Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2018/0525

 

О.Л-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

                                  

Захиргааны хэргийн давж шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй хийж, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 17 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, О.Л-ын нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, нарийн бичгийн дарга, сумын Засаг дарга болон Жинст багийн Засаг дарга, тус багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаан даргалагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 17 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 23 дугаар зүйлийн 23.4, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн хуралдааныг илт хууль бус болохыг тогтоолгох, хуралдаанаас гаргасан тогтоолуудыг бүхэлд нь хүчингүй болгуулах, Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлыг хуулийн дагуу дахин хуралдуулахыг даалгуулах, Жинст багийн Засаг даргаар Д.А-ыг томилох тухай захирамжийг хүчингүй болгуулах, тус багийн иргэдийн Нийтийн Хурлын даргын албан тушаалд хамаарах 2017 оны 01 дүгээр сарын 01-нээс хойш шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацааны урамшууллыг нөхөн гаргуулах шаардлага бүхий О.Л-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч О.Л давж заалдах гомдолдоо: “...би дараах үндэслэлүүдээр Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 17 дугаар шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир гомдол гаргаж байна.

1. Тухайн өдрийн хурал нь /2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр/ Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэг: Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн Хурлын тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна ... гэсэн заалтыг тус тус зөрчиж, илт хууль бус байсаар байтал хурлыг хүчингүй болгоогүй шийдвэрийг анхан шатны шүүх гаргасан байна.

2. Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгчид нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 22 дугаар шийдвэр, Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 01/461 тоот шийдвэр гүйцэтгэх мэдэгдлийн дагуу 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хуралдаж багийн иргэдийн Нийтийн Хурлыг 2015 оны 01 дүгээр сарын 15-нд хуралдуулахаар товлон зарласан ба хугацаандаа хуралдаж шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Үүнтэй холбогдож “Шүүхийн шийдвэр биелсэн тухай” шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн 14/320 тоот тогтоол гарсан.

Гэтэл анхан шатны шүүх уг ажиллагааг нягтлан үзэлгүй шийдвэрээ гаргасан гэж үзэж байна.

3. Багийн иргэдийн Нийтийн Хурлын тамганы тухайд:

Улиастай сумын 6 дугаар баг нь 2010 онд тамгаа шинэчлэн сольсон байдаг бөгөөд тухайн үедээ Жинст багийн иргэдийн Нийтийн Хуралд 4 тоот тамгыг хүлээлгэн өгсөн бөгөөд тухайн үедээ Жинст багийн иргэдийн Нийтийн Хуралд 4 тоот тамгыг хүлээлгэн өгсөн бөгөөд одоо хүртэл тэр тамгаа ашиглаж ирсэн. Улиастай сумын Богдын гол багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга хийж байсан иргэн Ж.Ю нь тамгаа өгөлгүй 5 жилийн хугацаанд зугтаж явсан учир тамгаа солих боломж байгаагүй. Ж.Ю нь саяхандаа л тамгаа авчирч өгсөн сураг гарч байсан. Ийм учир багийн иргэдийн Нийтийн Хуралтай холбоотой бүх бичиг баримтан дээр 4 тоот тамга байнга дарагдаж ирсэн. Анхан шатны шүүх нь тамга хэрхэн солигдсон талаар гэрчийн мэдүүлэг аваагүй, ач холбогдол өгөөгүй.

1. Нэхэмжлэлийн шаардлагад тусгасан: Улиастай сумын иргэдийн Нийтийн Хурлын дарга нарт урамшуулал олгож байсан эсэх тухай санхүүгийн баримтыг Улиастай сумын Засаг даргын тамгын газрын санхүүгийн албанаас гаргуулан авах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөөгүй.

Иймд О.Л би нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байгаа болно. Анхан шатны шүүх хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байгаа тул шүүхийн шийдвэрийг хянан үзэж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянавал анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг бүрэн гүйцэд тодруулж, хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн гүйцэд бүрдүүлэлгүйгээр хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Нэхэмжлэгч О.Л “Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн хуралдааныг илт хууль бус болохыг тогтоолгох, хуралдаанаас гаргасан тогтоолуудыг бүхэлд нь хүчингүй болгуулах, Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлыг хуулийн дагуу дахин хуралдуулахыг даалгуулах, Жинст багийн Засаг даргаар Д.А-ыг томилох тухай захирамжийг хүчингүй болгуулах, тус багийн иргэдийн Нийтийн Хурлын даргын албан тушаалд хамаарах 2017 оны 01 дүгээр сарын 01-нээс хойш шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацааны урамшууллыг нөхөн гаргуулах”  нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

Анхан шатны шүүх “...хуульд заасан журмыг зөрчиж явагдсан уг хуралдаан болон хуралдаанаас гарсан тогтоолууд ...захирамж нэхэмжлэгч О.Л-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй нь ...тогтоогдож байна... шүүхийн шийдвэрээс хойш Жинст багийн Хурлын анхдугаар хуралдааныг дахин хуралдуулж, 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор багийн Хурлын даргаар би томилогдсон хэмээн нэхэмжлэгч... тогтоол, тэмдэглэлүүдийг... гаргаж өгсөн ба тэдгээр баримтыг шүүх үнэн зөв гэж үнэлэх боломжгүй... шүүхийн ...2013 оны ...22 дугаар шийдвэрт... багийн Хурлын хуралдааныг дахин хуралдуулахыг... Хуралд  даалгасан байхад О.Л... багийн Хурлын хуралдааныг зарлан 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хуралдуулсан талаар тайлбарлаж... 01 дүгээр тогтоолд өөрөө гарын үсэг зурж баталгаажуулсан, ...Улиастай сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурал гэх бичиглэл бүхий тамга дарсныг шүүх үнэн зөв хуульд нийцсэн баримт гэж үзэж үнэлэх боломжгүй... О.Л... хариуцагч ...гуравдагч этгээд... нарын цахим үнэмлэх дээр бичигдсэн “оршин суух хаяг 1-р баг Жинст” гэж тэмдэглэгдсэн байгаагаас үзэхэд нэхэмжлэгчээс... гаргаж өгсөн баримтуудад өөр багийн тамга дарагдсан байна гэж үзэхээр байна... нэхэмжлэгч Жинст багийн Хурлын даргаар сонгох тогтоолд өөрөө гарын үсэг зурж баталгаажуулж, өөр багийн тамгаар баталгаажуулсан баримтаар түүнийг Жинст багийн Хурлын даргын бүрэн эрхийг хэрэгжүүлж байгаа гэж үзэх үндэслэлгүй...” гэж хэрэгт авагдсан баримтуудыг үнэлж, нэхэмжлэгч О.Л-ыг Улиастай сумын Жинст багийн Хурлын даргын бүрэн эрхийг хуулийн дагуу хэрэгжүүлж буй этгээд гэж үзэхгүй тул маргаан бүхий хурал, хурлаас гарсан шийдвэрүүдийн улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.  

Нэхэмжлэгч О.Л шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч  “...Жинст багийн ...тэргүүлэгчид... шүүхийн 22 дугаар шийдвэр, ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны... мэдэгдлийн дагуу 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хуралдаж иргэдийн Нийтийн Хурлыг 2015 оны 01 дүгээр сарын 15-нд хуралдуулахаар товлон... хуралдаж, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн ...шүүх уг ажиллагааг нягтлан үзээгүй, ...Улиастай сумын 6 дугаар баг нь 2010 онд тамгаа шинэчлэн сольсон байдаг бөгөөд тухайн үедээ Жинст багийн иргэдийн Нийтийн Хуралд 4 тоот тамгыг хүлээлгэн өгсөн бөгөөд одоо хүртэл тэр тамгаа ашиглаж ирсэн ...Богдын гол багийн иргэдийн Нийтийн Хуралд 1 тоот тамга очсон байсныг солих гэсэн боловч... дарга хийж байсан Ж.Ю нь тамгаа өгөлгүй 5 жилийн хугацаанд зугтаж явсан учир тамгаа солих боломж байгаагүй... багийн иргэдийн Нийтийн Хуралтай холбоотой бүх бичиг баримтан дээр 4 тоот тамга байнга дарагдаж ирсэн... шүүх тамга хэрхэн солигдсон талаар гэрчийн мэдүүлэг аваагүй, ач холбогдол өгөөгүй...” гэх давж заалдах гомдлыг гаргажээ.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ”, 32 дугаар зүйлийн 32.1-д “хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 32.2-т “захиргааны хэргийн шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг байгууллага, албан тушаалтан, хүнээс гаргаж өгөхийг шаардах эрхтэй бөгөөд холбогдох этгээд шаардлагыг биелүүлэх үүрэгтэй”, 32.3-д “хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй”, 32.5-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хуурамч, хуульд заасан арга хэрэгслээр олж аваагүй нотлох баримт гаргахыг хориглоно”, 32.6-д “Захиргааны хэргийн шүүх хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах бөгөөд уг баримтыг шаардан гаргуулж болохгүй” гэж нотлох баримт цуглуулах журмыг, 34.1-д “шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 34.3-д “шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж нотлох баримтыг үнэлэх зарчмыг, 106 дугаар зүйлийн 106.2-т “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж шүүхийн шийдвэрт тавигдах шаардлагыг тус тус зааж хуульчилжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн “Жинст багийн 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаар О.Л томилогдсон” гэж тайлбарласныг, түүний гаргаж өгсөн тус хуралдааны тогтоол, тэмдэглэлүүдийг, мөн багийн иргэдийн Нийтийн Хурлын 2015 оны 01 дүгээр тогтоолд зурагдсан түүний гарын үсгийг, Улиастай сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурал гэх бичиглэл бүхий тамгыг тус тус “үнэн зөв хуульд нийцсэн баримт гэж үзэж үнэлэх боломжгүй” гэж үзэж үгүйсгэсэн нь үндэслэлтэй эсэх, нэхэмжлэгчийн “...Жинст багийн Хурлын Тэргүүлэгчид шүүхийн 22 дугаар шийдвэрийг биелүүлж 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хуралдаж иргэдийн Нийтийн Хурлыг 2015 оны 01 дүгээр сарын 15-нд хуралдуулахаар товлон хуралдаж, шүүхийн шийдвэр биелэгдсэн, Жинст багт 4 тоот тамга хүлээлгэн өгсөн, хурлын бүх бичиг баримт 4 гэсэн тамга дарагдаж ирсэн...” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхэд давж заалдах шатны шүүх эцэслэн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжгүй байна.

Тодруулбал, анхан шатны шүүх нэхэмжлэгч О.Л-ыг Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаар томилогдон ажиллаж байсан эсэх, хурлын тогтоол шийдвэрүүд дээрх тамга тухайн Хурлын тамга мөн эсэхийг эргэлзээгүйгээр шалгаж тогтоогоогүй атлаа тус багийн 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаантай холбогдуулан нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримтуудыг, мөн тус хурлын баримтууд дээрх тамганы дардсыг “нэхэмжлэгч хариуцагчийн оршин суугаа хаягтай адил байгаа эсэхтэй холбон дүгнэж “үнэн зөв хуульд нийцсэн баримт биш” гэж үзсэн, ийнхүү дүгнэхдээ шалтгаан үндэслэлийг зааж тайлбарлаагүй буюу нэхэмжлэгчийн тайлбар нотлох баримтуудыг няцааж буй үндэслэлтэй холбоотой үйл баримтыг тодруулан шалгаж, холбогдох баримтыг хэрэгт бүрдүүлж, түүнд үндэслэн хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь буруу байна.

Өөрөөр хэлбэл, шүүх шийдвэр гаргахад үндэслэл болгосон баримтуудыг “хөдөлбөргүй үнэн зөв баримт” гэж үзэх болсон үндэслэл нь тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэсэн нь хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, үнэлэх журам зарчимд нийцээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд  үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

Хэрэв шүүх нэхэмжлэгчийн өөрийн тайлбарын үндэслэл болгож гаргасан баримтуудыг хуульд заасан арга хэрэгслээр олж аваагүй, үнэн зөв биш баримт  гэж үзэж буй тохиолдолд тухайн баримтыг гаргахыг хязгаарлах буюу хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах боломжтой байснаас гадна “нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлэх”, “урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч баримт байж болохгүй” гэж хуулиар тогтоосон нотлох баримтыг үнэлэх зарчмын хүрээнд хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтыг бүрэн гүйцэд цуглуулсны эцэст хэрэгт цугларсан баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлж дүгнэн, маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг мөрдөх үүрэгтэй.

