Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2017/00512

 

“Эм Си Пи Си Жи Ар” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2016/01271 дүгээр шийдвэр,           

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 346 дугаар магадлалтай,

“Эм Си Пи Си Жи Ар” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Зам, тээврийн хөгжлийн яаманд холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 85.904.815 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүний гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Эм Си Пи Си Жи Ар” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зам тээврийн яамны захиалгаар дараах ажлыг хийж гүйцэтгэсэн ба ажлын хөлсийг өгөөгүй байна. Улаанбаатар- Мандалговь чиглэлийн замын ажлын хувьд 2009 онд хэсэг 1/50+000-60+573/-ийн 10.5 км, хэсэг 2 /0+000-21+500/-ийн 21.5 км буюу нийт 32 км авто замын зохиогчийн хяналт хийж гүйцэтгэсэн ажлын үнэ 22.373.222 төгрөг, Бага улаан даваа Манхан чиглэлийн замын ажлын хувьд 2008 онд 25 км авто замын барилгын ажилд зохиогчийн хяналт хийж гүйцэтгэсэн ажлын үнэ 19.943.005 төгрөг, Тэмээн хүзүү Бага улаан даваа чиглэлийн замын ажлын хувьд 110.8 км авто замын барилгын ажилд зохиогчийн хяналт хийж гүйцэтгэсэн ажлын үнэ 43.588.588 төгрөг нийт 85.904.815 төгрөг.

Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолын хавсралт болох барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрмийн 4.6-т замыг ашиглалтад өгөхөд зайлшгүй зохиогчийн дүгнэлт гаргуулсан байна, 1.1-т замын барилгын ажлын явцад зураг төсөл зохиогч зохиогчийн хяналт тавих үүрэгтэй талаар тус тус заасан. Барилга хот байгуулалтын Сайдын 2015 оны 185 дугаар тушаалын хавсралт болох БНБД 11-04-15-д захиалагч, зураг төсөл зохиогч, барилга угсралтын ажлын гүйцэтгэгч тэдгээрийн эрх үүрэг, зохиогчийн хяналт, дүгнэлт, үнэлгээ хийх зэрэг харилцааг зохицуулахаар тусгасан бөгөөд энэхүү дүрмийг баримтлан зохиогчийн хяналтын дүгнэлтийг гаргадаг. Энэ дагуу захиалагч Зам, тээврийн яамны 2014 оны 9/3286 тоот, 2015 оны 08/5035 тоот, яамны 2015 оны 08/5035 тоот албан бичгүүдээр зохиогчийн хяналт хийлгүүлж, дүгнэлт гаргуулах захиалга ирүүлсэн. Үүний дагуу зохиогчийн хяналтын ажлыг  тус компани хийж, 2014 оны 264/14 тоот, 2015 оны 326/15 тоот, 2015 оны 331/15 тоот албан бичгүүдээр захиалагчид дүгнэлтийг хүргүүлсэн. 2014 оны 283/14 тоот албан бичгээр зохиогчийн хяналтын гэрээ байгуулах арга хэмжээг зохион байгуулж өгөхийг хүсэж, тооцооны хамт хүргүүлсэн боловч, ямар нэгэн шалтгаангүйгээр өнөөдрийг хүртэл гэрээ байгуулагдаж, санхүүжилт олгогдоогүй байна. Бид дүгнэлт гаргаж хүргүүлснээр Улаанбаатар-Мандалговь чиглэлийн 120 км авто замын хэсэг-1 10.5 км, хэсэг-2 21.5 км буюу нийт 32 км улсын чанартай авто зам 2014 онд, Бага улаан даваа-Уртын гол чиглэлийн 25 км улсын чанартай авто зам 2014 онд, Тэмээн хүзүү-Бага улаан даваа чиглэлийн 110.8 км улсын чанартай авто зам 2014 онд тус тус албан ёсоор ашиглалтад орж улсын комисс хүлээн авсан юм. Иймээс дахин санхүүжилт хүсч 2014 оны 353/14 тоот албан бичиг явуулсан боловч захиалагчийн зүгээс өнөөдрийг хүртэл бидний гүйцэтгэсэн ажлын санхүүжилтийг олгохгүй чирэгдүүлсээр байна. Иймд 85.904.815 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Нямдулам, Б.Билгүүн нар шүүхэд гаргасан тайлбартаа: “Эм си пи си жи ар ХХК” нь нэхэмжлэлдээ Барилга, хот байгуулалтын Сайдын 2015 оны 185 дугаар тушаалын хавсралт болох БНбД 11-04-15-д захиалагч, зураг төсөл зохиогч, барилга угсралтын ажлын гүйцэтгэгч тэдгээрийн эрх үүрэг, зохиогчийн хяналт, дүгнэлт, үнэлгээ хийх зэрэг харилцааг зохицуулах тухай тусгагдсан бөгөөд энэхүү дүрмийг баримтлан зохиогчийн хяналтын дүгнэлтийг гаргадаг гэжээ. Гэтэл тус компани Зам, тээврийн яам /хуучнаар/-тай гэрээ байгуулаагүй нь Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 185 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт тавих дүрмийн 2.1-т зураг төсөл зохиогч барилгын захиалагчтай гэрээ байгуулан барилгын ажилд зохиогчийн хяналт тавина, 2.2-т зураг төсөл зохиогч нь 3 төрлийн хяналт тавихаар заасан, 2.3-т энэ дүрмийн 2.2-т заасан хяналт тавих хэлбэрийг зураг төсөл зохиогч, барилгын захиалагч, гүйцэтгэгчтэй тохиролцож гэрээгээр зохицуулна ..., 3.2.1-т захиалагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр зураг төсөл зохиогчийн хяналт тавих гэсэн заалтууд болон Дэд бүтцийн хөгжлийн Сайдын 1999 оны 196 дугаар тушаалын хавсралтаар баталсан Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх дүрмийн 1.9-т зохиогчийн хяналтыг барилгын захиалагч, зураг төслийн байгууллагын хооронд аж ахуйн гэрээ байгуулах үндсэн дээр хийнэ гэж заасныг ноцтой зөрчсөн байна. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасны дагуу харилцан тохиролцож эрх эдэлж, үүрэг хүлээхээр заасан баримт бичиг үйлдэгдээгүйгээр хууль зүйн үндэслэлгүй болох нь нотлогдож байна. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 85.904.815 төгрөгийг хэрхэн тооцож гаргасан, ямар баримт бичгийг үндэслэн шаардаж байгааг нэхэмжлэлийн үндэслэлд дурдаагүй нь Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт заасан шаардлагыг зөрчсөн. Иймд Иргэний хуулийн холбогдох заалтууд, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох заалт болон Барилга, хот байгуулалтын Сайдын 2015 оны 185 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан барилгын ажлын явцад зохиогчийн хяналт тавих дүрмийн дээр дурдсан холбогдох заалтууд зөрчигдсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2016/01271 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан хариуцагч Зам тээврийн хөгжлийн яамнаас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 85.904.815 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Эм Си Пи Си Жи Ар” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 885.374 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Зам тээврийн хөгжлийн яамнаас 885.374 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Эм Си Пи Си Жи Ар” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 346 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2016/01271 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 346 дугаар магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсгийн 172.2.1 дэх заалтад заасныг үндэслэн дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын ХЯНАВАЛ хэсэгт гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулах хэлбэрийн шаардлага хуулиар тавигдаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна” гэж тэмдэглэжээ. Гэтэл “Эм Си Пи Си Жи Ар” ХХК нь зохиогчийн хяналтын дүгнэлт гаргахаас өмнө зохиогчийн хяналтын дүгнэлт гаргасны дараа захиалагчтай гэрээний талаар болон үнэ хөлсний талаар хэлэлцэн тохиролцсон зүйл байхгүй нь хэргийн материалд нотлох баримтаар авагдаагүйгээр нотлогдох бөгөөд энэ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэхээс өмнө тохироогүй хөлсийг төлөх ёстой гэж анхан шатны шүүхээс шийдвэрлэснийг зөвшөөрөөгүй үндэслэлийг үндэслэл бүхий тайлбарлан няцаагаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж          буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ” гэж заасныг зөрчсөн байна.

2. Мөн Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаас “Эм Си Пи Си Жи Ар" ХХК-нд ажил гүйцэтгүүлэхээр ямар нэг байдлаар хүсэл зоригоо илэрхийлсэн зүйл байхгүй бөгөөд “Эм Си Пи Си Жи Ар” ХХК-ийн зүгээс зардлын тооцоо, гэрээний төсөл зэргийг зохиогчийн хяналтын дүгнэлт гаргахаас өмнө буюу ажил гүйцэтгэхээс өмнө Захиалагчийн төлөөлөх эрх бүхий этгээд Зам, тээврийн яамны /хуучнаар/ Төрийн нарийн бичгийн даргад хандаагүй байхад “Иргэний хууль”-ийн 43 дугаар зүйлийн 43.1.3-т заасны дагуу хэлцэл хийгдсэн гэж үзсэн нь Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг зөрчсөн байхад ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

3. Барилгын ажлын зураг төсөл зохиох, барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх, зураг төсөл зохиогчийн хяналт дүгнэлт гаргах зэрэг нь цогц ажиллагаа бөгөөд “Эм Си Пи Си” Жи Ар ХХК нь Хавчигийн хавцал-Манхан сум чиглэлийн 28.3 км авто зам, Өлгий-Хашаатын даваа чиглэлийн 120 км авто замын эхний 60 км авто замын барилгын зураг төслийг боловсруулж тус яаманд хүлээлгэж өгөн үнэ хөлсөө авсан талаар нэхэмжлэлдээ дурдсан бөгөөд зохиогчийн хяналтын дүгнэлт нь зураг төсөл зохиогоод авсан ажлын хөлсөндөө багтдаг юм.

Иймд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.3 дэх заалт, 343.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.3 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх заалт, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6 болон Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1999 оны 196 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх дүрэм”, “Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны 185 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт тавих дүрэм”-ийн дээр дурдсан холбогдох заалтууд зөрчигдсөн байх тул “Эм Си Пи Си Жи Ар” ХХК-ийн шаардаж буй 85.904.815 төгрөгийн нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасны дагуу шийдвэр. магадлалыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч “Эм Си Пи Си Жи Ар” ХХК нь хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яаманд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 85.904.815 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2016/01271 дүгээр шийдвэрээр хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яамнаас 85.904.815 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 346 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргасны дараа нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж, энэ тухайгаа 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 108/17 тоот албан бичгээр мэдэгдсэн байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4.-т “хяналтын журмаар гомдол гаргасны дараа зохигч эвлэрсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрсөн бол анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно...” гэж заажээ.

Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь хууль зөрчихгүй гэж хяналтын шатны шүүх үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4, 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2016/01271 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 346 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яамнаас  ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 85.904.815 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч “Эм Си Пи Си Жи Ар” ХХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