Шүүх | Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадамдоржийн Саранчимэг |
Хэргийн индекс | 112/2016/0030/З |
Дугаар | 03 |
Огноо | 2017-01-20 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 03
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Саранчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Тус аймгийн ******* С.*******д холбогдуулан аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн Б/67 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, Ардын дуу бүжгийн Алтай чуулгын даргын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гуравдагч этгээд *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Ардын дуу бүжгийн Алтай чуулгын даргаар 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдөр аймгийн Засаг даргын Б/32 тоот тушаалаар томилогдоод 3 жил тасралтгүй, сэтгэлээсээ хийж ажилласан. Ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаанд 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн аймгийн Засаг даргын Б/67 тоот тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн. Уг тушаалын үндэслэл нь төрийн албаны сонгон шалгаруулалтад ороогүй гэх үндэслэлээр чөлөөлсөн. 2014 онд Алтай чуулгын даргаар томилоход төрийн албаны дүгнэлтээр жинхэлж шууд томилсон. Би 1998-2000 он хүртэл Цогт сумын соёлын төвд дуу хөгжмийн багшаар ажиллаж байсан. 2000 оноос хувийн соёлын төв буюу “Ээж хайрхан” соёлын төвийг байгуулж ажилласан. 2007 онд Боловсролын яамнаас хувийн соёлын төв байгуулагдаж ажиллаж байна гээд манайд үзүүлэх сургалт хийж байсан. Тухайн үед соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан. 2006 оны 2 дугаар сараас сумын дунд сургуулийн дуу хөгжмийн багшаар 2008 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хугацаанд ажилласан. 2008 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс хойш сумын Засаг даргын орлогчоор ажилласан. Мэргэжлээрээ 1998-2008 он хүртэл тасралтгүй 10 жил ажилласан. Хөдөөгийн сум, сургуульд дутагдалтай байдаг мэргэжил дуу хөгжмийн багш. Энэ талаарх баримтуудыг хэрэгт хавсаргаж өгсөн. Алтай чуулгын даргаар 2 жил 9 сар ажилласан. Даргаар ажиллах хугацаанд хуучин байрнаасаа гарч шинэ байрандаа үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Өмнө нь шинэ байранд орж чадахгүй 6-7 жил болсон. Шинэ байранд орох ажил хамгийн түрүүнд яригдаж байсан, хийх ёстой ажил байсан. Тайзны 838.000.000 сая төгрөгийн ажил шийдэгдэхгүй болчихсон байхад нь нийслэлийн жагсаалтаар мөнгийг нь гаргуулж тендер зарлаж хийгдсэн. Мэргэжлийн урлагийн байгууллага учраас нарийн хийх ажилтай. Тайзны гэрэл, эргэдэг тайз, тайзны хувцаслалт, тайзны өрөлт буулгах механизм зэргийг байршуулсан. Мөн удаан хөөцөлдсөний эцэст LED дэлгэцтэй болсон. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Баттайван тайлбар дээрээ аймгийн *******тай биечлэн зөвшилцсөн гэж бичсэн байсан. Би зөвшилцөх, сонсох үйл ажиллагаанд огт оролцоогүй, биечлэн уулзаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Дээрх тушаалын үндэслэлийг хууль бус гэж үзэж байна. Иймд намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байх хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх хүсэлттэй байна. Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний хууль ёсны эрх ашгийг хамгаалахаар өмгөөлөгчөөр оролцож байна. 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/67 дугаартай аймгийн Засаг даргын захирамжийг хууль бус гарсан гэж үзэж байгаа учраас хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагад дээрх захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, мөн Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь заалтыг үндэслэн ******* захирамж гаргасан. Мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалт нь ******* эрх хэмжээнийхээ хүрээнд хууль тогтоомжид нийцүүлсэн шийдвэр гарган гэж заасан байдаг. Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь заалт нь бүс орон нутгийн соёлын байгууллагын даргатай зөвшилцөж, ******* захирамж гаргаж томилж, чөлөөлнө гэж заасан. Гэтэл зөвшилцсөн талаар нотолгооны зүйл хэргийн материалд авагдаагүй. Шинээр гаргаж өгсөн баримтад 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ******* *******ийн тодорхойлолт ирсэн. Харин 9 дүгээр сарын 9-ний өдөр боловсрол соёлын газрын дарга Батмөнхтэй зөвшилцсөн гэх албан тоот нотолгооны зүйлээр ирээгүй тул Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасан заалтыг үндэслэн гаргасан захирамжийн үндэслэл хууль бус байна. 2013 оны 60 дугаар тогтоолоор баталсан төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулалтанд оруулах журам байдаг. Гэтэл Ардын дуу бүжгийн Алтай чуулгын үе үеийн дарга нарыг дээрх хууль зааснаар сонгон шалгаруулалтанд оруулахгүйгээр шууд томилдог байсан. Шинээр томилогдсон ******* С.******* төрийн албан хаагч ажиллуулах журмын дагуу ажиллуулна гэж захирамж гаргасан. 2013 оноос хойш 60 дугаар тогтоол Алтай чуулгын сонгон шалгаруулах үйл ажиллагаанд хэрэгжээгүй өдий хүрсэн. Нэгэнт хэрэгжүүлээгүй журмыг гэнэт хэрэгжүүлж захирамж гаргасан нь ойлгомжгүй. ******* ажиллаж байх хугацаандаа ажлын ямар нэгэн алдаа дутагдал гаргасан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй. 2014 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн Б/32 дугаартай Засаг даргын захирамжийн талаар нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй, энэ талаар хэргийн материалд нотлох баримт гаргаагүй. Тийм учраас дээрх захирамжид хамааралтай асуултанд хариулах боломжгүй. 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Засаг даргын Б/67 дугаар захирамж хууль зүйн үндэслэлгүй гарсан тул уг захирамжийг хүчингүй болгож. Миний үйлчлүүлэгч *******ыг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй хугацааны цалин 2.950.000 төгрөг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлүүлж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн Б/67 дугаар захирамж нь аймгийн Засаг даргын хуульд заасан эрхийнхээ дагуу гаргасан шийдвэр. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсгийг зөрчиж ажлаас нь чөлөөлсөн нь хууль бус гэж байна. Иймд нэхэмжлэгчийн шаардлагыг хангахгүйгээр дээрх шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. Ажлаас чөлөөлсөн шийдвэрийн үндэслэл нь 1996 онд батлагдсан Соёлын тухай хуулийг үндэслгэж гаргасан.
Уг хууль өнөөдрийг хүртэл хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт аймаг, нийслэлийн соёлын байгууллагын дарга захирлыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн аймаг, нийслэлийн засаг дарга томилж, чөлөөлнө гэж заасан байдаг. Хуульд заасан эрхийнхээ хүрээнд *******ыг ажлаас нь чөлөөлсөн. *******ыг томилох үедээ хуулийн дагуу томилоогүй. Энэ байдлаас харагдаж байна. Алтай чуулгын даргаар томилох юм бол төрийн захиргааны төв байгууллага буюу Боловсрол соёл, шинжлэх ухааны яамны сайдтай зөвшилцөөд томилох ёстой. Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт зааснаар сонгон томилдог. ******* төрийн албан сонгон шалгаруулалт өгөөгүй, ажилласан жил нь дутуу. 1998 онд сумын соёлын төвийн дуу хөгжмийн багшаар ажиллаж байсан гэх талаарх нотлох баримт хангалтгүй байна. Тухайн үед ажилд авсан тушаал, хөдөлмөрийн гэрээ байх ёстой боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Нийгмийн даатгал төлөгдөөгүй. Сумын засаг дарга сум орон нутагтаа мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхийн тулд тодорхойлолтыг ямар нэгэн байгууллагад гаргаж өгдөг.