Гэтэл шүүх нэхэмжлэгч талын гаргасан нотлох баримтуудыг үнэн зөв, хуульд нийцсэн баримт биш гэж үзэхдээ тийнхүү дүгнэх болсон шалтгаан үндэслэлийг нотлох баримтуудыг хэрэгт цуглуулаагүй, энэ талаар тодруулж шалгаагүй буюу шүүхийн дүгнэлтийн үндэслэл болох баримт нотолгоо хэрэгт авагдаагүй байх тул давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэр, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын аль нь үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага тус бүрийн үндэслэлийг бүрэн гүйцэд тодруулаагүйгээс гадна “...багийн иргэдийн Нийтийн Хурлын даргын албан тушаалд хамаарах 2017 оны 01 дүгээр сарын 01-нээс хойш шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацааны урамшууллыг нөхөн гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан “...Жинст багийн Хурлын даргын албан тушаалыг хуулийн дагуу эрхлээгүй, албан тушаалын бүрэн эрхийг хэрэгжүүлээгүй ...тогтоогдож байх тул түүнд хуульд заасан урамшууллыг олгох үндэсгүй тул энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй...” гэх дүгнэлтийг хийж нэхэмжлэлийн тус шаардлагыг ч мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Шүүх нэхэмжлэгч О.Л-ыг “Жинст багийн Хурлын даргын албан тушаалыг хуулийн дагуу эрхлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй болох нь тогтоогдсон” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, тодорхой бус байхаас гадна дээрх нэхэмжлэлийн тус шаардлагыг хүлээн авах боломжгүй гэж дүгнэсэн атлаа Тогтоох хэсэгт нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэн дүгнэлт, шийдвэр зөрүүтэй байгаа нь ойлгомжгүй байна.

Нэхэмжлэгч Улиастай сумын Жинст багийн иргэдийн Нийтийн хурлын 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаан тус хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг эс зөвшөөрч маргасан байх бөгөөд хавтаст хэрэгт “О овогтой Л-ыг 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн багийн иргэдийн Нийтийн Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлж” шийдвэрлэсэн Улиастай сумын Жинст багийн иргэдийн Нийтийн хурлын 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаар тогтоол авагджээ.

Анхан шатны шүүх “...2017 онд Жинст багийн хурлын даргын албан тушаалын талаар бус харин багийн Засаг даргын албан тушаалд томилуулахаар маргаж байсан байх ба тухайн үед Хурлын даргын албан тушаалд анх 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор томилогдоод Улиастай сумын Хурлын даргын холбогдох захирамжаар уг албан тушаалаас чөлөөлөгдсөн гэж тайлбарлаж байсан төдийгүй 2013 оны 01 дүгээр тогтоолыг шүүхээс хүчингүй болгосон талаар, мөн 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Жинст багийн Хурал хуралдаж 01 дүгээр тогтоолоор багийн Хурлын даргаар томилогдсон талаар мэдэгдэж байгаагүй, энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгч байгаагүй нь ...шүүхийн 2017 оны ...38 дугаар шийдвэр, ...хавтаст хэргээс харагдаж байна...” гэж дүгнэж, маргаан бүхий хурал, уг хурлаас гарсан шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж үзэж хэргийг шийдвэрлэжээ.

Шүүхийн дээрх дүгнэлтэд дурдагдсан Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 38 дугаар шийдвэрийн Үндэслэх хэсэгт “... баримтуудаар О.Л-т цалин олгогдсон, тэрээр Жинст багийн Хурлын даргын ажлыг албан ёсоор хүлээлгэж өгөөгүй, тамга тэмдгийг хадгалан хэрэглэж байгаа нь түүнийг дээрх албан тушаалын бүрэн эрхийг хэрэгжүүлж байсан гэж үзэхээр байна...” гэж дүгнэгдсэн байх боловч уг 2017 оны 38 дугаар шийдвэртэй захиргааны хэрэг хавтаст хэрэгт хавсаргагдаж ирээгүй тул давж заалдах шатны шүүх тухайн хэрэгт ямар баримт авагдсаныг таамаглах боломжгүйгээс гадна Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаар 2015 онд нэхэмжлэгч О.Л томилогдон ажиллаж байсан эсэхийг буюу түүний тайлбарын үндэслэл болгож гаргасан тус хурлын 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаантай холбоотой баримтууд үнэн зөв эсэхийг тухайн орон нутагт шүүн таслах үйл ажиллагааг хэрэгжүүлж буй анхан шатны шүүх тодруулах, тогтоох боломжгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулж, хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлтэй холбогдуулан хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн гүйцэд бүрдүүлж, маргааны үйл баримтад тал бүрээс нь хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх шаардлагатай байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр хэрэгт авагдсан баримтын хүрээнд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 17 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.Л давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                               ШҮҮГЧ                                                                 Б.ТУНГАЛАГСАЙХАН

                               ШҮҮГЧ                                                                 Д.БААТАРХҮҮ

                               ШҮҮГЧ                                                                 Н.ХОНИНХҮҮ