Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2017/00452

 

Д.Цэцэгмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2016/01063 дугаар шийдвэр,           

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 18-ний өдрийн 213 дугаар магадлалтай,

Д.Цэцэгмаагийн нэхэмжлэлтэй,

Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, 150.000 төгрөг гаргуулах, 2008, 2009, 2010 оны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулан дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Тодгэрэлийн  гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч түүний өмгөөлөгч Д.Цэцэгмаа, Ц.Тодгэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батчимэг, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Цэцэгмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие тус байгууллагад 2008 онд анх орлогын байцаагчаар орсон. Ажиллах хугацаандаа хариуцсан ажилдаа алдаа, дутагдал гаргалгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь хийж гүйцэтгэж байсан бөгөөд сахилгын шийтгэл авч байгаагүй. Ажиллах хугацаандаа ээлжийн амралт авалгүй ажиллаж байсан. 2016 оны 7 дугаар сарын 30-ны өдөр захирал н.Ганчимэг ажлын гүйцэтгэл, иргэдийн бүлгийн цалин, ажилласан хоногийг зуруулаад ир гэсэн. Уг ажлын гүйцэтгэлийг хорооны Засаг дарга гарын үсэг зурж баталгаажуулдаг. Нягтлангийн гаргаж өгсөн гүйцэтгэлийг аваад гарын үсэг зуруулахаар хорооны Засаг дарга дээр очиход “танай гүйцэтгэл буруу байна, мөн иргэдийн бүлэг ингэж ажиллаагүй засуулж ир”гэсэн. Ингээд захиралд энэ талаар хэлэхэд “та зуруулж чадахгүй бол манай байгууллагад ажиллах шаардлагагүй” гээд дайрч доромжлон хөөсөн. Маргааш нь ажилдаа очиход ажлаас халсан тушаал өгсөн. Хариуцсан ажилдаа алдаа дутагдал гаргаагүй байхад зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас халсанд гомдолтой. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү.

