Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 210/ма2022/01110

 

 

 

 

 

 

2022 06 10 210/МА2022/01110

 

 

 

А.Б ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14ий өдрийн 101/ШШ2022/01117 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А.Б ийн хариуцагч Н т холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн агуулга: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/02830 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2147 дугаартай магадлалаар А.Б надаас 415,222,950 төгрөгийг гаргуулан Ч.Долгормаад олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад эрхийн улсын Ү-2206020470 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Олимпийн гудамж, 51а, 51б байрны зоорийн давхарын 91 тоотод байрлах 18 м.кв талбай бүхий автозогсоолыг битүүмжлэн, хураасан. Уг авто зогсоолоор үүргийн гүйцэтгэл хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаагүй. Уг хөрөнгийг Алтай констракшн ХХК-тай орон сууц, автозогсоол захиалан бариулах гэрээний дагуу худалдаж авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь миний өмчлөлийн авто зогсоолд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан талаар мэдэгдэл, тогтоол хүргүүлээгүй, намайг дуудаагүй. Гэтэл 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 4-187/19023 дугаартай Баянзүрх дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор миний өмчлөлийн авто зогсоолыг 22,300,000 төгрөгөөр үнэлж, дуудлага худалдаанд оруулна гэж 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр дуудаж хэлэхэд мэдсэн. Хөрөнгийн зах зээлийн ханш 45,000,000 төгрөг байхад 22,300,000 төгрөгөөр үнэлсэнд гомдолтой байна. Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу надад мэдэгдэлгүй хугацаа хэтрүүлсэнд гомдолтой байна. Иймээс хугацаа сэргээлгэх хүсэлтэй шүүхэд гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талуудад би хамаарч байгаа тул үнэлгээний тайланг хүчингүй болгуулахаар шүүхэд гомдлоо гаргасан. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 273 дугаар зүйлийн 273.2.1-д хэсэг заалтыг зөрчиж миний өмчлөх эрхэд шууд халдсанд гомдолтой байна. Иймд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2147 дугаар магадлалаар А.Б оос 415,222,950 төгрөгийг гаргуулж Ч.Долгормаад олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч А.Б ийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206020470 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Олимп гудамж 51а, 51б байрны зоорийн давхарын 91 тоотод байрлах 18 м.кв талбайтай авто зогсоолыг 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 20380327/12 тоот тогтоолоор битүүмжилж, 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 20380327/14 тоот тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талууд харилцан тохиролцож үнийн санал ирүүлэх тухай хугацаатай мэдэгдлийг хүлээлгэн өгсөн боловч талууд харилцан тохиролцож үнийн санал ирүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр шинжээч томилох тогтоолоор Файн-эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ хийлгэхэд 22,300,000 төгрөгөөр зах зээлийн үнэлгээг тогтоосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу шинжээчийн үнэлсэн үнэлгээг А.Б т 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 4-187/19023 тоот мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан бөгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Н т холбогдуулан гаргасан Файн эстимэйт ХХК-ийн гаргасан 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах А.Б ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т тус тус зааснаар нэхэмжлэгч А.Б ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар тус шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШЗ2021/20416 дугаартай хүсэлт шийдвэрлэх тухай захирамж нь энэ хуулийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шат дараалан явуулсан боловч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчдын тэгш эрхийг хангаагүй. Тодруулбал, хөрөнгийн үнийн санал авах, мэдэгдэл хүргүүлэх, үнэлгээ хийлгэх, шинжээч томилох зэрэг ажиллагуунуудыг зөрчсөн байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. А.Б би 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр өөрийн өмчлөлд бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Олимпийн гудамж, 51а, 51б дугаарт байрны зоорийн давхарын 91 тоот автозогсоолыг 60,000,000 төгрөгөөр үнэлсэн. Харин шинжээч 22,300,000 төгрөгөөр үнэлсэн боловч өртөгийн хандлага, зах зээлийн жишиг үнийн хандлага, орлогын хандлага гэсэн 3 аргыг хослуулан хөрөнийн үнэлгээ хийх хууль, стандартын шаардлага хангаагүй. Шинжээч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журам, заалтыг мөрдлөгө болгох үүрэгтэй бөгөөд дээрх хөрөнгийн үнэлгээг тогтоох ажиллагааг гүйцэтгэхдээ үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, үл хөдлөх эд хөрөнгийн байршил, хийц, загварын хувьд ойролцоо, тухайн үед худалдахаар зарлагдсан тухайн нутаг дэвсгэрт байрлах барилгатай харьцуулсаны үндсэн дээр дүгнэлтээ гаргаагүй нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй. Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжпэл гаргах хугацааг хариуцагч байгууллага алдагдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчаас давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн гомдлын хүрээнд хянаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч Н т холбогдуулан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Олимп гудамж 51а, 51б байрны зоорийн давхарын 91 тоотод байрлах 18 м.кв талбайтай автозогсоолыг 22,300,000 төгрөгөөр үнэлсэн Файн-Эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч маргажээ.

3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/02830 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2147 дугаартай магадлалаар нэхэмжлэгч А.Б оос зээлийн гэрээний үүрэгт 415,222,950 төгрөг гаргуулж Ч.Долгормаад олгож, төлбөр төлөгч үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох А.Б ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Олимп гудамж 51а, 51б байрны зоорийн давхарын 91 тоотод байрлах 18 м.кв талбайтай автозогсоолыг хангуулахаар шийдвэрлэжээ. /хх75-76, 77-78 / Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.6-д зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимтай.

4. Хариуцагч Н нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ГХ2020/00385 дугаартай гүйцэтгэх хуудас, үндэслэн тус шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШЗ2020/05389 дугаар захирамжийг тус тус үндэслэн дээрх шийдвэр, магадлалыг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна. /хх42, 74/

5. Н нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Олимп гудамж 51а, 51б байрны зоорийн давхарын 91 тоотод байрлах 18 м.кв талбайтай автозогсоолыг 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 20380327/12 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2021 оны 09 дугаар сарын 08-ны өдрийн 20380327/14 дугаар тогтоолоор хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасантай нийцсэн. (хх64-65, 67-68)

6.а Хариуцагч байгууллага төлбөр төлөгч А.Б оос төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах үнийн санал авахад 60,000,000 төгрөгийн үнийн санал өгснийг төлбөр авагч уг саналыг зах зээлийн үнэлгээг хэт өндөр гэж эс зөвшөөрч шинжээч томилуулах хүсэлт гаргасан байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх гүйцэтгэх газар 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 10/252 дугаар тогтоолоор Файн-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т нийцсэн байна. /хх72, 80, 81/

6.б Шинжээч Файн-Эстимэйт ХХК нь Н т холбогдуулан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Олимп гудамж 51а, 51б байрны зоорийн давхарын 91 тоотод байрлах 18 м.кв талбайтай автозогсоолын зах зээлийн үнийг 22,300,000 төгрөгөөр тогтоожээ. /хх84-98/

6.в Файн-Эстимэйт ХХК үнэлгээг тогтоохдоо хөрөнгийн үнэлгээний зах зээлийн хандлагын аргыг ашиглан ойролцоо байршилд байрлах үл хөдлөх эд хөрөнгийг харьцуулан үнэлгээ хийсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

7.а Хариуцагч нь дээрх үнэлгээний тайланг төлбөр төлөгчид 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Монгол шуудангаар хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан мэдэгдэх хуудас, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэргээр тогтоогдсон. /хх103-104, 137-138/ Шийдвэр гүйцэтгэх байгууллагын уг ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт нийцжээ.

7.б Хөрөнгийн үнэлгээний тайланг 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээлцэж, шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн тэмдэглэлд ...төлбөр төлөгч А.Б ийн 99112353 дугаартай утсанд залгахад холбогдох боломжгүй байсан тул үнэлгээг мэдэгдэн мессэж үлдээн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 4-187/19023 тоот мэдэгдлийг Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 23 дугаар байрны 12 тоот хаягт шуудангаар хүргүүлэв ... гэж тэмдэглэсэн, Монгол шуудан ХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 09/124 дугаартай албан бичигт ...Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр А.Б , 15 дугаар хороолол 23-12 тоот, Баянзүрх дүргийн 15 дугаар хороо гэсэн хаягаар илгээж, гардуулсан байна гэж дурдсан зэргээс үзэхэд нэхэмжлэгч А.Б нь 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд үнэлгээтэй холбоотой гомдол гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Тодруулбал, А.Б т утсаар мэдэгдсэн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс, Монгол шуудан ХК-аас гардуулсан 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс аль алинаар нь тооцсон ч хуулиар тогтоосон хугацаанд гомдол гаргаагүй байна. Энэ талаарх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул хангах боломжгүй. /хх102, 103, 137-138/

7.в Дээрхийг нэгтгэн дүгнэхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг нэхэмжлэгч зөрчсөн тул А.Б ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Олимп гудамж 51а, 51б байрны зоорийн давхарын 91 тоотод байрлах 18 м.кв талбайтай автозогсоолыг 22,300,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

8. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д Хөрөнгийн үнэлгээний олон улсын болон үндэсний стандартад нийцүүлэн энэ хуульд заасан журмын дагуу хөрөнгийн үнэлгээ хийх аргыг бие даан сонгох гэж, Үнэлгээний олон улсын стандарт 105 (Үнэлгээний арга, аргачлал)-ын 10.4 Үнэлгээчин нь нэг аргыг үнэн зөв, найдвартай гэдэгт итгэлтэй байгаа бол тухайн хөрөнгийг үнэлэхдээ нэгээс олон аргыг ашиглах шаардлагагүй гэж тус тус заасан тул хөрөнгийн үнэлгээ хийх аргыг хослуулан хэрэглээгүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14ий өдрийн 101/ШШ2022/01117 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Д.ЦОГТСАЙХАН