Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 257

 

Г.Б-ийн нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хөгжлийн газар,

Нийслэлийн Засаг даргад тус тус холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч                     Д.Мөнхтуяа,    

Шүүгчид:                                  Г.Банзрагч,

                                                 М.Батсуурь,

                                                 Б.Мөнхтуяа,

Илтгэгч шүүгч:                        Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга:       Т.Даваажаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас Я.Ч-д олгосон 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн МЗХ 2017/22-36 дугаартай “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-ыг түүний хавсралт барилгажих талбайн схем зураг, загвар зургийн хамт бүхэлд нь хүчингүй болгуулах, ...2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр олгосон 2517433/2018 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийг хүчингүй болгуулах”,

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: “Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Б.Б-ийн байшингийн бие даасан шаардлага гаргагч Я.Ч-гийн эзэмшил газартай давхацсан хэсгийг албадан буулгах, газар албадан чөлөөлөхөөс тус тус татгалзсан Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ...эзэмшил газартай давхацсан хэсгийг албадан буулгах, газар албадан чөлөөлөхийг тус тус Нийслэлийн Засаг даргад даалгах”,

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2019/0901 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2020/0200 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунболд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Мөнхболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цогтжаргал, гуравдагч этгээд Я.Ч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Ганпүрэв нарыг оролцуулан, 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2019/0901 дүгээр шийдвэрээр: Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1, 14.1.2, Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас Я.Ч-д олгосон 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн МЗХ 2017/22-36 дугаартай “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-ыг түүний хавсралт барилгажих талбайн схем зураг, загвар зургийн хамт бүхэлд нь хүчингүй болгуулах болон Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас гуравдагч этгээдэд 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр олгосон 2517433/2018 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий Г.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.1.7, 35.3.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан гуравдагч этгээд Я.Ч-гийн гаргасан “Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Б.Б-ийн байшингийн бие даасан шаардлага гаргагч Я.Ч-гийн эзэмшил газартай давхацсан хэсгийг албадан буулгах, газар албадан чөлөөлөхөөс тус тус татгалзсан Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, иргэн Г.Б-ийн байшингийн бие даасан шаардлага гаргагч Я.Ч-гийн эзэмшил газартай давхацсан хэсгийг албадан буулгах, газар албадан чөлөөлөхийг тус тус Нийслэлийн Засаг даргад даалгах” бие даасан шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд 221/МА2020/0200 дугаар магадлалаар:  Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2019/0901 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтаас “...Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5 дахь хэсэгт...” гэснийг хасч, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5 гэсэн заалтыг нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунболдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунболд, өмгөөлөгч О.Мөнхболд нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх магадлалдаа: Гуравдагч этгээд Я.Ч-гийн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5 дахь заалтыг үндэслэсэн атлаа тус заалтыг баримтлалгүй орхигдуулсан тул нэмж өөрчлөлт оруулсан боловч “Барилгын тухай хуулийн 14.1.1 дэх заалт нь зураг төслийн дагуу баригдсан байх шаардлагыг хангасан байх, мөн хуулийн 14.1.2 дахь заалт нь барилга байгууламжийн норм, нормативын бичиг баримтын шаардлагыг хангасан байх гэсэн ерөнхий шаардлагуудыг шүүх хангасан байх тул гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн. Гэтэл хариуцагч байгууллага болох Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас иргэн Я.Ч-д олгосон 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн МЗХ 2017/22-36 дугаартай “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-ыг түүний барилгажих талбайн схем зураг нь бүхэлдээ барилгын норм дүрэм болон холбогдох журмыг зөрчиж батлагдсан.

4. Тайлбарлавал, Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 160 дугаартай тушаалаар батлагдсан Архитектур инженерийн орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн 2.1.5-д “барилга байгууламжийн зураг төслийн даалгавар, норм нормативийн бичиг баримтыг хянана” гэж заасан эрх үүрэгтэй байна. Эндээс дүгнэхэд барилга барих хүсэлтийг хэлэлцэхдээ бусад иргэн аж ахуйн нэгжийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй байдлыг хяналгүйгээр шууд архитектур төлөвлөлтийн даалгаврыг дэмжиж дүгнэлт гаргасан нь хуульд нийцээгүй. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн орон тооны бус зөвлөл нь архитектур төлөвлөлтийн даалгавар нь хууль зүйн үндэслэлтэй эсэх, холбогдох норм дүрэм журамд нийцсэн эсэхийг судлах үүрэгтэй байсан. Энэхүү үүргээ биелүүлээгүйн улмаас мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт нь НИТХ-ын 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дугаартай тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журмын холбогдох заалтуудыг зөрчсөн.

5. Дурдвал журмын 3 дугаар зүйлийн 3.2-т барилгын эх загвар зураг батлахдаа барилга барих зөвшөөрлийг Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.7, Засгийн газрын 2009 оны 204 дүгээр тогтоолоор батлагдсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм болон холбогдох норм дүрмийг баримтлан олгоно” гэж заасныг зөрчиж архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталсан. Мөн журмын 4 дүгээр бүлэгт Барилга барих үйл ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийн оролцоог хангах, саналыг тусгах. Үүнд: Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлахдаа зэргэлдээ орших барилга хоорондын зайг тооцоололгүйгээр баталснаас болж энэхүү маргаан эхэлсэн. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасны дагуу хөрш залгаа иргэн аж ахуйн нэгж бидэнд санал, тайлбар гаргах боломж олголгүйгээр, мөн хуулийн 27 дугаар зүйлд заасан журмын дагуу сонсох ажиллагаа хийлгүйгээр архитектур төлөвлөлтийн даалгаврыг схем болон загвар зургийн хамт баталж бидний эрх, ашиг сонирхлыг зөрчсөн. Энэ талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу хууль зүйн үндэслэлгүй байгаа талаар мэтгэлцсэн боловч шүүх анхаарч үзээгүйн сацуу шүүхийн шийдвэрт ч тусгаагүй нь алдаа болсон.

6. Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас /шинэ нэршлээр/ Я.Ч-д олгосон 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн МЗХ 2017/22-36 дугаартай “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-ыг түүний барилгажих талбайн схем зураг нь журмын 8 дугаар зүйлийн 8.1.16-д заасны дагуу барилгын норм, нормативыг зөрчин барилгын эх загвар зургийг баталсан нь дээрх журмын заалтуудаар тогтоогдож байхад хэрэгт хамааралтай талаас нь авч үзэж уг заалтуудыг хэрэглээгүй алдаа гаргасан, түүнчлэн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Барилгын тухай хуулийн 14.1, 14.1.1, 14.1.2 гэх мэтчилэн ерөнхий заалтуудыг хэрэглэсэн бөгөөд энэ хуулийн заалтуудын дагуу заавал дагаж мөрдөх норм, дүрэм, нормативын шаардлагыг хангаж буй эсэх талаар дүгнэлтийг хийгээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 2-т заасны дагуу “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагыг хангахгүй байна.

7. ...Нэхэмжлэгчийн зүгээс хэрэгт ач холбогдолтой хэргийг үнэн зөв бодитой, гагцхүү хуульд нийцсэн үнэн зөв шийдүүлэхийн тулд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дугаартай тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-ыг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч шүүх журмын дээрх заалтуудыг анхаарч үзээгүй өнгөцхөн дүгнэж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Мөн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 02/03-4038 дугаартай, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт /хуучин нэршил/ хандаж хаягласан албан бичиг, үүний тайлбар нь иргэн Г.Б-ийн Ү2203015940 дугаартай 101 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон МЗХ2017/22-36 дугаартай “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-ын барилгажих талбайн схем зурагт төлөвлөгдсөн барилга хоорондын зай хэмжээ нь хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбД 30.01.04-ийн заавал дагаж мөрдөх 4 дүгээр хавсралтын 1 дүгээр хүснэгт, тайлбар хэсгийн 3 дугаар заалт /гадна ханандаа цонхгүй барилгын гал тусгаарлах хамгаалалтын зайг гал тэсвэршилтийн III-IV зэрэгтэй барилгаас бусад барилгад 20% хүртэл бууруулахыг зөвшөөрнө/-тай зөрчилдөж байгаа талаар тогтоосон боловч шүүх нотлох баримтыг үнэлээгүй.

