Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 210/ма2022/01292

 

 

 

 

 

 

2022 07 08 210/МА2022/01292

 

 

Н.С нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2022/01170 дугаар шийдвэртэй, Н.С нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Д д холбогдуулан гаргасан зээл, зээлийн хүүгийн төлбөрийн үлдэгдэл 57,900,000 төгрөг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 1,630,074 төгрөг, нийт 59,530,074 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.С, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.С нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн агуулга: Л.Д нь 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ланд круйзер 200 маркийн автомашин авах зорилгоор надаас 19,000,000 төгрөгийг авсан. 2018 оны 03 дугаар сард худалдаж авахаар болж миний өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Б.Доржийн гудамж, 36А дугаар байрны 03 тоот хаягт байрлах 94.68 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаалж, 80,000,000 төгрөгийг зээлдэгчээр Л.Д , Н.С нар бүртгэгдэж зээл авсан. Улмаар уг зээлийн гэрээний дагуу олгогдсон 80.000.000 төгрөгийн 79.600.000 төгрөгийг 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр өөрийн данснаас бэлнээр гаргаж Л.Д д өгсөн. Уг мөнгөөр экскаватор худалдан авч бизнесийн үйл ажиллагаанд хэрэглэж байсан. Зээл авсны дараагаас тусдаа амьдарч миний орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлж өгөөгүй, И ХХК нь хоёр зээлдэгч байхад зөвхөн намайг хариуцагчаар татсан. Энэ нөхцөл байдлыг Л.Д д хэлэхэд ...эвлэрчихээ, би удахгүй төлнө... гэж хэлсэн. Ингээд эвлэрлийн гэрээг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн дугаар Ю1/ШШ2020/00573 тоот захирамжаар баталгаажуулж шийдвэрлэсэн. Гэвч Л.Д нь уг мөнгөн төлбөрөө төлөөгүй. Иймээс шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж барьцаа хөрөнгийг хурааж, битүүмжилж, үнэлж, нэг дэх, хоёр дахь дуудлага худалдаанд оруулсан. Иймээс Л.Д нь 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр авсан зээлийн 79.600.000 төгрөг, түүнд ногдох хүүг буцаан төлөх үүрэгтэй. Өнөөдрийн нөхцөл байдлаар бол И -аас авсан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг төлөх үүргийг надад хүлээлгэсэн шүүхийн шийдвэр гарсан. Мөн өмчлөлийн барьцаа хөрөнгөөс уг төлбөрийг гаргуулж байгаа. Гэтэл И -аас авсан зээлийг хэрэглэсэн Л.Д гэх этгээд нь ямар ч үүрэг хүлээдэггүй. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.12-т Хамтран хүлээх үүргийг гүйцэтгэсэн үүрэг гүйцэтгэгч нь хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол бусад үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг тус бүрд нь ногдох хэсгээр шаардах эрхтэй гэж заасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Хюүндай робекс 200 лэйс маркийн экскаваторыг 74.100.000 төгрөгт тооцож төлсөн. Өнөөдрийн байдлаар зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл нь 57.900.000 төгрөг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал нь .630.074 төгрөг, нийт 59.530.074 төгрөгийг гаргуулж Н.Сайхан- Уянга надад олгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Л.Д ын тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлага болох мөнгийг өөрийн бизнес хийж олон жил цуглуулсан өөрийн хөрөнгө болох цагаан өнгийн том оврын Beiben ND 41900 маркийн зүтгүүр, ачааны автомашин, 1393 УБ улсын дугаартай Hyundai маркийн экскаватор зэргийг шүүхийн шийдвэрээр дээрх өрөнд хураалгаж дуудлага худалдаагаар худалдагдсан.Одоо надад өөрийн ажлаа хийх, бизнесээ хийх боломжгүй болгосон. Энэ асуудлыг Монгол улсын шүүхээр шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан, би өөрт байгаа бүх өмчөө өгсөн тул дахин энэ асуудлыг шүүхээр шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242 дугаар зүйлийн 242.12 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Д аас 21,815,037 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.С д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 37 715 037 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Л.Д аас 267,025 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н-ын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Энэ асуудлыг шүүхээр шийдвэрлэсэн, банкны хохирлыг хэн барагдуулах тухай шийдвэр гарсан байхад шүүх дахин шийдвэрлэж байгаа нь хууль зөчрсөн гэж үзэж байна. Учир нь бизнес эрхэлж олон жил цуглуулсан өөрийн хөрөнгө болох том оврын уул уурхайд хэрэглэдэг тоног төхөөрөмжүүдээ дээрхи шүүхийн шийдвэрээр хураалгаж дуудлага худалдаагаар худалдсан, одоо бизнесээ хийх боломжгүй болгосон. Н.С энэ хугацаанд миний тоног төхөөрөмжийг түрээслэн ашиглаж 500,000,000 төгрөгийн ашиг олсон тухай тайлбарласан боловч шүүх тодруулаагүй зөвхөн Н.С д ашигтай үнэлсэн, хэрэгт миний тоног төхөөрөмж нь банкны өрийг төлөөд цаана нь хангалттай ашиг үлдэхээр байгаа. Н.С түрээсэлж ашгаа авчихаад шүүхээр шийдвэрлүүлсэн байхад дахин шүүхээр шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч Н.С тайлбарын агуулга: Уул уурхайн тоног төхөөрөмж нь Авто тээврийн үндэсний төвд бүртгэлтэй, нууцлалын үнэт цаасан дээр гэрчилэгдсэн гэрчилгээтэй, нэг нь тээврийн хэрэгсэл, нөгөө нь өөрөө явагч машин механизм. Хариуцагчийн 10 жилийн хүч хөдөлмөр болсон тоног төхөөрөмж биш, хөрөнгийн эс үүсвэрийн талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Мөн хариуцагчийн тайлбарласан шиг ашиг орлого олоогүй. Зээл авах болсон үндсэн шалтгаан нь хариуцагч зээл авъя, орон сууцаа барьцаанд тавиад өгөөч гэж хэлсэн учраас зээл авсан учраас миний өмчлөлийн орон сууцыг барьцаанаас нь чөлөөлж өгөх ёстой. Хариуцагч уг зээлийг төлөх сонирхолгүй байсан өөрийн зээлсэн 4 зээлийн 3 зээлийг төлдөг атлаа уг зээлийг төлдөггүй. Шүүх 21,815,037 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхэд орон сууцаа чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Тухайн үед хариуцагч хүн амины хэрэгт холбогдсон байсан учраас уг хэргийг би дангаараа хариуцсан гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянасан бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтыг зөв тогтоож, хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Н.С нь хариуцагч Л.Д д холбогдуулан зээл, зээлийн хүүгийн төлбөрийн үлдэгдэл 57,900,000 төгрөг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 1,630,074 төгрөг, нийт 59,530,074 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч нь миний өмчлөлийн хөрөнгийг барьцаалж, банкнаас зээл авсан тул зээлийн гэрээний үүргийн хамтран харилцах ёстой гэж, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...өөрийн хөрөнгөөр төлж барагдуулсан, өмнө нь шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарласан.

