Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 210/ма2022/01216

 

 

 

 

 

 

 

 

2022 06 27 210/МА2022/01216

 

 

Т.Ц ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 25ы өдрийн 102/ШШ2022/01521 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.Ц ын хариуцагч Э.Ц , М.Э нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт нийт 174,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Ц , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч Т.Ц хариуцагч Э.Ц , М.Э нарт холбогдуулан анх зээлийн гэрээний үүрэг 255,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 79,500,000 төгрөгөөр багасгаж, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 175,500,000 төгрөг болгосон. Мөн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 1,000,000 төгрөгөөр багасгаж нийт 174,500,000 төгрөг нэхэмжилсэн. Эхний гэрээгээр 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 40,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай сарын 5 хувийн хүүтэй, хүү нь 24,000,000 төгрөг, 2,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй, үндсэн 40,000,000 үлдэгдэл хүү 2,000,000, алданги 21,000,000 төгрөг нийт 63,000,000 төгрөг байна. 2 дахь гэрээ нь 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх 50,000,000 төгрөгийг 6 сарын хүү төлсөн, жилийн хүү 30,000,000 төгрөг үүний 15,000,000 төгрөг төлсөн, 15,000,000 төлөгдөөгүй, алданги 32,500,000 төгрөг, нийт үлдэгдэл 97,500,000 төгрөг байна. 3 дахь гэрээ нь 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 10,000,000 төгрөгийг нийт үлдэгдэл 15,000,000 төгрөг болсон. Нийт хүү 17,000,000 төгрөг, алданги 58,500,000 төгрөг, үндсэн зээл 100,000,000 төгрөг нийт 175,500,000 төгрөг болсон. 2 дахь зээлийн гэрээн дээр 1,000,000 төгрөг илүү төлснийг хасаж тооцон нийт 174,500,000 төгрөгийг Э.Ц , М.Э нараас нэхэмжилж байна гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Зээлийн гэрээнд маргаан байхгүй. Эхний зээлийн гэрээнд үндсэн зээл 40,000,000 төгрөг, хүү 24,000,000 төгрөг үүний 22,000,000 төгрөгийг төлсөн. Маргааны зүйл нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6 дахь хэсэгт хүүгээс анз тооцохгүй гэж заасныг зөрчиж нэхэмжлэгч тал хүүгээс анз тооцсон. Эхний зээлийн гэрээнд 82,000,000 төгрөгийн үлдэгдэл, 2 дахь гэрээнд үлдэгдэл 85,000,000 төгрөг, 3 дахь гэрээнд хариуцагч Э.Ц зээлсэн үлдэгдэл 15,000,000 төгрөг нийт 162,000,000 төгрөг болж байгаа. 162,000,000 төгрөг зөвшөөрч үлдэгдэл хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт хүүгийн хэмжээ зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж заасны дагуу хүүгийн хэмжээг багасгаж өгнө үү. Учир нь хариуцагч нар зээл авч хугацаанд нь төлсөн боловч Э.Ц нялх хүүхэдтэй болсон, улмаар цар тахал гарч бизнесийн үйл ажиллагаа зогсож өөрийн гэсэн эд хөрөнгөгүй бага насны 3 хүүхэдтэй боломжгүй байгаа тул хүүгээс багасгаж өгнө үү гэжээ. 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.Ц , М.Э нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 174,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Ц ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлсөн 1,342,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 1,027,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц тус шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШЗ2022/03332 дугаар хүсэлт шийдвэрлэх тухай захирамж хүчингүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч нар нь зээлийг хэвийн төлж байсан боловч 2020 онд ковид-19 цар тахлын улмаас Улсын Онцгой комисс, Засгийн газрын шийдвэрүүдээр үргэлжилсэн хөл хорио тогтоож, хилээр бараа, бүтээгдэхүүн оруулах боломжгүй болж, үйл ажиллагаа зогссоноор бизнесийн үйл ажиллагаа нь зогсож, санхүүгийн боломжгүй болсон. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6 дахь хэсэгт зааснаар хүүгээс алданги тооцох үндэслэлгүй. Иймд эхний зээлд 62,000,000 төгрөг, 2 дахь зээлд 89,000,000 төгрөг, 3 дахь зээлд 15,000,000 төгрөг нийт 166,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээр хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 174,000,000 төгрөгийг гаргуулахаас 8,000,000 төгрөгийг хасч өгнө үү. Мөн зээлийн гэрээнд хүүг сарын 5 хувийн хүү гэж заасан. Гэтэл банк бус санхүүгийн байгууллага болон арилжааны банкуудын сарын зээлийн хүү 1.3-2.5 хувийн хүүтэй байдаг бөгөөд энэ нь нийтэд илэрхий үйл баримт юм. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар хүүг багасгаж болно. Ковид-19 цар тахлын улмаас 2020-2021 он хүртэл ажиллаагүй нь нэгэнт илэрхий үйл баримт юм. Мөн хариуцагч нар бага насны 3 хүүхэдтэй бөгөөд дээрх зээлийн гэрээнүүдэд заасан хүү нь арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас 2-3 дахин их, зээлдэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон байгаа тул давж заалдах шатны шүүхээс зээлийн хүүг өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд багасгаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Зээлийн гэрээнд гүйцэтгээгүй үнийг дүнгийн 0.5 хувиар алданги тооцно гэж тусгаж нотариатаар баталгаажуулсан. Шүүхийн шийдвэрт зээлийн гэрээ хуулийн дагуу хийгдсэн гэж тусгасан. Зээлийн гэрээний хүү, алданги нэхэмжилсэн учир Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6 дахь хэсэгт хүүгээс анз тооцохгүй гэж заасан нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй. Э.Ц өөрөө зөвшөөрсний дагуу 5 хувийн хүүтэйгээр нотариатаар баталгаажуулж, гэрээ байгуулан зээл олгосон. Хүү хэт өндөр, шахалтад орсон гэх тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт, тайлбаруудыг шинжлэн судалсны үндсэн дээр хэт өндөр хүү тогтоосон гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянан үзлээ.

2. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн үнийн дүнгийн өөрчлөлт оруулж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

3. Нэхэмжлэгч Т.Ц нь хариуцагч Э.Ц , М.Э нарт холбогдуулан зээлийн төлбөр, хүү, алдангид нийт 255,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж зээлийн төлбөр, хүү, алдангид нийт 174,500,000 төгрөг гаргуулахаар шаардсан байх ба хариуцагч нар нь зээлийн төлбөр, хүү, алдангид нийт 162,000,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн мөнгийг хүүгийн хамт төлөөгүй тул зээл, зээлийн хүү, алдангийн хамт нийт 174,500,000 төгрөг нэхэмжилнэ гэж, хариуцагч нар тайлбар, татгалзлын үндэслэлээ ...Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6 дахь хэсэгт зааснаар хүүгээс анз тооцохгүй, мөн хүүгийн хэмжээ илт хохиролтойгоор тогтоогдсон, цар тахал гарч бизнесийн үйл ажиллагаа зогссон зэргийг харгалзан хүүг багасгаж өгнө үү гэж тус тус тайлбарлажээ.

5. Хэрэгт авагдсан баримтаар зохигчид 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 40,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 50,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай хариуцагч нарт зээлдүүлсэн. Хариуцагч Э.Ц , М.Э нар нь 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн хүүд 22,000,000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн хүүд 15,000,000 төгрөг тус тус төлсөн үйл баримт тогтоогдож байх ба энэ үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна. /хх4-14, 22-23/

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно. гэж заажээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөрөн нь ...хариуцагч нар нь 3 зээлийн гэрээг сарын 5 хувийн хүүтэйгээр зээлсэн байдаг. Гэтэл арилжааны байгууллагуудын бизнесийн зээл 1.3-1.8 хувь, банк бус санхүүгийн байгууллагын зээл 2-2.5 хувийн хүүтэй байна. Хариуцагч нар нь ковид-19 цар тахалын улмаас бизнесийн үйл ажиллагаа доголдож одоо ажил, орлогогүй болсон бөгөөд дээрх зээлийн гэрээнүүдэд заасан хүү нь банк болон банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүүгээс 2-3 дахин их, зээлдэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон байх тул зээлийн хүүг багасгаж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан байна. /хх-86/

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар зээлдэгч нь өмчлөлдөө шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгийг тохирсон хүүгийн хамтаар буцаан төлөх үүрэг хүлээнэ. Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан гүйцэтгээгүй үүрэг нь зээлийн мөнгөн хөрөнгө, хүү юм. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6 дахь хэсэгт заасан хүүгээс анз тооцоохгүй гэсэн зохицуулалт нь өмнө дурдсан Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан харилцаанд хэрэглэгдэхгүй. Иймд энэ талаарх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй.

6. Давж заалдах шатны шүүхээс хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн зээлийн гэрээгээр шаардаж буй зээлийн хүүг 50 хувиар бууруулж, зээлийн төлбөр, зээлийн хүү, алдангийг тооцон нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээг дараахь байдлаар өөрчлөлт оруулна.

1. 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний зээлийн төлбөр 40,000,000 төгрөг, зээлийн хүү 1,000,000 төгрөг, алданги 20,500,000 төгрөг, бүгд 61,500,000 төгрөг,

2. 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн төлбөр 50,000,000 төгрөг, зээлийн хүү 7,000,000 төгрөг, алданги 28,500,000 төгрөг, бүгд 85,500,000 төгрөг,

3. 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн төлбөр 10,000,000 төгрөг, алданги 5,000,000 төгрөг, бүгд 15,000,000 төгрөг, 3 зээлийн гэрээний үндсэн зээл, зээлийн хүү, алдангид нийт 162,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах нь зүйтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 25ы өдрийн 102/ШШ2022/01521 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.Ц , М.Э нараас 162,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Ц ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дах заалтын 1,027,950 гэснийг 967,950 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 142,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

Д.ЦОГТСАЙХАН