Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2017/00466

 

 

Ч.Цэдэн-Иш нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/06722 дугаар шийдвэр,           

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 419 дүгээр магадлалтай,

Ч.Цэдэн-Иш, Ц.Ариунбаяр нарын нэхэмжлэлтэй,

“Алтай таван богд хайрхан” ХХК, “Жинчин групп” ХХК, Г.Батчулуун нарт холбогдох,

Гэм хорын хохирол 243.869.800 төгрөг гаргуулах тухай үндсэн, 2011 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн “Бараа материал нийлүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай “Жинчин групп” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ц.Жавхлантөгсийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч түүний өмгөөлөгч Ч.Цэдэн-Иш, Ц.Жавхлантөгс, Б.Диваачамба, З.Сүхбаатар, хариуцагч түүний өмгөөлөгч Ц.Алимаа, Г.Батчулуун, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Ч.Цэдэн-Иш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2011 оны 7 дугаар сард Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг Шар хоолойн их амны задгайд 2 давхар дүнзэн байшин барьж дуусгаад халаалтын асуудлаа шийдэхээр үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байсан газарт очиход “Алтай таван богд хайрхан” ХХК-ийн ажилтан 140 м.кв талбайд цахилгааны төлбөр 200.000 төгрөгөөс хэтрэхгүй гэсэн хүчин чадлын үзүүлэлтийн тооцоо гаргаж, танайд Вин-10 зуух таарна гэсний дагуу захиалга өгсөн. Г.Батчулуун захиралтай уулзаж, 2011 оны 5 дугаар сарын 20-ны үеэр 3.000.000 төгрөг өгч, зуухыг наадмын өмнө нийлүүлэх болсон. 10 сард нь н.Даваасүрэн гэж хүн ирээд акт баримт үйлдэлгүй, зуух тавьж өгсөн. Уг зуухны цахилгаан хэмнэлт бага гэсэн боловч төлбөр 500.000–600.000 төгрөг гараад байхаар нь хэлэхэд багасгах байлгүй дээ гэсэн.

Суурилуулсан зуух сайн халахгүй, цахилгаан хуваарилах самбар дуугараад байхаар нь дуудлага өгөхөд самбар дотроо шатсан байна гээд шинийг хийсэн. Тэр нь мөн дугараад утас орсон хэсэгтээ оч хаяад байна гэхэд ирж үзээд ямар ч арга хэмжээ авалгүй зөвхөн утасны боолтуудыг чангалах төдий болоод явсан. 2011 оны 1 дүгээр сарын 30-ны орой 17 цагийн үед 2 давхарт байж байтал гэнэт гэрэл тасраад утаа үнэртээд байх шиг болохоор нь узелийн өрөөнд ортол зуухны хянах самбараас гал дүрэлзээд арын модон хана шатсан. Би юмаар дарж унтраах гэсэн боловч хүчтэй шатаж, эхнэр бид хоёр зугтаж гарсан. Байшин, машин бүгд шатсан.

Цагдаагийн хэлтсээс гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэвч шалгалтын явцад Г.Батчулуун гэрээгээр тохирсон Вин-10 биш Вин-7 зуухыг суурилуулсан нь тогтоогдсон. Ингээд “Honda HRY” загварын автомашин 12.000.000 төгрөг, хөдлөх хөрөнгө буюу эд хогшил 101.619.800 төгрөг, эхнэр бид хоёрын биед учирсан хохирол 80.000.000 төгрөг, нийт 243.869.800 төгрөгийн хохирол учирсан нь үнэлгээний компанийн үнэлгээгээр тогтоогдсон. Үзэсгэлэн худалдааг “Алтай таван богд хайрхан” ХХК зохион байгуулсан, “Жинчин групп” ХХК-тай гэрээ байгуул гэж Г.Батчулуун хэлсэн. Халаалтын зуух нийлүүлэх тохиролцоо Г.Батчулуун, Ч.Цэдэн-Иш нарын хооронд үүссэн, зуухны төлбөр 3.000.000 төгрөг Г.Батчулуун хүлээн авсан бөгөөд зуух худалдсан талаар маргаагүй. Г.Батчулуун гэрээгээр тохирсон халаалтын зуух нийлүүлээгүй Вин-7 зуухыг суурилуулж 190 м.кв талбайтай байрыг халаахад хүчин чадал нь хүрэхгүй, тасралтгүй ажилласнаас гал гарсан. Төхөөрөмж нь тодорхой хугацаанд унтарч асч байх атал тасралтгүй ажиллаж хохирол учирсан шалтгаант холбоотой.

Иймд Г.Батчулуунтай худалдах, худалдан авах гэрээ хийсэн тул хохирлыг гаргуулна гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Ариунбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2012 оны 1 дүгээр сарын 30-нд байшинд гал гарахад гарааж дотор миний эзэмшлийн “Honda HRY” загварын автомашин хамт шатсан, уг машиныг 12.000.000 төгрөгөөр үнэлсэн тул хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Алтай таван богд хайрхан” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Халаагуурыг “Жинчин групп” ХХК-тай гэрээ хийж авсан учраас манай компанид хамааралгүй. Вин-7, Вин-10 цахилгаан халаагуур ачаалал ихэдсэн үед өөрөө унтарч байх ёстой. Ч.Цэдэн-Иш халаагуурын ажиллах зарчмыг зөрчиж, цахилгааны хэт ачаалал үүсгэсэн гэж үзэж байна. Цахилгаан халаагуур суурилуулсан айл болгон галын аюулгүйн хайрцагтай байх ёстой байтал уг хайрцаг байгаагүйн улмаас гал гарах үндэс болсон гэж үзнэ. Уг халаагуурыг холбож өгсөн гэх гэрч Даваасүрэнг манай компани явуулаагүй. Халаагуурын соронзон автомат нь халуунаа өөрөө мэдэрч унтардаг. Нэхэмжлэгч Вин-10 халаагууртай өөр цахилгаан хэрэгсэл залгасан учраас ачааллаа дийлэхгүй гал гарах нөхцөл бүрдсэн.

Хэрэглэгчийн буруутай үйл ажиллагаанаас болсон байна. Иймд хохирлыг манайх хариуцахгүй гэжээ.

Хариуцагч “Жинчин групп” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компанийг хариуцагчаар татсан байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн галын шинжээчийн дүгнэлтэд гал түймрийн голомт нь Ч.Цэдэн-Ишийн эзэмшлийн 8х10 м.кв хэмжээтэй монсардтай 1 давхар байшингийн үүдний өрөөтэй зэрэгцэн байрлах өрөөний дотор цахилгааны хуваарилах самбарын хэсэг болно, 6-д цахилгаан хуваарилах самбарын хэсэгт цахилгааны утсанд богино холболт үүссэний улмаас оч хаяж гал түймэр гарсан байна” гэсэн. Мөн 2012 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр шинжээчийг байцаасан тэмдэглэлд “хэрэглэгч нь холбогдсон хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлага гарсан тухай бүрт техникийн нөхцөл олгосон газар /УБЦТС ХК/-д хандаж, тодруулга авах, шинээр техникийн нөхцөл авах ёстой. Тухайн айлд тавигдсан цахилгаан тоног төхөөрөмжүүдийн нийлбэр хүчин чадал хэтэрснээс халалт үүсч гал гарсан байна. Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийн 5.11-д иргэн өөрийн орон сууц, гарааж, хашаа, туслах аж ахуйн болон зуслангийн байрны цахилгаан шугам, дотоод холболт, цахилгаан хэрэгслийн ашиглалт, аюулгүй ажиллагаа, галын аюулаас урьдчилан сэргийлэх шаардлагыг бүрэн хариуцахаар заасан. Халаагуурыг суурилуулахад зөвшөөрөл авахгүй, хэрэглэгч өөрөө зураг төслийн байгууллагад хандан зураг төсөл хийлгэж, техникийн шийдэл гаргуулах ёстой. Техникийн шийдэл гэдэг нь тухайн шинээр нэмж тавьж буй төхөөрөмжийг хаанаас холбох, бусад хэрэглээг хаанаас холбохыг хэлж зааж өгөх ёстой. Хэрэглэгчийн буруугаас болж гарсан галын хохирлыг бусад этгээд хариуцах боломжгүй. Бараа материал нийлүүлэх гэрээний 3.1-д захиалагч нь гэрээний нийт төлбөрийн 100 хувь болох 3.000.000 төгрөгийг барааны нийлүүлэгчид гэрээнд гарын үсэг зурсан өдөр төлнө гэж заасан. Захиалагч Ч.Цэдэн-Иш, “Жинчин групп” ХХК-д төлбөр төлөөгүй, бараа нийлүүлэх гэрээний харилцаа үүсээгүй, зуухны үнэ 3.000.000 төгрөгийг Г.Батчулуунд хүлээлгэн өгсөн байхад манай компанид холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

