Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 210/ма2022/01169

 

 

 

 

 

 

 

 

2022 06 20 210/МА2022/01169

 

 

М ХК -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 30ы өдрийн 181/ШШ2022/00679 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М ХК -ийн хариуцагч Л ХХК -д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 780,200,000 төгрөг, алданги 324,660,000 төгрөг нийт 1,105,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн агуулга: Тус компани нь Л ХХК -тай 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Б17/15 тоот бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулж, бетон зуурмагийг цаг тухайд нь тохиролцсон хэмжээгээр нийлүүлсэн. 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл үндсэн төлбөрийн үлдэгдэл 780,720,01 төгрөг, алданги 308,628,005 төгрөг, нийт 1,089,348,015 төгрөгийн үлдэгдэлтэйгээр тооцоог нийлсэн. 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр арилжааны гэрээ байгуулж, тус гэрээгээр Л ХХК нь бетон зуурмагийн үлдэгдэл төлбөр 780,200,000 төгрөг, түүний алданги 324,660,000 төгрөг, нийт 1,105,000,000 төгрөгт Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Хангарьд сити-1 хорооллын А блок байрны 6 дугаар давхарын 107,17 м.кв 4 өрөө орон сууц, мөн байрны 1 дүгээр давхарын 53,73 м.кв орон сууцнуудын 1 м.кв-ыг 2,500,000 төгрөгөөр тооцож, нийт 402,250,000 төгрөгийн үнийн дүнд нийлүүлэхээр тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл компанийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Иймд 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Б17/15 тоот бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үлдэгдэл төлбөр болох 780,200,000 төгрөг, бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний 7.4-т зааснаар худалдан авагч нь төлбөр тооцоог хугацаанд нь төлөөгүй тул 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл алданги 324,660,000 төгрөг, нийт 1,105,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Манай компани 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр М ХК -тай бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулсан. 2020 онд дэлхийн нийтийг хамарсан ковид-19 цар тахлын улмаас БНХАУ-аас нарийн мэргэжлийн ажилчид оруулж ирж үйлдвэрийн үйл ажиллагаагаа эхлүүлэн гэж төлөвлөсөн байсан ч хил хаагдсантай холбоотойгоор ажиллах хүчээ оруулж ирээгүй тул үйлдвэрийн үйл ажиллагаагаа эрхэлж чадахгүйд хүрсэн. 2021 онд үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эхлүүлэхээр гадаадаас нарийн мэргэжлийн хүмүүс урьж ажлуулан, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн өөрчлөлт оруулж, үйлдвэрийг үр ашигтай жигд явуулахаар төлөвлөсөн байсан боловч үйлдвэрийн цахилгааны асуудлаас болж үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадаагүй. Мөн хил гааль хаагдсантай холбоотойгоор БНХАУ-аас захиалсан тоног төхөөрөмж хил дээр гацсанаас болж үйлдвэр 2021 оны 10 дугаар сараас бүрэн зогссон. Манай компани нь М ХК -ийн тооцоогоор 373,997,020 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэйгээр тайлан блансанд туссан. Гэвч М ХК -ийн нэхэмжилсэн авлага нь бодит бус, ямар байршилд бетон зуурмаг авсан талаарх мэдээлэл байхгүй, мөн манай хувьцаа эзэмшигч С.Эрдэнэлхамын нэр дээрх үл хөдлөх болон автомашины зогсоол гэх мэт өгч авсан зүйлийг нэг бүрчлэн тусгаагүй зэргээс шалтгаалж уг тооцоог хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгээ илэрхийлж нэг бүрчлэн нарийн тооцоо нийлэх албан хүсэлт гаргасан боловч М ХК өнөөдрийг хүртэл тооцоо нийлээгүй учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.ХХК -аас нийт 870,200,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХК -д олгож, үлдсэн 234,800,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М ХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 5,682,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.ХХК -аас улсын тэмдэгтийн хураамжид 4,508,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХК -д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн биечлэн шүүх хуралдаанд оролцох хүсэлтэй байгааг илэрхийлж, өвчний улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа талаар тайлбар, эмнэлгийн магадлагааг шүүхэд хүргүүлсэн боловч хариуцагчийн хүсэлтийг харгалзан үзэлгүйгээр шүүх хурлыг үргэлжлүүлсэн. Үүний улмаас хариуцагч шүүх хуралдаанд биечлэн оролцож чадаагүй төдийгүй хууль зүйн туслалцаа авч өмгөөлөгч авах эрхээ эдэлж чадаагүй. Мөн нэхэмжлэлийн шаардлагын тодорхой хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй талаар тайлбар холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх боломжгүй болсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.4 дэх хэсгийг ноцтой зөрчсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т зааснаар хариуцагч талын шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. Л.ХХК нь М ХК -ийн төлбөр тооцоог төлж барагдуулах зорилгоор цемент худалдан авч М ХК -д нийт 25,764,700 төгрөгийн цементийг төлбөрт тооцон шилжүүлсэн боловч тооцоо нийлсэн актад тусгаагүй. Хариуцагч Л.ХХК -ийн 55 м.кв үл хөдлөх хөрөнгийг м.кв-ыг нь 1,800,000 төгрөгт тооцож өгөхөөр харилцан тохиролцож үл хөдлөх хөрөнгийг М ХК -д шилжүүлэн өгсөн боловч, тооцоо нийлсэн актад м.кв-ыг 1,500,000 төгрөгөөр тооцож, 16,500,000 төгрөгийн төлбөрийг дутуу суутгасан байна. Мөн үл хөдлөх хөрөнгөд дагалдуулж шилжүүлсэн гараашийн үнэлгээ 18,000,000 төгрөг байтал уг тооцоог хасч суутгаагүй. Иймд үл хөдлөх хөрөнгө, гараашийн төлбөр 34,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагаас 78,264,700 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд шүүх анхан шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхээр хариуцагчийг хангаагүйн улмаас холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гарган өгч чадаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчээс давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянасан бөгөөд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу явуулсан, хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч М ХК нь хариуцагч Л ХХК -д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 780,200,000 төгрөг, алданги 324,660,000 төгрөг нийт 1,105,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...бетон зуурмаг нийлүүлсэн, гэрээний үлдэгдэл төлбөрийг алдангийн хамт гаргуулна гэж, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...ковид-19 цар тахлын улмаас үйл ажиллагаа явуулаагүй, ямар байршилд хэдий хэмжээний бетон зуурмаг авсан нь тодорхойгүй, тооцоо нийлээгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарлажээ.

4. М ХК , Л ХХК нар нь 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Б17/15 дугаартай бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч нь технологийн чанарын шаардлага хангасан бетон зуурмагийг нийлүүлэх, худалдан авагч нь М250 маркийн 1 м3 бетон зуурмагийн нэгж үнийг 180,000 төгрөгөөр тооцон нийт 1000 м3 бетон зуурмагийг 180,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон байх ба анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж гэрээний эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон байна. /хх25-26/

5. М ХК нь 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хугацаанд 780,720,010 төгрөгийн үнэтэй бетон зуурмаг нийлүүлж, 308,628,005 төгрөгийн алданги тооцсон, нийт 1,089,348,015 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа талаар зохигчид 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр харилцан зөвшөөрч авлага, өглөгийн дансны дэлгэрэнгүй бүртгэл гэх баримт үйлдсэн байх ба талууд энэ талаар маргаагүй, харин гэрээний үнийн зарим хэсгийг төлсөн эсэх талаар маргасан байна /хх31-33/

6. Зохигчид 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр арилжааны гэрээ байгуулж, уг гэрээгээр А тал болох Л ХХК нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын аманд байрлах Хангарьд-Сити хотхонд байрлах 107,17 м.кв талбай бүхий 4 өрөө, 59,30 м.кв талбай бүхий 2 өрөө 2 ширхэг орон сууцыг 402,250,000 төгрөгт тооцон шилжүүлэх, үлдэгдэл төлбөрийг 702,750,000 төгрөг гэж тохиролцсон боловч хариуцагч тал орон сууцнуудыг хүлээлгэж өгсөн талаар нотлоогүй байна. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. /хх27-29/

Нэхэмжлэгч М ХК нь 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хариуцагчид хандан авлагыг бүрэн барагдуулах мэдэгдэл хүргүүлж, удаа дараа төлбөр төлөх үүргээ биелүүлэхийг шаардсан байх боловч хариуцагч Л ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх ба анхан шатны шүүх худалдагч нь нийлүүлсэн бетон зуурмагийн үнэ 780,200,000 төгрөгийг шаардах эрхтэй талаар зөв дүгнэжээ.

Түүнчлэн, бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээний 7.4-т захиалагч нь энэхүү гэрээний 4-т заасны дагуу төлбөрийг төлж барагдуулаагүй бол өгөх ёстой төлбөрийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,1 хувийн алданги тооцох-оор заасны дагуу шүүх хариуцагчаас 90,000,000 төгрөгийг гаргуулан шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Пагамдулам нь 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хангахгүй орхиж шийдвэрлэхдээ хариуцагчийг мэтгэлцэх, шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхээ эдлэх боломжоор удаа дараа хангасан, хариуцагч нь хуулийн этгээд байх тул өөр төлөөлөгчийг томилон оролцуулах боломжтой гэх үндэслэлээр хүсэлтийг хангахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг шийдвэрлэснийг буруутгах боломжгүй. Хариуцагч талын шүүх хуралдаанд оролцож мэтгэлцэх, нотлох баримт гаргах боломжийг олгоогүй гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 30ы өдрийн 181/ШШ2022/00679 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 549,280 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Д.ЦОГТСАЙХАН