Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 213

 

Д.Цэцэгмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Н.Батзориг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2016/01063 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Д.Цэцэгмаагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ” ХХК-д холбогдох

 

Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч Д.Цэцэгмаа,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Тодгэрэл,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батчимэг,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Цэцэгмаагийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт:

Миний бие тус байгууллагад 2008 онд анх орлогын байцаагчаар орсон. Ажиллах хугацаандаа хариуцсан ажилдаа алдаа, дутагдал гаргалгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь хийж гүйцэтгэж байсан бөгөөд ямар нэг асуудлаар сахилгын шийтгэл авч байгаагүй. Ажиллах хугацаандаа ээлжийн амралт авалгүй ажиллаж байсан. 2016 оны 7 дугаар сарын 30-ны өдөр захирал н.Ганчимэг ажлын гүйцэтгэл, иргэдийн бүлгийн цалин, ажилласан хоногийг зуруулаад ир гэсэн. Уг ажлын гүйцэтгэлийг хорооны Засаг дарга гарын үсэг зурж баталгаажуулдаг. Нягтлангийн гаргаж өгсөн гүйцэтгэлийг аваад гарын үсэг зуруулахаар хорооны Засаг дарга дээр очиход “танай гүйцэтгэл буруу байна, мөн иргэдийн бүлэг ингэж ажиллаагүй засуулж ир”гэсэн. Ингээд захиралд энэ талаар хэлэхэд “та зуруулж чадахгүй бол манай байгууллагад ажиллах шаардлагагүй” гээд дайрч доромжлон хөөсөн. Маргааш нь ажилдаа очиход ажлаас халсан тушаал өгсөн. Хариуцсан ажилдаа алдаа дутагдал гаргаагүй байхад зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас халсанд гомдолтой байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү.

Би тус байгууллагад анх 2008 оны 7 дугаар сарын 25-нд хог орлогын байцаагчаар томилогдож орохдоо зайлшгүй шаардлагатай барьцааны мөнгө болох 150 000 төгрөгийг өгсөн. Тиймээс 150 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн 2008, 2009, 2010 оны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулан дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ” ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт:

Д.Цэцэгмаа нь манай байгууллагад байцаагчаар ажиллаж байгаад 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Д.Цэцэгмааг хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын байр орхин явсан зөрчлийг гаргасан тул 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 62 тоот тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж, сануулах арга хэмжээ авсан. Д.Цэцэгмаа нь Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороог хариуцсан байцаагч ба айл, аж ахуй нэгж байгууллагын хог хаягдлын тээвэрлэлтэд хяналт тавьж, цаг тухайд нь ачуулах үндсэн үүрэгтэй ажилладаг. Хариуцсан хорооны иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас хог хаягдал ачигдахгүй байгаа талаар гомдол утсаар удаа дараа ирсэн ба энэ талаар тухай бүрд нь Д.Цэцэгмаад хэлж, шаардаж байсан боловч энэ зөрчил нь давтагдсаар байсан. 2016 оны 7 дугаар сарын 26-нд 9 дүгээр хорооны Засаг даргаас хог ачилт дутуу хийгдээд байна. Ажлын гүйцэтгэлийн баримт нь хийгдсэн ажлаасаа зөрөөд байна. Д.Цэцэгмаа байцаагчид энэ талаар хэлж анхааруулсан, үүнийг тэрээр мэдэж байгаа, танай ажилтнууд ажлаа зохих ёсоор хийхгүй байна, зохих арга хэмжээг авч өгөхийг хүссэн гомдол гаргасан. Д.Цэцэгмаа нь 2016 оны 7 дугаар сарын 27-ноос 8 дугаар сарын 02-ыг дуустал 5 хоног ажлаа таслаж хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан. Мөн ажилдаа хариуцлагагүй хандаж байгаа байдал, эрхэлсэн ажилтай нь холбоотой гомдол, санал иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас удаа дараа ирсэн, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 102 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлсөн тушаал нь Хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтуудыг үндэслэн хууль зүйн үндэслэлтэй гарсан тул Д.Цэцэгмаагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Цэцэгмааг "Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ" ХХК-ийн байцаагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1 534 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Д.Цэцэгмаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 150 000 төгрөгийг гаргуулах, 2008, 2009, 2010 оны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулан дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

            Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Цэцэмаагийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт тэмдэглэл хийлгэхийг хариуцагч "Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ" ХХК-д даалгаж,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5150 улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч "Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 39 494 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батчимэгийн давж заалдах гомдолд:  

Нотлох баримт үнэлэх шүүгчийн ажиллагаанд алдаа гарсан талаар: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлага хангасан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан үнэлэлгүйгээр дараах 2 үндэслэлийг дурьдан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж дүгнэхээр байна. Учир нь нэхэмжлэгч Д.Цэцэгмаа нь 2011 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс "Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ" ХХК-д байцаагчаар ажил орсон бөгөөд хариуцсан хорооныхоо айл өрх, аж ахуй нэгж байгууллагын хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх ажлыг газар дээр нь зохион байгуулах үүрэгтэй болох нь хэрэгт авагдсан "Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ" ХХК-ийн захирлын 2011 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 05 тоот тушаал, Д.Цэцэгмаагийн нийгмийн даатгалын дэвтэр, Байцаагчийн ажил үүргийн хуваарь зэрэг баримтуудаас тодорхой харагддаг.