Хариуцагч Г.Батчулуун шүүхэд гаргасан тайлбартаа: Гал түймэр гадны санаатай үйлдлээс болж гараагүй, хуваарилах самбарын хэсэгт, цахилгааны утсанд богино холболт үүссэний улмаас оч хаяж гал түймэр гарах шалтгаан болсон гэж шинжээчид дүгнэлт гаргасан. Зарим шинжээчид гал гарсан бодит нөхцөл байдалд дүгнэлт хийхгүй, өөрсдийн таамаг бодолдоо хөтлөгдөн, бодит үндэслэлтэй дүгнэлт гаргахгүй, өмнөх дүгнэлтийг хуулбарласан. Шинжээч нарын дүгнэлтээр “Вин-10 зуух тохирох үндэслэлтэй байна...” шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэснээс өөр тодорхой дүгнэлтийг гаргаагүй. Ч.Цэдэн-Иш 2011 оны 10 дугаар сарын 08-ны өдөр техникийн үзүүлэлтийг сүүлд нөхөж авсан. Хэрэглэгч нь холбогдсон цахилгаан нэмэгдүүлэх шаардлага гарсан тухай бүр техникийн нөхцөл олгодог газраас тодруулга авах, шинээр дахин техникийн нөхцөл авах ёстой. Тухайн хэрэглэгчийн гэрт тавигдсан цахилгаан тоног төхөөрөмжийн нийлбэр хүчин чадал хэтэрснээс халалт үүсч гал гарсан. Вин-7, Вин-10 суурилуулахад өөрчлөлт орохгүй, 7 квт, 10 квт аль нь ч тухайн айлын хуваарилах самбарт хийгдсэн утас автоматууд шаардлага, норм, дүрэм хангаагүйгээс гал гарах үндэс болсон. Тухайлбал утас холбогдох, халалт өгөх байдал нь гал гарах үндэс болсон. Холболт хийсэн нь зөв байна гэж дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй. Нэхэмжлэгчид Вин-7 биш Вин-10 гэсэн зуухыг өгсөн, иргэн Б.Өлзийсайхан Орос улсаас Вин-7, Вин-10 гэсэн зуухаас нэг, нэг ширхэгийг авчирсан талаар баримт байгаа. Цахилгаан халаагуур олноор оруулж ирээгүй гэдэг нь Гаалийн Ерөнхий газрын 2012 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн албан бичгээр тогтоогдоно. Гал түймрийн улмаас эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 243.869.800 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэжээ.

Хариуцагч “Жинчин групп” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2011 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Бараа, материал нийлүүлэх гэрээ байгуулсныг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү. Энэхүү гэрээ анхнаасаа биелэгдэх боломжгүй гэрээ хийгдсэн. Вин-3, Вин-40, Вин-45 загварын халаалтын зуух туршихаар гэрээ хийсэн боловч Монгол Улсын хилээр орж ирээгүй. Дүр үзүүлж хийсэн хэлцэл, энэ хэлцэл үр дагавар үүсэх үндэслэлгүй тул хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: 2011 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Бараа, материал нийлүүлэх гэрээ байгуулсныг хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэслэлгүй. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь нэгэн адил хариуцлага хүлээнэ гэж заасан.

Иймд сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/06722 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч “Алтай таван богд хайрхан” ХХК болон Г.Батчулуун нараас 176.868.800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Цэдэн-Ишид 164.868.800 төгрөг, нэхэмжлэгч Ц.Ариунбаярт 12.000.000 төгрөгийг тус тус олгож, 67.001.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар Ч.Цэдэн-Ишид холбогдох 2011 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн “Бараа материал нийлүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай “Жинчин групп” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.535.270 төгрөг, сөрөг нэхэмжлэлд төлсөн 62.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Алтай таван богд хайрхан” ХХК, Г.Батчулуун нараас 1.042.294 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Цэдэн-Иш, Ц.Ариунбаяр нарт олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 419 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/06722 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Г.Батчулууны давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.042.294 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ц.Жавхлантөгс хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрсөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасныг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байна.

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан эрх хангаагүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т заасны дагуу хариупагч Г.Батчулуун нь шүүх хуралдааны товыг мэдсэн бөгөөд тус хуралдаанд биечлэн оролцож шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг хэлэлцэхээр завсарлах хооронд алга болсон.

Нэхэмжлэгч 2012 оны 12 сарын 11-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан 2012 оны 77 дугаартай захирамжаар “Алтай таван богд хайрхан” ХХК, “Жинчин групп” ХХК нарт холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн. Үүнээс хойш 4 жил 2 сарын хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байж шийдэгдсэн.

Тус хэргийн хариуцагч “Алтай таван богд хайрхан” ХХК болон Г.Батчулуун нарын зүгээс хэрэг хянан шийдвэрлэх хугацааг удаашруулах, саад болох, шийдвэрлүүлэхгүй байх зорилготой хууль бус үйлдлүүдийг хийж байгаатай холбоотойгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ийнхүү удааширсан нь хэрэгт авагдсан баримтаас харагдаж байна.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасан журмын дагуу мэдэгдсэн гэж үзэхгүй” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Учир нь 2016 оны 10 сарын 11-ны өдөр товлогдсон хурал 2016 оны 11 сарын 22-ны 09.00 цагт товлогдож хойшилогдсоныг тус өдөр хурлын тов дээр бүх хэргийн оролцогч нар гарын үсэг зурсан байдаг. Мон 2016 оны 11 сарын 16-ны өдөр шүүгчийн туслах хариуцагч Г.Батчулуун, Б.Эрхэс-Од нарын 80109191 утсаар залгаж шүүх хуралдааны тов мэдэгдсэн байдаг. Тиймээс шүүх иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-т заасан үүргээ биелүүлсэн.

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн заалтыг зөрчсөн. Мөн шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулийг буруу хэрэглэсэн тул Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 419 дугаар магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3-т заасан зохицуулалттай нийцжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийн оролцогч нь хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох эрхтэй.

Шүүх, 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, шүүх хуралдааныг 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хийхээр товлосон бөгөөд “Алтай таван богд хайрхан” ХХК, Г.Батчулуун нарын өмгөөлөгч Ц.Алимаад хэргийн материал танилцуулаагүй байна.

Иймд  хариуцагч хэрэгт авагдсан баримтуудыг няцаах, шинээр баримт гаргах, цуглуулах, нотлох баримтыг шүүхээр бүрдүүлүүлэх хүсэлт гаргах, улмаар шүүхэд мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ.

Түүнчлэн  2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр болох шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримт засвартай, хариуцагчид хэдийд хэрхэн мэдэгдсэн нь тодорхойгүй тул шүүх хуралдааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасан журмын дагуу мэдэгдсэн гэж үзэхгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

Дээрх байдлаар анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тул шийдвэр Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 419 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгсийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 2 дугаар сарын 22-ний өдөр төлсөн 1.042.294 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