Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 229

 

“А”, “Т м” ХХК-уудын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газар, тус газрын

 хяналтын улсын байцаагч Б.Ганзоригт холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч                     Д.Мөнхтуяа,    

Шүүгчид:                                  Г.Банзрагч,

                                                М.Батсуурь,

                                                Б.Мөнхтуяа,

Илтгэгч шүүгч:                        Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга:       Т.Даваажаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: “2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “Т м” ХХК-ийн улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэр болон Xiaojun Сhen-ийг гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгох, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “А” ХХК-ийн улсын бүртгэлийн 9011491133 дугаартай гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэр болон Xiaojun Сhen-ийг гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгох, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Б.Ганзоригийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 643 дугаар дүгнэлтийг бүхэлд нь хүчингүй болгох”,

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2020/0022 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 213 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Очирхуяг, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Орхон нарыг оролцуулан, 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2020/0022 дугаар шийдвэрээр: 2009 оны Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 17 дугаар зүйлийн 17.3, 2018 оны Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 14 дүгээр зүйлийн 14.4-д заасныг тус тус баримтлан 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “Т м” ХХК-ийн улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэр болон Xiaojun Сhen-ийг гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгох, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “А” ХХК-ийн улсын бүртгэлийн 9011491133 дугаартай гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэр болон Xiaojun Сhen-ийг гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгох, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Б.Ганзоригийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 643 дугаар дүгнэлтийг бүхэлд нь хүчингүй болгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч “А” ХХК болон “Т м” ХХК-иудын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хэргийг 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд 213 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2020/0022 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “А” ХХК, “Т м” ХХК-уудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Очирхуягийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Очирхуяг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн хэргийн нөхцөл байдлыг бодитоор дүгнээгүй, хууль зүйн дүгнэлтийг буруу хийсэн, нотлон тогтоовол зохих нөхцөл байдлыг бүрэн гүйцэд тогтоогоогүйн улмаас холбогдох хууль зөрчсөн бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааг дүгнээгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг цуглуулах үүргээ биелүүлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн зэрэг нөхцөл байдлыг мэдсээр атал хариуцагч болон гуравдагч этгээд талын ашиг сонирхолд нийцүүлэх байдлаар, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг цогцоор нь бүрэн гүйцэд хэрэглэлгүй хэргийг шийдвэрлэсэн гэж нэхэмжлэгч компаниудын зүгээс үзэж байна.

4. Тодруулбал, давж заалдах магадлалын Хянавал хэсэгт “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасан, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.1-д “улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримт, тайлбар, лавлагааг гаргуулан авч тогтоох” нь улсын бүртгэгчийн үүрэг байхаар зохицуулснаас үзвэл улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь мэдүүлж байгаа эрхийн үнэн зөвийг нотлох үүргийг өөрөө хүлээх бөгөөд энэ тохиолдолд “А” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр бүртгэгдсэн Wu Fengchun нь бүртгүүлсэн эрх үнэн зөвийг нотлоогүй гэж үзэхээр байна.” гэсэн хэргийг углуургаар нь анхны хууль бус бүртгэл болох 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн бүртгэлүүдийг хаацайлсан шийдвэр болсон гэж үзэх үндэслэлтэй юм. Учир нь, “А” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Wu Fengchun ажиллаж ирсэн болох нь тус компанийн хувийн хэргээс илэрхий харагддаг, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн бүртгэлээр “А” ХХК-ийг гадаадын хөрөнгө оруулалттай ХХК болгож бүртгүүлсэн боловч тус компанийн гүйцэтгэх захирлаар Wu Fengchun хэвээр үлдсэн байдаг. 

5. Нөгөөтэйгүүр 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “А” ХХК-ийн бүртгэлийг хийлгэх үед шүүхийн шийдвэр, магадлалд дурдсанчлан “А” ХХК-ийн толгой компани байсан “Т м” ХХК-ийн гадаад дахь хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч байсан “Т D L” ХХК-ийн гэрчилгээнд тус компанийн 70 хувийн хувьцааг “Sure affluence limited” гэх компанийг эцсийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн талаар мэдээлэл нэхэмжлэгч компанид байгаагүй. Иймээс нэхэмжлэгч компаниудын зүгээс өөрт байхгүй мэдээллийн үнэн зөв буюу “Т D L”  ХХК-ийн гэрчилгээнд компанийн 70 хувийн хувьцааг “Sure affluence limited” гэх гадаадын хуулийн этгээд эзэмшдэг гэх мэдээллийг мэдэхгүй тул тус компанийн хувьцаа эзэмшигчдийн тоо 6 биш 5 гэсэн баримт мэдээллийн үнэн зөвийг хариуцах ёстой гэх давж заалдах шүүхийн дүгнэлт үгүйсгэгдэх юм.

6. Анхнаасаа энэхүү маргаан эхлэхэд нэхэмжлэгч компаниудын зүгээс уг 70 хувийн хувьцааг хэрхэн яаж эзэмшилдээ оруулсан болохыг маргасаар ирсэн боловч шүүхээс хувьцаа шилжсэнтэй холбоотой нотлох баримтууд болох гэрээнүүдийг гаргуулан авалгүй хэргийг хүч түрэн шийдвэрлэсэн байдаг. Анх хэрэг маргаан эхлэх үед Улсын бүртгэлийн байгууллагад Монгол Улсын иргэн, өмгөөлөгч Г.Орхон, өмгөөлөгч Б.Пүрэвням нар БНХАУ-ын иргэн Leung Chit Or-ыг төлөөлж гаргасан гомдлыг шийдвэрлүүлэх хяналт шалгалтын ажлын хүрээнд улсын байцаагчийн зохион байгуулсан сонсох ажиллагаанд оролцож, энэ явцад “А” ХХК, “Т” ХХК-иудын толгой компани гэх “Т D L”  ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр “Sure affluence limited” гэх компани бүртгэлтэй болсон талаар гэрээ, хэлцэл гэх баримтуудыг улсын байцаагчид гаргаж өгсөн бөгөөд энэхүү баримт материалтай нэхэмжлэгч компаниудын зүгээс зөвхөн шүүхэд хэрэг шилжин ирсний дараа танилцсан байдаг.

7. Улмаар нэхэмжлэгчийн зүгээс уг маргаан бүхий улсын байцаагчийн дүгнэлтийг гаргахад ашиглагдсан гэрээ, хэлцлүүдийн үнэн зөвийг шинжээч томилуулан шалгуулах, дутуу авагдсан зарим гэрээ, хэлцлийг гаргуулан авах хүсэлтийг шүүхэд удаа дараа гаргасан боловч шүүх шийдвэрлэлгүй явсаар эцэст нь шүүх хуралдаан дээр хүсэлтийг хангахгүй, хангахгүй захирамжид гомдол гаргах эрхгүй гэж шийдвэрлэж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон гэж үзэж байна. Учир нь, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтгүйгээр хэргийн нөхцөл байдлыг бүрэн гүйцэд тогтоох боломжгүй, ...тогтоолгүйгээр хууль зүйн дүгнэлт хийх, цаашлаад хэргийг бүхэлд нь бүрэн гүйцэд шийдвэрлэх боломжгүй болохыг анхан шатны шүүх мэдсээр атал хүч түрэн хуралдааныг үргэлжлүүлж шийдвэрээ гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.3, 20.1.6, 32 дугаар зүйлийн 32.4, 34 дүгээр зүйлийн 34.3, 40 дугаар зүйлийн 40.1, 56 дугаар зүйлийн 56.1.3, 122 дугаар зүйлийн 122.1-д заасныг тус тус зөрчсөн.

8. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн 3 шаардлагаас нэг л шаардлагыг буюу улсын байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 643 дугаар дүгнэлтэд л ач холбогдол өгч уг дүгнэлтээр хүчингүй болгосон 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “А” ХХК-ийн бүртгэлийн хууль ёсны эсэхийг шийдвэрлэх замаар нэхэмжлэлийн үлдэх 2 шаардлага болох 2018 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн бүртгэлүүдийг шийдвэрлэсэн дүр эсгэж байгаа нь илэрхий хууль бус, логик алдаатай болсон. Тухайлбал, ...3 шаардлагаас зөвхөн улсын байцаагчийн дүгнэлтэд холбогдох хэсгийг шийдвэрлэж үлдсэн буюу 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “А” ХХК, “Т м” ХХК-уудын улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэр, Chen Xiaojun-ийг гүйцэтгэх захирлаар томилон бүртгүүлсэн бүртгэл зэргийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэлүүдийг хэлэлцэн шийдвэрлээгүй байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг бүдүүлгээр зөрчсөн үйлдэл болсон тул давж заалдах гомдол гаргасан байдаг.

9. Түүнчлэн анхан шатны шүүх 2018 оны Улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална: 4.1.4-д “үнэн зөв байх” гэсэн заалтыг хариуцагчид хамааралгүй буюу түүнд ашигтай байдлаар энэ нь зөвхөн мэдүүлэг гаргагч”-ийн хувьд тавигдаж буй шаардлага гэж үзэн гуравдагч этгээдийн зүгээс улсын бүртгэлийн байгууллагад гэрчилгээ тамга алга болсон, гээгдүүлсэн гэх үндэслэлээр мэдүүлэг гаргаж хүчингүй болгосон нь улсын бүртгэлийн байгууллагын буруу биш, иймд уг худал мэдүүлэг бүхий бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлгүй гэх агуулга бүхий дүгнэлтийг хийсэн хуулийн уг зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэл болж байна. Тодруулбал, 2018 оны Улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:” гэж зааснаас үзвэл улсын бүртгэлийн үйл ажиллагаа эрхлэх төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд шууд хамаарах зарчим болох нь илэрхий билээ.

10. Харин давж заалдах шатны шүүхийн магадлалаар 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “А” ХХК болон “Т м” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамгыг хууль бусаар хүчингүй болгосон шийдвэрийг хүчингүй болгуулж, нэхэмжлэлийн шаардлагын хэсэгт хууль зүйн дүгнэлтийг хийсэн байна. “...Монгол Улс дахь хуулийн этгээдийн гэрчилгээ, тамгыг нэхэмжлэгч талд байхад нь хаяж, гээгдүүлсэн гэх үндэслэлээр шинээр авсан нь Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан гэрчилгээ, тамга, тэмдгийг дахин олгох зохицуулалтад нийцээгүй боловч энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гуравдагч этгээдийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл болохооргүй байна.” гэж илэрхий хууль зөрчсөн бүртгэлийг хамгаалахад чиглэгдсэн, нэхэмжлэлийн шаардлагыг дүр эсгэн шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

11. Зүй нь, шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн 3 шаардлагуудыг шийдвэрлэхийн тулд логик дарааллын дагуу маргаан бүхий бүртгэлүүдийг он цагийн дарааллаар нь хянан үзэж хууль зүйн дүгнэлтийг тус тусад нь хийж хэргийг бүхэлд нь шийдвэрлэвэл шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болохоор байсан. Нэхэмжлэгчийн үзэж буйгаар дараах дарааллаар маргааны үйл баримтуудыг тус бүрт нь авч үзэх ёстой. Үүнд: а/2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “А” ХХК болон “Т м” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгосон улсын бүртгэлийн байгууллагын шийдвэр хууль зөрчсөн эсэх, хэрэв хууль бусаар хүчингүй болгосон бол хүчингүй болох хуулийн зохицуулалттай. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.8, 8.8.4, 8.9-д заасан нөхцөл байдал үүсээгүй болох нь улсын байцаагчийн хяналт шалгалтын явцад болон шүүхийн шатанд нэгэнт тогтоогдсон үйл баримттай байхад анхан шатны шүүх уг нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөөгүй, хууль зүйн дүгнэлт хийгээгүй, харин давж заалдах шатны шүүх хаяж, үрэгдүүлээгүй, нэхэмжлэгч талд байсан гэрчилгээ, тамгыг уг хуулийн зохицуулалтыг зөрчиж хүчингүй болгосон болохыг тогтоосон атал түүний үр дагаврыг арилгах буюу хүчингүй болгох үндэслэлгүй гэснээр үлдсэн нэхэмжлэлийн шаардлагуудыг шийдвэрлэхэд хууль бусаар нөлөөлсөн гэх бүрэн үндэслэлтэй юм. Өөрөөр хэлбэл, хууль зөрчиж үйлдэгдсэн захиргааны үйл ажиллагаа буюу 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “А” ХХК болон “Т м” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгосон улсын бүртгэлийн байгууллагын шийдвэрийг анхан шатны шүүхээс хүчингүй болгох ёстой байна.

12. б/2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “А” ХХК болон “Т м” ХХК-ийн захирлаар Chen Xiaojun-ийг бүртгэсэн бүртгэл хуулийн дагуу хийгдсэн эсэх: Хууль зүйн сайдын 2015 оны А/39 дүгээр тушаалын хавсралтаар баталсан, Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журмын 4.2-т Хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулахад дараах баримт бичгийг бүрдүүлнэ: 4.2.2.үүсгэн байгуулагч болон эрх барих дээд байгууллагын хурлын тэмдэглэл, тогтоол/шийдвэр/; гэж шаардсан байхад 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “А” ХХК болон “Т м” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамгыг хууль бусаар хүчингүй болгуулах, гүйцэтгэх захирлыг сольж бүртгүүлэхдээ тухайн үеийн үүсгэн байгуулагч буюу толгой компани болох “Т D L” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, тогтоолгүйгээр бүртгэлд өөрчлөлт оруулсан. Мөн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.3, 22.1.9-д заасан шаардлагыг хангаагүй буюу Chen Xiaojun-ийг гүйцэтгэх захирлаар томилон бүртгүүлсэн бүртгэл хүчингүй болох ёстой. Хуулийн уг шаардлагын дагуу өмгөөлөгч Г.Орхон нь улсын бүртгэлд гүйцэтгэх захирлын өөрчлөлтийг бүртгүүлэхэд зайлшгүй хүчин төгөлдөр гэрчилгээ, тамгатай байх ёстой байсан боловч тэрээр тухайн үеийн хүчин төгөлдөр компанийн гэрчилгээ, тамга нь гүйцэтгэх захирал Wu Fengchun-ийн эзэмшилд байсан болохыг мэдсээр атал улсын бүртгэлийн байгууллагад худал, дутуу мэдүүлсэн байдаг.

13. Иймд үүсгэн байгуулагчийн хурлын тэмдэглэлгүй, тогтоолгүй, улсын бүртгэлийн газар гэрчилгээ, тамга байхгүй гэх үндэслэлээр Chen Xiaojun-ийг “А” ХХК болон “Т м” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэхээс татгалзах ёстой байсан, уг бүртгэл нь хууль зөрчсөн бүртгэл тул хүчингүй болох ёстой. Гэтэл давж заалдах шатны шүүх “А” ХХК болон “Т м” ХХК-ийн гэрчилгээ тамгыг дахин олгосон улсын бүртгэлийн газрын шийдвэр Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийг зөрчсөн болохыг тогтоосон атал уг хууль зөрчиж гэрчилгээ хүчингүй болгосон шийдвэр, ямар ч баримтгүйгээр буюу үүсгэн байгуулагчийн хурлын тэмдэглэлгүй, тогтоолгүй, бүртгэлийн газар гэрчилгээ, тамга байхгүй гэх өмгөөлөгч Г.Орхон гэгчийн мэдүүлгээр Chen Xiaojun -ийг гүйцэтгэх захирлаар бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж шийдвэрлэсэн нь холбогдох хуулийг бүрэн гүйцэд хэрэглээгүй гэх үндэслэл болж байна.