Хариуцагч нь “Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ” ХХК нь дүүргийн дэд бүтэц, тохижилтын хэлтэстэй гэрээ байгуулан тухайн дүүргийн тохижилт үйлчилгээг хариуцан ажилладаг бөгөөд cap бүр хариуцсан ажлаа дүгнүүлэн ажилладаг онцлогтой. Хэрэв дүүргийн дэд бүтэц, тохижилтын хэлтсээс болон иргэд аж ахуйн нэгж байгууллагаас хот тохижилт болон хог хаягдалтай холбоотой асуудлаар гомдол санал ирэх, хариуцсан байцаагч нь ажлаа таслах, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх тохиоддолд Дүүргийн дэд бүтэц, тохижилтын хэлтсээс манай компанитай байгуулсан гэрээг цуцалж, манай компанитай хөдөлмөрийн гэрээтэй ажилладаг иргэд ажилгүй болох эрсдэлтэй. Тиймдээ ч манай компани нь ажилтнуудтай байгуулсан хөдөлмөрийн гэрээндээ ажил үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гүйцэтгэхгүй байх, ажил таслах зэргийг ноцтой зөрчилд тооцохоор тусгайлан оруулсан.

Гэтэл Д.Цэцэгмаа нь 5 хоног хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын байраа орхиж явсан зөрчлийг гаргасан бөгөөд энэ нь хэрэгт авагдсан 2016 оны 7 сарын сүүлийн 15 хоногийн Цагийн баланс, 2016 оны 8 дугаар сарын эхний 15 хоногийн Цагийн баланс, "Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ" ХХК-иин ажилчдын цагийн бүртгэл зэргээс тодорхой харагддаг. Нэхэмжлэгчийн дээрх үйлдэл нь Хөдөлмөрийн гэрээний 5.1 дэх хэсэгт зааснаар ноцтой зөрчилд хамаарч байх тул ажил олгогчоос, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөриийн тухай хуулийн 40.1.4 дэх хэсгийг үндэслэн ажил олгогчийн санаачлагаар цуцалсан.

Энэ нь хэрэгт авагдсан Хөдөлмөрийн гэрээгээр нотлогдож байхад анхан шатны шүүхээс "...хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчлийн талаар нэрлэн заагаагүй байх тул Д.Цэцэгмаагийн гаргасан гэх зөрчлийг ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна... " гэж хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлж дүгнэлгүйгээр, үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 2006 оны Дээд шүүхийн 33-р тогтоолын 15 дугаар зүйлийн 15.4.2 дахь хэсэгт зааснаар “Ажил олгогч нь тухайн ажлын байр, албан тушаалын онцлог, гүйцэтгэх ажил үүргийн онцлог зэргээс шалтгаалан ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцох талаар тухайн ажлын байранд ажиллах ажилтантай харилцан тохиролцож, Хөдөлмөрийн гэрээнд оруулсан байх"-ыг тодорхойлсон байдаг. Хөдөлмөрийн гэрээ нь Иргэний эрх зүйн харилцааны нэг хэлбэр бөгөөд Иргэний хуулийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байдаг.

Ажил олгогч буюу "Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ" ХХК ажилтан буюу Д.Цэцэгмаа нар нь дээрх хууль болон дээд шүүхийн тайлбарт тусгагдсаны дагуу 2013 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа ажлаас хоцрох, ажлын цагийн таслалтын нийлбэр дүнгээр 2 ба түүнээс дээш өдрийн ажил тасалсан" үйлдлийг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд тооцохоор талууд харилцан тохиролцсон байхад анхан шатны шүүхээс үндэслэлгүй зөрүүтэй дүгнэлт хийсэн байдаг.

Шүүхийн шийдвэр дээрх байдлаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182\ШШ2016\01063 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.   

 

 ХЯНАВАЛ:

 

Шүүх зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн харилцаатай холбоотой  маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримт болон зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцүүлэн дүгнэж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Цэцэгмаа нь хариуцагч "Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ" ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, барьцаанд өгсөн 150 000 төгрөг гаргуулах, 2008, 2009, 2010 оны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулан дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Д.Цэцэгмаа нь хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан гэж маргажээ.

