Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2020/0200

 

   2020           03           19                                        221/МА2020/0200                                 Улаанбаатар хот

 

Г.Б-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, гуравдагч этгээд Я.Ч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Г нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 901 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Г.Б-ийн нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 901 дүгээр шийдвэрээр: Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1, 14.1.2, Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6 дах хэсэгт заасныг тус тус баримтлан “Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас Ч-д олгосон 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн МЗХ 2017/22-36 дугаартай “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-ыг түүний хавсралт барилгажих талбайн схем зураг, загвар зургийн хамт бүхэлд нь хүчингүй болгуулах болон Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас гуравдагч этгээдэд 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр олгосон 2517433/2018 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий Г.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О давж заалдах гомдолдоо: Шүүх Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1, 42.1, Захиргааын хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3.14, Барилгын тухай хуулийн 14.1, 14.1.1, 14.1.2, Хот байгуулалтын тухай хуулийн 12.6 дах хэсэг, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дүгээр тогтоол Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох барилгын эх загвар батлах, Барилгын угсралтын ажил эхлүүлэх ашиглалтанд оруулах үйл ажиллагааны журмыг буруу тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсэгт Барилгын тухай хуулийн 14.1.1 дэх заалт нь зураг төслийн дагуу баригдсан байх шаардлагыг хангасан байх, мөн хуулийн 14.1.2 дэх заалт нь барилга байгууламжийн норм, нормативын бичиг баримтыг шаардлагыг хангасан байх гэсэн ерөнхий шаардлагуудыг шүүх хангасан байна гэж дүгнэсэн.

Гэтэл хариуцагч байгууллага болох Нийслэлийн хот байгуулалт, Хөгжлийн газраас иргэн Я.Чойждаваад олгосон 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн МЗХ 2017/22-36 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг түүний барилгажих талбайн схем зураг нь бүхэлдээ барилгын норм дүрэм болон холбогдох журмыг зөрчиж батлагдсан. Тайлбарлавал Барилган хот байгуулалтын сайдын 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 160 дугаартай тушаалаар батлагдсан Архитектур инженерийн орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн 2.1.5-д барилга байгууламжийн зураг төслийн даалгавар, норм нормативийн бичиг баримтыг хянана гэж заасан эрх үүрэгтэй байна. Эндээс дүгнэхэд барилга барих хүсэлтийг хэлэлцэхдээ бусад иргэн аж ахуй нэгжийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй байдлыг хяналгүйгээр шууд архитектур төлөвлөлтийн даалгаврыг дэмжиж дүгнэлт гаргасан нь хуульд нийцээгүй.

Өөрөөр хэлбэл мэргэжлийн орон тооны  бус зөвлөл нь архитектур төлөвлөлтийн даалгавар нь хууль зүйн үндэслэлтэй эсэх, холбогдох норм дүрэм журамд нийцсэн эсэхийг судлах үүрэгтэй байсан. Энэхүү үүргээ биелүүлээгүй улмаас Мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт нь НИТХ-ын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журмын холбогдох заалтуудыг зөрчсөн.

Дурьдвал журмын 3 дугаар зүйлийн 3.2-т барилгын эх загвар зураг батлахдаа Барилга барих зөвшөөрлийг хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийг 10.1, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.7, Засгийн газрын 2009 оны 204 дүгээр тогтоолоор батлагдсан “барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм” болон холбогдох норм дүрмийг баримтлан олгоно гэж заасныг зөрчиж архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталсан. Мөн журмын 4 дүгээр бүлэгт Барилга барих үйл ажиллагаанд иргэн хуулийн этгээдийн оролцоог хангах, саналыг тусгах үүнд: Нийслэлийн хот байгуулалт, Хөгжлийн газраас Архитектур төлөвлөлтийн даалгавар батлахдаа зэргэлдээ орших барилга хоорондын зайг тооцоололгүйгээр баталснаас болж энэхүү маргаан эхэлсэн.

Энэ нь өөрөө Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж заасны дагуу хөрш залгаа иргэн аж ахуйн нэгж бидэнд санал, тайлбар гаргах боломж олголгүйгээр, мөн хуулийн 27 дугаар зүйлд заасан журмын дагуу сонсох ажиллагаа хийлгүйгээр архитектур төлөвлөлтийн даалгаврыг схем болон загвар зургийн хамт баталж бидний эрх ашиг сонирхлыг зөрчсөн. Энэ талаар шүүхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу хууль зүйн үндэслэлгүй байгаа талаар мэтгэлцсэн боловч шүүх анхаарч үзээгүйн сацуу шүүхийн шийдвэрт ч тусгаагүйн алдаа болсон.

Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газраас /шинэ нэршлээр/ Я.Чойждаваад олгосон 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн МЗХ 2017/22-36 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг түүний барилгажих талбайн схем зураг нь журмын 8.1.16-д заасны дагуу барилгын нормж, нормативыг зөрчин барилгын эх загвар зургийг баталсан нь дээрх журмын заалтуудаар тогтоогдож байхад хэрэгт хамааралтай талаас нь авч үзэж уг заалтуудыг хэрэглээгүй алдаа гаргасан түүнчлэн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Барилгын тухай хуулийн 14.1, 14.1.1, 14.1.2 гэх мэтчилэн ерөнхий заалтуудыг хэрэглэсэн бөгөөд энэ хуулийн заалтуудын дагуу заавал дагаж мөрдөх норм, дүрэм, нормативын шаардлагыг хангаж буй эсэх талаар дүгнэлтийг хийгээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 2-т заасны дагуу Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангахгүй байна.

Нотлох баримтыг буруу үнэлсэн бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс хэрэгт ач холбогдолтой хэргийг үнэн зөв бодитой, гагцхүү хуульд нийцсэн үнэн зөв шийдүүлэхийн тулд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журмыг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч шүүх журмын дээрх заалтуудыг анхаарч үзээгүй өнгөцхөн дүгнэж шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 02/03-4038 дугаартай, Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газарт /хуучин нэршил/ хандаж хаягласан албан бичиг, уг албан бичгийн тайлбар нь иргэн Г.Б-ийн Ү-22030115940 дугаартай 101мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон МЗХ2017/22-36 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврын барилгажих талбайн схем зурагт төлөвлөгдсөн барилга хоорондын зай хэмжээ нь Хот тосгоны төлөвлөлт, барилга хоорондын зай хэмжээ нь хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНБД 30.01.04-ийн заавал дагаж мөрдө 4 дүгээр хавсралтын 1 дүгээр хүснэгт, тайлбар хэсгийн 3 дугаар заалт /гадна ханадаа цонхгүй барилгын гал тусгаарлах хамгаалалтын зайг гал тусвэршилтийн 3-4 зэрэгтэй барилгаас бусад барилгад 20% хүртэл бууруулахыг зөшөөрнө/-тэй зөрчилдөж байгаа талаар тогтоосон боловч шүүх нотлох баримтыг үнэлээгүй.

Бидний зүгээс маргах болсон шалтгаан нь барилгын тухай хууль болон холбогдох байгууллагаас батлагдсан барилгын норм дүрэм, журам, нормативийг зөрчиж байгаа нь шүүхэд хандах гол үндэслэл болсон. Гуравдагч этгээдээс гаргаж өгсөн баримтад Онцгой байдлын ерөнхий газраас барилгын төсөлд хяналт шалгалт хийсэн тухай 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 97/0-72 дугаартай дүгнэлтийг хавсаргасан. Үүнд Гал тэсвэршилтийн 2 дугаар зэрэгтэй барилга болохыг тогтоосон ба уг дүгнэлтийн 6-т хот суурин төлөвлөлт барилгын зураг төсөл төлөвлөхдөө БНбд-ийн 30-01-04 барилга хоорондын гал тусгаарлах хамгаалалтын зай заавал биелүүлэх 4-р хавсралт хэмжээг баримталж төлөвлөнө гэж тусгасан. Мөн дээрх шаардлагыг биелүүлснээр тус ажлын зураг нь галын аюулгүй байдлын шаардлагыг хангах болно гэж тусгагдсан. Гэтэл иргэн Я.Ч нь энэхүү шаардлагыг биелүүлээгүй холбогдох норм, дүрэм, журмыг баримтлаагүйн улмаас 2 удаа гал гарсан байдаг. Үүний дараа шүүхээс гуравдагч этгээдийн барилгад үзлэг хийж хэмжилт явуулахад хэт ойрхон зайтай байгааг тогтоосон. Эдгээд бодит нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй нь маш том алдаа гэж үзэж байна.

