Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/01379

 

 

 

......- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2022/01602 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ......- ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч .....-ХХК-д холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 19,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангарав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Манай компани .....-ХХК-тай 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 01/15 дугаартай түрээсийн гэрээг байгуулж Баянгол дүүрэг, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Гурванжингийн гүүрний баруун талд байдаг компанийн эзэмшлийн аж ахуйн 70х40 метр хашаа, 20х10 метр агуулахыг 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сарын 750,000 төгрөгөөр, 11 дүгээр сарын 01-ний өдрөөс дараа жилийн 03 дугаар 31-ний өдрийг хүртэл сарын 500,000 төгрөг байхаар тохиролцож түрээсэлсэн. Түрээсийн гэрээг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгасан. 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нэхэмжлэл гаргах хүртэл бэлнээр 1,000,000 төгрөгийг төлж, 3,250,000 төгрөгийн ажил хийлгэж түрээсийн төлбөрөөс хасахаар тохиролцож түрээсийн төлбөрөөс 4,250,000 төгрөгийг төлж үлдэгдэл 23 225,000 төгрөгөөс 19,000,000 төгрөгийг төлөөгүй.

Түрээсийн гэрээний хугацаа дуусахад түрээсийн байрыг чөлөөлж барьцаанд 4 ширхэг контейнер, 1 ширхэг нугаслагч, 2 хаалга, 1 жижиг, хагас автомат гагнуурын аппаратаа үлдээж түрээсийн төлбөрийг 2018 оны 12 дугаар сард бүрэн төлж дуусгах баримт үйлдсэн боловч 2019 оны 02 сард манай компанийн манаачид худлаа хэлж бүх зүйлээ авч явсан байсан. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн тодорхойгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Баянгол дүүргийн Иргэний анхан шатны шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж улмаар Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 2022 оны 01 дүгээр хороо 11а байрны 35 тоотод оршин суудаг болохыг тодорхойлсон. Иймд .....-ХХК-аас 19,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн төлөөлөгч тайлбар, татгалзал гаргаагүй болно.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч .....-ХХК-аас 19,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ......- ХХК-д олгож, нэхэмжлэгч ......- ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч .....-ХХК-аас 252,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Хариуцагчийн төлөөлөгч А.Баянмөнх 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Д.Баясгаланд итгэмжлэл олгож шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасан. Тус хүсэлтийг шүүх хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, хүсэлтийг шийдвэрлэлгүйгээр хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг эдлүүлээгүй. Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, гэрээг сунгасан гэж дүгнэсэн. Гэтэл талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт түрээсийн гэрээг бичгээр байгуулах, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагыг хангаагүй.

Шүүх түрээсийн гэрээ, сунгалтын гэрээний он, сар, өдрийг тооцоолж гаргасан атлаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасныг хэрэглээгүй. Өөрөөр хэлбэл, түрээсийн гэрээ 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал сунгасан гэж шүүх дүгнэсэн үүнээс хойш нэхэмжлэгч хуульд заасан шаардах эрхээ хэрэгжүүлсэн эсэх, нэхэмжпэгч нэхэмжлэлдээ шүүхэд 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэсэн тайлбараас үзэхэд хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн нь тогтоогдож байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

Хариуцагч талаас 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 14 цаг 30 минутанд шүүх хуралдаанд ирээгүй нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн цахим хуудас [email protected] хаягаар явуулах ёстой байтал өөр хаягаар явуулчихаад и-мэйл явуулсан мэтээр эрх, үүрэг эдлүүлээгүй гэсэн нь үндэслэлгүй. Хүндэтгэн үзэх ямар шалтгаан байснаа хариуцагч нотлоогүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, зарим хэсгийг түрээслэсэн.

Хариуцагчийн эрх үүрэг тайлбарласны дараа тайлбар, татгалзлаа өгөөгүй атлаа гэрээг хүчин төгөлдөр бус гэж гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй. Тайлбараа хуульд заасан хугацаанд гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрх үүссэн үеэс хөөн хэлэлцэх хугацааг тоолно. 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ... түрээсийн төлбөрийг 2018 оны 12 дугаар сард бүрэн төлж дуусгана... гэж хэлсэн тул шаардах эрхийг мөн өдрөөс хойш тоолж 2021 оны 08 дугаар сард шүүхэд өгсөн боловч 10 дугаар сард эрэн сурвалжлах шийдвэр гарсан. Хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

1.    Хэргийн үйл баримт болон анхан шатны шүүхийн шийдвэрийн талаар.

 

1.а. Нэхэмжлэгч ......- ХХК нь хариуцагч .....-ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 19,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагчийн төлөөлөгч эс зөвшөөрсөн эсэх талаар тайлбар, татгалзал гаргаагүй байна.

 

1.б. ......- ХХК-ийн нь .....-ХХК-ийн захирал Л.Батмөнхтэй 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр түрээсийн гэрээ байгуулж, энэхүү гэрээгээр түрээслүүлэгч ......- ХХК нь түрээслэгч .....-ХХК-д Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Гурвалжингийн гүүрний баруун талд байрлах 70х40 м хашаа, 20 х 10 агуулахыг 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр түрээслэх, түрээслэгч нь түрээсийн төлбөрийн хэмжээг сард 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 750,000 төгрөг, 11 дүгээр сарын 01-ний өдрөөс дараа оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 500,000 төгрөг байхаар тохиролцсон байна. Талууд дээрх гэрээний хугацааг 2017 оны 12 дугаар сарынм 31-ний өдөр хүртэл сунгасан байна. (хх-ийн 7-8) Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийнм 318.1 дэх хэсэгт Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Нэхэмжлэгч ......- ХХК нь түрээсийн гэрээний дагуу хашаа болон агуулахыг хариуцагч .....-ХХК-д шилжүүлэх үүргээ биелүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон ба хариуцагчийн төлөөлөгч ... 4 ширхэг континер, 1 ширхэг нугалагч, хаалга 2, жижиг 1, хагас автомат гагнуур байгаа түрээсийн төлбөр тооцоо хийж авна... 2018 оны 12 дугаар сард бүрэн дуусгана ... гэж бичгийн баримт үйлджээ. (хх-ийн 8-ын ар тал)

 

Нэхэмжлэгч ......- ХХК нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээний төлбөрийг хариуцагч .....-ХХК-аас шаардах эрхтэй.

 

Талууд гэрээний 4.1-д түрээсийн төлбөрийн хэмжээг сард 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 750,000 төгрөг, 11 дүгээр сарын 01-ний өдрөөс дараа оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 500,000 төгрөг гэж тохиролцсоноос тооцвол, 7 сар х 750,000 төгрөг = 5,250,000 төгрөг, 5 сар х 500,000 төгрөг = 2,500,000 төгрөг бөгөөд 1 жилийн түрээсийн төлбөрт 7,750,000 төгрөг, нийт 3 жилийн түрээсийн төлбөрт 23,250,000 төгрөг төлөх төлөхөөс 4,250,000 төгрөг төлж, үлдэгдэл 19,000,000 төгрөг төлөөгүй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч баримтаар үгүйсгэж маргаагүй байна.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагч .....-ХХК-аас 19,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ......- ХХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

2.    Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын талаар

2.а. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хувийг хариуцагчийн төлөөлөгч А.Батмөнхөд 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр гардуулсан байна. (хх-ийн 23) Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж заасан. Гэвч хариуцагчийн төлөөлөгч нь дээрх хугацаанд нэхэмжлэлийн шаардлагын талаар тайлбар, татгалзлаа ирүүлэх үүргээ биелүүлээгүй тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар зөвшөөрсөнд тооцно.

 

Түүнчлэн, хариуцагчийн төлөөлөгч А.Батмөнх өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг үндэслэн анхан шатны шүүх 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдааныг 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 14 цаг 30 минут хүртэл хойшлуулсан ба мөн өдрийн шүүх хуралдаанд хариуцагч талаас хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцох боломжгүй байсан талаар баримтыг ирүүлээгүйгээс гадна шинээр итгэмжлэгдсэн төлөөлөгч томилогдсон гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг шүүх хуралдаан эхлэхээс өмнө гаргасан гэх байдал тогтоогдохгүй байх тул шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасантай нийцжээ. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчиж мэтгэлцэх эрхээр хангаагүй гэх гомдол үндэслэлгүй.

 

2.б. Хариуцагчийн төлөөлөгч Л.Батмөнх нь ... 4 ширхэг континер, 1 ширхэг нугалагч, хаалга 2, жижиг 1, хагас автомат гагнуур байгаа түрээсийн төлбөр тооцоо хийж авна... 2018 оны 12 дугаар сард бүрэн дуусгана ... гэсэн бичгийн баримт хэрэгт авагдсан ба нэхэмжлэгч түрээсийн гэрээний төлбөрийг гаргуулахаар 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүгчийн дээрх захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байсан зэргээс үзэхэд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гурван жилийн хөөн хэлэлцэх хугацаа мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар тасалдсан гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дахь хэсэгт Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж заасан тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх хариуцагчийн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

 

2.в Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар түрээсийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар эсэргүүцсэн тайлбар гаргаагүй тул мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн түрээсийн гэрээ байгуулсан гэх тайлбар хүлээн зөвшөөрсөн буюу тогтоогдсон үйл баримт гэж үзэх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан түрээсийн гэрээг бичгээр байгуулах, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагыг хангаагүй гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2022/01602 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 252,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Н.БАТЗОРИГ