Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 05

 

Б.Гал-Эрдэнэ, Б.Батболд нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ц.Бурмаа,

шүүгдэгч Б.Гал-Эрдэнийн өмгөөлөгч С.Пүрэвдорж, Б.Тэнгис,

шүүгдэгч  Б.Батболдын өмгөөлөгч Г.Оюунцэцэг,  

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 118 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 755 дугаар магадлалтай, 201501000133 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Гал-Эрдэнэ болон өмгөөлөгч С.Пүрэвдорж нарын гомдлоор хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1979 онд төрсөн, эрэгтэй, 1995 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

1996 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 6 сарын хорих ял оногдуулж, өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялын зарим хэсэг болох 6 сарын хорих ялыг нэмж, бүгд 1 жилийн хорих ялаар тогтоож, 1996 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Монголын тулгар төрийг үүсгэн байгуулсны 790 жилийн ойг тохиолдуулан эмэгтэйчүүд, хүүхэд, жараас дээш насны эрэгтэйчүүдэд өршөөл үзүүлэх тухай комиссын 28 дугаар тогтоолоор эдлээгүй үлдсэн 7 сар 27 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж суллагдсан,

1998 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 240 дүгээр зүйлийн 1-д зааснаар 30,000 төгрөгөөр торгох ялаар,

1999 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 6 сарын хорих ялаар,

2000 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 150,000 төгрөгөөр торгох ялаар,

2001 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1-д зааснаар 10 сарын хорих ялаар шийтгүүлж, 2002 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, 

2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх эрхийг хасахгүйгээр 3 сар 10 хоног баривчлах ялаар шийтгүүлж, 2014 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Боржигон овогт Баясгалангийн Гал-Эрдэнэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4 дэх хэсэгт заасан “Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар олж авах, хадгалах, борлуулах гэмт хэргийг давтан үйлдэх” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1979 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Сандаг овогт Баттөмөрийн Батболд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан “Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авах, хадгалах” гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Гал-Эрдэнийг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан, борлуулсан гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд, Б.Батболдыг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4 дэх хэсэгт зааснаар Б.Гал-Эрдэнийг 10 жил 1 сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар Б.Батболдыг 3 сар 10 хоногийн баривчлах тус тус шийтгэж, Б.Гал-Эрдэнэд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Гал-Эрдэнэ болон өмгөөлөгч С.Пүрэвдорж нарын гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Бурмаа, өмгөөлөгч  С.Пүрэвдорж, Б.Тэнгис, Г.Оюунцэцэг нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Гал-Эрдэнэ хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...шийтгэх тогтоол болон магадлалыг эс зөвшөөрч байна. 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн байцаагч, ахлах дэслэгч н.Эрдэнэдалай намайг тодруулах зүйл байна гэж дуудаад, автомашин жолоодож байгаа хүнд юм өгч байгаа, хүнээс мөнгө тоолж байгаа зэргээр янз бүрийн гэрэл зураг авсан бөгөөд тухайн үед өмгөөлөгчөө дуудъя” гэхэд “зүгээр гүйцэтгэх ажиллагааны материалтай тулгалт хийх зураг авч байна” гэж хууран мэхэлж, улмаар нотлох баримт болгон оруулсанд гомдолтой байгаа тул цаг хугацааны хувьд дээрх зургуудыг дахин шалгуулмаар байна. Энэ ажиллагааг хийхэд мөрдөн байцаагч тэмдэглэл үйлдээгүй нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Намайг 6 удаагийн үйлдлээр гэж байгаа боловч ямар маркийн тээврийн хэрэгслээр явж, хэдий хэмжээний ямар бодисыг хэзээ, хэнд, хаана, ямар цаг хугацаанд, ямар үнээр худалдан борлуулсан зэрэг нь хэрэгт нотлох баримтаар тогтоогдоогүй. Цагдаа нар Б.Батболдыг зодож дарамталсан байхаас гадна анх “чи зөвхөн гэрч” гэж хууран мэхлэн миний эсрэг мэдүүлэг авсан тул өмгөөлөгч байлцуулан түүнийг дахин байцаалгах хүсэлтэй байна. Мөн Цагдаагийн ажилтнууд манай гэрт үзлэг хийж дуусаад гарахдаа “дахин эхэлье” гэж хэлээд бүгдээрээ эргэн орж ирээд, дахин үзлэг, нэгжлэг хийгээд 1.5 грамм “мөс” гэх мансууруулах бодис гаргаж ирэн намайг буруутгаж байгааг ойлгохгүй байна. Үүнийг би ойлгохдоо намайг энэ хэрэгт хилсээр буруутгах оролдлого гэж үзэж байна. Учир нь цагдаа нар манай гэрт ирэхээс өмнө манайхаар ирээд явсан Баяртогтох гэдэг таньдаг дүүгээр уг бодисыг зохион байгуулалтайгаар орхиулсан гэж үзэж байна. Намайг гэртээ ганцаараа архи уугаад сууж байхад Баяртогтох утсаар ярьж байгаад манайд ганцаараа орж ирээд “мөс” гэх бодисыг гаргаж ирээд татсан бөгөөд би түүнээс нь татсан. Ийм учраас Баяртогтохыг энэ хэрэгт шалгуулмаар байна. Тухайн үед цагдаа нар дарамталж зодоод байхаар нь Баяртогтохын талаар хэлээгүй юм.

Иймд энэ бүхнийг шүүн тунгааж, хэргийн бодит байдлыг нотлох баримтаар тогтоолгохоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. Миний бие мөс гэх бодисыг борлуулаагүй, харин хэрэглэсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэжээ.

Шүүгдэгч Б.Гал-Эрдэнийн өмгөөлөгч С.Пүрэвдорж хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Анхан болон давж заалдах шатны шүүхүүд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлийн 320.1 дэх хэсгийг зөрчсөн. Анхан болон давж заалдах шатны шүүх мөрдөн байцаалтын явцад мөрдөн байцаагч нотлох баримт цуглуулах, бэхжүүлэхдээ хууль зөрчсөн үйлдлүүд тогтоогдсоныг мэдсээр байж зөвхөн яллах талыг барьж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 2 дугаар зүйлийн 2.2, 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 13 дугаар зүйлийн 13.2, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгүүдийг тус тус зөрчлөө.

1. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4 дэх хэсгийг зөрчсөн нь мөрдөн байцаалтын явцад илэрч тогтоогдсоныг дэлгэрэнгүй танилцуулсан юм. Ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч М.Отгонбаатар үзлэг хийхдээ хөндлөнгийн гэрчээр цагдаагийн 2 хүнийг оролцуулж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь заалтыг зөрчсөн. Үзлэгийн тэмдэглэлд тэдний гэрийн хаягийг өөрөөр бичсэн, хөндлөнгийн гэрч Амарбатын овгийг Галбадрах гэж өөрөөр бичсэн /1-р хавтас 8-12/. Хяналтын прокурор Д.Дашмаа 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 1 дүгээр тогтоолдоо мөрдөн байцаагч нар 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Б.Гал-Эрдэнийн гэрт болон автомашинд үзлэг хийхдээ тус хэлтсийн жолооч Д.Наранжаргалыг хөндлөнгийн гэрчээр оролцуулж, оршин суугаа хаягийг нь өөр өөрөөр бичиж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсгийг зөрчсөн гэж хүлээн зөвшөөрсөн боловч уг үзлэг хийсэн үйл ажиллагааг мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгохгүй орхигдуулсан. Гэтэл уг баримтыг шүүх нотлох баримтаар үнэлсэн нь хууль зөрчсөн. Шүүгдэгч Б.Батболдын автомашин болон автомашины орчим үзлэг хийж гялгар ууттай 0,2 грамм “мөс” хэмээх мансууруулах бодис илрүүлсэн ажиллагааны үед мөрдөн байцаагч үзлэг хийхдээ оролцуулсан 2 хөндлөнгийн гэрч нь зохиомолоор байхгүй хүмүүсийн овог, нэр, хаяг зохиож бичсэн нь  хороо, захиргаанаас авсан тодорхойлолтоор батлагдаж байна.

2. 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн байцаагч нь Б.Гал-Эрдэнийн биед үзлэг хийхдээ мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг тестээр тогтоохоор шээсийг нь битүүмжлэн авч тест тавьсан байна. Харин шинжилгээ хийлгэх зорилготойгоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 160 дугаар зүйлийн дагуу хураан аваагүй байна. Харин сэжигтэн Б.Батболд, Б.Нацагдорж нарын шээсийг шинжилгээнд хурааж авахдаа тэмдэглэл огт үйлдээгүй юм. Химийн шинжээч цагдаагийн хошууч До.Золзаяа шинжилгээ хийсэн 9096 дугаартай дүгнэлтээр Б.Гал-Эрдэнэ, Б.Батболд, Б.Нацагдорж нараас 2015 оны 10 дугаар сарын 10-ны өглөө 06 цаг 35-40 минутад хураан авсан шээсэнд шинжилгээ хийж мансууруулах бодис илэрсэн тухай дүгнэлт гарсан боловч сэжигтэй этгээдүүдээс өглөө 06 цаг 35-40 минутад шээс буюу шинжилгээнд дээж хураан авсан тэмдэглэл огт үйлдээгүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 160 дугаар зүйлийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл хөндлөнгийн гэрч байлцуулан тэмдэглэл үйлдэж шээсийг хураан авах ёстой байтал тэмдэглэл огт үйлдээгүй хаанаас, хэнээс авчирсан нь үл мэдэгдэх шээсэнд шинжилгээ хийж дүгнэлт гаргасан /1-р хавтас 80/. Б.Гал-Эрдэнийн гэрээс хураасан ууттайгаа 1,5 грамм, шүүгдэгч Б.Батболдын автомашины орчмоос хураасан ууттайгаа 0,2 грамм “мөс” хэмээх мансууруулах бодист химийн шинжилгээ хийсэн шинжээч, цагдаагийн дэд хурандаа Б.Ламчинд шинжилгээ хийлгэхээс өмнө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254, 255 дугаар зүйлд заасан хариуцлагыг урьдчилан сануулаагүй байсан бөгөөд энэ талаар гомдол гаргасны дараа шинжээч, цагдаагийн дэд хурандаа Б.Ламчингаар гарын үсгийг нь нөхөж зуруулсан юм. Гэрчээр Б.Батболдыг байцаахад мансууруулах бодис хэрэглээд мансуурлын байдалтай байсан байна. Эрүүгийн Цагдаагийн газрын шинээр гаргаж өгсөн мэдээллээр “мөс” хэмээх мансууруулах бодисыг хэрэглэсэн хүний сэтгэц болон бие организмд үзүүлэх нөлөө нь 8-16 цаг үргэлжилдэг гэжээ. Шүүгдэгч Б.Батболдыг гэрчээр байцаахдаа “Галаа таниас 200,000 төгрөг дараа авна гэдгээ ойлгосон юм уу” гэж хөтөлж байцааж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144 дүгээр зүйлийн 144.6 дахь хэсгийг зөрчсөн. Өмгөөлөгч миний бие хууль зөрчиж цуглуулж, бэхжүүлсэн дээрхи нотлох баримтуудыг нотлох баримтаас хасаж өгөхийг хүссэн боловч анхан шатны шүүх “шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг”-т шүүхийн дүгнэлтийн үндэслэл болсон нотлох баримтыг дурьдаад өмгөөлөгчийн хүсэлтийг хэрхсэн болон нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ огт тодорхойлсонгүй.

3. 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Эрүүгийн Цагдаагийн газрын 5 дугаар хэлтсийн дарга бичиж, Улсын прокурорын туслах хянасан танилцуулгад Б.Гал-Эрдэнийн 6 удаагийн үйлдэл дүрс бичлэгээр бэхжүүлэгдсэн, 2015 оны 6 дугаар сараас 10 дугаар сарын хооронд нийт 2,000,000- 2,200,000 төгрөгөөр 5,2 грамм хар тамхи, мансууруулах бодисын төрөлд орох “мөс” гэх бодисыг бусдад зарж борлуулсан болох нь тогтоогдсон гэсэн ганц өгүүлбэр байна /4-р хавтас 153-154/. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн болон бусад /-ыг нотлохыг зааж өгсөн билээ. Хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргагдсан 5.2 грамм мансууруулах бодис байхгүй, энэ нь мансууруулах бодис мөн гэсэн шинжээчийн дүгнэлт ч байхгүй байна. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулиар 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдсэн гэмт хэрэг хамаарахаар заасан билээ. Б.Гал-Эрдэнийн 6 үйлдлийг 2015 оны 6 дугаар сараас 10 дугаар сар хүртэл гэж хугацаа заасан ба энэ Өршөөлийн хуулинд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэг хамрагдаж байгаа тул тэр 6 үйлдлийн цаг хугацааг тогтоох нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэхэд ач холбогдолтой. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх шинжилгээ хийлгэхээр тогтоол гаргах эрхтэй гэж заасан. Энэ тогтоолыг Цагдаагийн байгууллагын Гүйцэтгэх ажлын тухай хуулийг хэрэгжүүлдэг, гүйцэтгэх ажил явуулдаг байгууллагын хэлтсийн дарга үйлдсэн нь шинжээч томилох эрхгүй этгээд энэ тогтоолыг үйлдсэн гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлтээс үзэхэд Б.Гал-Эрдэнийн хаана ямар нөхцөлд авахуулсан нь мэдэгдэхгүй зурагнуудыг тэр гүйцэтгэх ажлын зурагтайгаа харьцуулсан байна. Харьцуулах шинжилгээнд авсан фото зураг, бичлэг хэзээ хийсэн тэмдэглэл байхгүй, өмгөөлөгчид нь мэдэгдэхгүйгээр Б.Гал-Эрдэнийг янз бүрийн хөдөлгөөн хийлгэж фото зураг авч, бичлэг хийж “Гал-Эрдэнэ харьцуулах Сиди-2" гэсэн нэртэй диск бэлтгэж харьцуулах шинжилгээнд явуулахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 160 дугаар зүйлийг зөрчсөн. Энэ фото зураг, бичлэгээ компьютерийн аргаар засварлан монтажлаж гүйцэтгэх ажлын зураг болгон ашигласан байхыг үгүйсгэхгүй. 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 4097 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 3 дахь нүүр буюу 4 дүгээр хавтасны 158 дугаар хуудасны дээрээсээ 130 дахь мөрөнд “...дискэнд бичигдсэн дүрс бичлэгүүдэд дүрслэгдсэн байна гэж үзэх үндэслэл боллоо” /Зураг 11-14/ гэжээ. Гэтэл эдгээр зурагнууд нь шинжээчийн дүгнэлт болон хэрэгт хавсаргагдаагүй байна /4-р хавтас 157-161/. Гүйцэтгэх ажлын арга хэрэгслээр авсан гэх “Сиди-1” дискэн дээрх гэрэл зураг, бичлэг нь хэдэн оны хэдэн сарын хэдэнд, хэдэн цаг, минутад хаана авсан зураг болох нь тодорхойгүй, шинжээч зөвхөн файлын нэрийг “зураг 04, 05” дээр бичсэнээс гүйцэтгэх ажлын явцад авсан зурагнуудыг тавиагүй байна. Үзэж харуулах нотлох баримтгүй, прокурорын зөвшөөрөлтэй явуулсан гүйцэтгэх ажлын арга хэрэгсэл ашиглаж авсан фото зураг, бичлэг гэх энэхүү хуульд заасан үндэслэл, журмыг баримтлан явуулсан эсэх нь тодорхойгүй, нотлогдоогүй байхад энэ шалгагдаагүй зүйлсийг нотлох баримтын хэмжээнд үнэлсэн нь буруу байна. Гэтэл давж заалдах шатны шүүх шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй, эргэлзээтэй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймээс гүйцэтгэх ажлын арга хэрэгсэл ашиглаж цуглуулж, бэхжүүлсэн гэх дээрхи нотлох баримтуудыг дахин шалгуулах шаардлагатай гэж үзэж байна.

4.Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тогтоолын 6 дугаар талын доороосоо 8 дахь мөрөнд Б.Батболдын автомашины орчмоос хураагдсан 2x2,5 см хэмжээтэй гялгар уутны хамт 0,2 грамм мөс мэт талстлаг цагаан өнгийн бодисыг Б.Гал-Эрдэнийн автомашинаас хураагдсан гэж ойлгогдохоор буруу бичсэн.

5. Шүүгдэгч Б.Гал-Эрдэнийн хувийн байдлыг дутуу шалгасан тухайлбал түүний 1998 онд ял шийтгэгдсэн шүүхийн тогтоол хэрэгт хавсаргагдаагүй. Давж заалдах шатны шүүх хуралдаан дээр улсын яллагч шүүгдэгч Б.Гал- Эрдэнийн 1998 онд ял шийтгэгдсэн шүүхийн шийтгэх тогтоолыг олдоогүй тухай албан бичгээ танилцуулахад шүүгч авч хэрэгт хавсаргасан.

6. Шүүгдэгч Б.Гал-Эрдэнийн холбогдож байгаа хэргийн мансууруулах бодисын үнэлгээг хийлгээгүй. Анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэг буюу хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох нотлох баримт цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчсөн байж болох, хэрэв зөрчсөн бол нотлох баримтаас хасах асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан, мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.2.2 дахь хэсэг буюу яллагдагчийн хувийн байдлыг бүрэн гүйцэт тогтоогоогүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1.1 дэх хэсэгт “дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй”, мөн хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1.2 дахь хэсэг буюу шүүхийн дүгнэлтэнд ноцтойгоор нөлөөлж болох байдлыг шүүх анхааран үзэлгүй орхигдуулж тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна. Шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4 дэх хэсэг буюу нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй, зөрчсөн нотлох баримтуудыг  үндэслэл болгон шүүхийн шийдвэр гаргаж мөн хуулийн  320 дугаар зүйлийн 320.1 дэх хэсгийг ноцтой зөрчсөн. Анхан  шатны шүүх хуралдаан дээр прокурорын яллах дүгнэлтэд заасан нотлох баримтуудыг хэрхэн хууль зөрчиж цуглуулсан талаар өмгөөлөгч няцаасан баримтуудыг танилцуулсан боловч шүүх хүлээн авах боломжгүй гэж байгаа үндэслэлээ дурьдаагүй юм. Давж заалдах шатны шүүх хууль зөрчиж цуглуулсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар тогтоогдсон, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль зөрчөөгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй гэж буруу дүгнэсэн.

Иймд анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 317 дугаар зүйлийн 317.1.1, 317.1.2, 317.1.3 дахь хэсгүүдэд заасныг зөрчиж тогтоол гаргасан, давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ дээрхи хуулийг зөрчсөн зөрчлүүдэд зөв дүгнэлт хийгээгүй, хууль ёсны тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн магадлал гаргасан байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 352 дугаар зүйлийн 352.1 дэх хэсэгт зааснаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.Гал-Эрдэнийн өмгөөлөгч Б.Тэнгис шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалын зүйлчлэлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт зөвтгөн өөрчилж өгнө үү гэв.

Шүүгдэгч  Б.Батболдын өмгөөлөгч Г.Оюунцэцэг шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Шүүгдэгч Б.Батболдын хувьд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа. Шүүгдэгч С.Пүрэвдоржийн өмгөөлөгчийн гаргаж байгаа гомдлыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа ч мөрдөн байцаалтад хэргийг буцааснаар төдийлөн сайн үр дүнд хүрэхгүй гэж үзэж байна. Харин хяналтын шатны шүүхээс Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нийцүүлэн Б.Гал-Эрдэнэд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж үзэж байна гэв.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд: С.Пүрэвдорж өмгөөлөгч мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчигдсөн гэж тайлбарлаж байна. Гэтэл мөрдөн байцаалтын шатанд байцаан шийтгэх ажиллагаа зөрчигдөөгүй гэдэг нь шүүхийн шийдвэрээр нотлогдсон гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Гал-Эрдэнэ нь биеийн байцаалтан дээрээ Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 49-12 тоотод оршин суудаг гэсэн байна. Гэтэл яг өөрийн амьдарч байсан газар нь Баянгол дүүргийн 10 дугаар хороо, өндөрийн 77-1-17 тоот байдаг. Ямар учраас тус оршин суугаа газрын хаягийг хэлсэн бэ гэхээр яг үүнтэй адилхан хөндлөнгийн гэрчээр оролцсон 2 цагдаагийн албан хаагчийн гэрийн хаяг нь өөр тусгагдсан байгаа бөгөөд гэрчээр мэдүүлэг өгөхдөө ч мөн адил энэ талаар дурдаж өгсөн байгаа зэргээс харахад уг үйлдлээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж үндэслэлгүй. Шүүгдэгч Б.Гал-Эрдэнэ нь 5 сарын турш хар тамхи борлуулж байсан гэдэг нь миний хяналтын шатны шүүхэд гаргасан судлуулахыг хүссэн нотлох баримт буюу фото зургаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгч Б.Гал-Эрдэнэ нь дээрх хугацаанд 6 удаагийн үйлдлээр бусдад зарж борлуулсан бөгөөд түүний гэрээс 1.5 грамм хар тамхи илэрсэн байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4 дэх хэсэгт заасан давтан үйлдсэн гэдэг нь 2 нотлох баримтаар тодорхой харагддаг. Үүнд, гүйцэтгэх ажиллагааны журмаар явуулж байсан ажиллагаагаар, мөн С1, С2 гэсэн харьцуулах шинжилгээгээр тус тус нотлогддог. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй гэж үзэж байгаа тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

Шүүгдэгч Б.Гал-Эрдэнийг НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авах, хадгалах, борлуулах гэмт хэргийг давтан үйлдсэн,

шүүгдэгч Б.Батболдыг НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин гидрохлоридын агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй мансууруулах бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн талаар хийсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль зүйн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс Б.Гал-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10 жил 1 сарын хорих ялаар, Б.Батболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 сар 10 хоногийн баривчлахаар шийтгэсэн нь тэдний гэм буруу, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна гэж дүгнэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд мөрдөн байцаалтын шатанд Б.Гал-Эрдэнийн гэр болон автомашинд үзлэг хийхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 127 дугаар зүйлд заасан хөндлөнгийн гэрч оролцуулах, Б.Гал-Эрдэнийн шээсийг шинжилгээ хийлгэх зорилготойгоор хураан авахдаа мөн хуулийн 160 дугаар зүйлд заасан харьцуулан шинжлэхээр хэв, хэлбэр авах,  155 дугаар зүйл буюу шинжилгээ хийлгэх, 144 дүгээр зүйлд заасан байцаалт явуулах нийтлэг журмуудыг тус тус зөрчсөн тухай дурьдсан байх бөгөөд энэ нь шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй гарахад сөргөөр нөлөөлсөн, нөлөөлж болохоор нөхцөл байдлыг бий болгоогүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3 дахь хэсэгт заасан гүйцэтгэх ажлын арга хэрэгсэл ашиглаж авсан баримт сэлтээс цуглуулах, бэхжүүлэх үйл ажиллагааны эх сурвалж бүхий хэсгийг хасаж бусад нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлаж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжтой.

Б.Гал-Эрдэнэ нь метамфетамин гидрохлоридын агууламж бүхий “мөс” гэх мансууруулах бодисыг хууль бусаар олж авах, хадгалах үйлдлийг 2015 оны 10 дугаар сарын 9, 10-ны өдрүүдэд тээврийн хэрэгсэл болон гэртээ тус тус давтан үйлдсэн үйл баримт энэ гэмт хэрэгт хүндрүүлэх бүрэлдэхүүнээр ял сонсгосон тогтоол, байцаалтын тэмдэглэл, 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Эрүүгийн Цагдаагийн газар, Улсын Ерөнхий прокурорын газрын хамтран гаргасан гүйцэтгэх ажлын үр дүнгийн талаарх танилцуулга, 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 4097 дугаартай шинжээчийн дүгнэлт, уг дүгнэлтэд хавсаргасан гэрэл зургийн үзүүлбэр зэргээр тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний талаар нотолбол зохих асуудлууд, хүндрүүлэх нөхцөл байдлыг нотлох хэр хэмжээний шаардлагууд нь харилцан адилгүй бөгөөд үндсэн бүрэлдэхүүн нэгэнт нотлогдсон тохиолдолд тухайн гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдлыг нотлоход Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан асуудлуудыг нэг бүрчлэн нотлохыг шаардахгүй.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн үйл баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрх хяналтын шатны шүүхэд хуулиар олгогдоогүй бөгөөд хяналтын шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд хэргийн үйл баримтын талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг өөрчлөх, хүчингүй болгох эрхгүй тул шүүгдэгч Б.Гал-Эрдэнэ болон өмгөөлөгч С.Пүрэвдорж нарын “н.Баяртогтохыг шалгуулах, хэргийн газрын үзлэг дахин хийлгүүлэх, шинжээчийн дүгнэлт гаргуулах, гүйцэтгэх ажлын материалтай тулгалт хийсэн гэх зургуудыг шалгуулах, Б.Батболдыг өмгөөлөгч байлцуулан дахин байцаалгах” зэрэг хяналтын шатны шүүхийн харъяаллын бус асуудлаар гаргасан хэргийн үйл баримтыг дахин тогтоолгох агуулга бүхий гомдол, хүсэлтүүдийг хүлээн авч хэлэлцэх боломжгүй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.Гал-Эрдэнэ болон өмгөөлөгч С.Пүрэвдорж нарын “мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн зөрчлүүдийг арилгах, хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг шалгуулахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах” тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 118 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 755 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Гал-Эрдэнэ болон өмгөөлөгч С.Пүрэвдорж нарын гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Т.УРАНЦЭЦЭГ

                        ШҮҮГЧ                                                                 Ч.ХОСБАЯР