Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2020/0213

 

2020 оны 03 сарын 26 өдөр           Дугаар 221/МА2020/0213                          Улаанбаатар хот

“А...” ХХК, “Т...” ХХК-уудын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О нарыг нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 22 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “А...” ХХК, “Т...” ХХК-уудын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 22 дугаар шийдвэрээр: 2009 оны Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 17 дугаар зүйлийн 17.3, 2018 оны Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 14 дүгээр зүйлийн 14.4-д заасныг тус тус баримтлан “2018 ны 10 дугаар сарын 01-ний өдөр “Т...” ХХК-ийн улсын бүртгэлийн дугаартай хүчингүй болгосон шийдвэр болон Х-ийг гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгох, 2018 ны 10 дугаар сарын 01-ний өдөр “А...” ХХК-ийн улсын бүртгэлийн ---------- дугаартай гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэр болон Х-ийг гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгох, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Б.Г-ийн 2019 оны 02 дугаар сарны 25-ны өдрийн 643 дугаар дүгнэлтийг бүхэлд нь хүчингүй болгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч “А...” ХХК болон “Т...” ХХК-уудын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүх шийдвэрээ гаргахдаа дээр дурдсан нэхэмжлэлийн шаардлагуудаас зөвхөн улсын байцаагчийн дүгнэлтэд холбогдох хэсгийг шийдвэрлэж үлдсэн буюу 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “А...” ХХК-ийн болон “Т...” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэр, Х-ийг гүйцэтгэх захирлаар томилсон бүртгүүлсэн бүртгэл зэргийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэлүүдийг хэлэлцэн шийдвэрлээгүй байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг бүдүүлгээр зөрчсөн үйлдэл болсон байна.

Тодруулбал, анхан шатны шүүхийн шийдвэрт “2009 оны Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэг, 2018 оны Улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх заалт, 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсгийг тус тус үндэслэн мэдүүлэг гаргагч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн маргаж буй үндэслэлийн үнэн зөвийг нотлох “V...”-аас олгосон гэрчилгээг улсын бүртгэлийн байгууллагад болон шүүхэд гарган өгсөн, нэхэмжлэгч талаас уг гэрчилгээний үнэн зөвийг няцаах баримт, үндэслэлийг гаргаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар гуравдагч этгээдийн гарган өгсөн “V...”-аас олгосон гэрчилгээ үнэн зөв биш болох нь нотлогдохгүй байх тул хариуцагчийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн бүртгэлүүд болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2019 оны 643 дугаар дүгнэлт хууль зөрчөөгүй байна” гэсэн дүгнэлтийг гаргасан нь дараах байдлаар үндэслэлгүй болох нь тогтоогдох юм.

Нэхэмжлэгчийн зүгээс 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн бүртгэлүүдийг хүчингүй болгуулах үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсныг шүүгч хэрэгт ач холбогдолтой талаас нь судлан шалгаагүй.

Гуравдагч этгээдийн төлөөлөгч Г.Орхон 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр бүртгэлүүдийг хийлгэхдээ “А...” ХХК болон “Т...” ХХК-ийн гэрчилгээ, тамга алдагдсан гэх үндэслэлээр хүчингүй болгуулж, шинээр гэрчилгээ, тамга гаргуулан авсан нь бодит үнэнд нийцэхгүй байхад улсын бүртгэгч энэхүү худал мэдээллээр нь бүртгэл хийсэн.

2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн бүртгэлүүдийг хийж “А...” ХХК болон “Т...” ХХК-ийн гэрчилгээ, тамгыг хүчингүй болгохдоо гүйцэтгэх захирал В-д мэдэгдэж, сонсох ажиллагаа явуулаагүй.

Учир нь В нь 2014 оноос хойш өнөөдрийг хүртэл байдлаар тухайн компаниудын гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлж бүхий л байгууллагуудтай харилцаж байгаа бөгөөд тэр мөн тухайн компанийн хувьцаа эзэмшигч нь байдаг.

Хууль зүйн сайдын 2015 оны А/39 дүгээр тушаалын хавсралтаар баталсан Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх жрумын 4.2-т “Хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулахад дараах баримт бичгийг бүрдүүлнэ”, 4.2.2-т “үүсгэн байгуулагч болон эрх барих дээд байгууллагын хурлын тэмдэглэл, тогтоол /шийдвэр/” гэсэн бүрдүүлбэл зохих баримт бичгийг өгөөгүй байхад бүртгэлд өөрчлөлт оруулсан.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22.1-д “Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ”, 22.1.3-д “үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай үүсгэн байгуулагч, эрх бүхий байгууллагын шийдвэр /тогтоол/, хурлын тэмдэглэл, 22.1.9-д “улсын бүртгэлийн гэрчилгээ” гэсэн шаардлагыг зөрчиж улсын бүртгэлийн гэрчилгээгүйгээр гүйцэтгэх захирлыг чөлөөлж томилох шийдвэрийг гаргасан байдаг. Учир нь тухайн үеийн хүчин төгөлдөр компанийн гэрчилгээ, тамга нь гүйцэтгэх захирал В-ий эзэмшилд байсан бөгөөд Г.О-ы улсын бүртгэлийн байгууллагад худал мэдүүлсэнчлэн алга болоогүй юм.