Хариуцагч нь манай барилгыг хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэлгүй, холбогдох байгууллагаас зөвшөөрөл аваагүй архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулаагүй гэж ганцхан үндэслэлээр няцаадаг боловч, нэхэмжлэгч Г.Б нь барилгыг анх 1 давхар байхад нь худалдаж аваад өөрсдөө амьдран суух үүднээс 2 давхар болгон өөрчилсөн. Энэ нь ямар ч хууль, дүрэм, журам зөрчөөгүй. Учир нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Барилга хот байгуулалтын сайдын тушаалаар барилга байгууламжийн төвөгшлийн ангилалыг зориулалт, хүчин чадлаар нь тогтож баталса. Үүнд: 7 м хүртэл өндөртэй, 400 мкв хүртэл талбайтай нэг айлын орон сууцанд барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламжид багтана гэж тусгагдсан. Манай барилга нь 104 мкв талбайтай, 4м хүртэл өндөртэй бөгөөд ямар ч ажлын зураг шаардагдахгүй юм. Тиймээс хариуцагч талын няцаалт үндэслэлгүй болох нь тогтоогдож байна.

Иймд дээрхи үндэслэлийн дагуу Нийслэл дэх Захиргааын хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2019/0901 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь Хот байгуулалт хөгжлийн газар, Нийслэлийн Засаг дарга нарт холбогдуулан Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас Я.Чойждаваад олгосон 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн МЗХ 2017/22-36 дугаартай “Архитектур төлөвлөлтийн даалгаврыг түүний хавсралт барилгажих талбайн схем зураг, загвар зургийн хамт бүхэлд нь хүчингүй болгуулах, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас гуравдагч этгээдэд 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр олгосон 2517433/2018 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар Я.Ч Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/618 дугаартай захирамжаар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 629.02 м.кв газрын 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байх ба Я.Ч нь 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр зоорьтой долоон давхар угсармал төмөр бетон хийцтэй 400 мкв барилга барихаар Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газарт хүсэлтээ гаргасан байна. Энэ хүсэлтийн хүрээнд Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 68 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дүгээр тогтоолоор Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох барилгын эх загвар зураг батлах, Барилга угсралтын ажил эхлүүлэх ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам батлагдаж хариуцагчаас уг журмын дагуу 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 433/2018 дугаартай барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаагаар олгосон байна.

Нэхэмжлэгч Г.Б нь өөрийн эзэмшлийн 1864431253768 нэгж талбарын дугаартай газартаа зөвшөөрөлгүй барилга барьсан нь хэрэг авагдсан Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 09/49 дүгээр албан бичиг, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 02-03/1213 дугаар албан бичгээр тогтоогдсон байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурьдсан үндэслэлээр хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд гуравдагч этгээдээс гаргасан Я.Ч-ийн эзэмшил газартай нэхэмжлэгч Б.Б-ийн барилгын давхацсан хэсгийг албадан буулгах, газар албадан чөлөөлөхөөс тус тус татгалзсан Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, иргэн Г.Б-ийн барилгын Я.Ц-ийн эзэмшил газартай давхацсан хэсгийг албадан буулгах, газар албадан чөлөөлөхийг  тус тус Нийслэлийн Засаг даргад даалгах шаардлагыг анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “... Аймаг, нийслэлийн Засаг дарга барилгын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ..” 35.1.7-д “...барилга байгууламжийн баримт бичгийн шаардлагад нийцээгүй барилга байгууламжийг улсын хяналт хэрэгжүүлэгч байгууллагын ерөнхий байцаагчийн дүгнэлт болон шүүхийн шийдвэрийг үндэслэн албадан буулгах арга хэмжээг авч, холбогдох зардлыг буруутай этгээдээр төлүүлэх...”., Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7-д “..газар эзэмших эрхээ энэ хуульд заасан журмын дагуу барьцаалах..” гэж тус тус заасан байна.

Гэтэл анхан шатны шүүх хуульд байхгүй Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5 гэсэн заалтыг баримталсан байх тул уг заалтыг хасах нь зүйтэй.

Мөн анхан шатны шүүх бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Я.Ч-ийн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5 дахь заалтыг үндэслэсэн атлаа тус заалтыг баримтлалгүй орхигдуулсан байх тул нэмсэн өөрчлөлт оруулав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 901 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтаас “...Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5 дахь хэсэгт ..” гэснийг хасч, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5 гэсэн заалтыг нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                                      О.НОМУУЛИН

 

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН