Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 210/ма2022/01109

 

 

 

 

 

 

2022 06 10 210/МА2022/01109

 

 

Э ХХК -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 30ы өдрийн 183/ШШ2022/00869 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э ХХК -ийн хариуцагч Э ХХК -д холбогдох, газар эзэмших эрхтэй болохыг тогтоолгох, газар эзэмших эрх шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М, хариуцагчийн өмгөөлөгч Д.О, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

1. Нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн агуулга: Э ХХК нь 2007 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Э ХХК -аас Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах нефть баазын цогцолбор барилга байгууламж бүхий эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206007235 дугаарт бүртгэлтэй, 000012180 дугаар гэрчилгээтэй, 14560 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг авсан. Тухайн үед объектын доорх газрыг чөлөөлж өгөхөөр Э ХХК -аас амласан боловч одоог хүртэл газрыг шилжүүлж өгөхгүй байна. Иймд Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дахь хэсэгт ...газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна гэж заасан. Иймд талуудын хооронд байгуулагдсан 2007 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн бэлэглэлийн гэрээний 1-д заасны дагуу Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах нефть баазын цогцолбор барилга байгууламж бүхий 14560 м.кв талбайтай объектын доорх газрыг Э ХХК нь эзэмших эрхтэй болохыг тогтоож, уг газар эзэмших эрх шилжүүлэхийг хариуцагч Э ХХК -д даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Талуудын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээгээр газар эзэмших эрхийг шилжүүлэхээр тохиролцоогүй бөгөөд уг гэрээгээр бэлэглэгч Э ХХК нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах, 000174654 дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2206007235 дугаартай, үйлчилгээний зориулалттай 14560 м.кв талбай бүхий объектыг хариу төлбөргүйгээр Э ХХК -д шилжүүлэхээр тохиролцсон. Харин уг гэрээнд эзэмших эрх бүхий газрыг шилжүүлнэ гэж заагаагүй бөгөөд тохиролцоогүй. Эзэмших эрх бүхий газар, өмчлөх эрх бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь тус тусдаа улсын бүртгэлд бүртгэгдэж, гэрчилгээ олгогддог ба Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт зааснаар газар эзэмших эрхийг шилжүүлэхээр гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлээгүй байна. Иймээс Э ХХК нь уг газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох, газар эзэмших эрх шилжүүлэхийг даалгах тухай шаардлага гаргах эрхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн уг газар эзэмших эрх нь Хас банк ХХК, Э ХХК -ийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан бөгөөд зээлдэгч үүргээ гүйцэтгээгүйгээс барьцааны гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангахаар шүүхийн шийдвэр гарсан гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э ХХК -ийн тайлбар, татгалзлын агуулга: Анх Э ХХК -аас худалдан авахад төлбөрийг төлсөн. Тухайн үед Э ХХК -ийн захирал газрыг шилжүүлж өгнө гэж амласан боловч шилжүүлж өгөөгүй. 2007 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн бэлэглэлийн гэрээний 1-д Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах нефть баазын цогцолбор барилга байгууламж бүхий 14560 м.кв талбай бүхий объект гэж заасан ба объектын доорх газар нь мөн хамаарах тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Эн Би Эс Ти" ХХК-д шилжүүлэхийг хариуцагч Э ХХК -д даалгаж өгнө үү гэжээ.

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хас банк ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжпэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Хас банк ХХК, Э ХХК нарын хооронд 2012 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 1410000735 дугаар барьцаат зээлийн гэрээ, 5000893598 дугаар зээлийн шугамын гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2013 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 141000735-02 дугаар баталгаат ипотекийн гэрээ байгуулж, 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 1410001252 дугаар барьцааны гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах улсын бүртгэлийн Г-2206006967 дугаартай үйлдвэрлэлийн зориулалттай 199739 м.кв талбайтай эзэмших эрх бүхий газрыг барьцаалсан. Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул Хас банк ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор уг газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Иймд хариуцагчийн хариу тайлбарыг дэмжиж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2, 276 дугаар зүйлийн 276.1, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасныг баримтлан Э ХХК -ийн нэхэмжлэлтэй, Э ХХК -д холбогдох, газар эзэмших эрхтэй болохыг тогтоолгох, газар эзэмших эрх шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Э ХХК -аас улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 140,400 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Э ХХК 2007 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс хойш Э ХХК -аас Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах нефть баазын цогцолбор барилга байгууламжийг 14560 м.кв талбайг газрын хамт худалдан авч, төлбөрийг Э ХХК төлж, улмаар бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч баазын доорх газрыг 15 жилийн хугацаанд зориулалтын дагуу ашиглаж, бодитойгоор эзэмшсэн нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйлд заасантай нийцсэн. Манай компани уг обьектын доорх газрыг 2007 онд Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар хууль ёсоор мэдэлдээ авч, зориулалтын дагуу эзэмшиж эхэлснээс хойш эзэмшил үүссэн. Нефть баазын цогцолборын доорх газар манай компанийн эзэмшилд байгаа боловч, эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд Э ХХК газар эзэмших эрхийг шилжүүлэхгүйгээр саад болж байгаа тул уг саадыг Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасны дагуу арилгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй. Мөн Иргэний хуулийн 96 дугаар зүйлийн 96.1, 96.3 дахь хэсэгт зааснаар газрыг эзэмших эрх шилжүүлэх талаар үндэслэл бүхий шаардлагыг Захиргааны хэргийн шүүхэд гаргаж байсан тул Э ХХК -ийн газар эзэмших эрх нь дуусгавар болсон. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар газрыг зориулалтын дагуу ашиглаагүй. Харин нэхэмжлэгч тал 15 жилийн хугацаанд бодитойгоор зориулалтын дагуу ашигласанд маргаагүй, хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараар нотлогдсон. Иймд Э ХХК -ийг газар эзэмших эрхийг зориулалтын дагуу эзэмшиж байгаа этгээдэд шилжүүлэх үүргээ биелүүлэхгүй байгаа тул уг газар эзэмших эрхийг Э ХХК -д шилжүүлэхийг даалгах хууль зүйн үндэслэлтэй. Газрыг эзэмшдэггүй, бусдын эзэмшилд байхад газар эзэмших эрхийг өөртөө байлгах нь хуульд нийцэхгүй. Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дахь хэсэгт тодорхой заасан. Э ХХК -ийн 12 салаа төмөр замын доорх газрыг эзэмших эрхтэй гэж үздэг ба газрын албанаас уг төмөр замын доорх газрыг бусад компаниудын мэдэл, эзэмшилд байсныг хасалт хийж Э ХХК -ийн эзэмшилд шилжүүлсэн талаар баримтыг үнэлж дүгнэх ёстой. Газраас салгах боломжгүй онцгой обьект бүхий газрыг манай компанийн зөвшөөрөлгүйгээр Хас банк ХХК-д барьцаалсан нь хууль бус байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт заасны дагуу эзэмшилд байх хугацаанаас хамаарч шударга эзэмшигч гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Өөрөөр хэлбэл, арван жил илээр эзэмшсэн. Уг эзэмшил нь төрөөс тусгай зөвшөөрөл, нөхцөл, болзлын дагуу гэрчилгээгээр эзэмшүүлсэн учраас Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 27 дугаар зүйлд заасны дагуу эзэмшил үүснэ. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу эзэмших эрхтэй бол шаардах эрхээ хэрэгжүүлнэ гэж заасан. Нэхэмжлэгч компанид эзэмших эрх байхгүй, харин хариуцагч компанид эрх хадгалагдаж байгаа учраас тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасны дагуу албадан чөлөөлүүлэх боломжгүй. Мөн Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дахь хэсэгт заасны дагуу түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна гэж заасан. Иргэний эрх зүйн харилцаанд оролцож байгаа өмчийн бүрдэл хэсэг тул шаардах эрхгүй. Талууд бэлэглэлийн гэрээний талаар маргаагүй. Уг гэрээнд газрыг шилжүүлэх талаар зохицуулалт байхгүй. Тус газар нь 15200 м.кв талбайн хэмжээтэй. Бэлэглэлийн гэрээнд 14000 м.кв нефть баазын барилга байгууламжийг шилжүүлсэн. Уг газрын голоор Э ХХК -ийн 8 дугаар салаа төмөр зам байгаа. Үүнийг хүлээн зөвшөөрч 2017 он хүртэл төмөр зам ашиглалтын төлбөр, цахилгааны төлбөрийг нэхэмжлэгч компани, хариуцагч компанид төлсөн баримт хэрэгт авагдсан. Нэхэмжлэгч компани Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасныг үндэслэн давж заалдах гомдол гаргасан. Энэ хуулийн зохицуулалт нь газар эзэмших эрхийн гэрчилгээтэй этгээдэд хамаарна. Газар эзэмших эрх шилжээгүй учир Хас банк ХХК-д барьцаалсан нь нотлогдохгүй байх тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: 7 жилийн дараа уг объектыг тухайн үеийн ханшаар худалдаж аваад 385000 ам.долларыг дансаар хариуцагч компанид шилжүүлсэн. Объектын үнийг 5 жилийн хугацаанд үргэлжлүүлэн төлсөн. Тус объект нь газар доорх байгууламж юм. Уг объектыг цогцоор нь үйл ажиллагаа явуулахын тулд төмөр замын бүх модыг өөрийн зардлаар сольж зассан тул хариуцагч компани цахилгааны төлбөрийг хөнгөлсөн. Уг объектыг 15 жил засан сайжруулж ажиллуулсан байхад өдий хүртэл эрх шилжүүлж өгөөгүйд гомдолтой байна гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчсөн тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна. Энэ талаарх гомдол үндэслэлтэй байна.

