Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 626

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг,

            Улсын яллагч Т.Эрдэнэбат,

            Шүүгдэгч Х.У, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдсон Боржигон овогт Хуягийн Уянгабаатарт холбогдох 2014250002241 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1984 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Гангар инвест ХХК-д өрлөгчин ажилтай гэх, ам бүл 5, эхнэр, 1 сараас 13 насны 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн нарангийн 12 дугаар гудамжны 99 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Баатархайрханы 8-886 тоотод түр оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Х.У (РД:),

нь Э.Төмөрчөдөр, Ц.Түмэнбаяр, Ш.Адъяасүрэн нартай бүлэглэн 2014 оны 4 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг S Sign компаний S mens collection shop дэлгүүрийн бараа хадгалдаг контейнерт нэвтрэн орж emiillo botta, renzo, morandi bocci зэрэг брэндийн 81 ширхэг эрэгтэй костюмыг хулгайлж 38.182.900 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт явж байсан хохирогч А.Батдуламын халааснаас Ай фоне 6 плас загварын гар утсыг хулгайлж 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт

 

 

 холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүх хуралдаан дээр шүүгдэгчээс мэдүүлэхдээ:-“Нэмж мэдүүлэг өгөхгүй, надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

            Х.У мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2014 оны 4 дүгээр сард өдрөө санахгүй байна Төмөрчөдөр, Адъяасүрэн, Түмэнбаяр бид нар уулзахад Төмөрчөдөр мөнгө олмоор байна гэж хэлээд Урт цагаан төвийн ард байсан дотроо юу байсныг нь мэдэхгүй байна нэг контейнэрийг онгойлгож үзье гэж хэлээд шөнө хэд болж байсныг санахгүй байна. Төмөрчөдөр, Адъяасүрэн нар контейнерийг онгойлгохоор явсан. Би контейнерээс нилээн хол зүүн талд нь хүн харж зогссон тэгсэн тэр хоёр удалгүй юм тэврээд гарч ирээд урт цагааны баруун хойно нэг гутал засварын хажууд авсан юмаа тавьсан. Намайг контейнерийг хаачих гэхээр нь очоод үүднээс нь өлгүүртэй костюм тэвэрч гараад хаалгыг нь хаагаад явсан, тэгээд Түмэнбаяр ирээд машинд нь ачаад Төмөрчөдөрийн түрээслэн сууж байсан Гэмтлийн эмнэлгийн ард байранд оруулсан. Маргааш орой нь Дархан Уул аймаг яваад костюмнуудыг зарсан юм. ...Баянзүрх захын хажууд нэг эмэгтэй гар утсаа цамцны баруун халаасанд хийгээд явахаар нь араас нь очиж гар утсыг нь халааснаас нь аваад явж байгаад энгийн хувцастай цагдаад баригдаад гар утсыг хүлээлгэж өгсөн.” гэжээ.

