Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 453

 

Р.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдорж, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 115 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 651 дүгээр магадлалтай, Р.Э-д холбогдох 1910016690607 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдоржийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1977 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар, 42 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Ө овогт Р.ийн Э нь

2019 оны 6 дугаар сарын 27-ны орой 21 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн *** тоотод байрлах гэртээ, өөрийн нөхөр А.Б-тай маргалдаж, улмаар гурил элдэх зориулалт бүхий модон элдүүрээр толгойн баруун хойд хэсэгт 3 удаа цохисны улмаас хохирогч А.Б-гийн эрүүл мэндэд “гавлын баруун чамархай ясны далд хугарал, баруун тал бөмбөлөгийн зулай, чамархайн дэлбэнгийн тархины эдийн гүн дэх цусан хураа, эдийн няцрал, зүүн тал бөмбөлөгийн чамархайн дэлбэн, бага тархины оройн хэсгийн аалзан хальсны доорх голомтлог цус харвалт” бүхий гэмтэл учруулан алсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “... шүүгдэгч Р.Э-г “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Э-г 11 жилийн хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Р.Э-гийн шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдсан 1 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т зааснаар шүүгдэгч Р.Э гийн насанд хүрээгүй хүүхэд болох 2003 оны 7 дугаар сарын 14-ний өдөр төрсөн Э.Э, 2006 оны 2 дугаар сарын 24-ний өдөр төрсөн Э.О, 2009 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн Э.Б, 2011 оны 06 дугаар сарын 29-ний өдөр төрсөн Э.Д, 2014 оны 07 дугаар сарын 26-ны өдөр төрсөн Э.А нарыг асран хамгаалах үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэхийг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгаж” шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх “... шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хорих ялаар шийтгэсүгэй” гэж,

3 дахь заалтыг “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Э-д оногдуулсан 8 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдорж гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасны дагуу доорх гомдлыг гаргаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа , гэмт хэргийг хэн үйлдсэн болох.. зэргийг нотлохоор хуульчлан заасан байх бөгөөд уг хэргийн хүрээнд амь хохирогчийг элдүүрээр цохисон цаг хугацаа яг хэзээ гэдгийг нарийвчлан тогтоож чадаагүй байна. Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1. “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нөхцөл нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянсаны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж хуульчлан заасан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд доорх ажиллагааг бүрэн дүүрэн хийгээгүй.

Хавтаст хэргийн 63-64 дүгээр талд гэрч Энхтуяа “ ... 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр эрүүлжүүлэх байрнаас гараад гэртээ харьсан. Тухайн өдөр үдээс хойш гэртээ хэвтэж байгаад үдээс хойш 16 цагийн үед найз Э дуудахаар нь гэрээсээ гараад ... гараашийг нь цэвэрлэж өгсөн...би гэртээ ороод хоол хийх гээд гурил зуураад илдэж байхад манай нөхөр архи уулаа гээд загнахаар нь ... 3 удаа цохисон. Б нь гэрээс 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 20 цагт гэрээсээ гараад явсан”, хавтаст хэргийн 67 дугаар талд гэрч Э "... тухайн өдөр 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр биш харин 2019 оны 06 дугаар сарын 26 өдөр гэж бодож байна”, Хавтаст хэргийн 69 дүгээр талд гэрч М Э 2019 оны 06 дугаар сарын 25-ны өглөө эрт цагийг санахгүй байна, гэрт согтуу орж ирэхээр нь чи өдөр архиа гаргаад ир гээд явуулчхаад, тэгсэн өдөр 14 цагт ирээд ... Э-гээр зэрлэгээ зулгаалгуулаад 5000 төгрөг өгсөн”, Хавтаст хэргийн 71-дүгээр талд гэрч Э “Би талийгаачтай 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр аягүй өлсөж ядарсан байдалтай ирэхээр нь хоол унд хийж өгөөд та одоо гэртээ бай гэж хэлээд за гэж байсан тэгээд маргааш өглөө нь сэрэхэд өглөө эрт гараад явсан байсан.Түүнээс хойш дахин уулзаагүй” гэх мэдүүлгүүдээр уг хэрэг 2019 оны 06 дугаар сарын 24, 25, 27-ны өдрийн алинд нь үйлдэгдсэн болохыг тогтоогоогүй.

Хавтаст хэргийн 22 дугаар талт 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол авагдсан бөгөөд уг тогтоолд Маарал өнгийн 1 ширхэг элдүүр, шар өнгийн модон элдүүр эд мөрийн баримтаар тооцсон боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг зөрчсөн.

Хавтаст хэргийн 12-16 талд хүний биед үзлэг хийсэн баримт болон фото зургууд авагдсан бөгөөд уг зурагт амт хохирогч бие болон нүүр, хөл хэсэгтээ зулгаралтуудтай байх бөгөөд уг зүйл нь хэзээ ямар цаг хугацаанд яаж үүссэн болохыг нарийвчлан тогтоогоогүй.

Амь хохирогч 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр гэрээсээ гараад 2020 оны 06 сарын 29-ний өдөр олдсон бөгөөд энэ хугацаанд хаагуур хэнтэй уулзсан болох талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй.

Шүүх эмнэлгийн 2019 оны 08 сарын 02-ны өдрийн 1536 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас тархины аалзан хальсны идээт үрэвслээр хүндэрч” нас баржээ, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 59 дугаартай дүгнэлтэд “... улмаар тархины аалзан хальсны идээт үрэвсэл, зогсонгишлийн хатгалгаар хүндэрч нас баржээ" гэж шинжээчийн удаа дараагийн дүгнэлтэд дурдсан байх бөгөөд уг дүгнэлтүүдээс амь хохирогч хүнд өвчний улмаас нас барсан болох нь нотлогдож байна.