Тухайн үед *******ыг сургуульд сургахаар соёлын сургуульд тодорхойлсон тодорхойлолт байна. Энэ тодорхойлолт нь маш эргэлзээтэй байна. Төрийн албаны зөвлөлийн 60 дугаар тогтоол, Соёлын тухай хууль, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиудыг зөрчсөн. Яагаад гэвэл нийтийн албанд нэр дэвшиж байгаа этгээд урьдчилсан мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт хянуулах ёстой байдаг гэтэл хянуулаагүй. Энэ талаарх баримт хэргийн материалд авагдаагүй. Авлигатай тэмцэх газраас хянагдаад хариу ирсний дараа томилогдох ёстой байсан. Аймгийн ******* тухайн нутаг дэвсгэртээ төрийн хууль тогтоомж, Засгийн газрын тогтоол, шийдвэр, журмыг хэрэгжүүлж, хэрэгжилтэнд хяналт тавьж ажилладаг субект. Зөрчсөн аливаа шийдвэр байх юм бол хуульд нийцүүлж өөрчлөх буюу хүчингүй болгодог. Засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар Засаг даргын бүрэн эрхийн асуудал. ******* шинээр томилогдсон. Энэ ******* төрийн хууль тогтоомжийг хэрэгжүүлнэ. Даргын аливаа хууль бус ямар нэгэн шийдвэр байх юм бол таслан зогсооно гэж өөрийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө тусгаж өгсөн Төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт 2 дугаар сарын эхээр зарлагдана. Төрийн албаны салбар зөвлөлийн ирц бүрдэхгүй байгаа. Гэхдээ ирэх долоо хоногт салбар зөвлөл хуралдаж, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтыг зарлана. Мөн төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтыг зарлахаар төлөвлөгдсөн. Аймгийн ******* аливаа хууль зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгож, хуульд нийцүүлж өөрчилж байгаа. *******ыг ажилд томилохдоо хууль бусаар томилсон. Тийм учраас хууль зөрчиж гаргасан шийдвэрийг өөрчилж хуулийн дагуу Авлигатай тэмцэх газар урьдчилсан мэдүүлгийг нь хянуулж, хариу ирсэн *******ыг түр хугацаагаар томилсон. *******ыг жинхэлсэн зүйл байхгүй. Удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт зарлах хүртэл хугацаагаар Алтай чуулгын үйл ажиллагааг алдагдуулахгүйн тулд төрийн ажлыг тасралтгүй явуулах зорилгоор ийм шийдвэр гарсан. *******ыг томилсон шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дэх хэсэгт зааснаар шууд томилсон. Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтныг төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу томилдог. *******ыг томилоход уг журам зөрчигдсөн. Мөн Соёлын тухай хууль, Төрийн албан тухай хууль зөрчигдсөн гэж үзсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд ******* нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: *******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, бүхэлд нь эсэргүйцэж байна. Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтныг төрийн албаны сонгон шалгаруулалтаар сонгон авах ёстой. ******* төрийн албаны сонгон шалгаруулалтанд ороогүй. Ажлын байрны тодорхойлолтод соёл урлагийн салбарт 5-с доошгүй жил ажилласан байх шаардлагатай байдаг. Өмнө нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд *******аас дуу хөгжмийн багшаар ажиллах эрхийг хэн өгсөн бэ, соёлын төвийн эрхлэгчээр хэдэн жил ажилласан бэ, хаанаас хэзээ тийм эрх авсан бэ гэх асуултуудаа дахин *******аас асууя. Миний мэдэж байгаагаар Цогт сумын соёлын төвийн эрхлэгчээр соёлын дунд сургуулийг төгссөн Дагиймаа 30 гаруй жил ажилласан. Тийм учраас ******* ямар соёлын төвийн эрхлэгчээр хэдэн жил ажилласан талаараа тайлбар хэлнэ үү. Мөн соёлын төвийн эрхлэгчээр томилсон нотлох баримт, ямар нэгэн тушаал байна уу гэв. Нэхэмжлэгч *******ын тайлбарт Ардын дуу бүжгийн Алтай чуулгыг өөрөө байгуулаад ашиглалтанд оруулсан гэж байна. 2000 оны эхэнд Монгол Улсын Их Хурлын гишүүн Очирхүү ирж, Алтай чуулгын хамт олон бид нар санал тавьж эхэлсэн. 