Хохирогч, хууль ёсны төлөөлөгч Д.Долгорсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манайх shirt shop гэдэг эрэгтэй хувцасны дэлгүүр ажиллуулдаг юм. 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өглөө 10 цагийн манай ажлын Бат-Од, Мөнхтөр нар ажил дээрээ ирэхэд Урт цагааны Шим дэлгүүрийн харуул нь манай дэлгүүр дээр ирж танай урт цагааны хойд талын контейнерын хаалга өглөө 07 цагт онгорхой байсан гэж хэлсэн гэсэн. Тэгээд манай 2 ажилтан очиход контейнерийн хаалга хагас хаалттай байсан. Дотогш орж байхад контейнерын зүүн талын ханаар өлгөсөн байсан костюм хослолуудын голын хэсэгт өлгөөтэй байсан хослолууд бүгд алга болсон байсан. Би 2014 оны 4 дүгээр сарын 16-ны хулгай гарсан контейнерт тооллого хийхэд нийтдээ 926 ширхэг хослол костюмнууд байсан. Тэгээд RENZO хослол 404 ширхэг байснаас үнийн хувьд 985.000 төгрөгөөр зардаг костюм нь 17 ширхэг, 799.000 төгрөгөөр зардаг костюм нь 44 ширхэг, 735.000 төгрөгөөр зардаг нь 9 ширхэг 699.000 төгрөгөөр зардаг нь 334 ширхэг ингээд 404 ширхэг тоо нийлж байсан. MORANDI BOCCI нь нийт 19 ширхэг байсан үнийн хувьд 629.000 төгрөгөөр зардаг нь 11 ширхэг, 654.000 төгрөгөөр зардаг нь 4 ширхэг, 829.000 төгрөгөөр зардаг нь 4 ширхэг ингээд нийтдээ 19 ширхэг тоо нийлж байсан. EMILLOBOTTA нь нийт 222 ширхэг байсан үнийн хувьд 399.000 төгрөгөөр зарагддаг нь 27 ширхэг, 379.000 төгрөгөөр зарагддаг нь 58 ширхэг, 329.000 төгрөгөөр зарагддаг нь 137 ширхэг ингээд нийт 222 ширхэг байж тоо нийлж алдагдсан дутсан костюм байгаагүй дан өмдгүй костюм байхгүй байсан. Тэгээд 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн тооллогоор нийт 814 ширхэг костюм, пиджак байсан. Үүнээс RENZO хослол 342 ширхэг байснаас үнийн хуьд 985.000 төгрөгөөр зарагддаг нь 17 ширхэг, 799.000 төгрөгөөр зарагддаг нь 40 ширхэг, 735.000 төгрөгөөр зарагддаг нь 9 ширхэг, 699.000 төгрөгөөр зарагддаг нь 276 ширхэг болж байсан. MORANDI BOCCI хослол 18 ширхэг байснаас үнийн хуьд 629.000 төгрөгөөр зардаг нь 11 ширхэг, 650.000 төгрөгөөр зардаг нь 3 ширхэг, 829.000 төгрөгөөр зарагддаг нь 4 ширхэг нийт 18 ширхэг байсан. EMILLOBOTTA хослол 174 ширхэг байснаас үнийн хувьд 399.000 төгрөгөөр зарагддаг нь 24 ширхэг, 379.000 төгрөгөөр зарагддаг нь 48 ширхэг, 329.000 төгрөгөөр зарагддаг нь 102 ширхэг нийтдээ 174 хос пиджакнууд байсан. Ингээд тооллогоор RENZO хослол 699.000 төгрөгийнх 58 ширхэг, 799.000 төгрөгийнх 4 ширхэг нийт 62 ширхэг, MORANDI BOCCI хослол 650.000 төгрөгийнх 1 ширхэг, EMILLOBOTTA хослол 379.000 төгрөгийнх 10 ширхэг, 399.000 төгрөгийнх 3 ширхэг, 329.000 төгрөгийнх 35 ширхэг нийт 48 ширхэг хослол ингээд нийт 111 ширхэг хослол костюм пиджак алдагдсан юм.” гэжээ.

Хохирогч А.Батдулам мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 11 сарын 11-ний өдөр 13 цагийн үед би 3, 4 дүгээр хорооллын юнайтад колорс оф беннетон дэлгүүрийн орчим гудамжинд явж байхдаа халааснаасаа Айфоне 6 плас загварын гар утсаа хулгайд алдсан юм. Тэгээд цагдаад хандсан. Тухайн үед би гар утсаа алдсанаа мэдээгүй байсан чинь энгийн хувцастай цагдаа ирээд чи утсаа алдсан уу гээд шалгаад үзсэн чинь миний гар утас алга болчихсон байсан. Би алдсан гар утсаа олоод авсан болохоор гомдол, санал байхгүй.” гэжээ.

Гэрчүүдээс мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:           

1.М.Бат-Одоос: “…Би энэ 2 тооллогыг Долгорсүрэн, Мөнхтөр нарын хамт хийсэн эхний 2014 оны 4 дүгээр сарын 16-ны тооллогоор 926 ширхэг хослол костюмнууд байсан харин 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн тооллогоор нийт 814 ширхэг костюм, пиджак байсан. Энэ контейнерт дандаа хослол байдаг өмдгүй дан пиджак байгаагүй. Хулгайд RENZO хослол 699.000 төгрөгөөр зарагддаг нь 58 ширхэг, 799.000 төгрөгөөр зарагддаг нь 4 ширхэг нийт 62 ширхэг, MORANDI BOCCI хослол 650.000 төгрөгөөр зарагддаг нь 1 ширхэг, EMILLOBOTTA хослол 379.000 төгрөгөөр зарагддаг нь 10 ширхэг, 399.000 төгрөгөөр зарагддаг нь 3 ширхэг, 329.000 төгрөгөөр зарагддаг нь 35 ширхэг нийт 48 ширхэг хослол нийлээд 111 ширхэг хослол пиджакнууд алдагдсан байсан” гэжээ.

2.О.Мөнхтогтохоос: “…2014 оны 4 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө би ямар нэгэн дуу чимээ гарахыг сонсоогүй. Уг хулгай орсон контейнер манай хашаанаас хол ба би зөвхөн барилгаа хариуцдаг ба камераа хянаад сууж байдаг юм. Манай камер зөвхөн өөрийн объектоо 4 талаас нь харсан камертай гадагшаа харсан камер байхгүй” гэжээ.

3.С.Анжеликагаас: “…2014 оны 4 дүгээр сард байх би ээж, дүү Төмөрчөдөр нартай 3 дугаар эмнэлгийн ард талд байр түрээслэдэг байсан. Төмөрчөдөр нэг шөнө гэрт 2 залуутай баахан костюм хослолууд авчирсан. Яг хэзээ гэдгийг сайн санахгүй байна. Төмөрчөдөр авчирсан баахан хослолуудаа жижиг өрөөнд оруулж тавиад 2 найзтайгаа хамт хоносон. Тухайн үед би унтах гэж орондоо орчихсон байсан ба өглөө сэрээд Төмөрчөдөрөөс наана чинь ямар их хослол вэ гэж асуухад Төмөрчөдөр манай найзын хослолууд байгаа юм гэж хэлсэн. Тэгээд нэг хоногийн дараа Төмөрчөдөр найзуудтайгаа хамт Дархан руу явлаа гээд гэрт байсан хослолуудаа аваад явсан” гэжээ.

4.Гэрч С.Ленагаас: “…Төмөрчөдөр нөгөө 2 залуутай нийлээд том өрөөнд юм тоолоод байсан. Тухайн үед би босож хараагүй. Өглөө босоод харахад манай том өрөөнд нилээд хэдэн костюм пиджак тавьчихсан байсан” гэжээ.

5.Гэрч П.Мөнхбаяраас: “…Би Уянгабаатартай хороололд явж байгаад зам гараад явах гэж байхаар нь хаачих нь уу гээд асуухад зам гарах гэж байна ийшээ явна гээд зогсож байсан чинь Халаасны хулгайн хэлтсийн Энх-Амгалан төлөөлөгч араас гарч ирээд Уянгабаатарыг барьж аваад нааш ир гээд гаргаад ир гээд хэлсэн чинь Уянгабаатар баруун талын халааснаасаа Айфонэ-6 плас загварын гар утас гаргаж ирж Энх-Амгалан цагдаад өгч байсан. Тэгээд дагуулаад машинд суулгаад аваад явсан” гэжээ.

Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзвэл, шүүгдэгч Х.Уянгабаатар нь Э.Төмөрчөдөр, Ц.Түмэнбаяр, Ш.Адъяасүрэн нартай бүлэглэн 2014 оны 4 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Эссайн” ХХК-ийн Шөрт шоп дэлгүүрийн ард байрлах бараа хадгалах чингэлэгт нэвтрэн орж 81 ширхэг эрэгтэй костюм хулгайлан авч, тус компанид 38.182.900 төгрөгийн хохирол учруулсан, мөн шүүгдэгч Х.Уянгабаатар нь ганцаараа 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт явж байсан хохирогч А.Батдуламын халааснаас Ай фоне 6 плас загварын гар утас хулгайлан авч түүнд 600.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчээс өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, хууль ёсны төлөөлөгч Д.Долгорсүрэнгийн “тооллогоор RENZO хослол 699.000 төгрөгийнх 58 ширхэг, 799.000 төгрөгийнх 4 ширхэг нийт 62 ширхэг, MORANDI BOCCI хослол 650.000 төгрөгийнх 1 ширхэг, EMILLOBOTTA хослол 379.000 төгрөгийнх 10 ширхэг, 399.000 төгрөгийнх 3 ширхэг, 329.000 төгрөгийнх 35 ширхэг нийт 48 ширхэг хослол, нийт 111 ширхэг хослол костюм пиджак алдагдсан” гэх мэдүүлэг, гэрч С.Анжеликагийн “…2014 оны 4 дүгээр сард байх Төмөрчөдөр нэг шөнө гэрт 2 залуутай баахан костюм хослолууд авчирсан. Яг хэзээ гэдгийг сайн санахгүй байна. ...Тухайн үед би унтах гэж орондоо орчихсон байсан ба өглөө сэрээд Төмөрчөдөрөөс наана чинь ямар их хослол вэ гэж асуухад Төмөрчөдөр манай найзын хослолууд байгаа юм гэж хэлсэн. Тэгээд нэг хоногийн дараа Төмөрчөдөр найзуудтайгаа хамт Дархан руу явлаа гээд гэрт байсан хослолуудаа аваад явсан” гэх мэдүүлэг, гэрч С.Ленагийн “…Төмөрчөдөр нөгөө 2 залуутай нийлээд том өрөөнд юм тоолоод байсан. Тухайн үед би босож хараагүй. Өглөө босоод харахад манай том өрөөнд нилээд хэдэн костюм пиджак тавьчихсан байсан” гэх мэдүүлэг, гэрч П.Мөнхбаярын “…Би Уянгабаатартай хороололд явж байгаад зам гараад явах гэж байхаар нь хаачих нь уу гээд асуухад зам гарах гэж байна ийшээ явна гээд зогсож байсан чинь Халаасны хулгайн хэлтсийн Энх-Амгалан төлөөлөгч араас гарч ирээд Уянгабаатарыг барьж аваад нааш ир гээд гаргаад ир гээд хэлсэн чинь Уянгабаатар баруун талын халааснаасаа Айфонэ-6 плас загварын гар утас гаргаж ирж Энх-Амгалан цагдаад өгч байсан.” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд хөрөнгийн үнэлгээ, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, эд хөрөнгийн үнэлгээний тайлан, эд зүйл түр хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, Э.Төмөрчөдөр, Ц.Түмэнбаяр, Ш.Адъяасүрэн нарт холбогдох 2014250002241 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Б овогт Х.У-г ганцаараа бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авсан, мөн уг гэмт хэргийг бусадтай бүлэглэн тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь хулгайлах гэмт хэргийг 2014 оны 4 дүгээр сард бусадтай бүлэглэн агуулах саванд нэвтэрч үйлдсэн, мөн уг гэмт хэргийг ганцаараа 2017 оны 11 дүгээр сард тус тус үйлдсэн тул прокуророос түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.  Харин шүүгдэгч нь бусадтай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн тул түүнд Эрүүгийн хуулийн дээрх зүйлд зааснаар ял оногдуулахдаа мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа, бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.У-тай бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн Э.Төмөрчөдөр, Ц.Түмэнбаяр, Ш.Адъяасүрэн нараас 28.637.175 төгрөгийн хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн тул шүүгдэгч Х.Уянгабаатараас 9.545.725 төгрөг нөхөн гаргуулж хохирогч компанид олгуулахаар шийдвэрлэлээ. Шүүгдэгч Х.У-с хохирогч А.Батдуламд төлөх төлбөргүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Б овогт Х.У-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг ганцаараа үйлдсэн, мөн уг гэмт хэргийг бусадтай бүлэглэн, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Х.У-г 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Х.У-т оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Х.У-н цагдан хоригдсон 689 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Х.У-с 9.545.725 (есөн сая таван зуун дөчин таван мянга долоон зуун хорин тав) төгрөг гаргуулж “Эссайн” ХХК-д олгосугай.

7.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Уянгабаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

8.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