Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2022/01257

 

 

 

 

..... нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Г.Даваадорж, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2022/01983 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ..... нарын нэхэмжлэлтэй, хариуцагч .......холбогдох, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 10/146 дугаар тогтоол болон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэн, бие даасан шаардлага гараагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 02695 дугаартай эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай захирамжийн дагуу .......гүйцэтгэгдэж байгаа төлбөр авагч Инвескор ББСБ ХХК, төлбөр төлөгч Ж.Сансар, Б.Баясгалан нарт холбогдох 4,168,849,072 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Хүннү гудамж /13312/ 420/1, 12, 13 дугаар давхарт байрлах 70 хувийн гүйцэтгэлтэй, үйлчилгээ оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэрэгт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулах явцад дээрх хөрөнгүүдийг Файн-Эстимэйт ХХК тус бүрийг 9,410,432,000 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэлгээтэй холбоотой маргаан 3 шатны шүүхээр шийдвэрлэгдсэн. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 10/146 дугаартай Тогтоол хүчингүй болгох тухай тогтоол гаргаж үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг дахин тогтоолгохоор болсон. Алхах шийдвэр гүйцэтгэгч тогтоол үйлдсэн үндэслэлээ төлбөр төлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэлийг шийдвэрлэх явцад 1 жил 5 сарын хугацаа өнгөрч анх тогтоосон үнэлгээнд өөрчлөлт орсон гэж 2020 оны 20260251/02, 5/628 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгосон. Төлбөр авагчаас дахин үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасныг төлбөр төлөгчид танилцуулаагүй, санал аваагүй, төлбөр авагчаас үнэлгээтэй холбоотой гомдлыг хуульд заасан хугацаанд гаргаагүй байхад үнэлгээг хүчингүй болгох хүсэлтийг шууд хүлээн авсан. Үнэлгээ өөрчлөгдсөн талаар баримтгүй байхад үнэлгээнд өөрчлөлт орсон гэж үнэлгээг хүчингүй болгосон нь үндэслэлгүй.

Төлбөр төлөгч Ж.Сансар дээрх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаагаас гадаад улсад зорчих эрх хязгаарласнаас шалгаалан гэр бүл дээрээ очиж чадахгүй байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн Тогтоол хүчингүй болгох тухай 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 10/146 дугаартай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Хүннү гудамж /13312/ 420/1, 12, 13 дугаар давхарт байрлах 70 хувийн гүйцэтгэлтэй, үйлчилгээ оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-аар үнэлүүлсэн байх бөгөөд нийт 10,253,606,000 төгрөгөөр үнэлснийг зөвшөөрөхгүй байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээчийг томилохдоо Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлаагүй дүгнэлт гаргуулсан. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх тухай журмыг зохицуулсан байх бөгөөд энэхүү журмыг баримтлалгүй дүгнэлт гаргуулсан.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д ... Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлт гаргаж, шинжилгээ хийхээр томилогдож байгаа шүүхийн шинжилгээний байгууллагад ажилладаггүй шинжээчийг дуудан ирүүлж, түүний биеийн байцаалт, мэргэжил, чадвартай танилцан, сэжигтэн, яллагдагч, хохирогчтой ямар харилцаатай болохыг тогтоохоос гадна шинжээчээс татгалзан гарах үндэслэл байгаа эсэхийг шалгана ... гэж, мөн хуулийн 9.2-т ... Энэ хуулийн 9.1-д заасан ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна ... гэж заасныг зөрчиж шинжээч томилсон. Үл хөдлөх хөрөнгө нь бизнесийн хамгийн ашигтай байршилтай, орон сууцны төвд байрладаг, үйлчилгээ, оффисын зориулалттай, 16 давхар барилгын 12, 13 дугаар давхарт байрладаг, ойр орчимд ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг төв, барилгагүй зэрэг давуу талуудтай байтал эдгээр нөхцөл байдлыг тооцоогүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зориулалтаар үнэлэгдэж байгаа хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулах зорилготой бөгөөд үнэлгээг бодитоор тогтоох нь өмчлөгчийн эрхийг хамгаалахад чухал ач холбогдолтой юм.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үл хөдлөх хөрөнгүүдийн үнэлгээний саналаа ирүүлэхийг шаардсан ба төлбөр төлөгч нараас Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гаргасан гомдлын хариуг ирүүлээгүй байгаа тул үнийн санал ирүүлэх боломжгүй талаар 2021 оны 11 дүгээр сарын 23, 12 дугаар сарын 03-ны өдөр тус тус бичгээр хариу өгсөн ба Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчээс гомдлын хариуг 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 9/2915 дугаартай албан тоотоор ирүүлсэн. 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн шинжээч томилох тухай тогтоол нь Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гаргасан гомдлыг шийдвэрлэхээс өмнө гарсан. Мөн тухайн үл хөдлөх хөрөнгө нь зах зээлд идэвхитэй борлуулагдаж байгаа байтал барилгыг борлуулж буй байгууллагаас үнийн судалгаа аваагүй. Шинжээч нь хөрөнгийг үнэлэхдээ 947.13 м.кв талбайг ашигтай талбай буюу оффисын талбай гэж үзэн энэ талбайн 1 м.кв талбайг 5,930,000 төгрөгөөр тооцон гаргасанг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгэнт 1 давхрыг бүхэлд нь үнэлж байгаа тул 1 м.кв талбайн үнэлгээг нийт талбайд үржүүлэн үнэлгээг гаргах ёстой. Ингэж тооцвол шинжээчийн үнэлгээгээр 1 давхрын үнэлгээ 1,259.56 м.кв-ыг 7,469,190,800 төгрөгөөр үнэлэгдэхээр байна. Шинжээчийн дүгнэлтээр бүрэн дуусгахад шаардлагатай ажлын тооцооллыг хийж үнэлгээний дүнгээс хассан ба бараа материалд 288,100,000 төгрөг, ажлын хөлсөнд 197,600,000 төгрөг, тээврийн зардалд 4,000,000 төгрөг, нийт 489,700,000 төгрөгөөр тооцсоныг зөвшөөрөхгүй. Шинжээч нь хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн хандлагын аргаар ойролцоо байрлах үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг www.unegui.mn сайтаас авч харьцуулан үнэлсэн нь учир дутагдалтай. Иймд Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Хүннү гудамж, 420/1, 12, 13 дугаар давхар хаягт байрлах 90 хувийн гүйцэтгэлтэй, үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн нийт 10,253,606,000 төгрөгийн үнэлгээг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2395 дугаар захирамжаар .......-аас 4,168,849,072 төгрөгийг гаргуулж Инвескор ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хүннү гудамж 13312/, 420/1 12, 13 давхарын 1259.56 м.кв үйлчилгээний зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй Ж.Сансарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилж, хураан авах, дуудлага худалдаанд оруулах ажиллагааг явуулсан. 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 5/268 дугаар шинжээч томилох тогтоолоор Файн-Эстимэйт ХХК-аар үнэлгээ тогтоолгосон. 12 давхар 9,410,432 төгрөг, 13 давхар 9,410,432 төгрөгөөр тус тус үнэлсэн. Ж.Сансар, Б.Баясгалан нар уг үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргасан. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 4177 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр болсон. Инвескор ББСБ ХХК-аас үнэлгээг дахин тогтоолгох хүсэлтийг удаа дараа гаргасан. Ахлах шийдвэр гүйцэтгэгч 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 10/146 дугаар тогтоол гаргаж эд хөрөнгө хураах, шинжээч томилуулах тухай тогтоолуудыг хүчингүй болгосон, 1 жил 5 сарын хугацаа өнгөрсөн учраас эд хөрөнгийн үнэлгээ анх тогтоосон үнээс өөрчлөлт орсон гэсэн үндэслэлээр тогтоол гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан. Төлбөр төлөгч Ж.Сансар, Б.Баясгалан нар, төлбөр авагч Инвескор ББСБ ХХК-д 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 4-164/20323, 4-164/20322, 12 дугаар сарын 01-ний өдрийн 4-164/23166, 4-164/23167 дугаар албан бичгээр үнийн санал өгөх мэдэгдлийг хүргүүлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэнд утсаар мэдэгдсэн. Талуудаас үнийн санал ирээгүй тул шинжээч томилох тухай 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хөрөнгийн үнэлгээний Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-аар үнэлүүлэхэд 12 давхрыг 5,126,803,000 төгрөг, 13 давхрыг 5,126,803,000 төгрөгөөр, нийт 10,253,606,000 төгрөгөөр үнэлснийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 4-164/24541, 4-164/24540 дугаартай албан бичгээр төлбөр төлөгч, төлбөр авагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулан өгсөн. Талуудад 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр албан тоотоор үнэлгээг мэдэгдсэнээс хойш төлбөр төлөгч шүүхэд дахин гомдол гаргасан. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 02695 дугаартай захирамжаар ..... нараас 4,168,849,072 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн бөгөөд уг захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдаж байгаа болно. Файн-Эстимэйт ХХК-ийн үнэлгээг төлбөр төлөгч нар эс зөвшөөрч үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Улсын дээд шүүх 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр шүүх хуралдаан зарласан боловч нэхэмжлэгч тал гомдлоосоо татгалзсан. Файн-Эстимэйт ХХК-ийн үнэлгээ тогтоосноос хойш 1 жил 4 сар орчим хугацаа өнгөрсөн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт зааснаар дахин үнэлгээ хийлгэх хүсэлтийг гаргасан. Файн-Эстимэйт ХХК-ийн хийсэн үнэлгээгээр нийт хөрөнгийг 18,820,864,000 төгрөгөөр үнэлсэн, энэ дүнгийн гуравны нэг нь 6,273,625,300 төгрөг болж байгаа. Энэ хэмжээгээр өссөн эсхүл буурсан бол бодит үнэ цэнийг тогтоох зайлшгүй шаардлагатай. Одоогийн үнэ 10,253,606,000 төгрөг гэж тогтоосон зөрүү 8,5 тэрбум төгрөг болно. Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээ нь бодитой. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 55 дугаар зүйлийн 55.5, 55.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 10/146 дугаартай Тогтоол хүчингүй болгуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204080809, Ү-2204080811 дугаартай, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Хүннү гудамж /13312/, 420/1, 12, 13 дугаар давхар хаягт тус тус байрлах 70 хувийн гүйцэтгэлтэй, үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн нийт 10,253,606,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 70,200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Сансар, Б.Баясгалан нарт олгож шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 10/146 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхээс ... 00280 дугаар захирамжаар эцэслэн шийдвэрлэсэний дараа ... заасныг баримтлан ... барьцаа хөрөнгийг хурааж, шинжээч томилсон тогтоолыг тус тус хүчингүйд тооцсоныг буруутгах үндэслэлгүй, уг тогтоолыг гаргасан үйл ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5, 63 дугаар зүйлийн 63.1, 271 дүгээр зүйлийн 271.2.1, 2/1.2.2 дахь заалтад нийцсэн байх тул ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 10/146 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй ... гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт ... Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно ... гэж заасан байх ба үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлгүй, үүнтэй холбоотой нотлох баримт байхгүй байхад дахин үнэлгээ тоггоолгох шийдвэр гаргасан нь хуульд нийцээгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 64.5-д зааснаас бусад хөрөнгийг түүний үнэлгээг тогтоосноос хойш 2 сарын дотор, төлбөр төлөгчийн өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах тухай саналыг хүлээн авсан тохиолдолд 3 сарын дотор албадан худалдан борлуулах ажиллагааг явуулна гэж заасан байх ба 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хийсэн үнэлгээнд гомдол гаргасан нь 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр буюу 17 хоногийн дараа түдгэлзэж, 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр эцэслэн шийдвэрлэгдсэн. 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 10/146 дугаартай тогтоол гарсан. Үүнээс үзэхэд ахлах шийдвэр гүйцэтгэгч тогтоол гаргахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасныг зөрчиж 2 сарын хугацаа буюу 60 хоногийн хугацаа өнгөрөөгүй байхад тогтоол гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн Тогтоол хүчингүй болгох тухай 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 10/146 дугаартай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

Төлбөр авагч нь үл хөдлөх эд хөрөнгийн бодит үнийг тогтоолгох зорилгоор дахин шинжээч томилуулах хүсэлтийг Нийслэлийн шүүхийн шийдвэр газарт гаргасан. Судалгаагаар үл хөдлөх эд хөрөнгийн үнэд өөрчлөлт орсон нь нийтэд илэрхий үйл баримт тул нотлох шаардлагагүй. Ахлах шийдвэр гүйцэтгэгч нь хуульд заасны дагуу тогтоол гаргасан. Үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн эрхийг зөрчигдөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд хариуцагч байгууллагын төлөөлөгч тайлбар гараагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын хүрээнд хянаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

1.Хэргийн үйл баримт болон анхан шатны шүүхийн шийдвэрийн талаар

 

1.а. Нэхэмжлэгч ..... нар хариуцагч .......холбогдуулан тус газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 10/146 дугаартай Тогтоол хүчингүй болгуулах тухай тогтоол болон Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Хүннү гудамж (13312), 420/1, 12, 13 дугаар давхарт байрлах 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 10,253,606,000 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ... шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан ... гэж маргажээ.

1.б. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШЗ2020/02695 дугаар захирамжаар Ж.Сансар, Б.Баясгалан нар 4,168,849,072 төгрөгийг Инвескор ББСБ ХХК-д 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төлөхөөр, дээрх хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаанд барьцаалуулсан Ж.Сансарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204080809 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Хүннү /13312/ гудамж, 420/1-ын 12, 13 дугаар давхарт байрлах 1 259,56 м.кв талбай бүхий үйлчилгээ, оффиссын зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд эвлэрлэснийг баталсан байна. (1 хав-54-63х)

 

Ж.Сансар, Б.Баясгалан нар дээрх захирамжийг биелүүлээгүй тул Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 101/ГХ2020/00217 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудаст үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хүннү гудамж (13312), 420/1 хаягт байрлах барилгын 12,13 давхарт байрлах 1,259.56 м.кв талбай бүхий үйлчилгээтэй зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдахаар битүүмжлэн хураах ажиллагааг явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

1.в. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар төлбөрт хураагдсан дээрх үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээг тогтоолгохоор Файн-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж шинжээч уг үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар тус бүр 9,410,432,000 төгрөгөөр, нийт 18,820,864,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр төлөгч нар эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2020/04177 дугаар шийдвэрээр уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болжээ. (1 хав-10-28х)

 

1.г. Төлбөр авагч Инвескор ББСБ ХХК нь үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ буурсан гэх үндэслэлээр дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасныг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 10/146 дугаар Тогтоол хүчингүй болгох тухай тогтоолоор 164 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн үйлдсэн Эд хөрөнгө хураах тухай 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 20260251/02 тоот тогтоол, Шинжээч томилох тухай 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 5/628 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. (1хав-9-х)

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэж заасан тул төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 12/358 дугаар тогтоолоор Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилсон нь үндэслэлтэй.

 

Түүнчлэн, шинжээч үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг өмнө нь тогтоосон 2020 оны 05 дугаар сартай харьцуулахад үл хөдлөх эд хөрөнгийн үнэд өөрчлөлт орсон үндэслэлийг нотлох шаардлагагүй ба төлбөр төлөгч нар Файн-Эстимэйт ХХК-ийн үнэлгээг эс зөвшөөрч үнэлгээний талаар нэхэмжлэл гаргасантай холбоотойгоор уг үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулах боломжгүй болсон байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 10/146 дугаар Тогтоол хүчингүй болгох тухай тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

 

1.д. Анхан шатны шүүх ... Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу шинжээч тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзах үүрэгтэй боловч энэ талаар дүгнэлтэд бүрэн тусгасан эсэх нь тодорхойгүй... гэж дүгнэж Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэсэн талаар талуудын хэн аль гомдол гаргаагүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2022/01983 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Н.БАТЗОРИГ