Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 210/ма2022/01376

 

 

 

 

 

 

2022 07 25 210/МА2022/01376

 

 

Т.А ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 18ы өдрийн 102/ШШ2022/01872 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.А ын хариуцагч Х ХХК -д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг, алдангид 10,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөг гаргуулах тухайн үндсэн, худалдах, худалдан авах гэрээг цуцалж, автомашиныг буцаан, засварын зардалд 10,153,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн агуулга: 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр өөрийн эзэмшлийн Форд эверест маркийн автомашиныг Х ХХК -ийн захиралд 20,000,000 төгрөгөөр 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хөлсийг төлөх, энэ хугацаанд төлөөгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувийн алданги төлөхөөр гэрээнд тохиролцож, 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээлгэн өгсөн. Гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч санхүүжилт муу байгаа, мөнгө орж ирэхээр шилжүүлнэ гэж өнөөдрийг хүрсэн. 2020 оны 06 дугаар сард автомашин эвдрэлтэй, доголдолтой байна гэсэн. Уг нь автомашиныг хүлээн авахдаа компанийн техникийн мэргэжлийн ажилчид нь үзэж шалгаж авсан. Гэтэл гэрчилгээг шилжүүлж аваагүй нь худалдагч талд хамааралгүй, өөрсдөө ашиглах явцдаа эвдэж гэмтэл гаргачихаад үнийг нь төлж чадахгүй болохоор худалдагчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Манайх 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Ч.А тай хийсэн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзаж байна. Худалдсан тээврийн хэрэгсэл шинэ биш, хуучин гэдгийг мэдсэн бөгөөд нэмэлт засвар хэрэгтэй зүйлсийг мэдэгдээгүй биш мэдсэний үндсэн дээр автомашиныг 20,000,000 төгрөгөөр тохиролцсон. Иймд гэрээний дагуу автомашины төлбөр 20,000,000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувиар алданги тооцоход 12,000,000 төгрөг болж хэтэрсэн тул үнийн дүнгийн 50 хувь болох 10,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Т.А Форд эверест маркийн 0042 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг манай компанийн эрх бүхий албан тушаалтнуудад хүлээлгэн өгсөн нь тодорхойгүй, баримт байхгүй. Тус компанийн захирал Ч.А ийн нэр дээр шилжүүлэх талаар Т.А өөрөө хүсэлт гаргасан. Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээнд төлбөр барагдуулах хугацааг заасан. Харин хугацаа хэтэрсэн үед 0,2 хувийн алданги тооцохоор гэрээнд тусгаагүй. Тухайн тээврийн хэрэгсэл компанид ирсэн өдрөө эвдэрч ажил үүрэг гүйцэтгэх боломжгүй байсан. Бид ажил үүрэг гүйцэтгэх явцад байнга засвар үйлчилгээ хийж байсан. 2020 оны 03 дугаар сард Өмнөговь аймгийн Цогтцэций суманд эвдэрч, тус суманд байрлах ажлын талбай дээрээс ачуулж, хотод авчирч, түүнээс хойш унаж хэрэглээгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Дэлхий нийтийг хамарсан ковид цар тахлын хүчин зүйлийн нөлөөллөөс хөл хориог тогтоож байсан учир анзыг зөвшөөрөхгүй. Гэрээний 9-д заасныг үндэслэн анзын хэмжээг багасгаж өгнө үү. 10,000,000 төгрөгийн хэмжээнд тохиролцох боломжтой гэжээ.

 

3. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч нь автомашины талаар үнэн зөв, бүрэн мэдээллийг өгөөгүй. Т.А од автомашины доголдлын улмаас гэрээг цуцалж автомашин авахыг мэдэгдсэн. Т.А хөдөлгөчихвөл автомашинаа буцааж авья гээд засуулсан ч авалгүй шүүхэд нэхэмжлэл гаргасан. Худалдагч гэрээнд заагдсан шаардлагыг хангахгүй доголдолтой машин худалдсан тул түүнтэй байгуулсан гэрээг цуцалж автомашиныг буцаан өгч, автомашиныг засварласан зардал 10,153,000 төгрөгийг Т.А оос гаргуулна. Автомашиныг хүлээн авснаас хойш 5 сарын дараа доголдлын талаар гомдлын шаардлага гаргасан учир хуульд заасан шаардлага гаргах хугацаа хэтрүүлээгүй. 2020 онд тээврийн хэрэгслийн доголдлын талаар худалдан авагч гомдлын шаардлага гаргаж тээврийн хэрэгсэл буцааж 10,000,000 төгрөг нэмж өгье гэсэн. Манай зүгээс тээврийн хэрэгслийг засан сайжруулахдаа гарсан зардал тул автомашиныг өгөөд 10,000,000 төгрөг өгье гэсэн нь хуульд заасны дагуу гомдлын шаардлага гаргасан гэж үзэхээр байна. Гэрээний 4-т заасны дагуу шаардлага тавьсан. Доголдлын талаар гомдлын шаардлага гаргасан атлаа тээврийн хэрэгслийг сольж өгөөгүй. Иймээс Т.А ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга: Тээврийн хэрэгслийг хүлээн авах үед биет байдлын доголдолтой байсан бол худалдагч талд мэдэгдэх талаар гэрээний 4, 5 дугаар зүйлд заасан. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар бичгээр мэдэгдээгүй тул гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан. Хүлээн авсан автомашиныг компанийн үйл ажиллагаанд ашиглан хэрэглэхдээ ашиглалтын журам зөрчиж эвдрэлд оруулчихаад худалдагчаас өөрт учирсан хохирол төлүүлэхээр нэхэмжилсэн нь хууль бус. Автомашины үнийг төлөөгүйн улмаас нэхэмжлэгчээс шаардах нь буруу. Гэрээг цуцлах үндэслэлгүй, доголдолтой автомашин өгөөгүйг хариуцагч болон гэрч нар гэрчилж тайлбарладаг. Харин автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэх үүрэг нь худалдан авагчид байдаг, шилжээгүйг хүлээн аваагүй гэж үзэх үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 255 дугаар зүйлийн 255.1.1, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасныг баримтлан Х ХХК -аас худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 30,000,000 төгрөг гаргуулан, Т.А од олгож, гэрээг цуцалж тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчид буцаан, засварын зардалд 10,153,000 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 307,950 төгрөг, хариуцагчаас төлсөн 177,500 төгрөгийг тус тус орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 307,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар Т.А нь Ч.А т холбогдох тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлагаасаа татгалзсаныг баталж шийдвэрлэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчиж, эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангаагүй, хангалттай нотлох баримт бүрдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаанууд хийгдээгүй байхад хэт нэг талыг барьсан үндэслэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Нэхэмжпэгч нь маргааны зүйл болох тээврийн хэрэгслийг зах зээлийн үнээс хямдаар худалдсан талаар шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад "... тухайн машины зах зээлийн үнэ өндөр боловч худалдан авагч талтай 20,000,000 төгрөгөөр тохирч ... гэж мэдүүлсэн байдаг бөгөөд хариуцагч уг тээврийн хэрэгслийг худалдан авсаны маргааш Өмнөговь аймаг руу явах замдаа эвдэрсэн. 