4. Хэрэгт авагдсан баримтаар И ХХК нь Н.С , Л.Д нартай 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 80,000,000 төгрөгийг, 1 жилийн хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нар нь гэрээнд тохирсон хугацаагаар мөнгийг буцаах өгөхөөр харилцан тохиролцсон ба уг зээлийн барьцаанд Н.С өмчлөлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Б.Доржийн гудамж 36А дугаар байрны 3 тоот орон сууцыг барьцаалсан үйл баримт тогтоогдсон байна.

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар И ХХК нь Н.С д холбогдох иргэний хэргийг 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар 132,000,000 төгрөг гаргуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, уг шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч Г.Далайжаргал нь цагаан өнгийн том оврын Beiben ND 4190 32-35 УБГ маркийн зүтгүүрийг 15,000,000 төгрөг, 1393 УБ улсын дугаартай Hyundai маркийн экскаваторыг 60,000,000 төгрөгөөр үнэлэн төлбөр авагчид хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй.

Хариуцагч Г.Далайжаргал нь ...өмнө нь хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийн дагуу өөрийн хөрөнгөөр төлбөрийг төлсөн, эдийн засгийн боломжгүй болсон гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.12 дахь хэсэгт зааснаар хариуцагч Л.Д ыг зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч гэж дүгнэн дээрх шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөгч нарын төлвөл зохих төлбөрийг үүрэг гүйцэтгэгч тус бүрийн төлсөн хувь хэмжээгээр тооцож нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 21,815,037 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Н.С д олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2022/01170 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 267,025 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

Д.ЦОГТСАЙХАН