Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 755

 

Б.Гал-Эрдэнэ, Б.Батболд нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          Прокурор Ц.Алдархишиг,

          Ялтан Б.Гал-Эрдэнэ /цахим сүлжээгээр/, түүний өмгөөлөгч С.Пүрэвдорж,

          Ялтан Б.Батболдын өмгөөлөгч Г.Оюунцэцэг,

          Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, шүүгч С.Батгэрэл, Ё.Цогтзандан нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 118 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Гал-Эрдэнэ, түүний өмгөөлөгч С.Пүрэвдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Гал-Эрдэнэ, Б.Батболд нарт холбогдох эрүүгийн 2015 0100 0133 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигон овгийн Баясгалангийн Гал-Эрдэнэ, 1979 оны 2 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 49 дүгээр гудамжны 12 тоотод оршин суух,

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 1995 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 246 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгэж, уг таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 1996 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 286 дугаар талсан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сар хорих ял оногдуулж, 1995 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 246 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялын зарим хэсэг болох 6 сарын хорих ялыг нэмж, бүгд 1 жил хорих ялаар, 1996 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн Монголын Тулгар Төрийг үүсгэн байгуулсны 790 жилийн ойг тохиолдуулан эмэгтэйчүүд, хүүхэд, жараас дээш насны эрэгтэйчүүдэд өршөөл үзүүлэх комиссын 28 дугаар тогтоолоор Б.Гал-Эрдэний эдлээгүй үлдсэн 7 сар 27 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж суллагдсан,

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 1998 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 240 дүгээр зүйлийн 240.1 дэх хэсэгт зааснаар 30.000 төгрөгөөр торгох ялаар,

- Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 427 дугаартаслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар,

- Баянгол дүүргийн шүүхийн 2000 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 216 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 150.000 төгрөгийн торгох ялаар,

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2001 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 457 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хорих ялаар,

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 327 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн тусгай ангийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх эрхийг хасахгүйгээр 3 сар 10 хоног баривчлах ялаар шийтгүүлж, 2014 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан /РД:ХГ79021614/,

2. Сандаг овгийн Баттөмөрийн Батболд, 1979 оны 8 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 3 дугаар хорооллын сотын 3-1 дүгээр байрны 49 тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД:ХМ79081013/,

Үйлдсэн хэргийн талаар:

1. Б.Гал-Эрдэнэ нь 2015 оны 6 дугаар сараас 10 дугаар сарыг хүртэлх хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин гидрохлоридын агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалаж 6 удаагийн давтан үйлдлээр бусдад борлуулсан,

2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин гидрохлоридын агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй, ууттайгаа 1,5 грамм мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авч, Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 8 дугаар байрны 7 тоотод буюу гэртээ хадгалсан,

2015 оны 10 дугаар сарын 9-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 хорооны нутаг дэвсгэрт байрлах 50 дугаар сургуулийн орчим Б.Батболдод 0,2 грамм “мөс” гэх мансууруулах бодисыг борлуулсан,

2. Б.Батболд нь 2015 оны 10 дугаар сарын 9-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 хорооны нутаг дэвсгэрт байрлах 50 дугаар сургуулийн орчим Б.Гал-Эрдэнээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин гидрохлоридын агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй мансууруулах бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн Прокурорын газраас: Б.Гал-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, Б.Батболдын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Гал-Эрдэнийг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан, борлуулсан гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд, Б.Батболдыг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4 дэх хэсэгт зааснаар Б.Гал-Эрдэнийг 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар Б.Батболдыг 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэж, Б.Гал-Эрдэнэд оногдуулсан 10 жил 1 сар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Гал-Эрдэнийн цагдан хоригдсон 240 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Б.Батболд цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн Б.Гал-Эрдэнийн жолоодож явсан “Тоёота Кроун” загварын авто машинаас хураагдсан 18 см урттай цагаан өнгийн гуурс 1 ширхэг, тарианы усны ампулын шилний хагархай үзүүр хэсэг 2 ширхэг, Б.Гал-Эрдэнийн гэрээс хураагдсан 10.5 см урттай цагаан өнгийн гуурс 1 ширхэг, 18 см урттай нэг талдаа ягаан өнгийн гуурс 1 ширхэг, 12.5 см урттай нэг талдаа ягаан өнгийн гуурс шургуулж хар өнгийн лентээр битүү ороосон цагаан өнгийн дөрвөлжин хэлбэрийн сав 1 ширхэг, 6 см урттай, дотор тал нь хар өнгийн зүйлээр бохирлогдсон ямар нэгэн бичиггүй шилэн бортого хэлбэрийн гаанс 1 ширхэг, 21 см урттай нэг үзүүрт нь хар өнгийн соруул мэт зүйл шургуулсан нөгөө үзүүрт нь 6 см өндөртэй ногоон өнгийн бонго, цагаан өнгийн гуурс 1 ширхэг, Б.Гал-Эрдэнийн гэрээс эд мөрийн баримтаар хураан авсан 8х11.5 см хэмжээтэй зиплок түгжээ бүхий гялгар ууттай 1.5 грамм мөс гэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис, улаан өнгийн зүү зоосон асаагуур 1 ширхэг, Б.Батболдын жолоодож явсан “Тоёота Приус-20” загварын авто машинаас хураагдсан 3х5 см хэмжээтэй зиплок түгжээ бүхий дотор тал нь цагаан өнгийн наалдацтай гялгар уут 1 ширхэг, Б.Батболдын авто машинаас 3.5 метрийн зайд газарт байсан 2х2.5 см хэмжээтэй гялгар ууттай 0.2 грамм мөс гэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис, 3.5 см урттай гадна талдаа ямар нэгэн бичиглэл байхгүй үзүүр нь хагарсан дотор тал нь цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон тарианы усны ампулын шил 1 ширхэг, Б.Батболдын автомашинаас 2.5 метрийн зайд газарт байсан 3.5 см урттай гадна талдаа ямар нэгэн бичиглэл байхгүй үзүүр нь хагарсан дотор тал нь цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон тарианы усны ампулын шил 1 ширхэг зэрэг зүйлийг устгах, АК2779062, JN3759341 серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 2 ширхэг, JN3759359 серийн дугаартай 100 төгрөгийн хуйлсан мөнгөн дэвсгэрт 1 ширхэг зэргийг “Монгол” банкинд зохих журмын дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Нямсүрэнд даалгаж, 52-28 УБҮ улсын дугаартай “Тоёота Приус” загварын автомашин битүүмжилсэн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоол, 55-01 УНП улсын дугаартай, “Тоёота Кроун” загварын автомашин битүүмжилсэн 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Ялтан Б.Гал-Эрдэнэ гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Эхнэр маань удаан хугацаагаар гадаад яваад миний бие 3 хүүхдийн хамт ядарч, сэтгэл санаа хямарч байхдаа өөрийн сонирхлоор мансууруулах бодис нэг бус удаа хэрэглэж үзэж байсан нь үнэн. Гэхдээ би хэзээ ч мансууруулах бодис борлуулж байгаагүй. Өөрөө л хэрэглэдэг байсан. Б.Батболд тэр шөнө над руу 15 удаа тасралтгүй утсаар залгаж уулзъя гэсэн. Уулзаад гуйхад нь би хэрэглээд үлдсэн гялгар уутны ёроолд наалдсан жааханг өгсөн. Б.Батболд нь мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өөрийгөө ялгүй авч гарахын тулд намайг гүтгэсэн.

Би 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр батлан даалтад гарсан байхад мөрдөн байцаагч, ахлах дэслэгч Эрдэнэдалай намайг тодруулах зүйл байна гэж дуудсан. Тэгээд намайг “автомашин барьж байгаа, хүнд юм өгч байгаа, хүнээс мөнгө тоолж авч байгаа” зэргээр янз бүрээр гэрэл зураг авсан. Би өмгөөлөгчөө дуудъя гэхэд “зүгээрээ, гүйцэтгэх ажиллагааны материалтай тулгах гэрэл зураг авч байна” гэсэн. Гэтэл уг гэрэл зурагнуудыг гүйцэтгэх ажиллагааны материалтай тулгалт хийх нэрийдлээр хэргийн нотлох баримт болгож байна. Миний ойлгож байгаагаар эдгээр гэрэл зургуудыг орчин үеийн шинжилгээний тусгай багажаар хэдийд авсан зураг болохыг тогтоож болох байх гэж үзэж байна. Гүйцэтгэх ажиллагааны зургаар шинжилгээ хийсэн, харьцуулсан гэрэл зураг нь миний 2 зургийг өөр 2 зурагтай харьцуулсан байсан. Юм өгч, авсан гэрэл зураг байхгүй. Би урьд өмнө нь хулгайн гэмт хэрэгт шийтгүүлж байсан. Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдож байгаагүй, цагдаад энэ талаар шалгагдаж үзээгүй. Иймд надад холбогдох хэргийг нарийвчлан шалгуулахаар мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.

Ялтан Б.Гал-Эрдэнийн өмгөөлөгч С.Пүрэвдоржийн гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх шүүхийн дүгнэлтийн үндэслэл нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзээгүй шийтгэл тогтоол гаргасан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 317-320 дугаар зүйлүүдийг зөрчиж, миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байх тул гомдол гаргаж байна.

Нэг. Шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4 дэх хэсэгт заасан “Нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчсөн бол эдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэсэн заалтыг зөрчлөө. Үүнд:

Ялтан Б.Гал-Эрдэнийн амьдарч байсан Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 8 дугаар байрны 07 тоотод хийсэн үзлэгээр гэрээс нь ууттай 1.5 грамм “Мөс” хэмээх мансууруулах бодис илэрсэн.

Ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч М.Отгонбаатар үзлэг хийхдээ хөндлөнгийн гэрчээр цагдаагийн ахлагч цолтой, цагдаагийн жолооч 2 хүнийг хөндлөнгийн гэрчээр оролцуулж “Хөндлөнгийн гэрч нь тухайн хэрэгт хувийн сонирхолгүй этгээд байна” гэсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь заалтыг зөрчсөн. Үзлэгийн тэмдэглэлд тэдний гэрийн хаягийг өөрөөр бичсэн, хөндлөнгийн гэрч Амарбатын овгийг Галбадрах гэж өөрөөр бичсэн. /1-p хх-8-12/

Миний бие удаа дараа, шат дараалан гомдол гаргасны эцэст хяналтын прокурор Д.Дашмаа 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр 01 дугаартай “Мөрдөн байцаагчаар хэргийг мөрдүүлэхийг зогсоох тухай” прокурорын тогтоол гарган ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч М.Отгонбаатар, ахлах дэслэгч С.Батзориг нар 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Б.Гал-Эрдэнийн гэрт болон автомашинд үзлэг хийхдээ тус хэлтсийн жолооч Д.Наранжаргалыг хөндлөнгийн гэрчээр оролцуулж, оршин суугаа хаягийг нь өөрөөр бичиж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсгийг зөрчсөн гэж нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх явцдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зөрчсөнийг хүлээн зөвшөөрсөн юм. /4-p хх-78-81/

Гэвч хяналтын прокурор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчиж “Үзлэг” хийсэн үйл ажиллагаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4 дэх хэсэгт “Нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчсөн бол эдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэсэн заалтын дагуу хүчингүй болгохгүй орхигдуулсан байна.

Ялтан Б.Батболдын автомашин болон автомашины орчим үзлэг хийж, гялгар ууттайгаа 0.2 грамм “Мөс” хэмээх мансууруулах бодис илрүүлсэн ажиллагааны үед мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Эрдэнэдалай үзлэг хийхдээ оролцуулсан 2 хөндлөнгийн гэрч нь зохиомол, ор байхгүй хүмүүсийн овог, нэр, хаяг зохиож бичсэн нь тогтоогдсон. Энэ нь хороо, захиргаанаас авсан тодорхойлолтоор батлагдаж байна. Нэг хөндлөнгийн гэрчид өөрийн хажуу айлын хаягаа бичиж, эхнэрийнхээ ургийн овог, нэрийг бичсэн. Ургийн овогноос “Мэргэн” гэдгийг таслан бичиж, эхнэрийнхээ нэр Болормааг бүтнээр нь бичсэн. /1-p хх-35-37 болон анхан шатны шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн баримтууд/

Химийн шинжээч цагдаагийн хошууч Д.Золзаяа шинжилгээ хийсэн 9096 дугаартай дүгнэлтээр Б.Гал-Эрдэнэ, Б.Батболд нарын хүмүүсээс 2015 оны 10 дугаар сарын 10-ны өглөө 06 цаг 35-40 минутад хураан авсан шээсэнд шинжилгээ хийж, мансууруулах бодис илэрсэн тухай дүгнэлт гарсан боловч сэжигтэй этгээдүүдээс өглөө 06 цаг 35-40 минутад шээс буюу шинжилгээнд дээж хураан авсан тэмдэглэл үйлдээгүй авсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 160 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, хөндлөнгийн гэрч байлцуулан тэмдэглэл үйлдэж шээсийг хураан авах ёстой, гэтэл тэмдэглэл огт үйлдээгүй, хаанаас, хэнээс авсан нь үл мэдэгдэх шээсэнд шинжилгээ хийж, дүгнэлт гаргасан гэж үзэж байна. /1-p хх-80/

Ялтан Б.Гал-Эрдэнийн гэрээс хураасан ууттайгаа 1.5 грамм, ялтан Б.Батболдын автомашины орчмоос хураасан ууттайгаа 0.2 грамм “Мөс” хэмээх мансууруулах бодист химийн шинжилгээ хийсэн шинжээч, цагдаагийн дэд хурандаа Б.Ламчинд шинжилгээ хийлгэхээс өмнө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254, 255 дугаар зүйлд заасан хариуцлагыг урьдчилан сануулаагүй гэж өмгөөлөгч удаа дараа гомдол гарсны дараа мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Эрдэнэдалай шинжээч, цагдаагийн дэд хурандаа Б.Ламчинг шинжээчээр байцаахын өмнө шинжээч томилсон тогтоол дээр нөхөж гарын үсэг зуруулж, хууль сануулсан нь өмгөөлөгчийн 2016 оны 2 дугаар сарын 22-нд гаргаж байсан гомдол, хяналтын прокурор Д.Дашмаа хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр ирсэн байхад хянаад шинжээч томилсон тогтоол дээр өнгөт нарийн цаасан дээр “Шинжээч гарын үсэг зурах” гэж бичсэн зэргээр батлагдаж байгаа юм. /1-p хх-97-104/

Шүүх хуралдаанд шинжээч, цагдаагийн дэд хурандаа Б.Ламчин нь “мөрдөн байцаагч нь шинжээчийн дүгнэлтээ авсны дараа тогтоол дээрээ хууль сануулж гарын үсэг зуруулах явдал түгээмэл байдаг, би тухайн тохиолдлыг сайн санахгүй байна” гэж мэдүүлсэн.

Ялтан Б.Батболдыг түүний найз Б.Нацагдоржийн хамт тусгайгийнхан баривчилж, тэдний автомашины орчмоос мансууруулах бодис илрүүлж, баривчлан ирээд өглөөний 06 цаг 35-40 минутын хооронд тэдний шээснээс дээж авч, Б.Гал-Эрдэнийг хэрэгтэн болгож гэрчлүүлэхийн тулд “та нар зөвхөн гэрч” гэж заль зохиож Б.Батболдоос 09 цаг 35 минутаас 09 цаг 58 минутын хооронд гэрчээр мэдүүлэг авсан.

Эдгээр хүмүүсийг гэрчээр байцаахдаа таны шээсэнд тест хийхэд мансууруулах бодис илэрлээ гэсэн асуултуудыг тавьж хариу авсан байна. Гэтэл шээсэнд нь тест хийсэн тэмдэглэлүүд байхгүй. Гэрчээр байцаагдаж байхдаа эдгээр хүмүүс нь мансууруулах бодис хэрэглээд мансуурлын байдалтай байсан байна. Эрүүгийн цагдаагийн газраас шинээр гаргаж өгсөн мэдээллээр “Мөс” хэмээх мансууруулах бодисыг хэрэглэсэн хүний сэтгэц болон бие организмд үзүүлэх нөлөө нь 8-16 цаг үргэлжилдэг гэжээ.

Ялтан Б.Батболдыг гэрчээр байцаахдаа “Галаа таниас 200.000 төгрөг дараа авна гэдгээ ойлгосон юм уу” гэж хөтөлж байцааж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан “байцаагдаж байгаа этгээдийг хөтөлж буюу тулгаж асуухыг хориглоно” гэсэн журмыг зөрчсөн. /1-р хх-58-59/

Б.Батболдыг гэрчээр байцааж 09 цаг 58 минутад дуусгаад 14 минутын дараа буюу 10 цаг 12 минутаас 10 цаг 25 минутын хооронд сэжигтнээр тооцон байцаасан.

Өмгөөлөгч миний бие хууль зөрчиж цуглуулсан, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг нотлох баримтаас хасаж өгөхийг хүссэн боловч шүүх “Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг”-т шүүхийн дүгнэлтийн үндэслэл болсон нотлох баримтыг дурдаад өмгөөлөгчийн хүсэлтийг хэрхсэн болон нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ огт тодорхойлсонгүй.

Хоёр. 2015 оны 6 дугаар сараас 10 дугаар cap хүртэл “Мөс” хэмээх мансууруулах бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалан 6 удаагийн үйлдлээр мансууруулах бодис бусдад борлуулсан гэж тогтоолд дүгнэсэн нь нотлох баримт болохгүй юм.

2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Эрүүгийн цагдаагийн газрын 5 дугаар хэлтсийн дарга бичиж, Улсын прокурорын туслах хянасан 2 хуудас, нууцалж лацдаад эхний үед үзүүлэхгүй байсан танилцуулгыг ил болгож хэрэгт хавсаргасан байсныг үзэж танилцахад Б.Гал-Эрдэнийн 6 удаагийн үйлдэл дүрс бичлэгээр бэхжүүлэгдсэн, 2015 оны 6 дугаар сараас 10 дугаар сарын хооронд нийт 2.000.000 - 2.200.000 төгрөгөөр 5.2 грамм хар тамхи, мансууруулах бодисын төрөлд орох “Мөс” гэх бодисыг бусдад зарж борлуулсан болох нь тогтоогдсон гэсэн ганц өгүүлбэр байсан. /4-p хх-153-154/

Гэтэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн болон бусад/ -ыг нотлохыг” зааж өгсөн билээ.

Хавтаст хэрэгт 6 удаа хэнд, хэрхэн мансууруулах бодис зарсан талаар нэг ч хуудас материал, нэг үсэг байхгүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргагдсан 5.2 грамм мансууруулах бодис байхгүй, энэ нь мансууруулах бодис мөн гэсэн шинжээчийн дүгнэлт байхгүй байна.

Хэдэн сарын хэдэнд, хэдэн цаг, хэдэн минутад, хэнд ямар хэмжээний мансууруулах бодис хэдэн төгрөгөөр зарсан талаар тодорхой байж нотлох баримт болно гэж үздэг.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх шинжилгээ хийлгэхээр тогтоол гаргах эрхтэй” гэж заасан. Энэ шинжээч томилсон үйл ажиллагааг танилцахад шинжилгээ хийлгэх тогтоолыг Цагдаагийн байгууллагын Гүйцэтгэх ажлын тухай хуулийг хэрэгжүүлдэг, гүйцэтгэх ажил явуулдаг байгууллагын хэлтсийн дарга үйлдсэн нь шинжээч томилох эрхгүй этгээд энэ тогтоолыг үйлдсэн гэж үзэж байна. Эрүүгийн Цагдаагийн газрын 5 дугаар хэлтэс буюу хар тамхи тамхитай тэмцэх хэлтсийн дарга нь хэлтсийнхээ дотор, мөрдөн байцаах тасаг, гүйцэтгэх ажил эрхэлсэн тасаг байхаар зохион байгуулалтын бүтэцтэй, өөрөө хэрэг бүртгэх, мөрдөн байцаах албаны дарга биш тул ингэж шинжээч томилж, мөрдөн байцаах ажил үүрэг гүйцэтгэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 29 дүгээр зүйлийг зөрчсөн байна. /4-p хх-156/

Шинжээчийн дүгнэлтээс үзэхэд Б.Гал-Эрдэнийн хаана, ямар нөхцөлд авахуулсан зургийг харьцуулан шинжилсэн нь мэдэгдэхгүй зурагнууд байна. Шинжээчийн бичсэнчлэн ууттай зүйл өгч байна, мөнгө авч байна гэдэг нь гэрэл зургаар бэхжүүлэгдэж хавсаргагдаагүй тул мэдэгдэхгүй байна. Тэр өгч аваад байгаа зүйл нь мансууруулах бодис мөн гэсэн шинжээчийн дүгнэлт байхгүй, эд мөрийн баримтаар хураагдаагүй.

Харьцуулах шинжилгээнд гэрэл зураг, бичлэг хэзээ хийсэн тэмдэглэл байхгүй, өмгөөлөгчид нь мэдэгдэхгүйгээр Б.Гал-Эрдэнийг янз бүрийн хөдөлгөөн хийлгэж гэрэл зураг авч, бичлэг хийж “Б.Гал-Эрдэнэ харьцуулах CD-2” гэсэн нэртэй диск бэлтгэж харьцуулах шинжилгээнд явуулахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 160 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэж байна. Энэ авсан гэрэл зураг, бичлэгээ гүйцэтгэх ажлын зураг болгон ашигласан байхыг үгүйсгэхгүй юм. Зүгээр жирийн авахуулсан 2 ширхэг гэрэл зургийг одоогийн зурагтай харьцуулсан нь нотлох баримт болохгүй гэж үзэж байна.

2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 4097 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 3 дахь нүүр буюу 4 дүгээр хавтасны 158 дугаар хуудасны дээрээсээ 130 дахь мөрөнд “...дискэнд бичигдсэн дүрс бичлэгүүдэд дүрслэгдсэн байна гэж үзэх үндэслэл боллоо...” гэжээ. Гэтэл эдгээр зурагнууд нь шинжээчийн дүгнэлт болон хэрэгт хавсаргагдаагүй байна. /4-p хх-157-161/

Гүйцэтгэх ажлын арга хэрэгслээр авсан гэх “CD-1” дискэн дээрх гэрэл зураг, бичлэг нь хэдэн оны, хэдэн сарын хэдэнд, хэдэн цаг, минутад, хаана авсан зураг болох нь тодорхойгүй, шинжээч зөвхөн файлийн нэрийг “зураг 04, 05” дээр бичсэнээс гүйцэтгэх ажлын явцад авсан дүрс бүхий зурагнуудыг тавиагүй тул “мэдээлэл”-ийн чанартай шаардлага хангахгүй дүгнэлт бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.5 дахь хэсэгт зааснаар дангаараа нотлох баримт болохгүй юм.

Үзэж харуулах нотлох баримтгүй, прокурорын зөвшөөрөлтэй явуулсан гүйцэтгэх ажлын арга хэрэгсэл ашиглаж авсан гэрэл зураг, бичлэг гэх энэхүү хуульд заасан үндэслэл, нөхцөл журмыг баримтлан явуулсан эсэх нь тодорхойгүй, бусад нотлох баримтаар нотлогдоогүй байхад энэ шалгагдаагүй зүйлсийг нотлох баримтын хэмжээнд үнэлсэн нь буруу байна.

Иймд гүйцэтгэх ажлын арга хэрэгсэл ашиглан цуглуулж, бэхжүүлсэн гэх дээрх нотлох баримтуудыг дахин шалгуулах, шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах шаардлагатай гэж үзэж байна.