Намайг анх ажилд ороход барьцааны мөнгө гэж 150.000 төгрөг авсан тул буцаан гаргуулж өгнө үү. Мөн 2008, 2009, 2010 оны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулан дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ганчимэг шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Цэцэгмаа байцаагчаар ажиллаж байгаад 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Тэр хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын байр орхин явсан зөрчил гаргасан тул 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 62 тоот тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж, сануулах арга хэмжээ авсан байсан. Д.Цэцэгмаа нь Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороог хариуцсан байцаагч ба айл, аж ахуй нэгж байгууллагын хог хаягдлын тээвэрлэлтэд хяналт тавьж, цаг тухайд нь ачуулах үндсэн үүрэгтэй ажилладаг. Хариуцсан хорооны иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас хог хаягдал ачигдахгүй байгаа талаар гомдол утсаар удаа дараа ирсэн ба энэ талаар тухай бүрд нь Д.Цэцэгмаад хэлж, шаардаж байсан боловч энэ зөрчил нь давтагдсаар байсан. 2016 оны 7 дугаар сарын 26-нд 9 дүгээр хорооны Засаг даргаас хог ачилт дутуу хийгдээд байна. Ажлын гүйцэтгэлийн баримт нь хийгдсэн ажлаасаа зөрөөд байна. Д.Цэцэгмаа байцаагчид энэ талаар хэлж анхааруулсан, үүнийг тэрээр мэдэж байгаа, танай ажилтнууд ажлаа зохих ёсоор хийхгүй байна гээд зохих арга хэмжээг авч өгөхийг хүссэн гомдол гаргасан. Мөн Д.Цэцэгмаа 2016 оны 7 дугаар сарын 27-ноос 8 дугаар сарын 2-ыг дуустал 5 хоног ажлаа тасалж хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан. Мөн ажилдаа хариуцлагагүй хандаж байгаа байдал, эрхэлсэн ажилтай нь холбоотой гомдол, санал иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас удаа дараа ирсэн, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлсөн тушаал нь Хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтуудыг үндэслэн хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2016/01063 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Цэцэгмааг "Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ" ХХК-ийн байцаагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1.534.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Д.Цэцэгмаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 150.000 төгрөгийг гаргуулах, 2008, 2009, 2010 оны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулан дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Цэцэмаагийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт тэмдэглэл хийлгэхийг хариуцагч "Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ" ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5150 улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч "Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 39.494 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ний өдрийн 213 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2016/01063 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул хариуцагч "Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ" ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, барьцаанд өгсөн 150.000 төгрөгийг буцаан гаргуулах, 2008, 2009, 2010 оны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулан дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэгч Д.Цэцэгмаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай“ гэж өөрчлөн, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч "Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ" ХХК-ийн төлсөн 39.494 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Тодгэрэл хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шүүхийн магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Д.Цэцэгмаа намайг 2011 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс “Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ” ХХК-нд ажилд орсон мэтээр гомдол гаргасан нь үндэслэлгүй юм. Бүтэн 3 жилийн хөдөлмөрийг үнэлэхгүй байхын аргагүйгээр 2008 оны 7 дугаар сарын 25-ний өдрөөс эхлэн ажиллаж байсныг нотлох баримт, гэрчлэх иргэд, хамтран ажиллаж байсан хорооны засаг дарга нарыг үгүйсгэх боломжгүй юм. Нэгэнт магадлалдаа дурьдаж өгч хурлаар худлаа дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Д.Цэцэгмаа нь 5 хоног хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын байраа орхиж явсан зөрчлийг гаргасан, энэ нь хэрэгт авагдсан 2016 оны 7 дугаар сарын сүүлийн 15 хоногийн, 2016 оны 8 дугаар сарын эхний 15 хоногийн Цагийн баланс, “Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ” ХХК-ийн ажилчдын цагийн бүртгэл зэргээс тодорхой харагдана гэдэг нь үндэслэлгүй. Учир нь: 2016 оны 7 дугаар сарын цалинг Д.Цэцэгмаа бүтэн авсан, Нийгмийн даатгал бүтэн төлөгдсөн, Цалингийн картаар /Хас банк/ тухайн сарын цалин бүтэн орсон, Цалингийн дансны хуулгаар илэрхий харагдаж байгаа. Мөн “Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ” ХХК-иас анхан шатны шүүхэд гаргаж өгсөн ажилтнуудын цагийн бүртгэл нь миний бүртгүүлж байсан цагийн бүртгэлийн дэвтэр биш өөр дэвтэр байсан. Тухайн цагийн бүртгэлд ажилтан буюу намайг төлөөлж ямар нэгэн гарын үсэг, хурууны хээ зэрэг баримт үлддэггүй учраас дан ганц “Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ” ХХК-иас өөрчлөх боломжтой Цагийн бүртгэлийн дэвтэр байдаг. Учир нь Д.Цэцэгмаа долоо хоногийн 6 өдөр ажилладаг байхад /Гэрчийн мэдүүлгээр баталгаажиж байгаа/ 5 өдөр ажилладаг мэтээр “Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ” ХХК-ний нярав бүртгэсэн байдаг.

Анхан шатны шүүхэд “Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ” ХХК-иас өгсөн хөдөлмөрийн гэрээ нь иргэнд өгсөн хөдөлмөрийн гэрээнээс зөрж байсан тул 40.1.4 дэх хэсгийг үндэслэн ажил олгогчийн санаачилгаар цуцлах боломжгүй бөгөөд Д.Цэцэгмаа зөрчил гаргасан гэдэг нь үндэслэлгүй, нотлогдоогүй байна.

Хөдөлмөрийн гэрээ нь Иргэний эрх зүйн харилцааны нэг хэлбэр бөгөөд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байдлыг хэрэглэх боломжгүй. “Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ” ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасны дагуу ажил олгогчийн санаачлагаар цуцлах нь үндэслэлгүй юм. 2016 оны 62 дугаар тушаал үндэслэлгүй болохыг нотолсон байгаа. Тухайн өдөр хариуцлагатай жижүүрээр ажиллаж байсан нь нотлогдох жижүүрийн дэвтрийн хуулбарыг  нотлох баримтаар хавсаргасан байгаа. “Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ” ХХК нь төрийн нэрийн өмнөөс иргэнд цалинг нь дур мэдэн бүтэн гаргаж өгч мөн амралтын мөнгийг төрийг хуурч ажилтанд бүтэн гаргаж өгөх боломжгүй юм. Мөн ажлаас халах байсан бол 1 сарын өмнө тухайн ажилтанд мэдэгдэх ёстой байсан. Ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хууль зөрчиж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Д.Цэцэгмаа нь “Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ” ХХК-д холбогдуулан байцаагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, 150.000 төгрөг гаргуулах, 2008, 2009, 2010 оны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулан дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах шаардлага гаргасан байна. Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрөхдөө “...ажил тасалж ноцтой зөрчил гаргасан” гэж маргажээ.

Анхан шатны шүүх Д.Цэцэгмааг “Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ” ХХК-ийн байцаагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт хариуцагчаас 1.534.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх өөрчлөн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Давж заалдах шатны шүүх “...нэхэмжлэгч ажил тасалсан зөрчлийн улмаас 2016 оны 6 дугаар сарын 28-нд сануулах арга хэмжээ авагдсан, үүний дараа 2016 оны 7 дугаар сарын 27, 28, 29, 2016 оны 8 дугаар сарын 1, 2-ний өдрүүдэд ажил тасалсан...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40, 116 дугаар зүйлийн 116.2-т нийцээгүй байна.

“Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ” ХХК-ийн захирал 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 102 дугаар тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, компанийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.2.1, 8.2.4 дэх заалтыг баримтлан  Д.Цэцэгмааг үүрэгт ажлаас чөлөөлжээ /хавтаст хэргийн 5 дугаар тал/.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах эрхтэй хэдий ч ажилтны гаргасан  зөрчил баримтаар тогтоогдсон байх шаардлагатай.

Зохигчдын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1.2-т зааснаар Д.Цэцэгмаа нь  хариуцсан хорооныхоо айл, өрх, аж ахуйн нэгжийн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх ажлыг газар дээр нь зохион байгуулж, ажиллах үүрэгтэй энэхүү үүргээ биелүүлээгүй гэх тайлбараа хариуцагч нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэгчийг 2016 оны 7 дугаар сарын 27, 28, 29, 2016 оны 8 дугаар сарын 1, 2-ний өдрүүдэд  ажил тасалсан гэж буруутган, 2016 оны 7-8 дугаар сарын ажилчдын цагийн бүртгэлийг шүүхэд ирүүлжээ /хавтаст хэргийн 59-61, 122-125 дугаар тал/.

Нэхэмжлэгч нь 2016  оны 7 дугаар сарын 27, 28, 29-ний өдрүүдэд хариуцсан ажлаа хийсэн, миний бүртгүүлж байсан цагийн бүртгэл биш, 8 дугаар сарын 1-с ээлжийн амралтаа авсан, амралтын мөнгийг 7 сарын сүүлийн цалин дээр нэмж олгосон гэж маргажээ.

“Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 10.5-т ”ажилтан ажилдаа өглөө ирсэн, орой явсан цагийг төвийн хэсэг хариуцсан  мастер, цаг бүртгэл хариуцсан няравт заавал бүртгүүлнэ”, 10.8-т “төвийн ажилчдын ажлын цаг бүртгэлийн нэгтгэлийг инженер, захиргаа болон баазын ажилтнуудын цагийн бүртгэлийн нэгтгэлийг цаг бүртгэл хариуцсан нярав гаргаж, тооцооны нягтлан бодогчид гаргаж өгнө” гэж тус тус заажээ. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн цагийн бүртгэлд ХХАА-ний ажилтан Н.Одгэрэл гарын үсэг зурсан байх ба энэ нь хөдөлмөрийн дотоод журмын дээрх заалттай нийцээгүй байна.

Хэргийн 19, 91, 144-146 дугаар талд авагдсан Чингэлтэй дүүргийн 7, 9 дугаар хорооны Засаг дарга, “Ерж-ай” ХХК, “Дога-оч” ХХК, “Око трейд” ХХК-ийн албан бичигт Д.Цэцэгмаа нь 2016 оны 7 дугаар сарын 26, 27, 28, 30-ний өдрүүдэд хог ачилт хийлгэсэн талаар дурдсан байх ба эдгээрийг хариуцагч үгүйсгэж чадаагүй байна.

Түүнчлэн Д.Цэцэгмаагийн хүсэлтээр 8 сарын цалинг урьдчилан олгосон гэх тайлбараа хариуцагч нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Дээр дурдсанаас үзвэл нэхэмжлэгч нь ажил тасалж хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан нэхэмжлэгчийг байцаагчийн ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т нийцжээ.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ний өдрийн 213 дугаар магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2016/01063 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