Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 258

 

С.Т-гийн нэхэмжлэлтэй, Эрчим хүчний яамны Төрийн нарийн

бичгийн даргад холбогдох захиргааны хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

 

Даргалагч, шүүгч                       Д.Мөнхтуяа,    

Шүүгчид:                                    Г.Банзрагч,

                                                   М.Батсуурь,

                                                   Б.Мөнхтуяа,

Илтгэгч шүүгч:                          Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга:            Т.Даваажаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: “Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 257 дугаар, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 307 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Урсгал зардал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”,

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2019/0131 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 249 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгч С.Т-г оролцуулан, 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2019/0131 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 18 дугаар зүйлийн 18.1, 18.2, 26 дугаар зүйлийн 26.1.1-д заасныг баримтлан С.Т-гөөс Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан “Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 257 дугаар, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 307 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Урсгал зардал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ийг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хянан хэлэлцээд 249 дүгээр магадлалаар: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2019/0131 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Т-гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгч С.Т- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Дээд шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 385 дугаар тогтоолын Хянавал хэсгийн 18-д заасан “туршилтын хугацаанд ажиллуулахдаа ажлын байрны тодорхойлолт танилцуулж, ажил үүргийн хуваарийг тодорхойлсон эсэх, ажиллах нөхцөл бололцоогоор хангасан эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, мөн журамд зааснаар үр дүнгийн гэрээ байгуулж ажиллах байтал уг гэрээ байгуулаагүй, нэхэмжлэгчийн ажил үр дүнг хэрхэн үнэлж дүгнэсэн нь тодорхойгүй байна.”, 19-д “Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсэгт зааснаар ...ажлын байрны тодорхойлолтыг албан ёсоор гаргуулан авах, ...энэ эрх нь тухайн албан тушаалд түр томилогдсон болон жинхлэн томилогдсоноос үл хамааран хэрэгжих бөгөөд анх шинээр ажилд томилогдсон этгээдэд албан тушаалын ямар чиг үүрэг хэрэгжүүлэх талаар тодорхой мэдээлэл өгөх нь захиргааны байгууллагын үүрэг болно”, 20-д “...Л.Нямдоржийн цалинг хасч бодсон гэх үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан тул цаг хугацааны хүчин зүйлийг харгалзан үзэх шаардлагатай...”, 23-д “...нэхэмжлэгчийн хувьд ажиллах боломж олгосон эсэх нь эргэлзээтэй буюу нотлох баримт дутуу байх тул захиргааны байгууллага хуулиар олгогдсон эрхээ зөв хэрэгжүүлсэн эсэхэд эрх зүйн дүгнэлт хийж, маргааны үйл баримтыг бүрэн дүүрэн тодруулах шаардлагатай”, 24-д “Үүний тулд нэхэмжлэгчийн “хариуцагчийн зүгээс ажлын байрны тодорхойлолтыг танилцуулах, ямар ажил гүйцэтгэх талаар зааж зөвлөөгүй, ажиллах боломжоор хангаагүй, цалин бодоход шаардагдах баримтыг өгөөгүй зэрэг суурь үүргээ хэрэгжүүлээгүй” гэх үндэслэлд холбогдох нотлох баримтыг цуглуулсны дараа “туршилтын хугацаанд төрийн жинхэнэ албан хаагчаар үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болох нь тогтоогдсон эсэх” талаар дүгнэх нь зүйтэй” гэснийг бүрэн гүйцэт нотлох баримтад тулгуурлан тогтоогоогүй, зөвхөн хариуцагч талын бүрдүүлсэн баримт гэх зүйлүүдийг хөдөлбөргүй үнэн зөв гэж үнэлсэн нь хэт нэг талыг барьсан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-д “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэсэнд нийцэхгүй байна.

4. ...Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн нэгд ...хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар авагдсан СД бичлэг, Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн маргаан бүхий албан тушаалын сонгон шалгаруулалтыг зарласан зарлал, хариуцагчаас ирүүлсэн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн сейф онгойлгосон тухай протоколоос үзэхэд нэхэмжлэгчийн ашиглаж байсан шүүгээнээс түүний ажиллаж байсан албан тушаалын ажлын байрны тодорхойлолт гарч ирсэн тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч (Л.Нямдорж)-ийн болон гэрч Б.Баясгалан, П.Энхцэлмэг нарын “...ажлын байрны тодорхойлолтыг танилцуулсан, ямар ажил хийх талаар ерөнхий нягтлан бодогч өдөр тутам зааж өгдөг байсан...” гэх тайлбар, мэдүүлгийг үгүйсгэх боломжгүй” гэсэн нь дараахь байдлаар шүүх хэргийн нөхцөл байдлыг зөвхөн хариуцагч талд ашигтайгаар шийдэхийг зорьсон болохыг нотлох юм. СД бичлэгт ажлын байрны тодорхойлолтыг танилцуулсан дурдагдсан баримт байхгүй... Шүүх хуралдааны явцад төрийн албаны зөвлөлийн цахим хуудаст үзлэг хийхэд 2018 оны байдлаар ажлын байрны тодорхойлолт зарлалд байхгүй болох нь тогтоогдсон. Хариуцагчаас ирүүлсэн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн сейф онгойлгосон тухай протоколоос үзэхэд нэхэмжлэгчийн ашиглаж байсан шүүгээнээс түүний ажиллаж байсан албан тушаалын ажлын байрны тодорхойлолт гарч ирсэн. Энэхүү баримтыг С.Т- намайг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн тушаал гаргаснаас хойш 3 сарын дараа уг хууль бус тушаалаа зөвтгөх зорилгоор үйлдсэн байх магадлалтай байхад шүүх үүнийг харгалзаж үзээгүй. Хариуцагчийн удирдлагад ажилладаг албан тушаалтнуудын үйлдсэн баримтыг хөдөлбөргүй үнэн гэж нэг талыг барьсан дүгнэлт хийсэн.

5. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “Түүнчлэн ажлын байрны тодорхойлолт” өгөөгүй гэх боловч тодорхой ажил гүйцэтгэснийхээ төлөө цалин хөлсөө авсаар байсан бөгөөд сард 2 удаа ажилтнуудын цалинг бодож байсан, сонгон шалгаруулалтад орохдоо тухайн албан тушаалын гүйцэтгэх чиг үүргийг мэдэж байсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг няцаах үндэслэлгүй” гэсэн нь нэг талаас “хариуцагч ажлын байрны тодорхойлолт танилцуулаагүй болохыг тогтоосон” нөгөө талаас хариуцагчийн тодорхойгүй ажлын чиг үүргээр хариуцлага хүлээлгэсэн буюу хуульд заасан яг ямар үүргээ биелүүлээгүй болохыг тогтоосон зүйлгүй болохыг хамгаалсан хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэх үндэслэлтэй... Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Төрийн албаны сонгон шалгаруулалтаас ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу ажлын байрны сонгон шалгаруулалт зарласан, би өөрөө шалгалтын комисст байж ярилцлага авсан. Ажлын байрны тодорхойлолтыг мэдээд энэ ажилд орсон, ажлын байрны тодорхойлолтыг танилцуулах ажлыг хүний нөөцийн мэргэжилтэн н.Наранцацралт гэж хүн хариуцан ажиллаж байна, туршилтын хугацаанд ажиллаж байгаа хүнтэй үр дүнгийн гэрээ байгуулдаггүй. (Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор баталсан, Төрийн жинхэнэ албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол, журам”-д туршилтын хугацаанд ажиллаж байгаа хүнтэй үр дүнгийн гэрээ байгуулах зохицуулалт байхгүй хариулт) Үр дүнгийн гэрээг хариуцсан н.Батмөнх” гэх зэргээр ажлын байрны тодорхойлолтыг танилцуулаагүй үйлдлээ зөвтгөхийг оролддог боловч түүний энэхүү мэдүүлгүүдээр ажил олгогчийн зүгээс ажлын байрны тодорхойлолтыг танилцуулаагүй болох нь илэрхий нотлогддог. Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол, журам”-ын 4-т “4.Туршилтын хугацаанд тухайн төрийн албан хаагчтай Төрийн албаны зөвлөлөөс баталсан зааврын дагуу үр дүнгийн гэрээ байгуулж, туршилтын хугацааны эцэст зохих журмын дагуу дүгнэнэ” гэж заасан бөгөөд энэхүү үүргээ хариуцагчийн зүгээс биелүүлээгүй болох нь хангалттай тогтоогдож байгаа. з/Төрийн албан тухай хууль болон дээрх журмын 6 болон 7-д зааснаар үзвэл төрийн албан хаагчтай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэсний үндсэн дээр түүнд зөвхөн Төрийн албаны тухай хуульд заасан албан тушаал бууруулах, давтан сургалтад хамруулах зэрэг шат дараалсан арга хэмжээг авах зохицуулалттай бөгөөд энэ тохиолдолд зөвхөн зөрчлийн хэр хэмжээнд тохирсон шийтгэлийг оногдуулах зохицуулалттай.