Шүүхийн шийдвэрт “нэхэмжлэгч талаас уг гэрчилгээний үнэн зөвийг няцаах баримт, үндэслэлийг гаргаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар гуравдагч этгээдийн гарган өгсөн “V...”-аас олгосон гэрчилгээ үнэн зөв биш болох нь нотлогдохгүй” гэх дүгнэлтийг хийхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна” гэж заасны зөрчсөн.

Нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдаан болсон 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр дээр дурдсан гуравдагч этгээдийн гарган өгсөн гэх баримтыг няцаахад ач холбогдол бүхий нотлох баримтууд болон Их Британийн Виржини Арлуудад бүртгэлтэй “T...” ХХК-ийн хувьцаа эзэмшигч 1 хуулийн этгээд болох “А з х т ө” ХХК-аас С-д 700 ширхэг хувьцаа шилжүүлсэн гэх нэг ч баримт авагдаагүй байх тул уг хувьцаа шилжүүлсэн талаар баримтыг холбогдох этгээдээс гаргуулан авах хүсэлтийг гаргасан боловч шүүгч захирамж гаргаж хүсэлтийг хангахаас татгалзаж, гомдол гаргах эрхгүй болохыг дурдаж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн байдаг.

 Гэтэл уг баримтууд нь өмгөөлөгч Г.О-ы гаргаж өгсөн гэрчилгээ гэх зүйлийн үнэн зөвийг няцаахад ихээхэн ач холбогдолтой болохыг шүүх мэдсээр атал гаргуулан авалгүй хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэх үндэслэлтэй юм.

Анхнаасаа худал мэдээлэлд тулгуурлан нэхэмжлэгч компаниудын гэрчилгээ, тамгыг хүчингүй болгосон улсын бүртгэлийн шийдвэрт үндэслэсэн дараа дараагийн бүртгэл нь хууль бус байх тул 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн бүртгэлийг зөвтгөн дүгнэсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын байцаагчийн дүгнэлт, мөн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй болох нь хууль ёсны, шударга ёсонд нийцэх билээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2020/0022 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэгч нараас “2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “Т...” ХХК-ийн улсын бүртгэлийн ********** дугаартай гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэр болон Х-ийг гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгох, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “А...” ХХК-ийн улсын бүртгэлийн ---------- дугаартай гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэр болон Х-ийг гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгох, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Б.Ганзоригийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 643 дугаар дүгнэлтийг бүхэлд нь хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч “А...” ХХК-ийн болон “Т...” ХХК-ийн ерөнхий захирлаар В ажиллаж байсан бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тус хуулийн этгээдүүдийн гүйцэтгэх захирлаар Х-ийг томилсныг бүртгэж, шинээр хуулийн этгээдийн гэрчилгээ олгосон. Харин 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “А...” ХХК-ийн захирлаар В-ыг томилсныг бүртгэж, дахин гэрчилгээ олгосон байна.

Улсын байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 643 дугаар дүгнэлтээр “А...” ХХК-ийн мэдээлэлд өөрчлөлт оруулсан 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гадаадын хөрөнгө оруулалттай ХХК болгон бүртгэсэн бүртгэл, тус компанийн гүйцэтгэх захирлаар В-ийг бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгосныг эс зөвшөөрч нэхэмжлэгч “А...” ХХК, “Т...” ХХК нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл “А...” ХХК-ийн 100 хувийн хувьцааг эзэмшигч “Т...” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Их Британийн Виржини Арлуулад бүртгэлтэй “T...” /толгой компани/-ийн бүтцэд орсон өөрчлөлтийн талаарх мэдээлэл, холбогдох баримтуудаар “Т...” ХХК-ийн хувьцаа эзэмшигч толгой компанийн бүтцэд 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр өөрчлөлт орж, 6 хувьцаа эзэмшигчтэй болсон бөгөөд тус хуулийн этгээдийн 70 хувийн буюу 7000 ширхэг хувьцааг “S...” гэх хуулийн этгээд эзэмшиж байгаа болох нь тогтоогдож байх бөгөөд, хариуцагч улсын бүртгэлийн байгууллагаас уг баримтуудыг үндэслэл болгон 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн бүртгэлүүдийг хийсэн байна.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн[1] 14 дүгээр зүйлийн 14.4-д[2] “Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө” гэж заасан, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.1-д “улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримт, тайлбар, лавлагааг гаргуулан авч тогтоох” нь улсын бүртгэгчийн үүрэг байхаар зохицуулснаас үзвэл улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь мэдүүлж байгаа эрхийн үнэн зөвийг нотлох үүргийг өөрөө хүлээх бөгөөд энэ тохиолдолд “А...” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр бүртгэгдсэн В нь бүртгүүлсэн эрх үнэн зөвийг нотлоогүй гэж үзэхээр байна.

Учир нь Их Британийн Виржини Арлуулад бүртгэлтэй “Т...” гэх хуулийн этгээд нэхэмжлэгч “А...” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч “Т...” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байх бөгөөд гуравдагч этгээдээс “T...” компанийн хувьцаа эзэмшигчийн мэдээлэл, гэрчилгээ зэрэг баримтыг гаргаж 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн бүртгэлийг үндэслэл болгон маргасан байхад нэхэмжлэгчээс тус толгой компанийн хувьцаа эзэмшигчтэй холбоотой маргахдаа уг хуулийн этгээдийн бүртгэгдсэн газар болох Их Британийн Виржини Арлуудад тус хуулийн этгээд 6 биш 5 хувьцаа эзэмшигчтэйгээр бүртгэгдсэн талаарх баримтыг гаргалгүйгээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын өөртөө засах орны нотариатын баримтыг үндэслэл болгож байгааг хүлээн авах боломжгүй байна.

Нэхэмжлэгчийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдолдоо “T...” компанийн хувьцаа эзэмшигч 1 хуулийн этгээд болох “А з х т ө” ХХК-аас С-д 700 ширхэг хувьцаа шилжүүлсэн гэх баримт авагдаагүй ... уг баримтууд нь өмгөөлөгч Г.О-ы гаргаж өгсөн гэрчилгээ гэх зүйлийн үнэн зөвийг няцаахад ихээхэн ач холбогдолтой” гэсэн үндэслэлийг заажээ. Гэтэл нэхэмжлэгчээс толгой компани болох “T...” компани нь 5 биш 6 хувьцаа эзэмшигчтэй талаар гуравдагч этгээдийн гаргаж өгсөн баримтыг няцаах баримтыг гаргаж өгөөгүй тул “T...” компанийн хувьцаа эзэмшигч “А з х т ө” ХХК-аас С-д 700 ширхэг хувьцаа шилжүүлсэн гэх баримт байхгүй гэсэн үндэслэлээр толгой “T...” компани 6 хувьцаа эзэмшигчтэй болсон гэх талаарх бүртгэлийг хүчингүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын “... гэрчилгээ, тамга алдагдсан гэх үндэслэлээр хүчингүй болгуулж, шинээр гэрчилгээ, тамга гаргуулан авсан нь бодит үнэнд нийцэхгүй байхад ... энэхүү худал мэдээллээр бүртгэл хийсэн” гэх үндэслэлийн тухайд:

Талууд толгой компанид хөрөнгө оруулалт хийгдсэн талаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд маргаагүй, харин гуравдагч этгээдийн зүгээс толгой компанид хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд түүний нотолгоо нь толгой компанийн бүртгэл (6 хувьцаа эзэмшигчтэй) гэж, нэхэмжлэгчээс хөрөнгө оруулалт хийгдсэн боловч хувьцаа шилжүүлээгүй гэсэн зөрүүтэй тайлбарыг өгч байна. Энэ талаар толгой компанийн бүртгэлийн үнэн зөв эсэхийг шийдвэрлэх эрх бүхий улсын хуулийн байгууллагад маргаан байхгүй гэжээ.

Ийнхүү нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хооронд маргаантай байгаагаас үүдэн Монгол Улс дахь хуулийн этгээдийн гэрчилгээ, тамгыг нэхэмжлэгч талд байхад нь хаяж, гээгдүүлсэн гэх үндэслэлээр шинээр авсан нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан гэрчилгээ, тамга, тэмдгийг дахин олгох зохицуулалтад нийцээгүй байх боловч энэ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гуравдагч этгээдийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл болохооргүй байна.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүх зөв дүгнэж хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 22 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “А...” ХХК, “Т...” ХХК-уудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                     О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                                     Ц.ЦОГТ

 


[1] 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр батлагдаж, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.

[2] 2009 оны Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.3