Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2018/01076

 

Ч.Ц, Ц.А, Л.П нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2018/00608 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч:  Ч.Ц, Ц.А, Л.П нарын нэхэмжлэлтэй

            Хариуцагч: А ХХК, Ж ХХК, Г.Б нарт холбогдох

 

Гэм хор хохиролд 246 869 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 2011 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн бараа материал нийлүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Г.Бы давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ц.Ж, хариуцагч Ж ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагч Г.Б, хариуцагч Г.Бы өмгөөлөгч Б.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ч.Ц, Ц.А, Л.П, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2011 оны 07 дугаар сард Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг Шар хоолойн их амны задгайд 2 давхар дүнзэн байшин барьж дуусгаад халаалтын асуудлаа шийдэхээр А ХХК-ийн зохион байгуулсан үзэсгэлэн худалдаанд очиж үзсэн. Тэдний ажилтан 140 м.кв талбайд цахилгааны төлбөр 200.000 төгрөгөөс хэтрэхгүй гэсэн хүчин чадлын тооцоо гаргаж, танайд хамгийн багаар Вин-10 зуух таарна гэсэн хүснэгт үзүүлсэн. Вин-10 зуухыг худалдан авахаар тохирч халаалтын зуухын захиалга өгсөн. Г.Бтай уулзаад Вин-10 гэдэг зуухыг худалдан авахаар болж гэрээ байгуулах болоход Ж ХХК-тай гэрээ байгуулсан. Г.Б нь гэрээ байгуулсны маргааш нь Ч.Цтэй уулзаж зуухны үнэ 3 000 000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан. Мөн Г.Б нь Вин-10 зуухыг 45 хоногийн дотор хүлээлгэн өгөх  байсан боловч хугацаандаа зуухаа  өгөөгүй, олон удаа хүсэлт, шаардлага гаргасан боловч үр дүнд хүрээгүй тул 2011 оны 10 дугаар сарын дундуур өөрөө очиж Г.Бтай уулзаж зуухаа хүлээн авсан. Г.Бтай утсаар холбогдож энэ зуухаа суурилуулж өгөөч гэж олон удаа шаардсаны эцэст Д гэдэг хүн ирж холболтыг хийж өгсөн. 2012 оны 01 дүгээр сарын 30-ны орой гэртээ 2 давхартаа эхнэрийн хамт байж байтал 17 цаг 30 минутын үед гэнэт гэрэл тасраад утаа үнэртээд байх шиг болохоор нь доош буугаад узелийн өрөөнд ортол хянах самбараас гал дүрэлзээд арын модон хана шатаж эхэлсэн. Битүү дарж үзсэн ч нэмэргүй хүчтэй шатаж эхэлсэн тул өмсч байсан хувцастайгаа зугтааж гарсан. Байшин, машин бүгд шатсан, хүүхдүүддээ байшингаа үлдээж, Гачууртад бүх эд зүйлээ авч очсон байсан. Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон боловч хэргийг шалгах явцад Г.Б гэрээгээр тохирсон Вин-10 халаалтын зуух биш Вин-7 зуухыг суурилуулсан болох нь тогтоогдсон. Г.Б нь тухайн үед зуухыг хүлээлгэж өгөхдөө Вин-10 маркийн зуух биш Вин-7 маркийн зуух өгч байгаа гэж огт хэлээгүй, Вин-7 маркийн зуухны хүчин чадал нь хүрээгүйгээс гал гарсан. Энэ гал түймрээс болж гэмтлийн түлэнхийн төв эмнэлэгт 45 хоног хэвтэж түлэгдсэн гарын ар талдаа гуяныхаа арьснаас авч нөхүүлсэн боловч одоо ч гараа гүйцэт атгаж чадахгүй шархирч хорсч өвдөнө, алга бүрэн тэнийхгүй зовиур шаналалтай байдаг. Гал түймрийн улмаас Ч.Цийн айл болж 50 жил амьдарсан гэр орон, эд хөрөнгө, бичиг баримт бүхэлдээ юу ч үлдэлгүй шатсан, мөн байшингийн гадаа байсан суудлын автомашин бүрэн шатсан. Хохирлыг үнэлгээний компаниар үнэлүүлсэн ба эд хөрөнгийн хохирол 176 458 000 төгрөг, байшин 90.250.000 төгрөг, Honda HR-Vмаркийн автомашин 12 000 000 төгрөг, хөдлөх хөрөнгө буюу тавилга эд хогшил 101 619 800 төгрөг, Ч.Ц болон эхнэр Л.Пгийн биед учирсан хохирол 80 000 000 төгрөг, нийт 243 869 800 төгрөгөөр тогтоосон. Нэхэмжлэлийг дараах байдлаар гаргаж байна. Хариуцагч нараас нэхэмжлэгч Ч.Цид хувийн сууц 90 250 000 төгрөг, эд хогшил 52 238 800 төгрөг, алт мөнгөн гоёлын зүйл 7 995 000 төгрөг, хувцас 14 385 000 төгрөг, эмчилгээний зардал 23 920 000 төгрөг, халаагуурын үнэ 3 000 000 төгрөг, нийт 191 788 800 төгрөг, нэхэмжлэгч Л.Пд алт мөнгөн гоёлын зүйл 10 695 000 төгрөг, хувцас 16 306 000 төгрөг, эмчилгээний зардал 16 080 000 төгрөг, нийт 43 081 000 төгрөг, нэхэмжлэгч Ц.Ат автомашины үнэ 12 000 000 төгрөг тус тус гаргуулж өгнө үү. Үзэсгэлэн яармаг худалдааг А ХХК зохион байгуулсан, халаалтын зуух нийлүүлэх тохиролцоо Г.Б, Ч.Ц нарын хооронд үүссэн, цахилгаан зуухны төлбөр 3 000 000 төгрөгийг Г.Б авсан гэдгээ хэлсэн, халаалтын зуух худалдсан гэдэгт маргаагүй. Г.Б гэрээгээр тохирсон хаалтын зуух нийлүүлээгүй Вин-7 зуухыг суурилуулснаас 190 м.кв талбайтай байрыг халаахад хүчин чадал нь хүрэхгүй тасралтгүй ажилласнаас гал гарсан. Халаалтын төхөөрөмж тодорхой хугацаанд унтарч асч байх ёстой байтал тасралтгүй ажилласнаас хохирол учирсан шалтгаант холбоотой. Иймд халаалтын зуухыг Г.Бтай худалдах, худалдан авах гэрээ хийсэн гэж үзэж хохирлыг гаргуулна. Мөн үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан А ХХК, халаалтын зуухыг импортолсон Ж ХХК-ийг хамтран хариуцагчаар татсан. Хариуцагч Г.Б-аас зуухны үнэд төлсөн 3 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч А ХХК шүүхэд гаргасан тайлбартаа:  Ч.Ц нь Ж ХХК-тай гэрээ хийж Вин-10 маркийн цахилгаан халаалтын зуух худалдан авсан бөгөөд халаалтын зуухыг зохих журмаар нь суурилуулан өгсөн байдаг. Гал гарсан шалтгаан цахилгааны хуваарилах самбараас үүдэлтэй байсан талаар гал түймрийн талаар дүгнэлт гаргасан 218/367 тоот актаар тогтоожээ. Тиймээс Вин-10 маркийн цахилгаан халаалтын зуухнаас шалтгаалж гал гарсан гэдэг нь үндэслэлгүй. Учир нь цахилгаан халаалтын зуух нь өөрөө хяналтын самбартай байдаг. Энэхүү хяналтын самбар нь цахилгааны зохицуулалтыг хянадаг бөгөөд аливаа эрсдэл гарахад өөрөө унтарч цахилгааныг салгадаг, цахилгаан халаалтын ажиллагааг зогсоодог автомат хэрэгсэл юм. Галын байцаагчийн дүгнэлтээр ч мөн цахилгаан зуух болон хяналтын самбараас шалтгаалж гал гарах нөхцөл бүрдсэн, гал гарсан гэж дүгнээгүй тул Ж ХХК-ийн суурилуулсан Вин-10 маркийн халаалтын системээс болоогүйг тодорхойлж байна. Цахилгааны хуваарилах самбар нь хянах самбараас тусдаа байдаг, гаднаас ирж байгаа цахилгааныг хуваарилдаг эх үүсвэр болж байгаа тохируулагч хэрэгсэл хуваарилах самбарт гал гарсан нь түүнээс дотор талд байгаа хянах самбар халаалтын системээс болсон гэж үзэх үндэсгүй бөгөөд галын шалтгаан халаалтын зуухнаас эх үүсвэртэй гэж үзвэл хяналтын самбар өөрийн тохируулгаар ажилласан байх болон хянах самбарт эхэлж ачаалал үүсэх болон нэг гэмтэл бий болох учиртай. Байшинд гарсан гал түймрийн шалтгаан цахилгааны хуваарилах самбарын хэсгээс бий болсон гэсэн ОБЕГ-ын шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байгаа тул Ж ХХК-ийн суурилуулсан Вин-10 маркийн халаалтын системийн улмаас гал гарсан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ж ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Тус компанид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Ж ХХК болон нэхэмжлэгч нарын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй, нэхэмжлэгчид бүтээгдэхүүн нийлүүлээгүй.  Энэ талаар ч өөрөө хэлдэг. Халаагуурын үнэ 3 000 000 төгрөгийг Ж ХХК-д биш Г.Бд өгсөн гэдэг. Энэ байдлаас харахад Ж ХХК нэхэмжлэгч нарын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй. Ж ХХК нь ямар нэгэн үүрэг хүлээх хууль зүйн үндэслэл байхгүй учраас  хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Гал түймэр ямар нэгэн гадны хүний санаатай үйлдлээс болж гараагүй. Хуваарилах самбарын хэсэгт, цахилгааны утсанд богино холболт үүссэний улмаас оч хаяж гал түймэр гарах шалтгаан болжээ гэж шинжээчид дүгнэлт гаргажээ. Зарим нэг шинжээч гал гарсан бодит нөхцөл байдалд дүгнэлт хийхгүй, өөрсдийн таамаг бодолдоо хөтлөгдөн бодит үндэслэлтэй дүгнэлт гаргахгүй бие биенийгээ хуулбарлан гаргасан байна. Жишээ нь: ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн шинжээч Өлзийцэцэг, Гамшиг судлалын хүрээлэн нэгдсэн лоборатори Д.Б, С.Б, С.Х, Онцгой байдлын Ерөнхий газар А.А, Б.Б, Ж.Ж, Г.Э, Г.Га нарын шинжээчийн дүгнэлтээр Вин-10 зуух тохирох үзүүлэлттэй байна шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэснээс өөр тодорхой дүгнэлт гаргаагүй байна. Ч.Ц 2011 оны 10 дугаар сарын 18-ны өдөр техникийн нөхцлийг сүүлд нөхөж авсан. Харин ЭМХГ-ын улсын ахлах байцаагч Г.Ц дүгнэлт, түүнийг асууж байцаасан тэмдэглэл, УБЦТС ХК-ийн шинжээч П.А-ны дүгнэлтээс үзэхэд тэд бодит дүгнэлт өгч, хэрэглэгч буюу захиалагчийн буруутай ажиллагаанаас болж гал түймэр гарсан байна гэж дүгнэсэн. Ч.Цид Вин-7 биш, Вин-10 гэсэн цахилгаан халаагуур өгсөн, иргэн Б.Өлзийсайхан Орос улсаас Вин-7, Вин-10-ыг нэг, нэг ширхэгийг авчирсан баримт бий /1-х.х.85-87, 93-101/. Хавтаст хэргийн 76 дугаар хуудсанд шатсан Вин-7 гэж зургаар харуулсан байна. Энэ Вин-7-ын зураг биш, Вин-10-ын зураг. Зургаас Вин-10 гэдэг нь харагдаж байна. Вин-7 зарагдаагүй манай складанд байна. Тус цахилгаан халаагуурыг олноор оруулж ирээгүй гэдгийг Гаалийн ерөнхий газрын 2012 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 031/22006 тоот албан бичгээс харагдана. А ХХК, иргэн Г.Бы хувьд иргэн Ч.Ц-тэй цахилгаан халаагуурын гэрээг албан ёсоор хийгээгүй Ж ХХК-ийн захирал Э.Я-тай гэрээ хийсэн. Г.Б-ы хувьд цахилгаан халаагуурыг худалдсан 3 000 000 төгрөгийг аваад Б.Өлзийсайханд өгсөн. А ХХК-ийн захирал Б.Э цахилгаан халаагуурыг ажилтан А.Дтэй очиж суурилуулж өгсөн. Би хамт цуг явж байсан. Тухайн айлаас утас авч суурилуулж өгсөн. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Ж ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... 2011 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр А ХХК-ийн захирал Г.Бтай хамтран ажиллах гэрээ байгуулж, компани байгуулахаар болсон боловч тэрээр хүү Бы Эыг хувь нийлүүлэгчээр оруулахаар болж, 50х50 хувийн оролцоотойгоор Ж ХХК-ийг байгуулсан. Тухайн үед Г.Б нь тус компанийн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэнэ гэж байсан ч хэлсэндээ хүрээгүй учир компани үйл ажиллагаа явуулаагүй. Харин Э.Я нь Г.Б-ы гарын үсэг зур гэсэн гэрээнүүдэд  үр дагавар нь манай компани дээр үүсэхгүй ч гарын үсэг зурж өгч байсан алдаа болсон гэж боддог. 2011 оны 05 дугаар сарын 18-ны бараа материал нийлүүлэх гэрээний хувьд ч Г.Б гарын үсгээ зур гэхээр нь зурсан. Нэхэмжлэлд дурдсанчлан Э.Яын хувьд Ч.Ц гэдэг хүнтэй уулзаад халаагуурын талаар тохиролцсон зүйл байхгүй. Сүүлд надаас халаалтын зуухаа нэхээд байхаар нь мөнгө өгсөн хүнтэйгээ л ярь гэж хэлсэн. Гэрээний дагуу талуудын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй. Өөрөөр хэлбэл гэрээний 1.1-т заасан гол нөхцөл хэрэгжээгүй буюу зуух нийлүүлээгүй. Иймд Ж ХХК болон Ч.Ц нарын хооронд байгуулагдсан 2011 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн бараа материал нийлүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ч.Ц, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ч.