6. ...Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга нь Төрийн албаны тухай хуульд заасан үндэслэлгүйгээр төрийн албан хаагч намайг төрийн албанаас чөлөөлөх нэрийн дор халсан тул нэхэмжлэл гаргасан боловч анхан болон давж заалдах шатны шүүх Захиргааны ерөнхий хууль, Төрийн албаны тухай хууль тогтоомж, түүнийг даган гарсан холбогдох журмын зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, иргэн миний төрийн албанд ажиллах эрхийг хууль бусаар хязгаарласан шийдвэрүүдийг удаа дараа гаргасаар байна… Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэнэ” гэж, 16 дугаар зүйлийн 16.1-д “Төрийн тухайн албан тушаалд тавих шаардлагыг хангасан иргэний төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхийг үндэс, угсаа, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол болон нам, олон нийтийн бусад байгууллагын харьяалал зэргээр ялгаварлаж үл болно” гэж тус тус зааснаас үзвэл туршилтын хугацаанд байгаа этгээд болон туршилтын хугацаа нь дуусгавар болсон этгээд хоёрын төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхийг буюу тэдгээрийг төрийн албан тушаалаас чөлөөлөх нөхцөл болзол нь ижил тэгш байхаар хуульчлагдсан байгаа. Гэтэл Төрийн нарийн бичгийн даргын тушаалын хуулийн үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 18.2 дахь хэсэг буюу төрийн албанаас чөлөөлөх хуулийн зохицуулалтад хамаарахгүй хуулийн заалтыг хэрэглэн намайг төрийн албанаас чөлөөлсөн нь хууль бус болсон байдаг.

7. Өөрөөр хэлбэл, төрийн жинхэнэ албан тушаалд туршилтаар ч бай, туршилтын хугацаагүйгээр ч бай томилогдсон этгээдүүд нь албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзвэл тэдгээрт Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болно; 23.1.1.албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэсний дагуу албан тушаал бууруулах, эсхүл мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас хална; 25.1.1.Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлээр албанаас халах ижил тэгш хэрэгжих зохицуулалттай байна… Гэтэл Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайханы 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн В/1024 дугаар албан бичигт “С.Т-тэй үр дүнгийн гэрээ байгуулаагүй гэж мэдүүлсэн байгаа нь анхнаасаа иргэн намайг туршилтын хугацаа тогтоож ямар нэг шалтаг, шалтгаан олж төрийн албанаас халах, чөлөөлөх зорилготой байсныг нь харуулж байгаа юм. Нөгөөтэйгүүр, Төрийн албаны тухай хуульд заасан журмаар төрийн албанд томилогдсон хүн бүртэй үр дүнгийн гэрээ байгуулж, түүний ажлыг үр дүнгийн гэрээний биелэлтээр нь дүгнэдэг атал төрийн жинхэнэ албаны хамгийн өндөр албан тушаалтан Төрийн нарийн бичгийн дарга нь өөрөө хуулиа үл биелүүлж иргэн намайг ялгаварлан гадуурхаж үр дүнгийн гэрээ байгуулдаггүй, үндэслэлгүйгээр албан тушаалаас чөлөөлсөн болохыг нотлон харуулж байна.

8. ...Түүнчлэн төрийн жинхэнэ албан тушаалтныг чөлөөлөх зохицуулалт Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, 23.3,23.4, 24 дэх хэсгүүдээр тус тус зохицуулсан бөгөөд ийнхүү хуульд заасан үндэслэлүүдээс өөрөөр төрийн жинхэнэ албан хаагчийг чөлөөлөх нь хууль бус болох юм. Гэтэл Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт заасныг үндэслэн төрийн жинхэнэ албан тушаалаас чөлөөлж, иргэн намайг хуульд заасан чөлөөлж болох үндэслэлүүдээс гадуур төрийн албанаас халснаас өөрцгүй асуудал болоод байгаа юм. Төрийн албаны тухай 27 дугаар зүйлийн 27.2-т “Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нэмэгдэл баталгаагаар хангагдана; 27.2.1.энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” гэж заасан байхад иргэн намайг хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх нэрийн дор халж, миний ажил хөдөлмөр эрхлэх, төрийн албанд шударгаар, бусад иргэдийн адилаар ижил тэгш нөхцөл, боломж, баталгаагаар хангагдан ажиллах эрхийг хязгаарласан байна.

9. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 307 дугаар тушаалын хууль зүйн үндэслэлийг дүгнэхдээ Захиргааны ерөнхий хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглээгүй үл ойшоосон, Төрийн албаны тухай хуулийн холбогдох зохицуулалтгүйгээр гарсан маргаан бүхий уг 307 дугаар тушаалыг зөвтгөн хамгаалж байгаа нь хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчимд харшилсан байна... Төрийн нарийн бичгийн даргын 307 дугаар тушаалын хуулийн үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 18.2 дахь хэсэг буюу төрийн албанаас чөлөөлөх хуулийн зохицуулалтад хамаарахгүй хуулийн заалтыг хэрэглэн намайг төрийн албанаас чөлөөлсөн нь хууль бус болсон гэж үзэж байгаа. Гэтэл анхан шатны шүүх дүгнэхдээ намайг төрийн албанаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулиар тусгайлан олгогдсон эрхийн дагуу биш, журмаар олгогдсон эрхийг хэрэгжүүлж төрийн албанаас чөлөөлсөн тушаал гаргасан хариуцагчийг буруутгах боломжгүй гэсэн нь хуулиас илүү үйлчлэлтэй журмыг хэрэгжүүлснийг зөвтгөсөн хууль зүйн шинжлэх ухаанд байж боломгүй дүгнэлтийг хийсэн гэх үндэслэлтэй… Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ: 

10. Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 257 дугаар тушаалаар Төрийн захиргааны удирдлагын газрын санхүүгийн хэлтсийн мэргэжилтэн С.Т-г “цалингийн тооцоог удаа дараа дутуу гаргаж, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэх үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл ногдуулсан,  2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 307 дугаар тушаалаар “туршилтын хугацаанд цалингийн тооцоог дутуу олгож, албан үүргээ хангалтгүй биелүүлж цаашид уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахад байгууллагын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхээр байгаа тул...” гэж дурдаж, мөн өдрөөр тасалбар болгож, албан тушаалаас чөлөөлсөн, нэхэмжлэгч С.Т- нь “...үр дүнгийн гэрээ байгуулж, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журмыг танилцуулсны дараа хариуцлагын асуудал яригдах байтал  сахилгын шийтгэл ногдуулсан, ...надаас ямар нэгэн тайлбар аваагүй, урьдчилан танилцуулаагүй, ...ажиллах нөхцөл боломжоор хангаагүй” гэж маргажээ.

11. Нэхэмжлэгч С.Т- нь Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 22 дүгээр тушаалаар яамны урсгал зардал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилогдохдоо 6 сар туршилтын хугацаагаар ажиллахаар болсон, ажил үүргийн хуваарийн дагуу яамны ажилтнуудын цалинг бодож олгохдоо хэлтсийн дарга Л.Нямдоржийн 2018 оны 9 дүгээр сарын цалинг дутуу бодож олгосон, мэргэжилтэн У.Нямгэрэлийн 2018 оны 11 дүгээр сарын эхний цалинг бодоогүй, үүний шалтгааны талаар өөрийнх нь бичгээр гаргасан тайлбар, хэлтсийн хурлаар хэлэлцэхэд өгсөн тайлбар зэргээс үзвэл, тэдгээр хүмүүсийн цалинг бодож олгоход шаардлагатай буюу ажилд томилсон тушаал, цалин хөлсний талаарх мэдээлэл өөрт нь байсан, харин хариуцлагагүй байдлаас алдаа, зөрчил гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн, шүүхүүд холбогдох нотлох баримтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасанд нийцүүлэн үнэлсэн байна.

12. Мөн, Эрчим хүчний яамны урсгал зардлын санхүүжилт хариуцсан мэргэжилтний  албан тушаалын чиг үүрэгт яамны ажилтнуудын цалин, хөлс бодож олгох ажил “хамаардаггүй” гэж нэхэмжлэгч маргаагүй бөгөөд “цалин дутуу бодож олгосон, цалин олголгүй орхигдуулсан” буруутай үйл ажиллагаа нь “ажлын байрны тодорхойлолт”-ыг албан ёсоор танилцуулаагүйгээс болсон гэх түүний маргаж буй үндэслэлд хамааралгүй, уг үндэслэлд холбогдуулж хийсэн шүүхүүдийн дүгнэлт хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурласан байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан “...хэргийн нөхцөл байдлыг хариуцагч талд  ашигтайгаар шийдвэрлэхийг зорьсон,  ...ажлын байрны тодорхойлолт танилцуулсан гэх нөхцөл байдлыг тогтоогоогүй, ...тодорхойгүй ажлын чиг үүргээр хариуцлага хүлээлгэснийг хамгаалсан, ...хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй.

13. Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т “төрийн жинхэнэ албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол, журмыг төрийн албаны төв байгууллага тогтооно”, Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 02 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх, болзол журам”-ын 4-т “туршилтын хугацаанд тухайн төрийн албан хаагчтай Төрийн  албаны зөвлөлөөс баталсан зааврын дагуу үр дүнгийн гэрээ байгуулж, туршилтын хугацааны эцэст зохих журмын дагуу дүгнэнэ” гэж зааснаас үзэхэд туршилтын хугацаанд байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийн үнэлгээ нь тухайн ажилтныг цаашид жинхлэн томилж, үргэлжлүүлэн ажиллуулах, эсхүл албан тушаалаас чөлөөлөх үндэслэл болно.

14. Энэ тохиолдлын хувьд үр дүнгийн гэрээ байгуулаагүй хариуцагчийн буруу тогтоогдсон хэдий ч үүгээр туршилтын хугацаанд ажиллахдаа нэхэмжлэгчийн гаргасан алдаа, зөрчил үгүйсгэгдэхгүй болохыг шүүхүүд зөв дүгнэсэн бөгөөд С.Т- нь эрхэлж байсан ажилдаа хариуцлагагүй хандаж, нэг төрлийн алдааг давтан гаргасан нь түүнийг цаашид үргэлжлүүлэн ажиллуулахад  боломжгүй гэж дүгнэх үндэслэл болж, улмаар туршилтын хугацаа дуусахаас өмнө ажлаас чөлөөлсөн хариуцагчийн шийдвэр Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, “Төрийн жинхэнэ албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол журам”-ын 8-д заасан “төрийн жинхэнэ албан тушаалд ажиллах чадваргүй нь туршилтын хугацаа дуусахаас өмнө мэдэгдэж, улмаар цаашид үргэлжлүүлэн ажиллуулах нь тухайн байгууллагын үйл ажиллагаанд  сөрөг нөлөө үзүүлэхээр бол ...туршилтын хугацаа дуусахаас өмнө албан тушаалаас нь чөлөөлж болно” гэсэнд нийцсэн бөгөөд эрх хэмжээний хүрээнд гаргасан байна.

15. Өөрөөр хэлбэл, төрийн жинхэнэ албан тушаалд анх орж, туршилтын хугацаагаар ажиллаж буй албан хаагчийг ажлаас чөлөөлөх үндэслэл, журмыг Төрийн албаны тухай хууль, түүнд нийцүүлэн  гаргасан эрх зүйн актаар “өөрөөр” тогтоосон бөгөөд түүний эрх зүйн байдал нь төрийн жинхэнэ албан хаагчтай адил биш учир төрийн жинхэнэ албан хаагчийг  ажлаас чөлөөлөх болон төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааны талаарх мөн хуульд заасан бусад зохицуулалтууд энэ тохиолдолд хэрэглэгдэхгүй, шүүхүүд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т заасныг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан “...туршилтаар, туршилтын хугацаагүйгээр томилогдсон этгээдүүд албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзвэл Төрийн албаны тухай  хуулийн 23.1, 25.1-д заасан зохицуулалт тэгш хэрэгжинэ, 27 дугаар зүйлийн 27.2-т заасан нэмэгдэл баталгаагаар хангагдах эрхийг зөрчсөн” гэх гомдлыг хангах үндэслэлгүй.

16. Иймд, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Т-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.