2022 оны 03 дугаар сард автомашинаар чирч хотод авчрах үедээ нэхэмжпэгчид автомашиныг буцаан өгөхөөр ярилцсан талаар мэдүүлдэг ба нэхэмжлэгч нь автомашинаа буцааж өгөөд 10,000,000 төгрөг өгье гэхэд нь зөвшөөрсөн боловч мөнгөө өгөөгүй гэж мэдүүлж байсныг хэрэгт ач холбогдолтой хамааралтай талаас нь үнэлэлгүйгээр хариуцагчийг гомдлын шаардлага гаргаагүй гэж дүгнэлт хийсэн. Хариуцагч худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах, цуцлах талаар нэхэмжлэгчид мэдэгдэж байсныг нотолно. Мөн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнийг тогтоолгох, 20,000,000 төгрөгийн үнэтэй эсэх, эвдрэл, гэмтэл учирсан нь ашиглалтын явцад учирсан эсэхийг тогтооход чухал ач холбогдолтой байсны дээр тусгай мэдлэг, техникийн тооцоолол шаардлагатай тул шинжээч томилж дүгнэлт гаргуулах шаардлагатай байтал шүүх хүсэлтийг хангалгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдлыг тогтоолгүйгээр шийдвэрлэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх нь хариуцагчийн хүсэлтээр иргэн Г.Хэрлэнг гэрчээр оролцуулахаар шийдвэрлэсэн атлаа хариуцагч талыг хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд ирээгүй байхад түүний эзгүйд гэрчийн мэдүүлгийг авсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх тэгш байх зарчмыг хангалгүйгээр шийдвэр гаргасанд гомдолтой байна. Хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үйл баримтыг гэрчлүүлэх зорилгоор гэрч Б.Бат-Эрдэнээс мэдүүлэг авахуулах хүсэлтийг хангаж боловч гэрч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүхэд биеэр хүрэлцэн ирэх боломжгүй талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4 дэх хэсэгт заасныг үндэслэн хүсэлт гаргасныг шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэхдээ гэрч асуух захирамжийг хүчингүй болгоогүй, өөрчлөлт оруулаагүй нь шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчмын дагуу дээрх захирамжийн биелэлт хангагдаагүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Дээрх хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүхэд өөрийн биеэр ирэх боломжгүй гэрчийг тодруулж, ажиллагаг хийлгэх боломжтой байсан. Анхан шатны шүүх нь 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 06060 дугаартай шүүгчийн захирамж биелэгдсэн гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.3-т заасан ажиллагааг дутуу явуулсан гэж үзэж байна. Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хэргийн үйл явдлыг үнэн зөв тогтоохын тулд хангалттай хугацаа зарцуулсан. Энэхүү хэрэг маргаан 2020 оны 10 дугаар сараас эхэлсэн. Шүүх хуралдааны явцад хариуцагч талаас итгэмжлэгдсэн төлөөлөгчөө 2-3 удаа сольсон. Хариуцагч талаас гаргасан хүсэлт болгоныг шүүх хангаж шийдвэрлэсэн. Тус хүсэлтүүдийг шийдвэрлэх гэж 2 жилийн хугацаа өнгөрч байна. Тус хугацаанд шүүх дутуу ажиллагаа хийгдсэн гэж үзэх боломжгүй. Цугларсан нотлох баримтууд болон гэрчүүд үйл явдлыг үнэн зөвөөр мэдүүлж нотолсон. Эдгээр нотлох баримтууд болон гэрчийн мэдүүлгүүдийг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд хүсэлтийг хангах эсэхээ шийдвэрлэнэ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд гэрээний талаар маргаагүй. Гэрээнд заасан автомашины үнийн талаар маргаагүй. Автомашиныг хүлээж авахдаа доголдолтой байсан эсэх асуудлыг шалган хүлээж авч, автомашиныг авто оношилгоонд оруулах бүрэн боломжтой байсан. н.Бат-Эрдэнийг гэрчээр оролцуулах хүсэлт гаргахад, н.Бат-Эрдэнэ нь өөрөө шүүхэд тайлбараа өгсөн. Давж заалдах гомдлоор хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж өгөх талаар тайлбарласан. Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд тэмдэгтийн хураамжийг төлөөд гомдлоо гаргах хууль зүйн үндэслэлтэй. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянахад анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу явуулсан, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Т.А нь хариуцагч Х ХХК -д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг, алдангид 10,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч худалдах, худалдан авах гэрээг цуцалж, автомашиныг буцаан, засварын зардалд 10,153,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...автомашины үнэ, алдангийн хамт гаргуулна... гэж, хариуцагч нь тайлбар, татгалзлын үндэслэлээ ...20,000,000 төгрөгийн автомашиныг хэнд хүлээлгэж өгсөн нь тодорхойгүй, биет байдлын доголдолтой эд хөрөнгө худалдсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарласан. /хх1, 24-25/

4. Х ХХК , иргэн Т.А нар нь 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч нь өөрийн өмчлөлийн 0042 УБД улсын дугаартай форд эверест маркийн автомашиныг шилжүүлэх, худалдан авагч нь гэрээний 2.1-д заасан 20,000,00 төгрөгийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авахаар харилцан тохиролцсон байна. /1хх8,-9, 18-21/

5. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн.

Нэхэмжлэгч Т.А буюу худалдагч талаас гэрээний зүйл болох автомашиныг хариуцагч буюу худалдан авагч Х ХХК -ийн өмчлөлд шилжүүлсэн, гэрээний үнэд 20,000,000 төгрөг төлөөгүй үйл баримтын талаар маргаангүй. Харин зохигчид биет байдлын доголдолтой эд хөрөнгийг нийлүүлсэн асуудлаар маргасан байна.

6. Талууд худалдах, худалдан авах гэрээний 2-т худалдан авагч нь төлбөрийг гэрээ байгуулснаас хойш буюу 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлөх бөгөөд худалдагч талын 5018067493 дансанд хийнэ, 7-д худалдагчийн буруугаас тээврийн хэрэгслийг хугацаанд нь шилжүүлээгүй тохиолдолд үнийн дүнгийн 0,2 хувиар худалдан авагчид торгууль төлнө, 8-д худалдагч авагч төлбөрийг хугацаанд нь шилжүүлээгүй тохиолдолд худалдагчид хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,2 хувийн алданги төлөх-өөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн байх тул нэхэмжлэгч Т.А нь алданги шаардах эрхтэй байна.

Хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 20,000,000 төгрөгийн 0.2 хувь нь 40.000 төгрөг бөгөөд энэ дүнгээр нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр хүртэл алдангийг тооцоход /40.000х390 хоног/ 15,600,000 төгрөг болж байна. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасанд нийцүүлэн алдангид 10,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулсан нь зөв байна.

Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасны дагуу алдангийг анхан шатны шүүх багасгах үндэслэл тогтоогдоогүй гэж шийдвэрлэхдээ хэргийн нөхцөл байдал, үндэслэлээ тодорхойлсныг буруутгах боломжгүй.

7. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан хэргийн нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд тээврийн хэрэгслийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр шилжүүлэн авсан, энэ өдрөөс хойш хуульд заасан хугацаанд гомдлын шаардлага гаргаж байсан нь баримтгүй гэж үзэж шийдсэн учраас сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Иймд хариуцагчийг автомашин хүлээн авах үедээ доголдлыг илрүүлэх боломжтой байсан гэх үндэслэлээр шаардах эрхээ алдсан гэж хариуцагч талын тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

Гэрч Б.Баярсайхан ...худалдахаас жилийн өмнө хашаа шүргэж урд карлон зурагдсан, урд хаалга хонхойсон байсан, машин ашиглаж болохооргүй эвдрэл биш... гэж, гэрч О.Дэлгэрдалай ...н.Алтанхуяг хийх юмгүй сайхан тэрэг байна гэж хэлээд авья гэсэн, машиныг барьж үзэж, нүдээрээ харж шалгаж үзээд авсан.. гэж мэдүүлсэнээс үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагчид биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг шилжүүлсэн байна. /хх152-154/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, үзлэг зэрэг нь нотолгооны хэрэгсэл болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...гэрч Г.Х-г хариуцагчийн эзгүйд асуусан, гэрч Б.Б хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүхэд биечлэн ирэх боломжгүй гэх бичгээр хүсэлт ирүүлсэн боловч өмнөх гэрчийг асуусан захирамжийг хүчингүй болгоогүй, захирамжид өөрчлөлт оруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй. Учир нь гэрч Г.Хэрлэн мэдүүлэг өгсөн байна. Харин гэрч Б.Бат-Эрдэнийг асуух шүүгчийн захирамж биелэгдээгүй байх боловч тэрээр өвчтэй хүндэтгэн үзэх шалтгаантай талаар баримтыг шүүхэд ирүүлсэн байна. Шүүх хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг маргааны үйл баримттай харьцуулан дүгнэж, өөрийн дотоод итгэл үнэмшлээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгийг зөрчсөн байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул энэ үндэслэлээр гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаагүй болно.

Хариуцагчийн ...ашиглалтын явцад автомашинд эвдрэл, гэмтэл учирсан эсэхийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулах хүсэлтийг шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд хэрэгт хамааралгүй гэх үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлэх журмыг зөрчөөгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Дээр дурьдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2022/01872 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Д.ЦОГТСАЙХАН