Ц нь тухайн үед А ХХК-ийн зохион байгуулж байсан индукцийн халаалтын зуухны үзэсгэлэн гарч байсан тул очиж зуух үзсэн. Тэр үед борлуулалт хариуцаж байсан ажилтан нь 140 метр квадратын талбайд хамгийн багаар Вин-10 зуух таарна гэж танилцуулсны үндсэн дээр Вин-10 гэдэг зуухыг худалдан авахаар тохиролцож, гэрээ байгуулахаар болсон. А ХХК биш Ж ХХК-ийн захирал Э.Я-тай 2011 оны 05 дугаар сарын 18-ны өдөр бараа материал нийлүүлэх гэрээ байгуулсан. Гэрээний төлбөр 3 000 000 төгрөгийг Г.Б бэлнээр хүлээн авсан. Ж ХХК нь бараа материал нийлүүлэх гэрээгээр нь гэрээ байгуулснаас хойш 45 хоногийн дотор манайд чанарын шаардлага хангасан Вин-10 халаагуурыг түүний бусад холбогдох хэрэгслүүдийн хамт нийлүүлж, суурилуулах ажлыг бүрэн хийж гүйцэтгэх үүрэгтэй байсан. Гэрээний хугацаанд зуухаа нийлүүлээгүй төдийгүй олон удаа хүсэлт, шаардлага гаргасан боловч үр дүнд хүрээгүй тул 2011 оны 10 дугаар сарын дундуур өөрийн машинаар Г.Б-ы гэрээс очиж зуухаа авсан.  Г.Б захирлын өөрийнх нь хүн Д зуухыг суурилуулсан. Бид Ж ХХК-тай байгуулсан гэрээтэй холбогдуулан маргаагүй. Иймд тус гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагагүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 228 дугаар зүйлийн 228.1, 228.4, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Г.Баас 167 868 800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Цид, 27 001 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.П-д, 12 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.А-т тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 40 000 000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Ж ХХК, А ХХК-д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Ч.Ц-д холбогдуулан гаргасан 2011 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн бараа материал нийлүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хариуцагч Ж ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 1 598 270 төгрөг, сөрөг нэхэмжлэлд төлсөн 62 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б-аас 1 192 299 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Ц, Л.П, Ц.А нарт олгож, Хариуцагч Г.Б шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэхажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Г.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуульд нийцүүлэн үндэслэлтэй зөв тодорхойлоогүй. Г.Б нь Ч.Цтэй халаагуур худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй. Ж ХХК нь Оросын холбооны улсаас импортлон оруулж ирсэн халаагуурыг нэхэмжлэгчид худалдсан. Гэтэл шүүх Г.Б Ч.Цтэй халаагуур худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, гэрээний үүргээ зөрчсөний улмаас гал гарсан шалтгаант холбоо тогтоогдож байна гэж дүгнэсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Жын шүүх хуралдаанд биечлэн оролцох, хэргийн материалтай танилцах хүсэлтийг хангаагүй. Шүүх хүсэлтийг хүлээн хангахаас татгалзахдаа хариуцагч “Г.Б нь өмгөөлөгчөө удаа дараа сольсон, хэргийн материалтай танилцах хүсэлтүүдийг урьд өмнө нь олон гаргасан, тэр бүрийг шүүхээс хангаж шийдвэрлэж байсан” гэх боловч миний бие 2011 оноос өнөөдрийг хүртэл хугацаанд өөрийн өмгөөлөгчөөр Монголын хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч н.Алимааг оролцуулж байсан, өөр өмгөөлөгч оролцуулж байгаагүй бөгөөд энэ хугацаанд хэргийн материалтай танилцах хүсэлт гаргаж шүүх хуралдааныг хойшлуулж байгаагүй. Г.Баас 12 000 000 төгрөг гаргуулж Ц.Ат олгохоор шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд Ч.Ц, Ц.А, Л.П нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.   

 

 

 

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон тооцооллын хувьд өөрчлөлт оруулж шийдвэрлэх боломжтой.

 

Нэхэмжлэгч Ч.Ц нь хариуцагч  А ХХК, Ж ХХК, Г.Б нарт холбогдуулан гэм хорын хохиролд сууцны үнэ 90 250 000 төгрөг, гал түймэрт шатсан эд хөрөнгийн үнэ 52 238 800 төгрөг, алт мөнгөн гоёлын зүйлийн үнэ 7 995 000 төгрөг, хувцасны үнэ 14 385 000 төгрөг, эмчилгээний зардалд 23 920 000 төгрөг, халаагуурын үнэ 3 000 000 төгрөг, нийт 191 788 800 төгрөгийг, нэхэмжлэгч Л.П нь алт, мөнгөн гоёлын зүйлийн үнэ 10 695 000 төгрөг, хувцас 16 306 000 төгрөг, эмчилгээний зардалд 16 080 000 төгрөг, нийт 43 081 000 төгрөг, нэхэмжлэгч Ц.А нь автомашины үнэ 12 000 000 төгрөг тус тус гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан.

 

Талууд цахилгаан халаагуурын зуухны үзэсгэлэн худалдааг А ХХК зохион байгуулсан, Ж ХХК-тай нэхэмжлэгч Ч.Ц Вин -10 маркийн зуух худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулсан боловч уг гэрээ хэрэгжээгүй, халаалтын зуух нийлүүлэх тохиролцоо Г.Б, Ч.Ц нарын хооронд үүсэж, нэхэмжлэгч нь цахилгаан зуухны төлбөр 3 000 000 төгрөгийг хариуцагч Г.Бд шилжүүлэх, Вин-7 маркийн зуухыг нэхэмжлэгч Ч.Цд нийлүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Харин Г.Бы нийлүүлсэн зуух Вин-10, Вин-7 маркийн зуухны аль нь болох, гал гарсан шалтгааны талаар талууд маргажээ.

 

Хэргийн баримтаар 2012 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэгч Ч.Цийн байшинд гал түймэр гарсан үйл баримт тогтоогдсон бөгөөд удаа дараагийн шинжээчдийн дүгнэлтээр “ .., тухайн байшингийн эзлэхүүнийг тооцож, халаалтын тоног төхөөрөмжийг зөв сонгон суурилуулаагүйгээс байшинг халаах хүчин чадал хүрэхгүй, халаагуур тасралтгүй ажилласны улмаас хяналтын самбарт хэт ачаалал өгч, халалт үүсэж, цахилгаан утасны тусгаарлах бүрээс хайлж, богино холболт үүссэний улмаас гал гарсан гэж дүгнэжээ. /хх4,109-110/

 

Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжих боловч гэрээгээр тохиролцсон Вин-10 маркийн зуухыг нийлүүлээгүй, нийлүүлсэн Вин-7 маркийн зуухны хүчин чадал хүрэхгүйгээс болж гал түймэр гарсан нөхцөлд зуухыг нийлүүлэгч буюу хариуцагч нь гэм буруугүй гэдгээ нотлох үүрэгтэй юм.

 

Хариуцагч Г.Б нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Вин -7 зуухыг биш, гэрээний зүйл болох Вин-10 зуухыг нийлүүлсэн, худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хэрэглэх журам, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв мэдээллийг худалдан авагч буюу нэхэмжлэгчид бүрэн өгсөн гэдгээ нотолж чадаагүй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн “гал гарч хохирол учирсанд хариуцагч Г.Бы халаагуурын талаарх мэдээллийг бүрэн өгөөгүй байдал, байшингийн эзлэхүүний хэмжээнд тохирохгүй Вин-7 маркийн халаагуурыг нийлүүлсэн, уг халаагуурын хүчин чадал хүрэхгүй тасралтгүй ажилласнаас цахилгааны утсанд халалт өгч, богино холболт үүссэнтэй шалтгаант холбоотой” гэсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Нөгөө талаар нэхэмжлэгч Ч.Ц нь өөрийн өмчлөлийн байшинд цахилгаан хэрэгсэл суурилуулах гэж байгаа тохиолдолд уг хэрэгсэл Монгол Улсын стандартын шаардлагад нийцэж байгаа эсэх, схем холболт хүчин чадлыг мэргэжлийн байгууллагаар хянуулах, техникийн нөхцөл авах ёстой юм. Гэтэл хэргийн 218 дугаар талд авагдсан техникийн нөхцөл гэх баримт нь дээрх шалгуурт нийцээгүй, нэхэмжлэгч хууль дүрмээр өөрт ногдсон аюулгүй ажиллагааг хангах үүргээ биелүүлсэн гэж дүгнэх боломжгүй.

 

Энэ талаар шинжээчдийн дүгнэлтэд “Ч.Ц нь УБЦТСүлжээний 2011 оны техникийн нөхцөлийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дах хэсэгт заасныг хэрэгжүүлээгүй” гэж дүгнэжээ. / хх1 –ийн 104-105 дугаар хуудас/

 

Иймд гал түймэр гарахад нэхэмжлэгчийн болгоомжгүй үйлдэл гэм буруу нөлөөлсөн тул эрсдэлийн 50 хувийг өөрөө хариуцах ёстой гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Г.Баас 83 934 400 төгрөг гаргуулан Ч.Цэд, 13 500 500 төгрөг гаргуулан Л.Пд, 6 000 000 төгрөг гаргуулан Ц.Ат олгуулан нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй байна.

 

Хариуцагч Ж ХХК, А ХХК нарын хувьд нэхэмжлэгч нарт учирсан гэм хорын хохиролд гэм буруугүй, учирсан хохирол, дээрх хариуцагч нарын үйлдлийн хооронд шалтгаант холбоо байхгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Харин хариуцагч Г.Бы итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч авах хүсэлтийг анхан шатны шүүхээс хангасан, шүүх хуралдаанд бэлтгэх хангалттай хугацаа өгч, шүүх хуралдааныг 14 хоногийн хугацаагаар хойшлуулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 5 жил үргэлжилж байгаа, энэ хугацаанд өмгөөлөгч авах хэргийн материалтай танилцах зэргээр эрх үүргээ хэргийн оролцогч нар хэрэгжүүлэх бүрэн боломжтой байжээ. Шүүх хуралдааныг дахин хойшлуулах хүсэлт гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэдгээ нотлоогүй тохиолдолд шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан анх шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг буруутгах үндэслэлгүй байна.

 

Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2018/00608 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.2 дах хэсэгт тус тус зааснаар хариуцагч Г.Баас 83 934 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Цэд, 13 500 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Пд, 6 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ат тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 143 434 900 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 3 дах заалтын “1 192 299” гэснийг “675 124” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Бы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

 

                               ШҮҮГЧИД                                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                     Ш.ОЮУНХАНД