Гурав. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тогтоолын 6 дугаар талын доороосоо 8 дахь мөрөнд Б.Гал-Эрдэнийн гэрээс хураагдсан гялгар ууттай 8x11.5 хэмжээтэй зиплок түгжээ бүхий харагдах байдал нь мөс талстлаг цагаан өнгийн зүйл, ялтан Б.Батболдын автомашины орчмоос хураагдсан 2x2.5 см хэмжээтэй гялгар уутны хамт 0.2 гр мөс мэт талстлаг цагаан өнгийн бодисыг ялтан Б.Гал-Эрдэнийн автомашинаас хураагдсан гэж ойлгогдохоор бичсэн. 2015 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 9243 тоот шинжээчийн дүгнэлт. /1-р хх-97-102/

Дөрөв. Ялтан Б.Гал-Эрдэнийн хувийн байдлыг дутуу шалгасан, тухайлбал түүний 1998 онд ял шийтгэгдсэн шүүхийн тогтоол хэрэгт хавсаргагдаагүй.

Тав. Ялтан Б.Гал-Эрдэнийн холбогдож байгаа хэргийн мансууруулах бодисын үнэлгээг хөндлөнгийн байгууллагаар хийлгээгүй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэг буюу хэрэг бүртгэлд, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох нотлох баримт цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчсөн байж болох, хэрэв зөрчсөн бол нотлох баримтаас хасах асуудлыг тодруулалгүй орхигдуулсан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйлийн 318.2.2 дахь хэсэг буюу яллагдагчийн хувийн байдлыг бүрэн гүйцэд тогтоогоогүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй, мөн хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1.2 дахь хэсэг буюу шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох байдлыг шүүх анхааран үзэлгүй орхигдуулж тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна.

Шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4 дэх хэсэг буюу нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй, зөрчсөн нотлох баримтуудыг үндэслэл болгон шүүхийн шийдвэр гаргаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлийн 320.1 дэх хэсгийг ноцтой зөрчсөн.

Иймд анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4 дэх хэсэгт заасан заалтыг хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 317 дугаар зүйлийн 317.1.1, 317.1.2, 317.1.3 дахь хэсгүүдэд зааснаар тогтоолыг хүчингүй болгож, өөрчлөх үндэслэлүүд тогтоогдож байх тул тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчин цуглуулж, бэхжүүлсэн гэж буй нотлох баримтуудыг шалгуулахаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 322 дугаар зүйлд заасны дагуу нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.

Ялтан Б.Батболдын өмгөөлөгч Г.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гаргасан гэж үзэж байна. Б.Батболдын зүгээс ямар нэгэн байдлаар худал мэдүүлэг өгч Д.Гал-Эрдэнийг гүтгэсэн зүйл байхгүй. Анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь миний үйлчлүүлэгчийн гэмт бурууд тохирсон гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Прокурор Ц.Алдархишиг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын хүрээнд мөрдөн байцаалтын шатанд хийх боломжтой бүхий л ажиллагааг хийсэн. Анхан шатны шүүхээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлд зааснаар хавтаст хэрэгт авагдсан баримтыг нотлох баримтын хүрээнд үнэлж дүгнэсэн. Уг гэмт хэрэг нь нууц далд аргаар үйлдэгддэг учир гүйцэтгэх ажиллагаа явуулж хэргийг илэрүүлсэн. Гүйцэтгэх ажиллагааны материал нь төрийн нууцад хамаардаг. Тиймээс гүйцэтгэх ажиллагааны материал нь хавтаст хэрэгт авагдаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгуулах саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэрэгт хавсаргасан эд мөрийн баримтуудыг үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянав. 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “Шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангажээ.

  Б.Гал-Эрдэнэ нь 2015 оны 6 дугаар сараас 10 дугаар сарыг хүртэлх хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин гидрохлоридын агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалж, 6 удаагийн давтан үйлдлээр бусдад борлуулсан,

2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин гидрохлоридын агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй, ууттайгаа 1,5 грамм мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авч, Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 8 дугаар байрны 7 тоотод буюу гэртээ хадгалсан,

2015 оны 10 дугаар сарын 9-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 хорооны нутаг дэвсгэрт байрлах 50 дугаар сургуулийн орчим Б.Батболдод 0,2 грамм “мөс” гэх мансууруулах бодисыг борлуулсан,

Б.Батболд нь 2015 оны 10 дугаар сарын 9-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 хорооны нутаг дэвсгэрт байрлах 50 дугаар сургуулийн орчим Б.Гал-Эрдэнээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин гидрохлоридын агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй мансууруулах бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-8-12, 13-17/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-18-19, 20-21/, тээврийн хэрэгсэл болон түүний ойр орчимд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-35-37/, эд хөрөнгө бүтүүмжилэх тогтоол /1-р хх-38, 41, 4-р хх-90/, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1-р хх-39-40, 42-43, 4-р хх-91-92/, хүний биед үзлэг хийсэн тогтоол болон тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-48-49, 50/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1-р хх-54-55/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /4-р хх- 88-89/, эд зүйлийн үнэлгээ /4-р хх-93/, шинжээчийг байцаасан тэмдэглэл /4-р хх-107-108/,

Иргэний нэхэмжлэгч Г.Батбаярын “...55-01 УНЛ улсын дугаартай “Тоёота Кроун” загварын автомашин нь миний эзэмшилд байдаг...” /1-р хх-77, 4-р хх-95-96/,

            Гэрч Б.Нацагдоржийн “...Буудлын ойролцоо ирээд Б.Батболд ууттай мөс гаргаж ирээд бид хоёр новкины шилэнд хийгээд сорж хэрэглэсэн. ...Өчирдөр орой бид хоёр явж байхад Б.Батболд машинаас гарч хүнээс авч орж ирсэн. Хэнээс авснаа надад хэлээгүй...” /1-р хх-56-57/,

            Гэрч Б.Батболдын “...Галаагийн 88-тай дугаар луу залгаад 200.000 төгрөгөнд жаахан сорчихоор юм олоод өгөөч гэж ярьсан. ...Галаатай Баянбүрдийн тэнд уулзахаар болж тохироод 30-40 минутын дараа уулзсан. Галаа зам дээр ганцаараа зогсож байсан. Би Галаагаас жижиг ууттай цагаан өнгийн мөс гэх бодис авсан. ...Авахдаа мөнгө өгөөгүй, тэр үед надад мөнгө байгаагүй болохоор дараа уулзахдаа мөнгийг чинь өгье гэж хэлээд авсан...” /1-р хх-58-59/,

            Гэрч Д.Наранжаргалын “...Миний хувьд өөрийн оршин суух хаягийг зөрүүлж санаатайгаар худал хэлсэн зүйл байхгүй. Миний албан ёсны хаяг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 1-41 тоот бөгөөд миний иргэний цахим үнэмлэх дээр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Өндөрийн 77-17-17 тоот гэж байдаг. Надад худал хэлсэн зүйл байхгүй. Эхлээд машинд үзлэг хийхдээ амаар миний хаягийг асуусан, тэр үед нь би Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 1-41 тоот гэж үндсэн хаягаа хэлсэн. Гэрт нь үзлэг хийхдээ иргэний үнэмлэхээ өгчих гэхээр нь иргэний үнэмлэхээ өгсөн, тэгээд л уг хаягаар бичсэн байх. Би санаатайгаар хаяг зөрүүлж хэлээгүй...” /4-р хх-97-99/

            Гэрч А.Амарбатын “...Д.Гал-Эрдэнэ гэж хүний гэрт үзлэг хийхэд надад ямар нэгэн хувийн сонирхол байхгүй. Би энэ хүнийг тухайн өдөр анх удаа л харсан. Үзлэг хийхэд шөнө дунд болж байсан. ...өмнөх өдөр нь би хонож ажиллаад нойр дутуу явж байсан. Үзлэгийн үеэр нойр их хүрч, ядарч байсан болохоор би өөрийнхөө биеийн байцаалт буюу гэрийн хаяг, регистрийн дугаараа зөрүүлж хэлсэн байх гэж бодож байна. Надад ямар нэгэн санаатай худал хэлсэн асуудал байхгүй. Үүний зэрэгцээ мөрдөн байцаагч гар утсаар бичлэг хийж, үзлэгийн явц, үр дүнг бэхжүүлсэн болохоор тодорхой харагдах байх...” /4-р хх-104-105/ гэх мэдүүлгүүд,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Шинжилгээнд ирүүлсэн “Б.Гал-Эрдэнэ” гэсэн гэсэн хаягтай шээсний дээжинд метамфетамины /methamphetamine/-ийн агуулга илэрч байна. “Б.Батболд 2015/10/10 06,35” гэсэн хаягтай шээсний дээжинд метамфетамины /methamphetamine/-ийн агуулга илэрч байна...” гэсэн 9096 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-80-83/,

“...шинжилгээнд ирүүлсэн 6 см урттай гол хэсгээрээ хар цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс, 8х11,5 см хэмжээтэй зиплок түгжээ бүхий харагдах байдал нь мөс мэт талстлаг цагаан өнгийн зүйл, 2х2,5 см хэмжээтэй гялгар уутны хамт 0,2 гр мөс мэт талстлаг цагаан өнгийн бодис нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 6 см урттай, гол хэсгээрээ хар цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс, 8х11,5 см хэмжээтэй зиплок түгжээ бүхий харагдах байдал нь мөс мэт талстлаг цагаан өнгийн зүйл, 2х2,5 см хэмжээтэй гялгар уутны хамт 0,2 гр мөс мэт талстлаг цагаан өнгийн бодист метамфетамин /methamphetamine/ илэрсэн. Метамфетамин /methamphetamine/ нь 1971 оны НҮБ-ийн сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтдаг болно.../ гэсэн 9243 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-97-102/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтийн “...Б.Батболд нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл байхгүй байна. Сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй. Үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай. Мансуурах донтой, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг байхгүй...” гэсэн 973 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-117-119/,

“...Б.Гал-Эрдэнэ нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл байхгүй байна. Одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй. Б.Гал-Эрдэнэ нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй. Мөрдөн байцаалт, шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай. Мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх зовиур шинж тэмдэг байхгүй...” гэсэн 975 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-120-122/, гүйцэтгэх ажиллагааны талаарх танилцуулга /4-р хх-152-154/,

Харьцуулах шинжилгээний “...“Б.Гал-Эрдэнэ харьцуулах CD-2” гэсэн бичигтэй Sony маркийн DVD дискенд бичигдсэн IMG_2796-аас IMG_2799 хүртэл дараалсан нэртэй 4 ширхэг дүрс бичлэгдүүд, IMG_2779-аас IMG_2795 хүртэл дараалсан нэртэй 17 ширхэг гэрэл зургууд нь дүрс бичлэгийн шинжилгээнд тэнцэнэ. ...Шинжилгээнд ирүүлсэн “15225 Б.Гал-Эрдэнэ CD-1” гэсэн бичигтэй CD дискенд бичигдсэн: ...гэсэн нэртэй дүрс бичлэгүүдийн эхлэлээс төгсгөл хүртэл харьцуулах шинжилгээнд ирүүлсэн “Б.Гал-Эрдэнэ харьцуулах CD-2” гэсэн бичигтэй DVD дискенд бичигдсэн дүрс бичлэгүүд болон гэрэл зургуудад Б.Гал-Эрдэнэ дүрслэгдсэн байна. ...Дүрс бичлэгүүдэд эвлүүлэг хийгээгүй байна...” гэсэн 4097 дугаартай шинжээчийн дүгнэлт /4-р хх-155-161/ болон Б.Гал-Эрдэнэ, Б.Батболд нарын сэжигтэн, яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Ялтан Б.Гал-Эрдэнэ, Б.Батболд нарын гэм буруу нь тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээр дурдсан гэрч нарын мэдүүлгүүд, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй.

Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, нийгмийн хор аюулыг харгалзан Б.Гал-Эрдэнийг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан, борлуулсан гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд, Б.Батболдыг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4 дэх хэсэгт зааснаар Б.Гал-Эрдэнийг 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар Б.Батболдыг 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд ялтнуудын гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон байна.

Мөрдөн байцаалтын шатанд мөрдөн байцаагч нь удаа дараа үзлэгүүд хийхдээ “...тухайн хэрэгт хувийн сонирхолгүй этгээдүүдийг...” хөндлөнгийн гэрчээр оролцуулжээ. Энэ нь гэрч Д.Наранжаргал /4-р хх-97-99/, А.Амарбат /4-р хх-104-105/ нарын мэдүүлгүүдээр тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 48 дугаар зүйлийг зөрчөөгүй байна. Хүний биед үзлэг /1-р хх-49-50/ хийхдээ Б.Гал-Эрдэний шээсний дээжийг хуванцар саванд хийж, хөндөлөнгийн гэрч нарыг байлцуулсан нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

Анхан шатны шүүхийн “...Эрүүгийн цагдаагийн газрын 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн албан бичиг, “Прокурорын зөвшөөрөлтэй явуулсан Гүйцэтгэх ажлын тухай хуульд заасан ажиллагаагаар Б.Гал-Эрдэнэ нь хар тамхи, мансууруулах бодис зарж борлуулж байгаа 6 удаагийн үйлдэл нь нь дүрс бичлэгээр бэхжүүлэгдсэн” гэх Танилцуулга /4-р хх-151-154/, Харьцуулах шинжилгээний 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 4097 дугаартай шинжээчийн дүгнэлт /4-р 157-161/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3 дахь хэсэгт “...Эрүүгийн хэргийн талаар хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу прокурорын зөвшөөрлөөр явуулсан гүйцэтгэх ажлын арга хэрэгсэл ашиглаж авсан баримт сэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлж болох ба ингэхдээ нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх үйл ажиллагааны эх сурвалжийг нууцална...” гэсэн хуулийн заалтыг зөрчөөгүй байна.

Ялтан Г.Гал-Эрдэнэ, түүний өмгөөлөгч С.Пүрэвдорж нар давж заалдах шатны шүүхэд “…хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэх давж заалдах гомдол гаргаж байгаа боловч Б.Гал-Эрдэнэ нь мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан, борлуулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, ялтан Б.Гал-Эрдэнийн гэм буруутай эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсээгүй, шинжээчээр “худал дүгнэлт” гаргуулсан, шинжээч “зориуд худал” дүгнэлт гаргасан, шинжээчийн дүгнэлийг үндэслэлгүй, эргэлзээтэй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах үндэслэл байхгүй ба хэргийн зүйлчлэл зөв, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг няцаасан баримтгүй бөгөөд анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн байх тул ялтан Б.Гал-Эрдэнэ, түүний өмгөөлөгч С.Пүрэвдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:          

            1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 118 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.Гал-Эрдэнэ, түүний өмгөөлөгч С.Пүрэвдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Т.ӨСӨХБАЯР

 

                                 ШҮҮГЧИД                                              Н.БАТСАЙХАН

 

                                                                                                Ш.БАТ-ЭРДЭНЭ