Хавтаст хэрэгт хийгдвэл зохих дээр ажиллагаа байсаар байхад мөрдөн шалгах ажиллагааг бүрэн дүүрэн явуулаагүй хийгдвэл зохих ажиллагаа байсаар байхад Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 11 жилийн хорих ял оногдуулж уг шийдвэрт 2020 оны 05 сарын 21-ний өдрийн Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 651 дугаартай магадлалаар өөрчлөлт оруулж 8 жилийн хорих ялыг оногдуулсан. Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 1. “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, 2.1 дүгээр зүйлийн 2 “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг, учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчлан заасан байх бөгөөд ялтан Э-ийн үйлдэл эс үйлдэхүйн улмаас амь хохирогч нас барсан гэж шүүх бүрэлдэхүүн үзвэл Шүүх шинжилгээний байгууллагын удаа дараагийн дүгнэлтээр амь хохирогч хүнд гэмтэл авсан боловч өөр өвчнөөр хавсарч нас барсан нь тогтоогдож байна. Уг гэмтлийг Р.Э гийн үйлдлээс учирсан уу аль эсвэл өөр бусдад зодуулсны улмаас үүссэн үү гэдгийг мөрдөн шалгах ажиллагаанд хэргийг буцааж нарийвчлан тогтоох, мөн Р.Э нь хүнийг алах субьектив санаа зорилго байсан эсэхийг нарийвчлан тогтоох шаардлагатай хэрэв шүүхээс уг хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагагүй гэж үзвэл Р.Э-д анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д заасны дагуу өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж уг гомдлыг гаргаж байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Ц.Бурмаа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, эмнэлгийн тусламжийг зохих ёсоор үзүүлсэн эсэх нь мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн тогтоогдсон. Гэмт хэрэг 2019 оны 06 дугаар сарын 27-ны орой 21 цагийн орчимд үйлдэгдсэн болох нь нотлогдсон. Шүүгдэгч Р.Э нь хохирогч А.Б гийн толгойн баруун хойд хэсэгт модон элдүүрээр 3 удаа цохиж гэмтэл учруулсан болох нь шүүгдэгчийн болон гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, бусад нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Талийгаач нь 2019 оны 06 дугаар сарын 27-ны орой тархиндаа гэмтэл авч, 2017 оны 06 дугаар сарын 28-ны орой эмнэлэгт хүргэгдсэн. Улмаар 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хагалдаанд орж 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр нас барсан. Прокуророос Р.Э-д холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй. Шүүх Р.Э-д холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдоржийн гаргасан гомдлыг үндэслэн Р.Э-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос Р.Э г 2019 оны 6 дугаар сарын 27-ны орой 21 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн *** тоотод байрлах гэртээ өөрийн нөхөр А.Б тай маргалдаж, гурил элдэх зориулалт бүхий модоор толгойн баруун хойд хэсэгт 3 удаа цохисны улмаас А.Б гийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулж алсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, Р.Э-г “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэж, давж заалдах шатны шүүхээс /хэргийн зүйлчлэлийг/ хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй, хэргийн үйл баримтад нийцээгүй хууль зүйн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Хүнийг санаатай алах, хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах гэмт хэргийн ялгаа нь гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилгоор, мөн хохирогч уг гэмтлийн улмаас шууд үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалан бусад хүндрэл үүсч нас барсан зэргээр тус тус ялгагдана.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1314, 1536 дугаартай “... талийгаач нь тархины битүү гэмтлийн улмаас тархины аалзан хальсны идээт үрэвслээр хүндэрч нас барсан байна”, 50 дугаартай “тархины аалзан хальсны идээт үрэвсэл, зогсонгишлын хатгалгаагаар хүндэрч нас баржээ. Тархины хаван, тархины бусад хүндрэл үүстэл дээрх хэмжээний тархины гэмтэлтэй хүн амьд явах боломжтой”, шинжээч эмч Ө.Сарангэрэлийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Талийгаачид гавал тархинд хүнд гэмтэл учирсан, зогсонгишлын хатгалгаа гэдэг нь тархины гэмтлээс улбаалж үүсдэг, гавал тархины гэмтэл авсан хүн үйлдэл хийж хүнтэй ярих боломжтой, тухайн үед эмчилгээ хийсэн бол аврагдах боломж байсан боловч эмнэлгийн тусламжийг хожуу үзүүлсэн” зэрэг нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Р.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 27-ны орой А.Б гийн толгой руу гурилын элдүүр модоор цохиж гавал тархины битүү гэмтэл учруулсан ба уг гэмтлээс шалтгаалан бусад /тархины аалзан хальсны идээд үрэвсэл, зогсонгишлийн хатгалгаа/ хүндрэл үүсч 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр нас барсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Р.Эгийн үйлдэлд хохирогчийн амь насыг хороох субъектив санаа зорилго тогтоогдоогүй хэдий ч хүнд гэмтэл учруулсан үйлдэлдээ санаатай хандсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлд заасан гэм буруугийн холимог хэлбэрийг агуулсан байх тул Р.Э гийн гэм буруутай үйлдлийг “хохирогчид хүнд гэмтэл санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зүйлчилж, ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан гэмт хэрэгт “таван жилээс арван хоёр жил” хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан бөгөөд шүүгдэгч Р.Эгийн хувийн болон ар гэрийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан тухайн хэрэгт оногдуулж болох хорих ялын доод хэмжээний ялыг оногдуулахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд хэргийн зүйлчлэл, хорих ялыг хөнгөрүүлсэн өөрчлөлтийг оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдоржийн гаргасан “... хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  03 дугаар сарын 02-ны өдрийн 115 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 651 дүгээр магадлалд: “Ө овогт Р-ийн Э-г “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай”,

“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Р.Э г 5 /тав/ жил хорих ял шийтгэсүгэй”,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Э-д оногдуулсан 5 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдоржийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангасугай.

 

 

                                          ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                          ШҮҮГЧ                                                            Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                  Б.БАТЦЭРЭН

                                                                                                                  Ч.ХОСБАЯР

                                                                                                                  Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН