Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/01387

 

 

П.Х-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч М.Баясгалан, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2022/01577 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч П.Х-ын хариуцагч Г- ХХК-д холбогдуулан гаргасан гомдол гаргах хугацаа сэргээлгэх, хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаал гаргаж гардуулахыг хариуцагчид даалгах, Г- ХХК-ийн Х- салбарын захирлын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Х-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бөртэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: П.Х- нь 2007 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс Г-инд харилцагчийн үйлчилгээний ажилтнаар, 2010 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс зээлийн ажилтан, 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс харилцааны менежер, 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс Г-ны Х- салбарын захирал, 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс Мөрөн тооцооны төвийн захирлын албан тушаалд томилогдон ажилласан. Хөдөлмөрийн гэрээг хугацаагүй шинэчлэн байгуулан гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж байсан. Гэтэл Г-ны гүйцэтгэх захирлын 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 422 тоот ажил хүлээлцүүлэх тушаалаар Г-ны Х- салбарын захирлаар А.Цэрэннадмидыг томилж, П.Х-ын үүрэгт ажил, баримт бичиг, эд хөрөнгийг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн дотор хүлээлгэн өгөхөөр шийдвэрлэсэн. Ажлын хэсгээс ямар нэгэн тушаал, шийдвэр танилцуулаагүй, одоог хүртэл ямар шалтгаан, хууль, дүрэм, журмыг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь ойлгомжгүй. П.Х-ын хөдөлмөрлөх эрхийг зөрчсөнд гомдолтой байна. Иймд гомдол гаргах хугацааг сэргээж, хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаал гаргаж гардуулахыг хариуцагчид даалган, Г- ХХК-ийн Х- салбарын захирлын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: П.Х- Г-ны гүйцэтгэх захирлын 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн н/383 тоот тушаалаар Х- салбарын захирлаар ажиллаж байсан. Нэхэмжлэгчийн хүсэлтээр 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр шилжүүлэн томилох тухай тушаал гарч, хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт орж нэхэмжлэгчийг тусгай активын хэлтэст эрсдэлийн мэргэжилтний албан тушаалд үндсэн ажилтнаар ажиллуулсан. Хөдөлмөрийн гэрээний 6.3-т гэрээний талууд харилцан тохиролцсоноор нэмэлт өөрчлөлт оруулж болох ба энэ тохиолдолд нэмэлт өөрчлөлтийн гэрээг бичгээр үйлдэж гэрээнд хавсаргана. Ийнхүү оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд нь гэрээний нэгэн адил хүчин төгөлдөрт тооцогдоно гэж заасан ба нэхэмжлэгчийн хүсэлтээр талууд харилцан тохиролцож, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж эрсдэлийн мэргэжилтэн албан тушаалд шилжүүлэн ажиллуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2, 43.2 дах хэсэгт тус тус заасан хугацаанаас хойш буюу халагдсан гэх өдрөөс хойш даруй 2 жилийн хугацаа өнгөрсөн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар П.Х-ын нэхэмжлэлтэй Г- ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн шүүхэд гомдол гаргах хугацааг сэргээж, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 129.3-д зааснаар Г-ны Х- салбарын захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Шүүгч хариуцагчийн гаргасан 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр №03/87 тоот анхааруулгад үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Шүүгч нэхэмжлэгчийн Хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалыг гаргуулан гардуулахыг даалгах тухай нэхэмжлэлд учир дутагдалтай шийдвэрлэсэн. Шүүгч хариуцагчийн хуулиар хүлээсэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэр /тушаал/ гаргах үүргээ биелүүлээгүй байдалд үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Шүүгч нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулсан 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр №19/001 тоот хөдөлмөрийн гэрээг хариуцагчийн эрх бүхий этгээд гүйцэтгэх захирал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль заалтыг баримтлан дуусгавар болгосон нь тодорхойгүй байхад хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэн шийдвэрлэсэн. Шүүгч хариуцагч хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэр ажлын байрнаас чөлөөлөх, түдгэлзүүлэх, хадгалсан, чөлөө олгосон эсэх/ гаргаагүйгээс нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхээ хамгаалуулахаар холбогдох байгууллагад гомдол гаргах, хуулийн дагуу холбогдох тэтгэмжээ авах эсэх эрхийг шийдвэрлээгүй. Шүүгч цахим хаяг руу илгээсэн хүсэлтийг үнэлсэнгүй. Учир нь тус хүсэлтэд Г-ны хүний нөөцийн мэргэжилтэн Энхчимэг тушаал, шийдвэр, гэрээ өгөөгүй байгаа тухай болон тушаал, шийдвэр, гэрээг гэрийн хаягаар ирүүлэх тухай хүсэлтийг үнэлээгүй. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

5.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн анхааруулга нь хөдөлмөрийн харилцааг дуусгах үр дагаваргүй, ажлын гүйцэтгэл хангалтгүй байгаа тул анхаарч ажиллана уу гэсэн утга бүхий зүйл. Тус анхааруулгыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн, хэрэгт авагдсан. Нэхэмжлэгч өөрийн үндэслэл тайлбараа нотлох үүднээс анхааруулгыг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн боловч нотолж чадаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийн аль хэсэг хууль зөрчсөн талаар нэхэмжлэгч гомдолд тодорхой тусгаагүй. Талууд тохиролцон ажил хүлээлцэж, хөдөлмөрийн нэмэлт гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр 2020 оны 04 дүгээр сард талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, дуусгавар болгосон. Х- салбарын захирлын албан тушаалаас шилжүүлснээс хойш буюу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байгаа тул шүүх хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн гомдол гаргасан холбогдох байгууллагууд болох Чингэлтэй дүүргийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар нь гомдол гаргах хугацаанд шүүхэд хандана уу гэсэн бичгийг өгсөн байдаг, уг баримт бичиг нь хэрэгт авагдсан. Гэтэл нэхэмжлэгч хууль заасан хугацааны дотор шүүхэд хандаагүй, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн. Нэхэмжлэгчийн гаргасан гомдолд дурдсан бусад шаардлагууд нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт найруулгын өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч П.Х- нь хариуцагч Г- ХХК-д холбогдуулан гомдол гаргах хугацаа сэргээлгэх, хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаал гаргаж гардуулахыг хариуцагчид даалгах, Г- ХХК-ийн Х- салбарын захирлын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Хариуцагч Г- ХХК нь нэхэмжлэгч П.Х-тай 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан, нэхэмжлэгч нь тус банкны Х- салбарын захирлаар ажиллаж байгаад гүйцэтгэх захирлын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 422 дугаар тушаалаар нэхэмжлэгч А.Хосбаярын ажлыг А.Цэрэннадмидад хүлээлгэн өгсөн байна. /хх-ийн 5-6, 38-р тал/

3.а.Дээрх тушаал гарсантай холбоотойгоор талууд 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ажил хүлээлцэх акт үйлдэж, тус актад нэхэмжлэгч П.Х- болон бусад этгээдүүд гарын үсгээ зуржээ. /хх-ийн 39-41-р тал/. Улмаар хариуцагч Г- ХХК-ийн хүний нөөцийн удирдлагын газрын захирлын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн н/1571 дугаар тушаалаар нэхэмжлэгч П.Х-ыг тусгай активын хэлтэст эрсдэлийн мэргэжилтэн албан тушаалд үндсэн ажилтнаар шилжүүлэн томилж, 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр өөрийнх нь хүсэлтээр тус албан тушаалаас чөлөөлсөн үйл бариимтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /хх-ийн 42, 91-р тал/

3.б.Хариуцагч Г- ХХК нь нэхэмжлэгч П.Х-ыг Х- салбарын захирлын ажлаас чөлөөлөхдөө 1995 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2 дах хэсэгт заасан ажлаас халах, ажил хүлээлцэх журмыг баримталсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

3.в.Гэвч 1995 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дах хэсэгт Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ гэж заажээ. Нэхэмжлэгч П.Х- нь 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Х- салбарын захирлын ажлыг хүлээлгэн өгсөн байх тул дээрх хуульд зааснаар уг өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ.

3.г.1995 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан бөгөөд нэхэмжлэгч П.Х- нь дээрх хуульд заасан хугацааны дотор холбогдох байгууллагад гомдлоо гаргасан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

3.д.Мөн нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэх үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн болон Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, эсхүл тасалдсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. Иймд хэргийн үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх нөхцөл байдал тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэсэн нь буруу гэх агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

3.е.Нэхэмжлэлийн шаардлагад заасан хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаал гаргаж гардуулахыг хариуцагчид даалгах тухай шаардлага нь бие даасан шаардлага биш ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын үндэслэл гэж үзэхээр байна.

3.ё.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй боловч шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсэгт хөөн хэлэлцэх хугацааны талаар зөрүүтэй дүгнэлт хийсэн, мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг анхааралгүйгээр нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэснийг тус тус залруулах шаардлагатай.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2022/01577 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 129.3 дах хэсэгт тус тус зааснаар хариуцагч Г- ХХК-д холбогдуулан гаргасан гомдол гаргах хугацаа сэргээлгэх, хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаал гаргаж гардуулахыг хариуцагчид даалгах, Г- ХХК-ийн Х- салбарын захирлын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэгч П.Х-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дах заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, нэхэмжлэгч П.Х-аас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

Г.ДАВААДОРЖ