2011, 2012 оны улсын төсөв тасарчихсан байсныг Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаярын шадар туслах байхдаа би өөрийн биеэр яам, тамгын газраар явж байгаад Алтай чуулгын шинэ байрын төсвийг оруулж байсан. Эргэдэг тайз, дотор талын засал чимэглэл зэрэг асуудлыг анхнаасаа өөр компани авч хийсэн. *******ын хийсэн ажил биш. Хувийн соёлын төв ажилуулсан гэх асуудлыг төрийн алба хаасан гэж үзэх юм уу. Сумын соёлын төвийн дарга төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд ордог. Соёлын дуу хөгжмийн багшаар хэзээ ажилд орсон юм бэ, тушаал нь байна уу, дуу хөгжмийн багшаар ажиллах эрхийг хэн олгосон талаарх нотлох баримтаа гаргаж өгөх шаардлагатай. Алтай чуулгын 50 жилийн ойн гол ажил болох 50 жилийн ойн түүхэн баримтад номын эхийг ******* өөрөө авчихаад хэвлүүлээгүй байгаа. Алтай чуулгын 1 сая төгрөгөөр номын эхийг бэлдүүлсэн. Гэтэл ой болохоос өмнө ******* номын эхийг компаниас нь аваад хэвлүүлээгүй. Удахгүй би нэхэмжлэл гаргаж шүүхэд өгнө. Мөн *******ын Алтай чуулгын шинэ байрыг ашиглаж хувийн студи байгуулж ажиллуулсан гэсэн. Завхан аймгаас хувийн студитэй хүнийг дуудаж ажиллуулаад, Говь-Алтай аймгийн мэргэжлийн хүмүүсийг шахаж гаргаж, уран бүтээлийг алдагдуулсан. Энэ талаар тайлбартаа бичсэн. Авьяаслаг монголчууд шоунд орж Говь-Алтай аймгийн нэрийг гаргасан бүжгийн хамтлагийг байгуулсан найруулагч Дашдавааг ажлаас нь шахаж гаргасан. Хөгжмийн мэргэжлийн багш Мэндбаярыг гаргасан. Тухайн гаргасан албан хаагчдийн ажил дээр Завхан аймгаас хүмүүс авч ажиллуулсан. Мөнхбат гэж хөгжмийн удирдаачийг гаргаад нэгдүгээр арван хоёр жилийн багшаар явуулсан байсан. Ярьж байгаа асуудалдаа эзэнтэй нотлох баримттай байх нь зүйн хэрэг юм. Хүний хийсэн юмыг ярих шаардлага байхгүй. 2014-2015 онд аймгийн тэргүүний байгууллагаар шалгарсан гэдгийг би гайхаж байна. Ард түмэн, мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр гардаг асуудлыг нэг жилийн дотор аймгийн тэргүүний байгууллага болсныг гайхаж байна. Аймгийн Боловсрол соёл урлагийн газар яригдаад Чандмань сумын соёлын төв аймагт тэргүүлэх юм байна гээд шийдчихсэн байхад гэнэт аймгийн ******* шинэ жил дээр Алтай чуулгыг тэргүүний байгууллага болгон зарласан гээд олон хариуцлагатай хүний яриа байна. Нотлох баримттай зүйл ярих хэрэгтэй. Нүд хуурсан, хуурамч байж болохгүй. Хувийн соёлын төвийг улсын соёлын төв гэж үзэх эрхийг хэн олгосон, стандартын дагуу статустай ажиллаж байсан юм уу?
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралд хэргийн оролцогч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан тайлбар, нотлох баримт зэргийг үндэслэн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багын 41-18 тоотод оршин суугч *******ын нэхэмжлэлтэй тус аймгийн ******* С.*******д холбогдох аймгийн Засаг даргын 2016 оны 09-р сарын 09-ний өдрийн Б/67 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин мөн нийгмийн даатгалын шимтгэл гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч ******* нь 2014 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн Б/32 тоот Говь-Алтай аймгийн Засаг даргын захирамжаар Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын даргаар томилогдон ажиллаж байсан байна. Ажиллаж байх хугацаандаа 2014 оны үр дүнгийн гэрээгээ 91.3% “А”, 2015 оны жилийн үр дүнгийн гэрэээгээ 83 оноотойгоор “А” үнэлгээтэйгээр дүгнэгдэж байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. Мөн нэхэмжлэгч нь Монгол улсын Соёлын коллежийг 2004 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №D200413582 дугаартай бакалаврын дипломтойгоор, мөн “Иргэний боловсрол” улс төрийн их сургуулийг 2009 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр МЕНЕЖМЕНТ-Н курсыг төгсөж Улс төрийн дээд боловсролын 084838 дугаартай бүхий дипломоор төгсжээ......тус аймгийн Цогт сумын засаг даргын тодорхойлолт, Тамгын газрын даргын баярын бичигнүүд, мөн сумын засаг дарга болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын өргөмжлөл, хувь хүмүүсийн дурсамж, өргөмжлөлүүд, Гуулин тосгоны сургуулийн захирлын өргөмжлөл ... , аймгийн боловсрол соёлын газрын даргын дурсамж зэргийг авч байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. ******* нь 2015 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн Б/36 дугаартай аймгийн Засаг даргын захирамжаар албан тушаалд томилогдсон өдрөөс хойш 30 хоногт хөрөнгө оруулгын мэдүүлгээ мэдүүлээгүй гэж цалингийн хэмжээг 2 сар хүртэл 20% бууруулах сахилгын хэмжээ ногдуулж байсан нь хавтаст хэрэгт авагдсан боловч энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүлийн 131.4 дэх хэсэгт зааснаар “сахилгын шийтгэл ноогдуулснаас хойш нэг жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно.” гэснээр сахилгын шийтгэлгүйд тооцогдох юм.
Тус аймгийн засаг даргын 2016 оны 09дүгээр сарын 09-ны өдрийн Б/67 дугаартай захирамжаар нэхэмжлэгч *******ыг удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтанд ороогүй гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлж, 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/68 захирамжаар удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах хүртэл гуравдагч этгээд *******ыг Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын даргаар томилжээ. Гуравдагч этгээд ******* нь Соёл урлагын их сургуулийг 2012 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн 128 тот тушаалаар Соёл урлагийн менежер Бакалавр зэргээр D201111995 дипломоор, мөн хэвлэлийн хүрээлэнгийн дээд курсыг 0378 дугаартай дипломтойгоор дүүргэсэн байна.
Аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн Б/67 дугаартай нэхэмжлэгч *******ыг ажлаас чөлөөлөх захирамжиндаа Соёлын тухай хуулийн 15 дүгээр зүйлийн 15.2 дахь заалтын “Улсын болон бүс нутгийн чанартай соёлын байгууллагын даргыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн соёлын байгууллагын дарга, захирлыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн аймаг, нийслэлийн *******, сум, дүүргийн соёлын байгууллагын дарга, захирлыг аймаг, нийслэлийн соёлын байгууллагын дарга, захиралтай зөвшилцөн сум, дүүргийн ******* тус тус томилж, чөлөөлнө” гэсэн заалтыг баримталсан боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Баттайван болон гуравдагч этгээд ******* нар нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа нэхэмжлэгч ******* нь Төрийн үйлчилгэний удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтанд ороогүй гэх тайлбар, 2016 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн 1/930 тоотоор аймгийн засаг дарга боловсрол шинжлэх ухаан, спортын яаманд Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын дарга *******ыг чөлөөлж, *******ыг томилох саналыг зөвшилцөхөөр санал хүргүүлсэн боловч албан ёсны хариу бичгээр ирээгүй ба хариуг утсаар ярьсан гэх нь нотлох баримт болохгүй юм.
Тус аймгийн засаг даргын 2016 оны 09дүгээр сарын 09-ны өдрийн Б/67 дугаартай захирамжаар нэхэмжлэгч *******ыг удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтанд ороогүй гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлж мөн дахин сонгон шалгаруулалтад ороогүй *******ыг томилсон нь үндэслэлгүй байна юм. Аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 127 дугаар албан бичгээр тус аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын даргын сонгон шалгаруулалт 2014 оноос хойш зохион байгуулагдаагүй, зарлагдаагүй байж удаа дараа хүн авч ажиллуулж, халж байгаа үйлдэл нь Төрийн албаны зөвлөлийн 60 дугаартай журам батлах тухай тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.4.2 дахь хэсэгт зааснаар “Аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх бусад төсвийн байгууллага... чуулга, музей, соёлын төв ...зэрэг бусад байгууллага)-ын дарга (захирал, эрхлэгч)-ын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг тухайн аймаг, нийслэл дэх Салбар зөвлөл хариуцна гэсэн заалтай зөрчилдөж байна.
Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлөөс Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын даргын сонгон шалгаруулалт 2014 оны нэг дүгээр сараас хойш зохион байгуулагдаагүй гэсэн тодорхойлолт нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байна. Хэрэв тус аймгийн төрийн албаны салбар зөвлөл нь дээрх заалтын дагуу сонгон шалгаруулалтаа зохих журмын дагуу зарлавал нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нар нь сонгон шалгаруулалтанд орох эрх нь нээлттэй юм.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дүгээр зүйлийн 128.1.2 дах заалтыг зөрчиж нэхэмжлэгч *******ыг ажлаас чөлөөлсөн нь буруу байна гэж шүүх дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан *******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн Б/67 дугаар захирамжийг хүчингүй болгож, *******ыг Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн Алтай чуулгийн даргын ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар *******ыг ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 4449312 төгрөгийг хариуцагч тус аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж зохих бичилт хийлгэхийг хариуцагчид даалгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.5-д заасны дагуу уг хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасан хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.
6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.САРАНЧИМЭГ