2. Нэхэмжлэгч Э ХХК нь ...гэрээний дагуу шилжүүлэн авсан объектын доорх газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгож, эрх шилжүүлэхийг даалгуулна гэж, хариуцагч Э ХХК татгалзлын үндэслэлээ ...үйлчилгээний зориулалттай 14560 м.кв талбай бүхий объектыг шилжүүлэхээр тохиролцсон болохоос газар эзэмших эрхийг шилжүүлэх талаар гэрээгээр тохиролцоогүй, газар болон үл хөдлөх эд хөрөнгө нь тус тусдаа улсын бүртгэлийн гэрчилгээ олгогддог тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарлажээ.

3. Хэрэгт авагдсан баримтаар Э ХХК , Э ХХК нарын хооронд 2007 оны 05 дугаар сарын 02-ны өдөр бэлэглэлийн гэрээ гэх нэртэй гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Э ХХК -ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлалтай, гэрчилгээний 000174654 дугаартай, улсын бүртгэлийн Ү-2206007235 дугаартай 135,006,000 төгрөгийн үнэ бүхий үйлчилгээний зориулалттай 14560 м.кв талбай бүхий объектыг хариу төлбөргүй Э ХХК -д шилжүүлэхээр тус тус харилцан тохиролцсон байна. /хх30/ Улмаар Э ХХК нь 2007 оны 05 дугаар сарын 22-ны өдөр улсын бүртгэлийн Ү-2206007235 дугаартай Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 196-д байршилтай нефть баазын цогцолбор барилга байгууламжийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдэж, өмчлөх эрх Э ХХК -д шилжсэн, объектын үнэд 320,000 ам.доллар буюу 373,120,000 төгрөг, 76,880,000 төгрөг нийт 450,000,000 төгрөг төлөгдсөн үйл баримт тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаагүй. /хх10, 50-52/

Дээрх байдлаас үзэхэд маргаан бүхий газрын дээр байрлах объектын өмчлөх эрх хэлбэрийн хувьд бэлэглэлийн гэрээгээр шилжсэн, харин агуулгын хувьд хариу төлбөртэй худалдах, худалдан авах гэрээнд үндэслэгдсэн байна.

4. Хариуцагч Э ХХК нь уг гэрээнд газар эзэмших эрх шилжүүлэхээр тохиролцоогүй гэж маргасан. Гэвч талуудын хооронд хийгдсэн гэрээний агуулгыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт зааснаар аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно.

Э ХХК , Э ХХК нарын хооронд 2007 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр мөнгө хүлээлцсэн болон бэлэн мөнгөний зарлагын баримт үйлдэж, уг баримтын гүйлгээний утга хэсэгт нефть баазын үнэ гэж тодорхойлсон байгааг гэрээний агуулга, гэрээ хэрэгжсэн нөхцөл байдал зэрэгтэй харьцуулан тайлбарлавал дээрх гэрээний дагуу нэхэмжлэгчид шилжүүлсэн нефть баазын цогцолбор барилга байгууламж нь газар доорх тоног төхөөрөмж, агуулах зэргээс гадна 14560 м.кв талбай бүхий объектын доорх газрыг хамт багтсан гэж үзэхээр байна. Учир нь тухайн барилга байгууламжийг газраас салгаж үл болох буюу түүнгүйгээр бие даан хэрэгжиж, үйл ажиллагаа явуулах боломжгүй. Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасан эрхийг хариуцагч тал зөрчсөн байх тул тэрээр газар эзэмших эрх шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

Түүнчлэн, Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дахь хэсэгт түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна гэж заасан тул нэхэмжлэгчийн нефть хадгалах, түгээх зориулалттай, нефть баазын цогцолбор барилга байгууламж нь газартай салшгүй бэхлэгдсэн, түүний бүрдэл хэсэг гэж үзнэ.

5. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт заасан бэлэглэлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь буруу. Талууд нефть баазын цогцолбор барилга байгууламж худалдан авахтай холбоотойгоор үл хөдлөх эд хөрөнгийн доорх газар гэрээний зүйлд багтсан байна. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар маргааны зүйл болох үйлчилгээний зориулалттай 14560 м.кв талбай буюу үл хөдлөх эд хөрөнгө байрлах газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоож, уг газар эзэмших эрхийг шилжүүлэхийг хариуцагчид даалгасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулна.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад зохих өөрчлөлт оруулах шаардлагатай.

Дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 30ы өдрийн 183/ШШ2022/00869 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч Э ХХК -ийг Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах, үйлдвэрлэлийн зориулалттай, нэгж талбарын 178019/0072 18640308213869 дугаар бүхий 15200 м.кв газар эзэмших эрхтэй болохыг тогтоож, Э ХХК -д уг газрын 000321317 дугаартай гэрчилгээг шилжүүлэхийг даалгасугай гэж,

2 дах заалтын ...үлдээсүгэй. гэснийг ...үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 2,267,550 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Э ХХК -аас 2,407,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 140,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Д.ЦОГТСАЙХАН