Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2022/01288

 

 

 

 

..........-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэрги йн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2022/01120 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ..........-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ........-д холбогдох Ла кантина ХХК-ийн хувьцааг шилжүүлсэн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 852 дугаартай Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ, 853 дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, Ла кантина ХХК-ийн хувьцааг буцаан шилжүүлэн авахыг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Сайнбаяр, Ч.Баяртогтох, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Онон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

........- нь Ла кантина ХХК-ийн 100 хувийн хувьцааг эзэмшиж дарс худалдах чиглэлээр үйл ажиллагаа явуулж Б.Нарантуяа компанийн үйл ажиллагаанд нь туслах, хөрөнгө оруулалт хийх зэргээр дэмжсэн. ........-тай 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 852 дугаартай Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ, 853 дугаар Компанийн эрх шилжүүлэх гэрээ-г тус тус байгуулан 20,000 төгрөгийн дүрмийн сантай, 20 ширхэг хувьцаатай Ла кантина ХХК-ийн хувьцааг шилжүүлж авсан. ........- нь тухайн үед Ла кантина ХХК өр төлбөргүй, хуулийн дагуу хариуцлага хэмээн итгүүлсэн. Б.Нарантуяа нь олон улсын байгууллагатай хамтран ажилладаг, өөрийн нэр дээр компанийн хувьцаа эзэмшихгүй байх шаардлага тавигдсан тул тус компанийн хувьцааг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ-гээр Г.Пүрэвсүрэнд шилжүүлсэн. Гэтэл Г.Пүрэвсүрэн нь 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дээрх хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргасантай танилцаад, Ла кантина ХХК нь компаниудад болон татварын өр төлбөртэй болохыг олж мэдэн, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч Ла кантина ХХК-ийн хувьцаа буцаад ..........-ийн нэр дээр ирээд байна. ........-тай байгуулсан Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ-ний 4.2-т Бэлэглэгч тал компанитай холбоотой бүхий л мэдээлэл, баримт бичиг, санхүүгийн тайлан балансыг бэлэг хүлээн авагч талд үнэн зөв гаргаж өгөх бөгөөд компанийн өр төлбөр, зээлийн талаар урьдчилан мэдэгдэх үүрэгтэй, 4.6-д Энэхүү гэрээг байгуулахаас өмнөх бэлэглэж буй хувьцаатай холбоотой татвар, хураамж, өр төлбөр, зээл торгууль, компанийн аливаа өр төлбөрийг бэлэглэгч төлж барагдуулах үүрэгтэй гэж, Компанийн эрх шилжүүлэх гэрээ-ний 5.1-д Эрх шилжүүлэгч тал гэрээний 4.2-т заасан үүргээ зөрчиж компанийн талаар буруу мэдээлэл өгсөн болон эрхийн зөрчлийг мэдсээр байж нуун дарагдуулснаас учирсан хохирлыг бүрэн хариуцна" гэж тус тус заасан. Гэтэл Ла кантина ХХК нь 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс өмнө татвар, нийгмийн даатгалын өртэй, мөн олон компаниудад өр төлбөртэй эхнээсээ нэхэгдэж байна. Энэхүү өр төлбөрийн талаар ........-д хэлэхэд өр төлбөрийг хариуцахгүй, мэдэхгүй гэсэн. Ла кантина ХХК өр төлбөртэй гэдгийг мэдсэн бол хувьцааг шилжүүлэн авахгүй байсан. Энэ тохиолдолд хууран мэхэлсэн этгээд ашиг хонжоо олох, эсхүл мэхлэгдсэн этгээдэд гэм хор учруулах зорилготой байсан эсэх нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцоход нөлөөлөхгүй, 59.2-т Хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг хэлцэл хийгч нэг тал нь нуун дарагдуулсныг нөгөө тал хожим мэдсэн бол хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй гэж зааснаар ........-аас Б.Нарантуяад Ла кантина ХХК-ийн хувьцааг шилжүүлсэн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бусд тооцож, Ла кантина ХХК-ийн хувьцааг буцаан шилжүүлэн авахыг ........-д даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Б.Нарантуяа нь 2019 оны 03 дугаар сард ... Манай байгууллагад нягтлангийн орон тоо байна, чи ажиллах уу, 2 компанийн тайлан тооцоог гаргана... гэх саналыг тавьж хөдөлмөрийн гэрээ, нууцын гэрээ, эд хөрөнгийн гэрээг ..........-ийн Империал кооператив ХХК-ийн охин компани болох Империал коммерсиал коператив ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Долгормаатай 1 жилийн хугацаатай байгуулж, нягтлан бодогчоор ажилд орсон. 2018 оны 05 дугаар сард байгуулагдсан Империал коммерсиал кооператив ХХК нь санхүү, нийгмийн даатгалд бүртгэлгүй, тайлан гаргаагүй. Империал кооператив ХХК нь 2017 оны санхүүгийн тайлан илгээсэн, цаасан хувьгүй, бусад тайлан илгээгдээгүй, үзэх баримт маягтгүй байсан. Ажилд ороод тайлангуудыг нөхөн тушаах хүсэлт өгч гүйцээн тушаасан. 2019 оны 07 дугаар сард Б.Долгормаа ... гүйцэтгэх захирлаар ажиллах боломжгүй, та компаниа өөрөө ав, цаашид Империал кооператив ХХК-д менежерээр ажиллаж байснаараа ажиллана ... гэсэн шаардлагыг Б.Нарантуяа захиралд тавьж улмаар ажилдаа ирэхээ больсон. Б.Нарантуяа захирал нь ... хоёулаа охин компаниа аваад явъя, асуудал гарахгүй, чи өөрийн нэр дээр компанийг шилжүүлээд авчих, зааж зөвлөөд явна, миний нэр дээр компани байх боломжгүй, гадны төсөл дээр ажиллахад тийм шаардлага тавигддаг... гэсэн тул тухайн үед ямар ч тайлан, өр авлагын бичиг, хөрөнгийн бүртгэл, зардал орлогын тооцоо гэх зүйл байгаагүй, хүлээлцээгүй ба ..........-ийн таньдаг нотариатчаар 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Б.Нарантуяа, Б.Долгормаа нартай хамт очиж гэрээ байгуулан, компанийг шилжүүлж авсан. Улмаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт оноосон нэрээ өөрчлүүлж Ла кантина ХХК гэж өөрчилсөн. ........- нягтлан бодогчоор ажилласан, харин удирдлагын хэмжээний туршлагагүй тул ..........-аас бүхий л зүйлээ асууж лавлаж, шийдүүлж байсан.

Хоёр байгууллагын тайлан тооцоо бэлтгэх, харилцагчаас авлага нэхэх, бичиг баримт цэгцлэх, ажилтангүй үед бараа хүргэх зэрэг ажлыг хийж байсан. Цалингаа нэмүүлье гэхэд Б.Долгормаа менежер хэд авч байсан түүнээс арай ахиу бодоод авчих гэж зөвшөөрсөн тул Б.Долгормаагаас 100,000 төгрөгөөр илүү буюу 1,200,000 төгрөгийн цалин авсан. Захирал Б.Нарантуяа нь банк дахь компанийн дансны кодыг мэдсэн тул гүйлгээ хийдэг байсан. 2019 оны 11 дүгээр сард нэрийн барааны дэлгүүр нээнэ гээд Барбашово ХХК-тай гэрээ байгуулсан. Б.Нарантуяа захирал нь энэ хугацаанд хувийн болон байгууллагын нэр дээр зээл авах үүрэг даалгаврыг өгсөн боловч өөрийн нэр дээр ипотекийн зээл, ББСБ-ын зээл, магистрын сургалтын зээл бас бусад жижиг зээлүүд ихтэй байсан тул хандсан байгууллагууд зээл олгохоос татгалзаж байсан. Энэ талаар захирал Б.Нарантуяад тайлбарласан боловч байнга ажил бүтээж чаддаггүй, дотоод тайлангаа хянуулж үзүүлдэггүй, муу ажиллаж байж дураараа цалин бодож өөртөө шилжүүлж авлаа хэмээн зэмлэсэн. Ковид-19 цар тахлын улмаас 2020 оны 01 дүгээр сараас эхлэн цагийн хязгаарлалт, дарс зарахыг хориглосон шийдвэрүүд гарч цалин, түрээс, зардлаа нөхөж чадахгүй алдагдалд орсон. 2020 оны 01 дүгээр сард ажлаасаа гаръя, ажлаа өгье гэж удаа дараа хандаад сүүлдээ маргаан болсон. 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Б.Нарантуяа компанийн болон санхүүгийн тамгыг авсан, компьютерын код сольсон байсан тул ажлаа хийж чадаагүй. 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр зээл хөөцөлдсөн боловч бүтээгүй тул Ла кантина ХХК-ийн бүх гэрчилгээ, хуулбарууд, тамга 2 ширхэг зэргийг Б.Нарантуяа захиралд хавтастай нь бүгдийг хүлээлгэн өгсөн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч ........-д холбогдуулан гаргасан 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 852 тоот компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ, мөн өдрийн 853 тоот компанийн эрх шилжүүлэх гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус гэж тооцуулж, Ла кантина ХХК-ийн хувьцааг буцаан шилжүүлэн авахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэгч ..........-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийг буруу тайлбарласан. Хэлцлийг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэж дүгнэхэд нэг тал нь хэлцэл хийх хүсэл зориг байгаагүй субъектив шинж хамаарахаас гадна хэлцэл хийх үндэслэл болсон нөхцөл байдлын талаар мэдэгдээгүй, нуун дарагдуулсан байх зэрэг урьдчилсан нөхцөлийг шаарддаг гэж дүгнэсэн. 2020 оны 09 дугаар сарын 18-ны өдөр Ла кантина ХХК-ийн хувьцаа эзэмшигч ........-аас 852 дугаартай Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ-ээр 20,000 төгрөгийн дүрмийн сантай, 20 ширхэг хувьцаатай, хувьцааны нэг бүрийн үнэ 1,000 төгрөг бүхий Ла кантина ХХК-ийг Б.Нарантуяад шилжүүлсэн. ........- Ла кантина ХХК өр төлбөр байхгүй, хуулийн дагуу хариуцлага үүсэхгүй хэмээн итгүүлж хувьцааг нь үнэ төлбөргүйгээр шилжүүлсэн. Гэтэл уг гэрээний 4.2-т Бэлэглэгч тал компанитай холбоотой бүхий л мэдээлэл, баримт бичиг, санхүүгийн тайлан балансыг бэлэг хүлээн авагч талд үнэн зөв гаргаж өгөх бөгөөд компанийн өр төлбөр, зээлийн талаар урьдчилан мэдэгдэх үүрэгтэй, мөн гэрээний 4.6-д Энэхүү гэрээг байгуулахаас өмнөх бэлэглэж буй хувьцаатай холбоотой татвар, хураамж, өр төлбөр, зээл торгууль, компанийн аливаа өр төлбөрийг бэлэглэгч төлж барагдуулах үүрэгтэй гэж заасан ба бэлэглэгч ........- гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Гэтэл анхан шатны шүүхээс гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзсэн нь үндэслэлгүй.

Ла кантина ХХК нь татвар, нийгмийн даатгалын өртэй, мөн олон хувь хүн, хуулийн этгээдэд өр төлбөр нь нэхэгдэж байна. Энэхүү өр төлбөрийн талаар ........-д хэлэхэд өр төлбөрийг хариуцахгүй, мэдэхгүй гэх гэсэн. Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ-ний 4.2-т Бэлэглэгч тал компанитай холбоотой бүхий л мэдээлэл, баримт бичиг, санхүүгийн тайлан балансыг бэлэг хүлээн авагч талд үнэн зөв гаргаж өгөх бөгөөд компанийн өр төлбөр, зээлийн талаар урьдчилан мэдэгдэх үүрэгтэй, 4.6-д Энэхүү гэрээг байгуулахаас өмнөх бэлэглэж буй хувьцаатай холбоотой татвар, хураамж, өр төлбөр, зээл торгууль, компанийн аливаа өр төлбөрийг бэлэглэгч төлж барагдуулах үүрэгтэй, компанийн эрх шилжүүлэх гэрээний 5.1-д Эрх шилжүүлэгч тал гэрээний 4.2-т заасан үүргээ зөрчиж компанийн талаар буруу мэдээлэл өгсөн болон эрхийн зөрчлийг мэдсээр байж нуун дарагдуулснаас учирсан хохирлыг бүрэг хариуцна гэж тус тус заасан. Хэрэв ........- өр төлбөрийн талаар мэдэж байсан талаараа гэрээ байгуулахаас өмнө урьдчилж мэдэгдсэн бол энэхүү хувьцаа бэлэглэлийн гэрээ болон эрх шилжүүлэх гэрээг байгуулахгүй байсан. Анхан шатны шүүх өр төлбөртэй байсан бол анхнаасаа шилжүүлэн авах хүсэл зориг байгаагаагүй талаар дүгнээгүй.

Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг дүгнээгүй, нотлох баримтыг буруу үнэлсэн. Ла Кантина ХХК нь Нийслэлийн татвар албанд 2,913,125 төгрөг, цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээрээс адилтгах орлогоос суутгах татвар 4,135,625 төгрөг, нийт 7,048,750 төгрөгийн өр төлбөртэй. Мөн зарим компани болох Макс Эксим ХХК-д 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд 2,937,000 төгрөгийн өр төлбөр, Сирм ХХК-аас барааны үнэ 4,226,000 төгрөгийн өр төлбөрийг мэйлд үзлэг хийлгэх байдлаар тогтоосон гэх нэхэмжлэгчийн тайлбарыг шүүх анхаараагүй. Б.Нарантуяа нь Империал кооператив ХХК-ийн 100 хувийн хувьцааг эзэмшиж, гадаад худалдаа буюу дарсыг импортлох, худалдах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба ........-ын бизнесийн үйл ажиллагаанд туслах, өөрийн эзэмшлийн Империал кооператив ХХК-аар дамжуулан дарс нийлүүлж хамтран ажиллаж, дэмжиж тусалсан талаар тайлбар гаргасан байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс шууд оролцоотой, удирдан чиглүүлдэг, санхүүгийн тайлан тооцоог хянаж байдаг мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй. Тодруулбал, Ла кантина ХХК-д ..........- хамаарал бүхий хуулийн этгээд гэж ямар нотлох баримтыг үндэслэж дүгнэж байгаа нь тодорхойгүй байна. Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.191-т харилцан хамаарал бүхий этгээд гэдгийг хөрөнгийн өмчлөл, удирдлага, хяналт, үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар оролцдог гэж тодорхойлсон ба Б.Нарантуяангийн зүгээс дээрх байдлаар оролцдоггүй харин өөрийн Империал кооператив ХХК-аас дамжуулан дарс нийлүүлж түүний төлбөрийг авах замаар хамтран ажилласан талаараа тайлбарласныг буруу үнэлсэн. Ла кантина ХХК нь Империал коммерсиал кооператив ХХК нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байсан ба ..........-ийн Империал кооператив ХХК-ийн ойролцоо оноосон нэртэй нь шууд харилцан хамааралтай биш. Гэтэл ........-ыг ..........-ийн хамаарал бүхий хуулийн этгээдэд ажилласан байсан гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлсэн. Давж заалдах гомдол үндэслэлгүй. Мөн Б.Нарантуяа хамаарал бүхий хуулийн этгээдэд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан үйл баримтаар тогтоогдсон. Иргэний хуулийн 59 дугаар зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

 

1. Нэхэмжлэгч Б.Нарантуяа нь хариуцагч ........-д холбогдуулан 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 852 дугаартай Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ, 853 дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр Б.Долгормаа, С.Сарангэрэл нарыг оролцуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШЗ2021/11308 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн боловч гэрчийг асуух ажиллагааг хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн байна. (хх-ийн 47, 66)

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх гэрч нарыг асуулгах хүсэлтээ дахин гаргаснаас гадна гэрчээр Г.Пүрэвсүрэн, Ө.Баярмаа нарыг асуулгах хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 183/2021/15971 дугаар захирамжаар Г.Пүрэвсүрэнг гэрчээр асуулгах хүсэлтийг хангахаас татгалзаж, Ө.Баярмааг гэрчээр асуулгах хүсэлтийг хангасан шийдвэрлэсэн боловч 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШЗ2022/02734 дугаар захирамжаар дээрх захирамжийн гэрчээр Ө.Баярмааг оролцуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэх журмыг зөрчсөн байна. (хх-ийн 228, 237)

 

Түүнчлэн, дээрх захирамжаар гэрчээр Б.Долгормаа, С.Сарангэрэл нарыг оролцуулах захирамж биелэгдэх боломжгүй болсон талаар дүгнэсэн хэдий ч энэ тухай захирамжаар шийдвэрлээгүй орхигдуулсан тул хэргийн оролцогчоос нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргах эрх хангагдсан гэж үзэх боломжгүй байна.

 

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр гэрчийг дуудаж мэдүүлэг авах ба энэхүү гэрчийн мэдүүлэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан нотолгооны хэрэгсэл болохоос гадна талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхэд өмнө нь компанийн хувьцаа эзэмшигч байсан болон дараа нь хувьцаа эзэмшигч болсон этгээдүүдийн мэдүүлэг ач холбогдолтой байж болохоор байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх талаар гаргасан хүсэлтийг хэрэгт ач холбогдолтой байвал шүүх хангах үүрэгтэй. Давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгүүлэх боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх нотлох баримт бүрдүүлэх хуулиар тогтоосон журмыг зөрчсөнийг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2022/01120 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

 

Н.БАТЗОРИГ