 

     Хариуцагч "Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ" ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, компанийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.2.1, 8.2.4 дэх заалтуудыг үндэслэн 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 102 тоот тушаалаар "Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ" ХХК-ийн байцаагч Д.Цэцэгмаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр цуцалсан  нь хуульд нийцсэн байна.

 

 Тэрээр хөдөлмөрийн гэрээ цуцласан үндэслэлээ “ давтан зөрчил гаргасан, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан” гэж тайлбарласан, энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна. 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хариуцагчийн тайлбар, татгалзлын талаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүхээс үзэв.   

 

Ажил олгогч нь хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын байраа орхин явсан гэх үндэслэлээр ажилтан Д.Цэцэгмаад 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 62 тоот тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж, сануулах арга хэмжээ авсан байх ба уг тушаалын үндэслэлийн талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна. Түүнчлэн 2016 оны 7 дугаар сарын 27, 28, 29-ний өдрүүдэд, 2016 оны 8 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд ажил тасалсан гэж үзэх үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч ажил тасалсан гэх үндэслэлээр сануулах арга хэмжээ авагдсаны дараа дахин 5 өдрийн ажил тасалсан нь хэргийн 29-30, 36-38 дугаар талд авагдсан ажилчдын 2016 оны 7-8 дугаар сарын ажлын цагийн баланс, 59-62 дугаар тал дахь ажлын цагийн бүртгэл зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

 Талууд хөдөлмөрийн гэрээндээ гэрээг цуцлах ноцтой зөрчлийг нэрлэн заасан байх агаад 5.1.д хэсэгт нь .., хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа ажлаас хоцрох,  ажлын цагийн тасалдалын нийлбэр дүнгээр 2 ба түүнээс дээш өдрийн ажил тасалсан бол  хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахаар тохиролцсон байна.  Мөн ажилтан хөдөлмөрийн гэрээний 4.1 дэх хэсэгт компанийн дотоод журмыг дагаж мөрдөн ажиллах үүрэг хүлээсэн, компанийн дотоод журмын 8-р зүйлийн 8.2.1 дэх хэсэгт “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан нөхцөлд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан байна.

 

Хариуцагч тал нэхэмжлэгчийн ажил тасалсан зөрчлийн улмаас  2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 62 тоот тушаалаар сануулах арга хэмжээ авагдсан, үүний дараа дахин 2016 оны 7 дугаар сарын 27, 28, 29-ний өдрүүд, 2016 оны 8 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд ажил тасалсан зөрчлүүдийг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээгээ цуцласныг буруутгах хуулийн үндэслэл тогтоогдсонгүй.

 

           Нэхэмжлэгч нь ажилчдын ажлын цагийн бүртгэлийг хуурамчаар үйлдсэн гэх тайлбараа нотлох баримтаар үгүйсгээгүй, шүүхээс хэргийн оролцогчид өөрийн тайлбар, татгалзлаа нотлох баримтаа гаргаж өгөх үүрэгтэй болохыг, мөн нотлох баримт бүрдүүлэх талаарх эрхээ хэрхэн хэрэгжүүлэхийг тайлбарлан таниулсан байна.

 

        Шүүх нэхэмжлэгчийн барьцаанд өгсөн 150 000 төгрөг гаргуулах, 2008, 2009, 2010 оны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулан дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна. Нэхэмжлэгч нь “Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ” ХХК-д байцаагчийн ажилд 2011 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажилласан байх бөгөөд энэ тушаалаас өөр, нэхэмжлэлийн дээрх шаардлагуудтай хамааралтай баримтгүй байна. Нэхэмжлэгчийн ажил эрхлэлтийн байдлын талаар Хорооны засаг дарга болон компанийн удирдлагуудаас ирүүлсэн тодорхойлолт бүхий албан бичиг хэрэгт авагдсан боловч эдгээрийг хуульд заасан арга хэрэгслээр олж авсан эсэх нь эргэлзээтэй, уг тодорхойлолтыг гаргахдаа үндэслэсэн баримтгүй тул шүүх хөндлөнгийн байгууллагын дан ганц тодорхойлолтоор нэхэмжлэл үндэстэй эсэхт дүгнэлт өгөх боломжгүй. Шүүх энэ нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ холбогдох хуулийн зүйл хэсгийг баримтлаагүй байна.        

 

            Дээр дурьдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтыг,  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, холбогдох хуулийн заалтыг баримтлаагүй байгааг залруулах зэргээр өөрчлөн найруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2016/01063 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул хариуцагч "Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ" ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, барьцаанд өгсөн 150 000 төгрөгийг буцаан гаргуулах, 2008, 2009, 2010 оны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулан дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэгч Д.Цэцэгмаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай“ гэж өөрчлөн, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч "Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ" ХХК-ийн төлсөн 39 494 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                   ШҮҮГЧИД                         Н.БАТЗОРИГ

 

                                                                                               А.МӨНХЗУЛ