14. в/Нэхэмжлэлийн нэг шаардлага болох улсын байцаагчийн улсын байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 643 дугаар дүгнэлтийг хүчингүй болгох асуудлын хувьд: Нэхэмжлэлийн шаардлагуудыг дарааллын дагуу шалгасны үр дүнд “А” ХХК болон “Т м” ХХК-ийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэр хууль бус, Chen Xiaojun-ийг гүйцэтгэх захирлаар бүртгэсэн бүртгэл мөн хууль бус болох нь тогтоогдвол дараах нөхцөл байдал үүсэх юм. a/Улсын бүртгэлийн байгууллагад Монгол Улсын иргэн, өмгөөлөгч Г.Орхон, өмгөөлөгч Б.Пүрэвням нар БНХАУ-ын иргэн Leung Chit Or-ыг төлөөлж гомдол гаргах эрх зүйн үндэслэл бүрдэхгүй тул улсын байцаагчийн дүгнэлт анхнаасаа гарах ёсгүй байсан захиргааны акт болно. b/Харин Монгол Улсад ашигт малтмалын зөвшөөрөл эзэмшигч “А” ХХК болон “Т” ХХК-иудад хөрөнгө оруулалт хийсэн гэх асуудал бүхий “Т D L” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр “Sure affluence limited” гэх компани бүртгэлтэй тухай маргааныг тухайн хөрөнгө оруулалтын маргааны хүрээнд шийдвэрлэх ёстой болно. c/Leung Chit Or-ын өмгөөлөгч, Монгол Улсад төлөөлж буй гэх өмгөөлөгч Г.Орхон, өмгөөлөгч Б.Пүрэвням нарын шүүх болон хяналт шалгалтын явцад гарган өгсөн гадаадын “Vista BVI Limited”-аас олгосон “Т D L” ХХК-ийн гэрчилгээ буюу нотлох баримтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь заалтын хүрээнд нэхэмжлэгч тал маргаж байгаа тул шүүхээс нэмэлт нотлох баримт цуглуулах буюу тухайн гэрчилгээн дээр бичигдсэн “Sure affluence limited” гэх компанийн хувьцаа эзэмшлийг нотлох гэрээ, хэлцлүүдийг гаргуулан авах, улмаар үнэн зөвийг нь шинжээч томилж шалгуулсны дараа хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжтой юм.

15. Энэ нь улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоосон гэх Leung Chit Or-ын өмгөөлөгч, Монгол Улсад төлөөлж буй гэх өмгөөлөгч Г.Орхоны гаргасан гомдлын дагуу “Т D L” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр “Sure affluence limited” гэх компани бүртгэлтэй тул “Т D L” ХХК-ийн бүх хувьцаа эзэмшигчид БНХАУ-ийн иргэн Сhoi Cheung Kong /51%-ийн хувьцаа эзэмшигч/, Wu Fengchun /15%-ийн хувьцаа эзэмшигч/, Ren Jianqiao /15%-ийн хувьцаа эзэмшигч/, БНХАУ-ын хуулийн этгээд Альшаа зүүн хошууны төрийн өмчит ХХК /10%-ийн хувьцаа эзэмшигч, Mou Zhongqiu /9%-ийн хувьцаа эзэмшигч/ биш гэх дүгнэлтийн хэсгийг үгүйсгэх юм. Иймээс 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “Т D L” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид буюу Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа хуулийн этгээд болох “А” ХХК-ийн эцсийн хувьцаа эзэмшигч Сhoi Cheung Kong, Wu Fengchun,  Ren Jianqiao,  Альшаа зүүн хошууны төрийн өмчит ХХК, Mou Zhongqiu өөрсдийн нэр дээр хувьцааг нь шилжүүлэн бүртгүүлж, тухайн компанийг гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон бүртгүүлж, компанийн хуучин захирал Wu Fengchun-ийг уг албан тушаалд нь хэвээр үлдээсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгосон улсын байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 643 дугаар дүгнэлтийн хууль зүйн болон баримт нотолгооны үндэслэл хангалттай тогтоогдохгүй байх тул хүчингүй болох үндэслэлтэй гэж үзэж байна.

16. Хэрэв анхнаасаа буюу 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн бүртгэлээс өмнө нэхэмжлэгч компаниудын толгой компани “Т D L” ХХК-ийн нийт хувьцаа эзэмшигчид хуралдаад гүйцэтгэх удирдлагыг солих, шинээр томилох шийдвэрийг хууль тогтоомжийн дагуу хийгээд, тухайн тогтоол, тэмдэглэлийн дагуу “А” ХХК, “Т м” ХХК-ийн гэрчилгээ тамгыг хууль ёсны дагуу гүйцэтгэх захирал Wu Fengchun-аас авч улсын бүртгэлийн байгууллагад эдгээр хууль ёсны бичиг баримтуудыг үндэслэн бүртгэл хийлгэсэн бол өнөөдрийн энэхүү маргаан бүхий нөхцөл байдал үүсэхгүй байсан. Үүний цаана хөрөнгө оруулалтын маргаан байгаа гэх шалтгаанаар давж заалдах шатны шүүх хэргийг хууль тогтоомжийг хэрэглэх замаар бус хэт нэг талыг барьсан арга барилаар шийдвэрлэж байгааг хяналтын шатны шүүх онцгойлон анхаарч үзэхийг хүсье.

17. Иймд магадлал, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.  

ХЯНАВАЛ:

18. Шүүхүүд хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд маргааны үйл баримтад холбогдуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

19. Нэхэмжлэгч “А”, “Т м” ХХК-иудын гүйцэтгэх захирал Wu Feng Chun-гээс Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт холбогдуулан “2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “Т м” ХХК-ийн улсын бүртгэлийн 9019075025 дугаар, “А” ХХК-ийн улсын бүртгэлийн 9011491133 дугаартай гэрчилгээнүүдийг хүчингүй болгосон шийдвэрүүд, эдгээр компаниудын гүйцэтгэх захирлаар тус тус Xiaojun Chen-ийг томилсныг бүртгэсэн бүртгэлүүдийг хүчингүй болгуулах”, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Б.Ганзоригийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 643 дугаар дүгнэлтийг бүхэлд нь хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагууд гаргаж, үндэслэлээ “...компаниудыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь захирал Wu Feng Chun мөн бөгөөд компанийн гэрчилгээ, тамга тэмдэг гээгдүүлээгүй, надад хадгалагдаж байхад дахин олгосон ...Их Британийн Виржини арлуудад бүртгэлтэй “Т D L” компанийн хувьцаа эзэмшигч болон хувь хэмжээнд өөрчлөлт оруулаагүй байхад  Г.Орхоны  бодит байдалд нийцэхгүй, худал мэдээлэл агуулсан баримтаар бүртгэл хийсэн, ...охин компани буюу “А” ХХК-ийн нийт хувьцааг толгой компанийн хувьцаа эзэмшигчид болох ...нарт шилжүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэн холбогдох баримтуудыг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хийсэн бүртгэл хууль ёсных, ...толгой компанийн жинхэнэ хувьцаа эзэмшигчийн асуудал тодорхой бус, маргаантай байхад хүч түрэн шийдвэр гаргасан” гэх зэргээр маргажээ.

20. Хуулийн этгээдийн хувийн хэрэг дэх мэдээлэлд, “А” ХХК-ийн хувьд 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн бүртгэлээр үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигчээр “Т м” ХХК, 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн бүртгэлээр БНХАУ-ын иргэн Wu Feng Chun нь ерөнхий захирлаар тус тус бүртгэлтэй байсан, харин “Т м” ХХК-ийн  хувьд, 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн бүртгэлээр, компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр Их Британийн Виржини арлуудын хуулийн этгээд болох “Т D L” ХХК, ерөнхий захирлаар нь Wu Feng Chun бүртгэлтэй байсан нь тогтоогдсон, уг үйл баримтуудтай хэргийн оролцогчид маргаагүй байна.

21. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллага нь “А”, “Т м” ХХК-иудын мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхдээ, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөр огноолсон 000171830 дугаар гэрчилгээг “А”ХХК-д, мөн өдрөөр огноолсон 000172853 дугаар гэрчилгээг “Т м” ХХК-д тус тус дахин олгож, эдгээр компаниудын захирлаар БНХАУ-ын иргэн Chen Xiaojun болох тухайг бүртгэсэн; үүний дараа 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөр огноолсон 000175135 дугаар гэрчилгээг “А” ХХК-д дахин олгож, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр, тус компанийн үүсгэн байгуулагчдын мэдээлэлд оруулсан өөрчлөлт буюу компанийн хувьцааг Хонг Конгийн тусгай бүсийн иргэн Choi Cheung Kong 51 хувь, БНХАУ-ын иргэн Wu Fengchun 15 хувь, Ren Jianqiao 15 хувь, Mou Zhongqiu 9 хувь, БНХАУ-ын хуулийн этгээд Альшаа зүүн хошууны төрийн өмчит ХХК 10 хувь тус тус эзэмших болсныг болон компанийн гүйцэтгэх захирлаар Wu Fengchun-ийг тус тус бүртгэсэн, эдгээр бүртгэлүүдийг хийх үндэслэл болсон буюу “Т м” ХХК-ийн үүсгэн байгуулагч Их Британийн Виржини арлуудын хуулийн этгээд “Т D L” компанийн хувьцаа эзэмшигчийн талаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар нь маргаж, аль алины хувьд өөрсдийн хүсэлт гаргаж хийлгэсэн бүртгэлийг үнэн зөв гэж үзжээ.

22. Улсын бүртгэлийн ерөнхий газарт, Их Британийн Виржини арлуудын хуулийн этгээд “Т D L” компани болон Монгол Улсын хуулийн этгээд “Т м” ХХК-ийг төлөөлж, өмгөөлөгч Г.Орхоны гаргасан гомдол, уг гомдлыг хянан шийдвэрлэх явцад, мөн “А” ХХК-ийг төлөөлж, өмгөөлөгч Ж.Очирхуягаас гаргасан /сөрөг/ гомдлын дагуу эрх бүхий улсын байцаагчаас “Т м” болон “А” ХХК-иудын улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн талаарх 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн бүртгэлүүдийг хянан үзээд 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 643 дугаар дүгнэлтээр: “2.1. “А” ХХК –ийн мэдээлэлд өөрчлөлт оруулан, гадаадын хөрөнгө оруулалттай болгон, гүйцэтгэх захирлаар Wu Fengchun-ийг бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгох; 2.2. ...өмгөөлөгч Г.Орхоноос гаргаж өгсөн баримтаар “Т м” ХХК-ийн хувьцаа эзэмшигч “Т D L” /толгой компани/ компанийн бүтцэд өөрчлөлт оруулсан нь тогтоогдож байх бөгөөд энэхүү баримтыг өмгөөлөгч Ж.Очирхуяг нь баримтаар няцаагүй тул түүний гомдолд дурдсан шаардлагыг хангахгүй орхих; 2.3. ...ажилдаа хариуцлагагүй хандсан ...улсын байцаагч Б.Гэрэлзул, ...хууль бус бүртгэлийн ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон байж болзошгүй ...улсын бүртгэгч Ж.Оюумаа нарт ...хариуцлага тооцох эсэхийг шийдвэрлүүлэх”-ээр заасан байна.

23. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7-д улсын  бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих улсын байцаагчийн чиг үүргийг тодорхойлсны, 18.7.1-д “...бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, ...” бүрэн эрхтэй; маргаан бүхий бүртгэлүүдийн талаарх гомдлыг улсын байцаагч Б.Ганзориг шалгаад, улсын бүртгэгч нь 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр  “А” ХХК-ийн үүсгэн байгуулагчдын мэдээлэлд өөрчлөлт оруулахдаа тус хуулийн этгээдийн хувийн хэрэгт агуулагдаж буй өмнөх мэдээлэл буюу Их Британийн Виржини арлуудын хуулийн этгээд “Т D L” компанийн хувьцаа эзэмшигчдийн болон компанийг төлөөлөх эрх бүхий этгээдийн талаарх баримтуудыг нягталж үзээгүй болохыг тогтоосон бөгөөд гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон өмгөөлөгч Ж.Очирхуяг нь, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн бүртгэлийг хийлгэх үндэслэл болсон “Т D L” компанийн бүртгэл, хувьцаа эзэмшигчдийн талаарх мэдээлэл агуулсан 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн “Certificate of incumbency” /байгууллагын гэрчилгээ/-г үгүйсгэж, өөр баримт гаргаагүйн зэрэгцээ уг баримтыг “үнэн зөв биш” гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул үүний дараах буюу 2018  оны 11 дүгээр сарын 12-ны  өдрийн бүртгэл нь “Т D L” компанийн 2014 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн “Certificate of incumbency”-г үндэслэсэн байхад уг бүртгэлийг хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй, энэ талаар шүүхүүд зөв дүгнэжээ.

24. Түүнчлэн, Улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө”, 19 дүгээр зүйлийн 19.4.1-д “улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримт, тайлбар, лавлагааг гаргуулан авч тогтоох” гэж тус тус зааснаас үзвэл, бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн үнэн зөвийг мэдүүлэг гаргагч хүлээнэ, нэхэмжлэгч нь “А” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр бүртгэгдсэн этгээдүүдийн уг эрхийг нотолсон баримт нь тус компанийн хувийн хэрэгт байгаа баримт, агуулагдаж буй мэдээллээс зөрсөн ба шүүхүүд хуулийн дээрх зохицуулалтыг маргааны үйл баримтад холбогдуулан зөв тайлбарлаж  хэрэглэсэн байна.

25. Мөн, гадаадын хуулийн этгээд болох Их Британийн Виржини арлуудад бүртгэлтэй  “Т D L”  компанийн  хувьцаа  эзэмшигчдийн  маргааныг Монгол Улсын шүүх, тэр тусмаа захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэхгүй.

26. Түүнчлэн, маргаан бүхий бүртгэлүүдийн талаарх гомдлуудыг шийдвэрлэж гаргасан улсын байцаагчийн 2018 оны 643 дугаар дүгнэлтээр, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Орхоны гомдлыг хангаж, “А” ХХК-ийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэсэн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгосон, ингэснээр тус компанийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн бүртгэл сэргэх агуулгатай; харин нэхэмжлэгчийг төлөөлж өмгөөлөгч Ж.Очирхуягийн гаргасан “А”, “Т м” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн гэрчилгээг тус тус хүчингүй болгох, уг компаниудын гүйцэтгэх захирлаар Xiaojiun Chen-ийг тус тус бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгосон тул  шүүх, нэхэмжлэгчийн шаардлагуудыг шийдвэрлэхдээ уг дүгнэлтэд бүхэлд нь дүгнэлт өгөх замаар 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн бүртгэлүүдийг хуульд нийцсэн болохыг тогтоож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т заасан “үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэснийг зөрчсөн гэж үзэхгүй юм.

27. Иймд,  нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “...хуулийн 14.4, 19.4.1-ийг буруу тайлбарлаж, хууль бус 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн бүртгэлийг хаацайлсан шийдвэр гаргасан, ...“Т D L” компанийн 70 хувийн хувьцааг ...гадаадын хуулийн этгээд хэрхэн яаж эзэмшилдээ оруулсан талаар маргасан боловч шүүхээс хувьцаа шилжсэнтэй холбоотой нотлох баримтууд болох гэрээнүүдийг авалгүй, хэргийг хүч түрэн шийдвэрлэсэн, ...нэхэмжлэлийн 3 шаардлагыг шийдвэрлэхийн тулд логик дарааллаар тус тусад нь дүгнэлт хийх шаардлагатай байсан, ...дүгнэлтэд ач холбогдол өгч 2 шаардлагыг шийдвэрлэсэн дүр эсгэсэн, ...хөрөнгө оруулалтын маргаан байгаа гэх шалтгаанаар хууль тогтоомжийг хэрэглэх замаар бус хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй.

28. Эдгээр үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Очирхуягийн хяналтын журмаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулахаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.