8. Бидний зүгээс маргах болсон шалтгаан нь Барилгын тухай хууль болон холбогдох байгууллагаас батлагдсан барилгын норм дүрэм, журам, нормативыг зөрчиж байгаа нь шүүхэд хандах гол үндэслэл болсон. Гуравдагч этгээдээс гаргаж өгсөн баримтад Онцгой байдлын ерөнхий газраас барилгын төсөлд хяналт шалгалт хийсэн тухай 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 97/0-72 дугаартай дүгнэлтийг хавсаргасан. Үүнд: Гал тэсвэршилтийн II дугаар зэрэгтэй барилга болохыг тогтоосон ба уг дүгнэлтийн 6-д “хот суурин төлөвлөлт барилгын зураг төсөл төлөвлөхдөө БНбД-ийн 30-01-04 барилга хоорондын гал тусгаарлах хамгаалалтын зай /заавал биелүүлэх 4-р хавсралт/ хэмжээг баримталж төлөвлөнө” гэж тусгасан. Мөн дээрх шаардлагыг биелүүлснээр тус ажлын зураг нь галын аюулгүй байдлын шаардлагыг хангах болно гэж тусгагдсан. Гэтэл иргэн Я.Ч нь энэхүү шаардлагыг биелүүлээгүй холбогдох норм, дүрэм, журмыг баримтлаагүйн улмаас 2 удаа гал гарсан байдаг. Үүний дараа шүүхээс гуравдагч этгээдийн барилгад үзлэг хийж хэмжилт явуулахад хэт ойрхон зайтай байгааг тогтоосон. Эдгээр бодит нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй нь маш том алдаа гэж үзэж байна.

9. Хариуцагч нь манай барилгыг хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэлгүй, холбогдох байгууллагаас зөвшөөрөл аваагүй, архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулаагүй гэж ганцхан үндэслэлээр няцаадаг боловч, нэхэмжлэгч Г.Б- нь барилгыг анх 1 давхар байхад нь худалдаж аваад өөрсдөө амьдран суух үүднээс 2 давхар болгон өөрчилсөн. Энэ нь ямар ч хууль, дүрэм, журам зөрчөөгүй. Учир нь, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар барилга байгууламжийн төвөгшлийн ангиллыг зориулалт, хүчин чадлаар нь тогтоож баталсан. Үүнд: 7 м хүртэл өндөртэй, 400 м.кв хүртэл талбайтай нэг айлын орон сууцанд барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламжид багтана гэж тусгагдсан. Манай барилга нь 104 м.кв талбайтай, 4 м хүртэл өндөртэй бөгөөд ямар ч ажлын зураг шаардагдахгүй. Тиймээс хариуцагч талын няцаалт үндэслэлгүй болох нь тогтоогдож байна. Иймд дээрх үндэслэлийн дагуу магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

10. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

11. Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас, иргэн Ч.Ч-гийн барих барилгад 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр  МЗХ 2017/22-36 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгажих талбайн схем зургийг, 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр үйлчилгээтэй албан конторын барилгын загвар зургийг тус тус баталсан, 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 0002518 дугаартай “Барилгын ажлын зөвшөөрөл”-ийг олгосон, нэхэмжлэгч Г.Б-ээс “...хууль зөрчсөн, ...өмчлөгчийн эрхийг зөрчсөн” гэх үндэслэлээр маргаж, эдгээр актуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

12. Нэхэмжлэгч Г.Б- нь нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/26 дугаар захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нэгж талбарын 18644312053768 дугаар бүхий 60 м.кв газрыг эзэмшдэг, газар эзэмших эрх нь 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 00674803 дугаартай “Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ”-гээр баталгаажсан, тус газар дээрх 104 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч бөгөөд вакум цонхны үйлдвэрлэлийн зориулалтаар ашигладаг, уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.

13. Түүнчлэн, архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын загвар зураг зэргийг боловсруулж батлуулалгүйгээр үйлчилгээний зориулалттай уг барилгыг барьсан, барилга нь хойд талын хэсгээрээ гуравдагч этгээдийн эзэмшлийн газартай давхацсан ба уг барилгатай зэрэгцүүлэн шинээр барьсан гуравдагч этгээдийн барилга нь нэхэмжлэгчийн барилгад хэт ойртсон буюу барилга хоорондын зай нь 127 см, 174 см хэмжээтэй болох нь шүүхийн үзлэгээр тогтоогдсон, уг үйл баримтуудтай хэргийн оролцогчид мөн маргаагүй.  

14. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “...“барилга байгууламжийн баримт бичиг” гэж..., барилгын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай энэ хуульд заасны дагуу боловсруулж, баталгаажуулсан..., зураг төсөл, ...холбогдох бусад баримт бичгийг”, 4.1.30-д “...“зураг төсөл” гэж барилга байгууламжийг төлөвлөх, барилгын ажил гүйцэтгэхэд шаардагдах загвар зураг, эх загвар зураг /эскиз/, техник, эдийн засгийн үндэслэл, техникийн болон ажлын зураг, барилгын ажил гүйцэтгэх талбайн... зэрэг баримт бичгийн иж бүрдлийг” тус тус ойлгохыг; 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.1, 5.2-т заахдаа барилгын үйл ажиллагааг зохицуулах норм, нормативын баримт бичгийн бүрэлдэхүүнд “барилгын норм, дүрэм”-ийг хамааруулж, барилгын үйл ажиллагаанд заавал мөрдөх баримт бичиг болохыг тусгайлан заасан байна.

15. Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбД 30.01.04-ийн заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 1-д “орон сууц, олон нийтийн барилга болон үйлдвэр, үйлдвэрлэлийн туслах барилга байгууламжийн хоорондох гал тусгаарлах хамгаалалтын зайг 1 дүгээр хүснэгтэд зааснаас багагүйгээр төлөвлөх”-өөр, уг хүснэгтэд: тухайн барилгын гал тэсвэршилтийн зэргээс /4 зэрэг байна/ хамааруулж, тэдгээрийн хоорондох гал тусгаарлах хамгаалалтын зайг ялгаатай байдлаар тогтоосон, “Тайлбар” хэсгийн 3-т “гадна ханандаа цонхгүй барилгын гал тусгаарлах хамгаалалтын зайг гал тэсвэршилтийн III-IV зэрэгтэй барилгаас бусад барилгад 20% хүртэл бууруулахыг зөвшөөрнө” гэжээ.

16. Хариуцагчийн зүгээс, нэхэмжлэгчийг авбал зохих зөвшөөрөл авалгүйгээр үйлчилгээний зориулалттай 2 давхар барилга барьж ашиглаж байгааг буруутгасан, энэ тохиолдлын хувьд, нэхэмжлэгчийн өмчилж буй барилгын “гал тэсвэршилтийн зэрэг”-ийг албан ёсоор тодорхойлж тогтоогоогүй, нэхэмжлэгч эрхээ зөрчигдсөн гэж маргахдаа шүүхэд энэ асуудлаар аливаа хүсэлт гаргаагүй, гуравдагч этгээдийн барилга нь гал тэсвэршилтийн II зэргийн барилга болох нь тогтоогдсон хэдий ч, хариуцагчийн баталсан маргаан бүхий актууд нь дээрх Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбД 30.01.04-ийн заавал мөрдөх 4 дүгээр хавсралтыг шууд зөрчсөн гэж дүгнэх боломжгүй, шүүхүүд уг асуудлаар хийвэл зохих дүгнэлт хийгээгүй нь буруу боловч  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан “...1 дүгээр хүснэгт, Тайлбар хэсгийн 3 дугаар заалт зөрчилдөж байгаа талаарх нотлох баримтыг үнэлээгүй” гэх гомдол нь нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэл болохгүй юм.

17. Өөрөөр хэлбэл, энэ тохиолдлын хувьд, зэргэлдээ барилга хэт ойртсон, галын аюулгүй байдал хангагдах барилгын норм, дүрмээр тогтоосон “зай хэмжээ” зөрчигдсөн гэж үзэхэд, нэхэмжлэгчийн үйл ажиллагаа хууль ёсны буюу хамгаалагдах хууль ёсны ашиг сонирхол байх учиртай, нэхэмжлэгч нь барилгын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай барилга байгууламжийн холбогдох баримт бичгийг бүрдүүлж, эрх бүхий байгууллагаар батлуулалгүй барилга барьсан, өөрийн эзэмшлийн газраас хэтрүүлэн барьсан зэрэг буруутай үйл ажиллагааг шүүхээс зөвтгөх боломжгүй.

18. Түүнчлэн, нэхэмжлэгчийн маргасан актууд болох хариуцагчийн баталсан 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн МЗХ 2017/22-36 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгажих талбайн схем зураг, 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр баталсан үйлчилгээтэй албан конторын барилгын загвар зураг, хариуцагчаас олгогдсон 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 0002518 дугаартай  “Барилгын ажлын зөвшөөрөл” зэргээр гуравдагч этгээдийн барилга баригдаж дууссан нь шүүхээс 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр үзлэг хийхэд тогтоогдсон, энэ талаар нэхэмжлэгч маргаагүй байна.

19. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох”-оор заасан, маргаан бүхий актуудын нэг удаагийн үйлчлэл хэрэгжээд дууссан энэ тохиолдлын хувьд нэхэмжлэгчийн “хүчингүй” болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэх үндэсгүй.

20. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлох бөгөөд 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэр гаргах үүрэгтэй тул нэгэнт үйлчлэл нь  хэрэгжиж дууссан актуудыг шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэх хууль зүйн боломжгүй юм.

21. Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунболд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Мөнхболд нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.