Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 302

 

“И-Э в” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Зам, тээврийн хөгжлийн яаманд

холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:                 Х.Батсүрэн,

Шүүгчид:                               Г.Банзрагч,

                                             М.Батсуурь,

                                             Б.Мөнхтуяа,

Илтгэгч шүүгч:                     Ч.Тунгалаг,

Нарийн бичгийн дарга:    Б.Уранзаяа.

Нэхэмжлэлийн шаардлага: “Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн “Нислэгийн шугамыг хуваарилах, агаарын тээвэрлэгчийг томилох тухай” 250 дугаар тушаалын 2 дахь заалтыг хүчингүй болгох”,

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2020/0245 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 372 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дөлгөөн, Д.Оюундэлгэр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Байгалмаа, Б.Цэнд, Ч.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2020/0245 дугаар шийдвэрээр: Иргэний нисэхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.11, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “И-Э в” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн “Нислэгийн шугамыг хуваарилах, агаарын тээвэрлэгчийг томилох тухай” 250 дугаар тушаалын 2 дахь заалтыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлоор 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцээд 372 дугаар магадлалаар: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2020/0245 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнд, Б.Байгалмаа нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын 1995 онд байгуулагдсан “Агаарын харилцааны тухай” хэлэлцээрт Иргэний нисэхийн удирдах байгууллагуудын хооронд байгуулсан 2012 оны “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн 2 дугаар хавсралтад “Агаарын тээвэрлэгчидтэй аяллын дугаар хамтран ашиглах зэрэг маркетингийн тухай” зохицуулалтыг, тус санамж бичгийн 3-т “Хоёр тал, энд хавсралт 2 болгон хавсаргасан аяллын дугаар хамтран эзэмших заалтыг агаарын харилцааны хэлэлцээрт оруулахаар тохиролцлоо” гэж шинээр “Аяллын дугаар хуваах тухай” эрх зүйн зохицуулалтыг тусгахаар хоёр тал тохиролцсон. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын 1995 онд байгуулагдсан “Агаарын харилцааны тухай” хэлэлцээрийн 17 дугаар зүйлийн 1-д “Хэрэв Хэлэлцэн тохирогч аль нэг тал энэхүү хэлэлцээрийн аливаа заалтыг өөрчлөх нь зүйтэй гэж үзвэл Хэлэлцэн тохирогч нөгөө талтай зөвлөлдөх хүсэлт гаргаж болно. Ийм зөвлөлдөөнийг яриа хэлэлцээ хийх буюу захидал илгээх замаар явуулж болох бөгөөд тухайн хүсэлт гаргасан өдрөөс хойш 60 хоногийн дотор эхэлнэ. Ийнхүү тохирсон аливаа нэмэлт, өөрчлөлт нь дипломат шугамаар нот солилцож батлагдсан үед хүчин төгөлдөр болно” гэж заасан.

4. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын 1995 онд байгуулагдсан “Агаарын харилцааны тухай” хэлэлцээрт Иргэний нисэхийн удирдах байгууллагуудын хооронд байгуулсан 2012 оны “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн 3-т “Талууд хавсралт 2-т тусгасан аяллын дугаар хуваан ашиглалтын талаар агаарын харилцааны хэлэлцээрт зүйл болгон оруулахаар тохиров” гэж тус санамж бичигт тусгагдсан асуудлыг нарийвчлан 1995 онд байгуулагдсан “Агаарын харилцааны тухай” эх хэлэлцээрт зүйл, заалт болгож оруулаагүй, эцэслэгдэн нот бичиг солилцоогүй, тус санамж бичигт тусгагдсан асуудал хүчин төгөлдөр болоогүй буюу эрх зүйн чадамжгүй байхад шүүгч “Харилцан ойлголцлын санамж бичиг’’-ийг мөрдөж, эх сурвалж болгон ажиллах үүрэгтэй, санамж бичигт гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж үзсэн нь Олон улсын гэрээний тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т “Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэж заасан олон улсын гэрээний заалтыг ойлгож хэрэглээгүй, мөн “Харилцан ойлголцлын санамж бичиг”, “Агаарын харилцааны тухай хэлэлцээр”-ийн зорилго, агуулгыг хооронд нь хольж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасантай зөрчилдөж байна.

5. Түүнчлэн, Агаарын харилцааны хэлэлцээрийн 17 дугаар зүйлийн 2-т “Хэлэлцэн тохирогч талуудын аэронавикийн захиргаадын /Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн иргэний нисэхийн байгууллага/ хооронд шууд хэлэлцэн тохирох замаар хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулж болно” гэж заасны дагуу зөвхөн маршрутын хуваарьт заасан нислэгийн шугаманд гүйцэтгэх нислэгийн багтаамж, давтамжийг тохирч, хэрэгжүүлэх зохицуулалттай болно. Санамж бичгийн хавсралт 2-т заасан аяллын дугаар хуваан ашиглалтын зохицуулалтын талаар тусгайлан хүчин төгөлдөр болсон талаарх заалт “Харилцан ойлголцлын санамж бичиг”, “Агаарын харилцааны тухай хэлэлцээр”-т аль алинд нь байхгүй. Иймд уг зохицуулалт хүчин төгөлдөр гэж үзэх хууль эрх зүйн үндэслэлгүй бөгөөд агаарын харилцааны хэлэлцээр болон түүнийг хэрэгжүүлэх Санамж бичгийн хүрээнд аяллын дугаар хуваан ашиглах зохицуулалт бүрдээгүй байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т “нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох” гэж заасны дагуу магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгөхийг хүсье.” гэжээ.

ХЯНАВАЛ:

6. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

7. Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн “Нислэгийн шугамыг хуваарилах, агаарын тээвэрлэгчийг томилох тухай” 250 дугаар тушаалд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Иргэний нисэхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.11 дэх заалтыг тус тус баримтлан 1 дэх заалтаар, ...Улаанбаатар-Истанбул-Улаанбаатар чиглэлийн олон улсын нислэгийн шугамыг агаарын тээврийн “И-Э в” /И Э гэх/ гэх/ ХХК-д хуваарилж, нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчээр томилсон, 2 дахь заалтаар, ...Улаанбаатар-Истанбул-Улаанбаатар чиглэлийн олон улсын нислэгийн шугаманд Монголын талын ашиглах нислэгийн давтамж, багтаамжийн хүрээнд аяллын дугаар хуваан ашиглахгүйгээр хуваарьт нислэг үйлдэхийг “И-Э в” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Т-т үүрэг болгосон; нэхэмжлэгч “И-Э в” ХХК-иас уг тушаалын 2 дахь заалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж, “...агаарын тээвэрлэгч компаниуд хоорондын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бизнесийн буюу коммерийн хамтын  ажиллагааг хязгаарлах, хориглох эрх хуулиар олгогдоогүй, ...Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын баримт бичигт заасантай нийцэхгүй, зөрчилдсөн, ...2012 онд байгуулсан “санамж” бичгээр аяллын дугаар хамтран эзэмших боломжийг Монгол Улс болон Турк Улсын агаарын тээвэрлэгч компаниудад нээлттэй болгосон /байхад/, ...компанийн олон улс дахь бизнесийн буюу коммерийн хамтын ажиллагааг хязгаарласан, боймилсон, ...хууль бус” гэж, хариуцагчаас “...санамж бичгээр аяллын дугаар хамтран эзэмших боломжийг нээлттэй болгосон хэдий ч иргэний нисэхийн салбарын бодлоготой уялдуулан шийдвэр гаргах эрх нь хэлэлцэгч талуудад хадгалагдаж байгаа, ...одоогоор шийдвэрлэгдээгүй, ...тушаалын улмаас хууль ёсны эрх ашиг нь хэрхэн зөрчигдсөн нь тодорхойгүй” гэж тус тус маргажээ.

8. Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 39 дүгээр тогтоолоор баталсан 1995 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Анкара хотноо гарын үсэг зурсан “Агаарын харилцааны тухай” Монгол Улсын Засгийн газар, БНТУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 1 дүгээр зүйлийн б/-д “... “Аэронавтикийн захиргаа” гэдэгт Монгол Улсын хувьд Монгол Улсын Дэд бүтцийн хөгжлийн сайд буюу эсвэл тухайн сайдын эрхэлж байгаа аливаа ажлыг гүйцэтгэх эрх олгогдсон аливаа байгууллага буюу бие хүнийг ойлгоно. Бүгд Найрамдах Турк улсын хувьд Тээвэр, холбооны сайд буюу эсвэл тухайн сайдын эрхэлж байгаа аливаа ажлыг гүйцэтгэх эрх олгогдсон аливаа байгууллага буюу бие хүнийг ойлгоно”, 11 дүгээр зүйлийн 4-т “Цаашид тохиролцсон үйлчилгээг Хэлэлцэн тохирогч хоёр Талын томилогдсон агаарын тээврийн компаниуд эрхлэн гүйцэтгэх тохиолдолд тэдгээр нь тогтоосон шугамаар нээгдэх тохиролцсон үйлчилгээний багтаамж, давтамжийг тохиролцоно. Багтаамж, давтамжийг Хэлэлцэн тохирогч хоёр Талын аэронавтикийн захиргаадаар батлуулна...” гэж тус тус заасан; Хэлэлцэн тохирогч талуудын Засгийн газрыг тус тус төлөөлж, Турк Улсын Иргэний нисэхийг удирдах ерөнхий газрын ерөнхий захирлын орлогч, Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга нарын 2012 оны 4 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулсан уулзалтаар, хэлэлцээртэй холбогдох болон хоёр орны хоорондын агаарын харилцааг зохицуулах хүрээний тодорхой асуудлуудын талаар “Харилцан ойлголцлын санамж бичиг” гаргаж, гарын үсэг зуралцсан нь хүчин төгөлдөр, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй байна.

9. Харин, уг “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ээр, аяллын дугаар хамтран эзэмших асуудлыг зохицуулахгүй, түүнчлэн “Санамж бичиг”-т тусгаснаар “Хэлэлцээр”-т нэмэлт, өөрчлөлт оруулж хэрэгжүүлэхээр байгаа, уг асуудлыг Засгийн газар хоорондын “Хэлэлцээр”-ийн журмаар зохицуулна гэх агуулгаар хариуцагч маргасан, шүүхүүд, тус “Хэлэлцээр”-ийн 11 дүгээр зүйлийн 4-т заасанд нийцүүлэн “Санамж бичиг”-ийн хүчинтэй байдал, чадамжийн хувьд нь тайлбарласан нь зөв байна.

10. Үүний зэрэгцээ, уг “Хэлэлцээр” болон “Санамж бичиг”-ийн аль алинд Хэлэлцэн тохирогч Талууд нь “Улаанбаатар-Истанбул-Улаанбаатар чиглэлийн олон улсын нислэгийн шугаманд Монголын талын ашиглах нислэгийн давтамж, багтаамжийн хүрээнд аяллын дугаар хуваан ашиглахгүй” байхаар зохицуулж, аливаа хязгаарлалт тогтоогоогүй, хэргийн оролцогчид энэ асуудлаар маргаагүй байна.

11. Иймээс, Иргэний нисэхийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т “Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэж заасны дагуу энэ маргааны хувьд тухайн “Хэлэлцээр” нь тухайн хуулиас давуу байдлаар шүүхэд хэрэглэгдэхгүй учир хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан “...“Агаарын харилцааны тухай хэлэлцээр”-т аяллын дугаар хамтран  эзэмших тухай зохицуулалт эрх зүйн  хувьд чадамжгүй бөгөөд зохицуулалтгүй байхад шүүгч “Харилцан  ойлголцлын санаж бичиг”-т хоёр талын аяллын дугаар хамтран эзэмших талаар зохицуулж хүчин төгөлдөр мөрдөж байгаа гэж үзсэн нь хэргээ ойлгоогүй, мөн Олон улсын гэрээний заалтыг ойлгож хэрэглээгүй” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй юм.

12. Иргэний нисэхийн тухай хуулийн 7 дугаар зүйлд иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхийг, үүнд, 7.1.3-т “Монгол Улсын агаарын зайд иргэний нисэхийн зориулалтаар ашиглах агаарын зам, агаарын хаалгыг тогтоох, олон улсын нислэгийн чиглэлийг нээх, хаах”, 7.1.11-д “иргэний нисэхийн салбарт олон улсын нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчийг тогтоох, нислэгийн шугамыг хуваарилах, агаарын тээвэрлэлтийн эрх олгох, тарифыг баталгаажуулах, агаарын хөлгийг хамтран эзэмших буюу түрээслэхтэй холбогдсон асуудлыг зохицуулах”-аар тус тус зааснаас үзэхэд, аливаа хязгаарлалт, хориглолт агуулсан шинжгүй, энэ тохиолдолд, хариуцагчийн гаргасан шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх”-ээр, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”-аар заасанд нийцээгүй, энэ талаар дүгнэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн шийдвэр, магадал зөв байна.

13. Түүнчлэн, “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ээр аяллын дугаар хамтран эзэмшихээр тохиролцсон нь “Агаарын харилцааны тухай” хэлэлцээрт нийцээгүй гэх маргаан нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамааралгүй, шүүхүүд, уг “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг “Хэлэлцээр”-ийн салшгүй хэсэг гэж тайлбарласан нь “Хэлэлцээр”-ийн 1 дүгээр зүйлийн б/-д тодорхойлсон “Аэронавтикийн захиргаа”, түүнд олгогдсон бүрэн эрхэд нь үндэслэсэн, иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан  “...“Харилцан ойлголцлын санамж бичиг”, “Агаарын харилцааны тухай хэлэлцээр”-ийн зорилго, агуулгыг хооронд нь хольж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1, 34.2-т зааснаар нотлох баримтыг үнэлээгүй” гэх гомдлыг хангах  үндэслэлгүй.

14. Иймд, дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнд, Б.Байгалмаа нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэв.