зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгө болох 60,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, зээлийн гэрээ зэргээр тогтоогджээ. /хх-ийн 5-6-р тал/

4.а.Мөн өдөр талууд эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулж, хариуцагч Д.М- нь Мерседес бенз жи 350 маркийн 01-64 УБЗ улсын дугаартай автомашиныг нэхэмжлэгч Г- ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн байна. /хх-ийн 7-8-р тал/

4.б.Улмаар талууд 2019 оны 05 дугаар сарын 27, 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр тус тус сунгалтын гэрээ байгуулж, зээлийн гэрээний хугацааг 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сунгажээ./хх-ийн 11-12-р тал/

4.в.Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй, гэрээ хүчин төгөлдөр бус гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

4.г.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт ... зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө болон хүүг буцаан төлөх үүрэгтэй гэж зааснаас гадна талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.1.3-д талууд хүү төлөх үүрэг, хэмжээний талаар нарийвчлан тохиролцсон байх тул нэхэмжлэгч Г- ХХК нь зээлийн хүү шаардах эрхтэй.

4.д.Хариуцагч Д.М- нь хуурамч бичиг баримт бүрдүүлж, хуурч мэхлэх замаар 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Автотээврийн үндэсний төвд хандаж, фидуцийн зүйл болох автомашиныг бусдад зарж борлуулан Г- ХХК-д их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн үйлдэлдээ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/426 дугаартай шийтгэх тогтоолоор 10,000,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн үйл баримтын талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Уг үйл баримт нь зохигчийн байгуулсан зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлыг үгүйсгэхгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

4.е.Талуудын байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дууссан байх боловч нэхэмжлэгч Г- ХХК нь цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүртэл зээлийн хүүд нийт 40,755,000 төгрөг нэхэмжилсэн. Хариуцагч Д.М- нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үндсэн зээл 60,000,000 төгрөгийг төлсөн, дээрх хугацаанд хариуцагч Д.М-ад 40,755,000 төгрөгийн хүүгийн үүрэг үүссэн болох нь хэрэгт авагдсан хүү тооцооллын хүснэгтээр тогтоогдсон байна. /хх-ийн 18-р тал/

5.Иймд гэрээ хүчин төгөлдөр бус, анхан шатны шүүхийн тооцоолол ойлгомжгүй гэх агуулгаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй бөгөөд хариуцагч Д.М-аас 40,755,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г- ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

5.а.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч Г- ХХК-ийг банк санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй этгээд зээл олгосон гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан байна. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх учиртай. Талууд энэ асуудлаар анхан шатны шүүх хуралдаанд маргаж, мэтгэлцээгүй буюу хэлэлцэгдээгүй асуудлыг давж заалдах гомдлын үндэслэлд заасан нь хууль зүйн үндэслэлгүй.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2022/01768 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 361,825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЦЭНД

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

Г.ДАВААДОРЖ