Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 347

 

                                                       

 

 

 

 

                                                       

Х.Ут холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Ш.Хосбаяр,

шүүгдэгч Х.У, 

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 61 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Х.Уын гаргасан давж заалдах гомдлоор Х.Ут холбогдох эрүүгийн 201301020832 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овогт Хуягийн У, 1984 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 33 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Гангар инвест” ХХК-д өрлөгчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Нарангийн 12 дугаар гудамжны 99 тоотод оршин суух бүртгэлтэй боловч, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, /,

 

Х.У нь Э.Төмөрчөдөр, Ц.Түмэнбаяр, Ш.Адъяасүрэн нартай бүлэглэн 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Урт цагааны хойд талд байрлах “S Sign” компанийн “S mans collection” дэлгүүрийн бараагаа хадгалдаг контейнерын цоожийг эвдлэн нэвтрэн орж, дотор нь өлгөөстэй байсан Emillo Bottta, Renzo, Morandi bocci зэрэг брэндийн 81 ширхэг эрэгтэй костюмнуудыг хулгайлан 38.182.900 төгрөгийн хохирол учруулсан,

2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баянзүрх захын ойролцоо гадуур хувцасны халаасанд нь байсан хохирогч Ж.Нарантуяагийн HTC маркийн гар утсыг хулгайлж, 380.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Х.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Хуягийн Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар Х.Уыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Ут оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Х.Уын мөрдөн байцаалтын шатанд цагдан хоригдсон 522 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Х.Уаас S Sign компанид учирсан 38.182.900 төгрөгийг хувь тэнцүүлж 9.545.725 төгрөг, хохирогч Ж.Нарантуяад 380.000 төгрөгийг шүүгдэгч Х.Уаас гаргуулж олгож, энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч эдлэх ялыг 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Х.У гаргасан давж заалдах гомдолдоо: “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 61 дүгээр шийтгэх тогтоолоор “Х.У надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жилийн хорих ял оногдуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч доорх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

1. 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баянзүрх захын ойролцоо хохирогч Ж.Нарантуяагийн НТС маркийн гар утсыг хулгайлж 380.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг учраас хэрэг үйлдсэнээс хойш 6 сар өнгөрөөд хөөн хэлэлцэх хугацаа дуусах тул шүүхээс гэм буруутайд тооцон ял оноосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн уг хэргийн улмаас учирсан хохирол төлөгдөн гар утсыг нь дор нь буцаан өгсөн байхад хохирогч Ж.Нарантуяад 380.000 төгрөг төлөхөөр заасан нь үндэслэлгүй байна.

2. Э.Төмөрчөдөр, Ц.Түмэнбаяр, Ш.Адъяасүрэн нартай бүлэглэн 2014 оны 4 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Урт цагааны хойд талд байрлах S Sign дэлгүүрийн бараагаа хадгалдаг контейнерийн цоожийг эвдлэн нэвтэрч дотор нь өлгөөтэй байсан 81 ширхэг эрэгтэй костюмнуудыг хулгайлан 38.182.900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг нь 2013 оны 9 дүгээр сарын 01-ээс шинэчилэн тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр хохирол нь үлэмж хэмжээнд хамаарч 2002 оны Эрүүгийн хуулиар 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсгээр зүйлчлэгдэхээр байна. Иймд дээрх гэмт хэрэг нь “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуульд хамрагдаж байгааг анхаарч төрийн өршөөлд хамруулж өгнө үү.

Би үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байна.

Мөн эхнэр авч хүүхэдтэй болж хүү маань дөнгөж 03 сартай, тэдэнтэйгээ хамт байж хүн шиг амьдарч ажиллах чин эрмэлзлэлтэй байгааг хүлээн авч дээрх үндэслэлүүдээр миний авсан 3 жилийн хорих ялаас бага ч хамаагүй хугацаагаар хасч хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Х.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хохирлыг төлж барагдуулах болно, Өршөөлийн хуульд хамруулж өгнө үү...” гэв.

 

Прокурор Ш.Хосбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Х.Уыг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар хулгайлан авсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдсэн. Шүүх хэргийг хэлэлцээд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан 2-8 жилийн хорих ялтайгаас 3 жилийн хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй. Тэрээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдэхээр байсан. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь 3-5 жилийн хорих ялтай, гэмт хэргийн ангиллын хувьд тухайн үед хүнд гэмт хэрэгт хамаарахаар байсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэхь заалтад заасан гэмт хэрэг нь 2-8 жилийн хорих ялтай буюу хорих ялын доод хэмжээ буурч байсан учраас эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэж шүүхэд шилжүүлсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй учраас хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Шүүгдэгч Х.Ут холбогдох хэрэгт мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлыг хянаж, шийдвэрлэх ёстой байдлыг шийдвэрлээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Прокуророос Х.Уыг Э.Төмөрчөдөр, Ц.Түмэнбаяр, Ш.Адъяасүрэн нартай бүлэглэн 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Урт цагааны хойд талд байрлах “S Sign” компанийн “S mans collection” дэлгүүрийн бараагаа хадгалдаг контейнерын цоожийг эвдлэн нэвтрэн орж, дотор нь өлгөөстэй байсан Emillo Bottta, Renzo, Morandi bocci зэрэг брэндийн 81 ширхэг эрэгтэй костюмнуудыг хулгайлан 38.182.900 төгрөгийн хохирол учруулсан, 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баянзүрх захын ойролцоо гадуур хувцасны халаасанд нь байсан хохирогч Ж.Нарантуяагийн HTC маркийн гар утсыг хулгайлж, 380.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт буруутгаж түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хавтаст хэрэгт Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ш.Хосбаярын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 59 дүгээр “Яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоол /3-р хх-ийн 80/-оор шүүгдэгч Х.Уын 2011 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Турбо баарны үүдэнд хохирогч О.Хүдэрчулуунд хүч хэрэглэн пивоны шилээр зүүн хөмсгөн тус газар нь зүсэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Дээрх хэргийг прокуророос хэрэгсэхгүй болгосон атлаа 4 хоногийн дараа буюу 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 215 дугаар “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоолд Х.Уын танхайрах үйлдлийг 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, яллагдагчаар татжээ. /3-р хх-ийн 81-82/

 

Прокурорын 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдөр 369 дүгээр яллах дүгнэлт /3-р хх-ийн 83-86/ үйлдсэн бөгөөд шүүгдэгч Х.Уын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийг орхигдуулж, зөвхөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт үйлдэлд яллах дүгнэлт үйлдсэн нь ойлгомжгүй байна.

 

Эдгээр байдлуудын талаар давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор “...техникийн алдаа...” гэсэн утга агуулга бүхий тайлбарыг шүүхээс хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.  

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд зааснаар мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлуудыг нэг бүрчлэн хянаагүй, уг үүргээ бүрэн биелүүлээгүй гэж үзнэ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Х.Ут холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Х.Ут холбогдох хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор түүний гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлийг энэ удаа хянан шийдвэрлээгүй болохыг дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь: