Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 210/ма2022/01437

 

 

 

 

 

 

2022 08 03 210/МА2022/01437

 

 

М ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 06ы өдрийн 102/ШШ2022/01721 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М ХК-ийн хариуцагч М Нийтийн эрх зүйн хуулийн этгээдэд холбогдуулан гаргасан санхүүгийн түрээсийн гэрээ, эвлэрлийн гэрээнүүдээс татгалзаж, үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшил, ашиглалтад шилжүүлэн, албадан чөлөөлж өгөхийг даалгаж, хохиролд 1,180,765,867 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Баянгол дүүрэг, 2 дугаар хороолол, 2 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө 46 гудамж, гранд плазагийн , тоот үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоолгож, 121,316,699 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Б.Б хариуцагчийн өмгөөлөгч З.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: М ХК болон М хоёрын хооронд байгуулсан 2008 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлттэй холбоотойгоор талуудын хооронд 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр эвлэрлийн гэрээнээс тус тус татгалзаж, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, гранд оффис цогцолборын , тоот үл хөдлөх хөрөнгийг М ХК-ийн эзэмшил ашиглалтад шилжүүлж өгөхийг М нд даалгах. Дээрх хоёр гэрээнээс татгалзсантай холбоотойгоор 2008 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хохирол 925,341,215 гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгийн 2008 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 164 сарын хугацаанд эзэмшиж ашигласны улмаас үрэгдүүлсэн хохирол 89,651 ам доллар буюу 255,424,652 төгрөг, нийт 1,180,765,867 төгрөгийг М ноос нэхэмжилж байна. Мөн М ХК , М той 2008 оны 05 дугаар сарын 14-ний өдөр санхүүгийн түрээсийн гэрээ нэртэй гэрээ байгуулж, тус гэрээгээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг 262,395 ам.доллар үнэлж сард 1 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай, 262,395 ам.долларыг ногдох үүргийн хамт, гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу нэхэмжлэгчид төлсний дараагаар маргаан бүхий өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөх эрхийг М нд шилжүүлэхээр гэрээнд заасан. Гэрээний агуулга Иргэний хуулийн 312 дугаар зүйлд заасан санхүүгийн түрээсийн гэрээ биш мөн хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэж байна. Гэрээний хугацааг тухайн түрээсийн зүйл болох эд хөрөнгийн ашиглалтын 4/3 хувиас багагүй байхаар тогтоосон. 2008 онд байгуулагдсан санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээсийн зүйлийг өмчлөлд шилжүүлэх, сар бүр 1 хувийн хүү тооцон гэж харилцан тохиролцсон нь санхүүгийн түрээсийн гэрээ биш зээлээр худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулсан. 2006 оны Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт барилга байгууламжийн ашиглах хугацаа 30 жил байна гэж заасан. Гэтэл гэрээний 1.6 болон санхүүгийн түрээсийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасан эд хөрөнгийн ашиглалтын хугацаа 4/3-аас багагүй байхаар тогтоосон байх шаардлагад нийцээгүй учраас санхүүгийн түрээсийн гэрээ байх боломжгүй. 2008 онд байгуулагдсан гэрээ ашиглуулах зорилгогүй, өмчлөлд шилжүүлэх зорилготой байсан. М ХК тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнийг бүрэн төлж дуусахаас өмнө эзэмшилд шилжүүлж, өнөөдрийг хүртэл өмгөөлөгчдийн холбоо ашиглаж байгаа. Хариуцагч тухайн үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн авсан ч төлөх үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй зөрчсөн. 2008 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн гэрээний үүргийн биелэлттэй холбоотой талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнээс татгалзсан. Энэхүү 2 гэрээнээс татгалзаж өгсөн авсан зүйлээ буцаах эрх үүрэг үүсэж байгаа тул маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлж өгөхийг М нд даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гүйцэтгэсэн үүргийн шинж чанараас биет байдлаар мэдүүлж өгөх зүйлийн үүргийн гүйцэтгэлийг мөнгөн хэлбэрээр буюу 925,341,215 төгрөг шаардсан. М 2008 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 164 сарын хугацаанд манай компани өмчлөлийн 262,395 ам.долларын үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж ашигласны улмаас 89,651 ам.доллар буюу 255,424,652 төгрөг нийт 1,800,765,867 төгрөгийг гаргуулж өгнө үү. Үүргийн биелэлтийн буцаан шаардах эрхтэй болно. Өмгөөлөгчдийн холбоонд өөрийн эд хөрөнгийг эзэмшүүлж, ашиглуулж үүргийн гүйцэтгэлээ бодит байдлаар шаардах боломжгүй учраас мөнгөн хэлбэрээр 925,000,000 төгрөг гарч байгаа. Хэрвээ өөр этгээдэд түрээслэхийн бол зохих ёсоор төлсөн бол 925,000,000 төгрөгийн орлого орох байсан гэсэн үндэслэлээр нэхэмжилж байна гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үед маргаан бүхий эд хөрөнгүүдтэй холбоотой асуудлаар байгуулсан гэрээ нь худалдах, худалдан авах гэрээг хангахгүй. Энэ нь санхүүгийн түрээсийн гэрээний дагуу түрээс хэлбэрээр эд хөрөнгийн өмчлөлийн асуудал шийдвэрлэх харилцаа байсан. Санхүүгийн түрээсийн гэрээний дагуу үүссэн маргаан бүхий эд хөрөнгийг М нд шилжүүлж өгөх ёстой байсан шилжүүлж өгөөгүй Ж ХХК -д шилжүүлж өгсөн. Гэрээний харилцаанаас татгалзаж байгаа тохиолдолд өгсөн авснаа буцааж өгөх ёстой. Өмгөөлөгчдийн холбооны үүсэх үүрэг шилжүүлсэн мөнгөн дүнг буцааж шилжүүлэх үүрэг үүснэ. Нэхэмжлэгчид маргаан бүхий эд хөрөнгүүдийн өмчлөх эрх 2012 оны 06 дугаар сарын 12-ны өдөр үүссэн. Маргаан бүхий эд хөрөнгө Өмгөөлөгчдийн холбооны эзэмшилд дуусаагүй байгаа хэлбэрээр 2007 оны 10 дугаар сард, бүрэн ашиглалтад орсон хэлбэрээр 2009 оны 09 дүгээр сард ирсэн. Үүнээс харахад М ХК -д өмчлөх эрх үүсэхээс өмнө барилгад хөрөнгө оруулалт хийх иргэний эрх зүйн гэрээний харилцааны хүрээнд Өмгөөлөгчдийн холбоо маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлээд авсан байсан. Энэ агуулгаар харахад зээлээр худалдах худалдан авах гэрээгээр авсан байх боломжгүй. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг М ХК өмчилж байсан гэдэг нь өөрөө өмчилж байсан зүйлээ худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн гэх нөхцөл байдал байхгүй. Энд заасан маргаан бүхий эд хөрөнгүүд М ны өмчлөх эрхэнд шилжиж ирэх ёстой. Ийм учраас маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг М ХК-ийн эзэмшил ашиглалтад шилжүүлж тус холбоонд даалгах нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй. 1 дэх шаардлагаар манай эзэмшилд шилжүүлж өгөх боломжтой, 2 дахь шаардлагаар боломжгүй байна гэж 900,000,000 гаруй төгрөгийг мөнгөн хэлбэрээр тооцож нэхэмжилсэн нь хуулийн шаардлагад нийцэхгүй. Гэрээнээс татгалзаж байна гэж үзэж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгээр мөнгө шилжүүлсэн. Тэр мөнгө 262,250,046 төгрөг тухайн үеийн ханшаар тооцож буцааж авна. Өмгөөлөгчдийн холбоо энэ хугацаанд 383,566,745 төгрөгийг шилжүүлсэн. 2 дахь шаардлагын хүрээнд гэрээнээс татгалзсантай холбоотойгоор М ХК шаардах энэ хэмжээний мөнгийг Өмгөөлөгчдийн холбоо төлсөн байх. Энэ агуулгаар нэхэмжлэлийн 2 дахь шаардлага үндэслэлгүй. Нэхэмжлэлийн 3 дахь шаардлага гэрээнээс учирсан хохиролд 255,000,420 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Мөн маргаан бүхий эд хөрөнгийн өмчлөх эрх М ХК -д байгаа учраас эд хөрөнгийг элэгдүүлж, хорогдуулсантай холбоотой хохирол зардлыг нэхэмжлэх нь үндэслэлгүй, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн агуулга: М , Ж ХХК -ийн бүтээн байгуулалт болох гранд плазагийн 15 дугаар давхрын , тоот үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахаар тус компанитай харилцан хүсэл зоригоо илэрхийлж гэрээ байгуулсан. М Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гранд плаза барилгын 308.7 м.кв талбайтай байрыг худалдан авахаар болсон, урьдчилгаа төлбөрт 50,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөр төлөхөд манайд санхүүгийн хүндрэл гарч М ХК -тай тохиролцож, санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж, М , Ж ХХК -аас худалдан авч байгаа байрныхаа төлбөрийн үлдэгдлийг санхүүжүүлэхээр болсон. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой гэрээнүүдийг тайлбарлах шаардлагатай. М ХК-ийн хувьд үл хөдлөх эд хөрөнгийг бодиттой өмчлөх хүсэл зориг байгаагүй. Үл хөдлөх эд хөрөнгийг анхнаасаа өмчлөх хүсэл зориг М нд байсан учраас Өмгөөлөгчдийн холбоо гэрээ хийсэн. Нийт 262,000 гаруй ам.долларын үнэтэй барилгын 17 хувийг манайх төлсөн. Үлдсэн 200,020 гаруй ам.долларыг нэхэмжлэгч хөрөнгө оруулсан. Ингээд санхүүгийн түрээсийн гэрээ хийх болсонтой холбогдуулан барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээг Ж ХХК , М ХК хоёрын хооронд дүр үзүүлж гэрээ хийгдсэн. Хөрөнгө оруулах гэрээг Ж ХХК , М ХК -тай хийсэн. Энэ гэрээ Иргэний хууль тогтоомж, талуудын үндсэн хүсэл зориг тохиролцоонд хүрээгүй учраас хүчин төгөлдөр бус хэлцэл юм. 2008 оны 05 дугаар сарын 14-ний өдөр М той Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан. Энэ гэрээний үндэслэл хүү тооцож авсныг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байна. М , М ХК -д нийт 262,250,046 төгрөгийг төлөх үүрэгтэй. Байрны төлбөрт манайх 51 удаагийн гүйлгээгээр нийт 383,566,745 төгрөгийг төлсөн байна. Эдгээр төлсөн мөнгө төлөх ёстой мөнгөнөөс 121,316,669 төгрөгөөр илүү байна. М ХК нь Даатгалын тухай хууль тогтоомжид заасан даатгалын компани хуулиар хүлээсэн үүргийг зөрчиж хэлцэл хийсэн. М ХК санхүүгийн туслалцаа үзүүлсний хариуд Өмгөөлөгчдийн холбоо өөрсдийн гишүүдийн хариуцлагын даатгалаар даатгуулах гэрээ байгуулсан. Энэ гэрээг үндэслэн хүү тооцож даатгалын үйл ажиллагаа явуулах санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа явуулах хуулиар тогтоосон үүргээ зөрчсөн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.9-т заасан харилцааг үүсгэсэн гэрээ хүчин төгөлдөр бус. Хүчин төгөлдөр бус хэлбэрийн үндсэн дээр Ж ХХК болон М ХК-ийн хооронд байгуулсан барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээнүүд байгуулагдсан. Дээрх гэрээнүүд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндсэн дээр хийгдсэн. Өмчлөх эрх үүсэх нөхцөл хуулийн дагуу байх ёстой. М ХК дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлүүдийн үндсэн дээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлд бүртгүүлсэн, мөн М ны Ж ХХК -ийн төлөх төлбөрөөс 121,316,699 төгрөгийг илүү тооцож М ноос авах зэргээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байна. Иймд гранд плазагийн , тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, үндэслэлгүйгээр хөрөнгөжиж авсан 121,316,699 төгрөгийг М ХК -аас буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга: Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Монголын өмгөөлөгчийн холбоог тогтоох шаардлага гаргасан. Үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр М г тогтоохын тулд эхлээд М ХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхгүй гэдгийг тогтоох шаардлагатай. Манай компани үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хууль болон гэрээнд заасны дагуу олж авсан. Нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг хуульд нийцүүлээгүй гэж үзэхгүй. Үндэслэл нь тухайн компани 2007 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Ж ХХК -тай барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээг байгуулсан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлж хийсэн хэлцэл гэж үзээд хүчин төгөлдөр бус болохыг тооцон өмчлөх эрхийг олж авсан гэж гаргаж байгаа шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Улсын Дээд шүүхийн тогтоолд дүр үзүүлж хийсэн хэлцэл тодорхой үр дүнд зориулж хийсэн бус тухайн хэлцлийг хийх хүсэл зориг эрмэлзэлгүйгээр гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг хэлцлийг хэлнэ гэж тайлбарласан. Ж ХХК болон М той байгуулсан гэрээний үүргээ биелүүлж төлбөр төлсөн. Гэрээнд заасан үүргийн дагуу үл хөдлөх эд хөрөнгийг манай компанид шилжүүлсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг хүлээн зөвшөөрөхгүй. М байрыг өмчлөх хүсэл зорилготой байсан байж болно. М Ж ХХК -тай 2007 оны 09 дүгээр сард гэрээ байгуулсан гэдэг. Гэтэл энэ гэрээ хавтаст хэрэгт авагдаагүй. Тийм учраас барилгад хөрөнгө оруулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй. Манай компани үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийг хууль ёсоор олж авсан. Улсын бүртгэл дээр журмын дагуу бүртгүүлсэн. 2008 оны 05 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээ нь агуулгын хувьд зээлээр худалдах худалдан авах гэрээ юм. Манай компани өөрийн өмчлөх эрхээ хэрэгжүүлээд захиран зарцуулах эрхтэй. Санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа эрхлэхэд банкны тухай хуульд зааснаар банк бол тусгай зөвшөөрөл авдаг бусад этгээд санхүүгийн тусгай зөвшөөрөл авдаггүй. Манайх өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө өөрийн үзэмжээрээ захиран зарцуулж байгаа нь хууль зөрчсөн үйл ажиллагаа биш. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.9, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан М ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М нд холбогдох санхүүгийн түрээсийн гэрээ, эвлэрлийн гэрээнүүдээс татгалзаж, үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшил, ашиглалтад шилжүүлэн, албадан чөлөөлж өгөхийг даалгаж, хохиролд 1,180,765,867 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн Баянгол дүүрэг, 2 дугаар хороолол, 2 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө-46 гудамж, гранд офиссын 15 дугаар давхарт, 308.7 м.кв талбайтай, , тоот үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдсэн 121,316,699 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,046,034 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 2,323,659 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 158,361 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд илүү төлсөн 1,418,726 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгч, хариуцагч нарт буцаан олгож шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. М ХК болон М нарын хооронд 2008 оны 05 дугаар сарын 14-ний өдөр санхүүгийн түрээсийн гэрээ нэртэй гэрээ байгуулагдсан боловч талуудын хооронд үүссэн гэрээний эрх зүйн харилцаа нь Иргэний хуулийн 312 дугаар зүйлд заасан санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа биш. Харин Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа юм. Гэтэл санхүүгийн түрээсийн гэрээ нэртэй гэрээ нь талууд анхнаасаа үл хөдлөх эд хөрөнгийн үнэ бүрэн төлөгдөж дуусмагц түрээсийн зүйлийг түрээслэгчийн өмчлөлд шилжүүлэх, сар бүр 1 хувийн хүү тооцохоор харилцан тохиролцсон нь санхүүгийн түрээсийн гэрээний шинжийг бус зээлээр худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулсан. 2006 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 болон гэрээний 1.6, Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасанд нийцээгүй байна. Иймд талуудын хооронд үүссэн гэрээний харилцааг санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа гэж үзэхгүй бөгөөд харин талууд гэрээг бичгээр байгуулсан, мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээг тохиролцсон, хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ болон хугацааг тохиролцсон, төлбөл зохих хүүгийн хэмжээг тохиолцсон, үнэ эсхүл үнийг тодорхойлох журмыг тохиролцсон байгаа нь Иргэний хуулийн 263 дугаар зүйлд заасан зээлээр худалдах худалдан авах гэрээний хэлбэр болон шаардлагад бүрэн нийцсэн байна. Гэтэл анхан шатны шүүх М ХК өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг М нд зээлээр худалдахаар болсонтой холбоотой талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа гэж алдаатай, буруу дүгнэж, уг дүгнэлтдээ тулгуурлан М ХК -ийг санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй тул уг гэрээ нь Иргэний хуулийн 56.1.1, 56.1.9-д заасныг зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.4 болон 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасанд тус тус нийцээгүй. М ХК нь Ж ХХК -тай үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг байгуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хуулийн дагуу олж аван үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгч болсон нь болон өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг М нд зээлээр худалдан борлуулахаар зээлээр худалдах худалдан авах гэрээний харилцаанд орсон нь Даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан даатгалын үйл ажиллагаа эрхлэгч хуулийн этгээдэд хориглох үйл ажиллагааны төрөлд хамаарахгүй. М ХК нь даатгалын үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэн явуулдаг нөхцөл байдал нь тухайн хуулийн этгээдийг үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх олж авах, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн хувьд үл хөдлөх эд хөрөнгөө бусдад зээлээр худалдан борлуулах эрхийг хязгаарлахгүй бөгөөд тусгай зөвшөөрөлтэй эрхэлдэг үйл ажиллагааны хүрээнд бус аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрхээ эдлэх нь ямар нэгэн хуулийг зөрчихгүй бөгөөд өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөтэйгээ холбоотой хийсэн аливаа хэлцлийг хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй. Санхүүгийн түрээсийн гэрээ нэртэй гэрээний хуулиар тодорхойлогдсон шинжийг анхаарахгүйгээр зөвхөн нэрэнд нь хөтлөгдөж, хуулиар тогтоосон санхүүгийн түрээсийн гэрээ болон зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа, хууль зүйн үр дагаврыг хариуцагчид ашигтай шийдвэр гаргах үүднээс илт буруу тайлбарлаж, талуудын хооронд үүссэн гэрээний харилцааг Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт заасан санхүүгийн түрээсийн гэрээ гэж дүгнэж, хууль тогтоомжийг зөрчсөн тогтоогдож байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1. 56.1.9-д зааснаар хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцээгүй. М ХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бүхэлд нь үгүйсгэж, М ХК-ийн өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө Монголын өмчгөөлөгчдийн холбооны эзэмшил, ашиглалтаас чөлөөлүүлэх шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь гэрээний үндсэн дээр нэгэнт бий болсон талуудын хоорондын харилцааны явцад өмгөөлөгчдийг мэргэжлийн хариуцлагын даатгалд хамруулахтай холбоотойгоор М ХК болон М ны хооронд 2009 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хамтын ажиллагааны гэрээ нэртэй гэрээ байгуулагдсан. Хууль зүйн хувьд шүүх 2008 оны 05 дугаар сарын 14-ний өдөр М ХК болон М нарын хооронд байгуулагдсан санхүүгийн түрээсийн гэрээ нэртэй гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.9-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн тохиолдолд уг гэрээний үндсэн дээр нэгэнт бий болсон талуудын хоорондын харилцааны явцад өмгөөлөгчдийг мэргэжлийн хариуцлагын даатгалд хамруулахтай холбоотойгоор М ХК болон М ны хооронд 2009 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан хамтын ажиллагааны гэрээ нэртэй гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үр дагавартай байсан. Гэтэл шүүх хуулийн дээрх хууль зүйн үр дагаврыг хэрхэн үгүйсгэсэн нь тодорхойгүйгээр хожим байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь буруу. Дээр дурдсанаар 2009 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хамтын ажиллагааны гэрээ нэртэй гэрээг хүчин төгөлдөр бөгөөд бүрэн хэрэгжиж дууссан гэрээ гэж үзэх хууль зүйн ямар ч үндэслэл байхгүй байхад анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт хамтын ажиллагаа хэрэгжсэн гэх хууль зүйн ямар ч үндэслэлгүй дүгнэлт хийж, М ХК-ийн өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө М ны эзэмшил, ашиглалтаас чөлөөлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож, уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай М ны сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Анхан шатны шүүх М ХК болон М ны хооронд санхүүгийн түрээсийн гэрээ нэртэй гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаа бол уг хэлцлээр шилжүүлсэн зүйлсээ харилцан буцаах, боломжгүй бол үнийг төлөх үр дагаврыг шийдвэрлэх ёстой байтал М ны өмчлөлд байхгүй үл хөдлөх эд хөрөнгүүдийг М ны өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон баримталсан хуулийн заалттай огт нийцэхгүй. Шүүх хуульд огт үндэслэгдээгүй дээрх дүгнэлтийг хийж, үл хөдлөх хөрөнгийг М ны өмчлөлд шилжүүлсэн нь Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн 2, 3 болон Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Зохигчид уг гэрээнээс татгалзаж, эвлэрлийн гэрээг байгуулсан өдөр М ноос 7,500,000 төгрөг буюу 3,012.616 ам.доллар, 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 50,000,000 төгрөг буюу 21,274.604 ам.доллар, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 10,000,000 төгрөг буюу 4,120.092 ам.доллар, 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 10,000,000 төгрөг буюу 4,059.611 ам.долларыг төлснөөс өөр төлбөр төлөгдөөгүй. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчаас нийт 333,826,745.15 төгрөг төлөгдсөн хэргийн баримтад үндэслэхгүйгээр хариуцагчаас 383,566,745.15 төгрөг төлөгдсөн мэт дүгнэж, үүнд маргаагүй гэх бодит байдалд нийцэхгүй дүгнэлт хийсэн. Мөн эвлэрлийн гэрээнд заасан дүн болох 380,000,000 төгрөгийг 2017-2018 онуудад төлж барагдуулсан мэтээр нотлох баримтад үндэслэгдээгүй дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйл болон 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт нийцээгүй. М нь 2017 оны 10 дугаар сарын 14-ний байдлаар нийт 443,191.48 ам.долларыг төлж, үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг олж авах байтал нийт 48 удаагийн төлөлтөөр М ХК -д 333,826,745.15 төгрөг буюу 226,134.576 ам.долларыг төлсөн, 217,046,904 ам.доллар төлөх үүргээ биелүүлээгүй байтал анхан шатны шүүх үл хөдлөх хөрөнгийг М ны өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт тус тус нийцээгүй, шударга бус, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн этгээдийг тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, дахин нэмж үндэслэлгүй шийдвэрлэсэн. Түүнчлэн, анхан шатны шүүх хохирол гаргуулах шаардлагуудын талаар шүүхийн шийдвэр огт дүгнэлт хийгээгүй, уг шаардлагуудтай холбоотой хуулийн зүйл, заалтуудыг шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хяг шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4, 118.5 дахь хэсэгт заасан шаардлагыг огт хангаагүй. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулж, М ны гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах харилцаа үүсээгүй. Энэ талаар зохицуулсан гэрээ хэрэгт авагдаагүй. Маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө нь санхүүгийн түрээсийн гэрээ байгуулах үед М ХК-ийн өмчлөлд байгаагүй. М нь Ж ХХК -тай гэрээ байгуулж эхний ээлжийн төлбөр болох 50,000,000 төгрөг буюу нийт төлбөрийн 17 хувийг төлсөн. Үлдэгдэл төлбөрийг хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон. Санхүүгийн түрээсийн гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар талууд байгуулсан. Дээр дурдсан төлөгдөөгүй үлдэгдэл болох 262,250,046 төгрөгийг Ж ХХК -д бодитойгоор төлсөн. Иргэний хуулийн 313 дугаар зүйлийн 313.1, 313.3 дахь хэсгийг зөрчсөн гэрээ хүчин төгөлдөр бус байхаар заасан. Иймд гэрээний талууд гарын үсэг зурж баталгаажуулсан нь хүсэл зоригийн хувьд бус хууль зүйн агуулгаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 болон 56.1.9-д тус тус заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй. Энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. М ХК болон М ны хооронд санхүүгийн түрээсийн гэрээг байгуулж уг гэрээг үндэслэн хүү тогтоосон зэрэг нь даатгалын үйл ажиллагаа явуулах санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа эрхлэх тухай хуулиар тогтоосон журмыг зөрчсөн. Монголын өмгөөлөгчийн холбооны удирдлагын зүгээс маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах асуудлаар Ж ХХК -тай 2007 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр барилгад хөрөнгө оруулах гэрээ байгуулсан. Уг гэрээг байгуулах үед Гранд плаза цогцолборт орон сууцны захиалга дуусах гэж байгаа тул Ж ХХК -аас эхний ээлжийн төлбөрөө төлсөн тохиолдолд гэрээ байгуулагдах нөхцөлийг тавьсан. М болон Ж ХХК нарын хооронд байгуулсан гэрээгээр тохиролцсон үлдэгдэл төлбөрийг төлөхдөө М санхүүгийн хэрэгцээний шаардлагатай байсан тул уг санхүүжилтийг авсан талаар бидний зүгээс өмнө дурдсан. Тодруулбал М болон М ХК нар маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой үүссэн харилцаа, байгуулсан гэрээнд худалдах, худалдан авах гэрээний нэгэн төрөл болох зээлээр худалдах, худалдан авах гэрээ бус санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан нь хэрэгт авагдсан баримт болон талуудын хүсэл зориг зэргээр нотлогдоно. Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу М ХК -аас шилжүүлсэн зүйл нь мөнгө тул тус компанийг буцаан авах буюу шаардах эрхийн зүйл нь үл хөдлөх эд хөрөнгө бус М ны нэрлэн заасан этгээд болох Ж ХХК -д төлсөн төлбөр. М хамтын ажиллагааны гэрээнд заасан үүргээ биелүүлж М ХК -д өмгөөлөгчийн мэргэжлийн хариуцлагын даатгалын хураамжид 27,387,610 төгрөг төлсөн. Харин тус компани мэргэжлийн хариуцлагын даатгалыг хувь өмгөөлөгч тус бүртээ байгуулаагүй нь хамтын ажиллагааны гэрээний зөрчил болсон. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д зааснаар анхан шатны шүүх М ХК болон М нарын хооронд байгуулсан санхүүгийн түрээс гэх нэртэй гэрээг хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн тохиолдолд уг гэрээгээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцаах төлбөрийг төлөх асуудлыг шийдвэрлэх ёстой байсан гэж нэхэмжлэгч талаас удаа дараа гомдолдоо дурдаж, тайлбарладаг. Маргааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг М 2007 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан. Ж ХХК -д нийт төлбөрийн 17 хувь буюу 50,000,000 төгрөгийг төлсөн. М ХК нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдөр өөрийн өмчлөлд шилжүүлж, бүртгүүлсэн. Уг хугацаанаас өмнө 2009 оны 09 дүгээр сараас эхлэн тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг бүрэн М эзэмшилдээ авч, ашигласан. Уг 2009 оны 09 дүгээр сар нь ашиглалтад орсон хугацаа юм. Анх ашиглалтад орсон хугацаанд бид өөрсдийн сонголт боломжоор бүх зүйлийг хийж, зассан. Уг үл хөдлөх эд хөрөнгө М ны өмч тул эзэмшилдээ авсан талаар М ХК маргадаггүй, зөвшөөрдөг. Зөвхөн тохиролцсон зургийн дагуу М ноос Ж ХХК -д төлсөн төлбөрийнхөө зөрүү үлдэгдлийг төлүүлэхийг шаардсан. Энэ талаар хэлцэл байгуулагдсан буюу хэрэгт нотлох баримт авагдсан. Монголын өмгөөлөгчийн холбоо болон М ХК нар нь 262,246,000 төгрөгийг төлөх байснаас нийт 51 удаагийн гүйлгээгээр 383,566,745.15 төгрөг төлөх ёстой төлбөрөөсөө даруй 121,316,699 төгрөгийг илүү төлсөн. Өмчлөх эрх үүсэх үндэслэл нь хуулийн дагуу явагдана. Гэтэл М ХК нь дээрх дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлүүдийг үндэслэн Гранд плаза цогцолборын өмгөөлөгчдийн холбооны өмчийг өөрийн нэр дээр бүртгүүлж М ноос 121,000,000 төгрөгийг илүү авсан. Иймд нэхэмжлэгч талын гаргасан гомдол үндэслэлгүй. Зургаадугаарт шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлаагүй нэхэмжлэлийн шаардлагын хохирол гаргуулах тухай дурдаж гомдлоо дурддаг. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь болон гэрээ байгуулан олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан. Мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.1-д заасан үүссэн үүргийн шинж чанар нь өөрөө 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийн гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар буцааж өгөх үүрэгтэй. Харин Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь өгөх үүрэг нь мөнгөн төлбөрийн үүрэгт хамаарахгүй. Иймд нэхэмжлэгч гүйцэтгээгүй үүрэг гэж 925,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан нь хууль зүйн болон бодит байдалд нийцээгүй. М ХК нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 болон 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсгийг тус тус баримтлан маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн элэгдэл, хорогдлын хохиролд тооцож 89,651,62 ам.доллар буюу 255,420,000 төгрөгийг шаардсан нь үндэслэлгүй. Иймд Монгол даатгал ХХК-ийн тавьсан гомдол үндэслэлгүй. Энэ талаар гарсан анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэжээ.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: М , М ХК-ийн хооронд байгуулагдсан хамтын ажиллагааны болон санхүүгийн түрээсийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.9-д заасан үндэслэлээр, М ХК болон "Ж ХХК -ийн хооронд хийгдсэн барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээнүүд нь мөн зүйлийн 56.1.2, 56.1.12-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл болсон тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасныг үндэслэн М г үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоолгох, 2-т дээр дурдсан хүчин төгөлдөр бус гэрээний дагуу нэхэмжлэгч М ХК -ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр тус компанид илүү төлөгдсөн 121,316,699 төгрөгийг М ХК -аас буцаан гаргуулах шаардлага гаргасан. Манай холбооны гаргасан 121,316,699 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь холбогдох хууль болон хэрэгт авагдсан нотлох баримтуудад нийцээгүй. Санхүүгийн түрээсийн гэрээний дагуу нийтдээ 51 удаагийн гүйлгээгээр 383,566,745.15 төгрөг төлсөн болохоо баримтаар нотолсон. Энэхүү төлбөрөөс 356,179,135 төгрөг нь санхүүгийн түрээсийн гэрээний дагуу төлөгдсөн үндсэн төлбөр, хүүд төлсөн төлбөр болох нь төлбөрийн баримт дээрх гүйлгээний агуулгаар нотлогдоно. Харин 27,387,610 төгрөг нь хамтын ажиллагааны гэрээний дагуу төлөгдсөн өмгөөлөгчдийн даатгалын хураамж байсан. Гэтэл анхан шатны шүүх эдгээр төлбөрийг бүгдийг нь өмгөөлөгчдийн холбоо гишүүдийн даатгалын төлбөрийг шилжүүлэн тохиролцсон төлбөрийг төлсөн нь тогтоогдож байна. гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудад нийцээгүй. Анхан шатны шүүх санхүүгийн түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ болохыг тогтоосон атлаа сөрөг нэхэмжлэлийг хангаагүй нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д нийцээгүй гэж үзэж байна. Хамтын ажиллагааны гэрээнд заасан үүргийн дагуу М ХК нь өмгөөлөгчийн мэргэжлийн хариуцлагын даатгалын гэрээг хураамж төлсөн өмгөөлөгч тус бүртэй байгуулах ёстой байсан. Эдгээр төлөгдсөн төлбөрийн хэмжээгээр өмгөөлөгч тус бүртэй даатгалын гэрээг байгуулаагүй тул манай холбооноос 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 277 тоот албан бичгээр тухайн төлбөрийг санхүүгийн түрээсийн гэрээний төлбөрт тооцуулах шаардлагыг тавьсан нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д нийцсэн шаардлага юм. Энэ албан бичигт тухайн үед М ХК ямар нэгэн хариу ирүүлээгүй тул бидний тавьсан шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж манай байгууллага үзэж байгаа. М ХК -ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр тус компанид илүү төлөгдсөн 121,316,699 төгрөгийг гаргуулах шаардлагад хамаарах тооцооллын талаар анхан шатны шүүхэд тодорхой тайлбарласан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

9. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хариуцагч талын гомдолдоо дурдсан 121,316,699 төгрөгийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Уг төлбөрөөс 27,387,610 төгрөг нь М ноос гишүүн өмгөөлөгч нарын даатгалын төлбөртэй холбоотой асуудал гэж маргадаг. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь санхүүгийн түрээс, зэлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан аль ч тохиолдолд манай компани М нд төлбөр төлөх үүрэг үүсэхгүй. Учир нь хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх үндэслэлийг шүүх үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 10 жилийн түрээсийн төлбөрийг М ноос гаргуулж М ХК - д шийдвэрлэх ёстой. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж үзэж талуудын хоорондын харилцааг дүгнэсэн ч төлбөр төлөх үүрэг үүсэхгүй. Учир нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний үндсэн төлбөр нь ам.доллароор хийгдэж байсан тул гэрээний төлбөр төлөх бүрт доллартой холбоотой асуудал яригдана. Долларын төлбөрийг талууд харилцан тохиролцож 380,000,000 төгрөгийн үлдэгдэл үүссэн байдлаар эвлэрлийн гэрээ байгуулсан. Эвлэрлийн гэрээнээс талууд татгалзсан боловч нотлох баримтын хүрээнд үнэлэгдэнэ. Учир нь талууд 2016 онд 380,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй талаар харилцан хүлээн зөвшөөрсөн. Иймд ямар ч тохиолдолд М нд М ХК нь төлбөр төлөх үүрэг хүлээхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гарсан гэж ойлгуулж, үл хүлээн зөвшөөрч байгаа байдал илэрхийлэгдэх гомдол гаргасан гэж ойлгож байна. Иймд энэ талаар гаргасан М ны давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэртэй холбоотой гаргасан М ХК-ийн гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч М ХК нь хариуцагч М Нийтийн эрх зүйн хуулийн этгээдэд /цаашид М гэх/ холбогдуулан санхүүгийн түрээсийн гэрээ, эвлэрлийн гэрээнээс татгалзаж, үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшил, ашиглалтад шилжүүлэн, албадан чөлөөлж өгөхийг даалгаж, хохиролд 1,180,765,867 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Баянгол дүүргийн 2 дугаар хороолол, 2 дугаар хороо, Энхтайваны өргө чөлөө-46 гудамж, Гранд плазагийн тоот, тоот үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоолгож, илүү төлсөн 121,316,699 төгрөгийг сөрөг нэхэмжлэлээр шаардаж маргасан байна.

3. Хэрэгт авагдсан Ж ХХК , М ХК-ийн 2007 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан барилгад хөрөнгө оруулалт хийх тухай 070921 070921/А дугаартай гэрээ, Монгол даатгал ХХК-аас төлбөр төлсөн баримт, Баянгол дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн дэлгэрэнгүй лавлагаа зэрэг баримтуудаас нэхэмжлэгч М ХК нь Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол /1605/ Энхтайваны өргөн чөлөө 46 дугаар байрны , тоот 108.7 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 262,395 ам.долларыг Жигүүр гаранд групп ХХК-д төлж, 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдөр уг үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр бүртгэгдсэн байдал харагдаж байна. /1хх186-188, 210, 2хх45, 89-93/

4. Нэхэмжлэгч М ХК нь М той 2008 оны 05 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан, санхүүгийн түрээсийн гэрээ, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээний үүргийг шаардсан нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, дээрх 2 гэрээнээс татгалзан өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг эзэмшил, ашиглалтдаа шилжүүлэхийг даалгах, хохирол гаргуулахаар шаардсан.

Хариуцагч М нь нэхэмжлэлийн уг шаардлагыг эс зөвшөөрч гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...М нд Ж ХХК -аас үл хөдлөх хөрөнгө худалдан авах, М ХК -д зарим санхүүгийн туслалцаа үзүүлэх хүсэл зориг байсан. М ХК нь ийнхүү санхүүгийн туслалцаа үзүүлсэний хариуд М нь өөрийн гишүүдийн мэргэжлийн хариуцлагын даатгалыг тус компанид даатгуулах гэрээ байгуулах үүрэг хүлээсэн, санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан, энэ гэрээг үндэслэн хүү тооцсон зэрэг нь даатгалын үйл ажиллагаа явуулах санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа эрхлэх тухай хуулиар тогтоосон журмыг зөрчсөн нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм. Дээрх хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндсэн дээр байгуулсан барилгад хөрөнгө оруулалт хийх 070921 070921/А гэрээнүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан мөн хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэлд хамаарна. Гэтэл М ХК нь дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлүүдийг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчид бүртгүүлж, М ны нэрийн өмнөөс Ж ХХК -д төлсөн төлбөрөөс 121,316,699 төгрөгийг илүү тооцон авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн... гэж тайлбарлажээ. /2хх79-81, 3хх141-149/

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тухайн үед М ны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Б.П ...2007 онд Монгол өмгөөлөгчдийн холбоо маргаан бүхий үйлчилгээний талбайг худалдан авах зорилгоор Ж ХХК -тай гэрээ байгуулж, 2007 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 50,000,000 төгрөг төлсөн... гэж мэдүүлсэн байна. /2хх217-220/ Мөн Ж ХХК -д хүргүүлсэн М ны 2007 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 208 дугаартай албан бичигт ...Барилгад хөрөнгө оруулалт хийх тухай 2007 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан гэрээний төлбөрийг Монгол даатгал ХХК төлөхөөр тохиролцсон тул гэрээг цуцлах... гэсэн агуулга тусгагдсан байна.

6. Хариуцагч М нь бусдын өмчлөлийн зүйлийн үнийг нь бүрэн төлсөн гэж өөрийн өмч болохыг тогтоолгож, илүү төлсөн төлбөрийг буцаан гаргуулахыг шаардаж байх тул М анх Ж ХХК -тай маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг хэзээ, ямар үнээр худалдан авах, төлбөрийг ямар нөхцөлтэй гүйцэтгэх, уг гэрээг М ХК -д шилжүүлсэн учир шалтгаан, М ноос 2007 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Ж ХХК -д төлсөн 50,000,000 төгрөгийн төлбөрийг хэрхэн тооцохоор тохиролцсон зэрэг маргааны үйл баримтад ач холбогдолтой нөхцөл байдлуудыг тодруулах шаардлагатай, анхан шатны шүүх дээрх байдлыг тодорхойлоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

7. Түүнчлэн, анхан шатны шүүхийн Ж ХХК -аас М , Ж ХХК -ийн хооронд 2007 онд байгуулагдсан хөрөнгө оруулалтын болон худалдах, худалдан авах гэрээг гаргуулах захирамжилсан биелэлт хангагдаагүйгээс маргааны үйл баримтыг бүрэн гүйцэд, зөв тогтооход ач холбогдолтой дээр дурдсан нөхцөл байдлууд тодорхой бус үлдсэн байна.

8. Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2022/01721 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 15,187,673 төгрөг, хариуцагчийн төлсөн 764,534 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Д.ЦОГТСАЙХАН