Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 431

 

Б.З-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Багахүү, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 81 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 508 дугаар магадлалтай, Б.З-т холбогдох 1903001690161 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүүгийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1980 онд төрсөн, 39 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд механизмын оператор мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Б.З нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 8 сарын хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч гомдлыг гаргасан. Б.З-г гэм буруутайд тооцож, 2 жил 8 сарын хорих ял шийтгэсэн нь үндэслэлгүй юм. 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт болсон зам тээврийн осолд П.Пүрэвханд гэх мөрдөн байцаагч мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байдаг. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээс харахад П.Пүрэвханд техникийн шинжээчийн дүгнэлт гаргаснаар харагдах боловч хавтаст хэрэгт байхгүй. Хэрэв дүгнэлт гаргасан бол хэргээс алга болсон гэж үзэх үндэслэлтэй бөгөөд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д заасныг зөрчсөн байна. Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан нь нийтлэг үндэслэл буюу явган зорчигчид мөн адил хамааралтай заалт юм. Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасныг түр буюу удаан зогсолд хийсний дараа хөдөлсөн үед хэрэглэнэ. Хохирогч хүнд гэмтэл авч 50 хоног эмнэлэгт хэвтсэний дараа цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байтал өөрийн хүсэлтээр эмнэлгээс гарсан. Хохирогч гэмтэл авснаас хойш 110 хоногийн дараа нас барсан бөгөөд шинжээчийн 1292 дугаартай дүгнэлтээр спиртийн архаг хордлогонд орсон байсныг тогтоосон. Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт очиж хэргийн материалтай танилцахад шинжээчийн 1292 тоот дүгнэлт авагдаагүй байсан. Мөн “Батгэрэлт ирээдүй” ТББ хохирогчид эмчилгээ хийсэн гэх ямар ч нотлох баримтгүй, усгүй, ариутгал байхгүй нөхцөл байдалд байсан. Эдгээр байдлуудаас үзэхэд “Батгэрэлт ирээдүй” ТББ хохирогчийг асраагүй байна. Харин эмчилгээг зохих журмын дагуу хийсэн бол хохирогч нас барахгүй байсан. Прокурор бүрэлдэхүүнтэй шинжээч томилж үхлийн шалтгаант холбоог тогтоох ёстой” гэсэн байна.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Багахүү шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу мөрдөгчийн магадлагаа гаргасан нь хууль зөрчөөгүй. 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 1292 тоот шинжээчийн дүгнэлтээс харахад хохирогч учирсан гэмтэл, үхлийн хооронд шалтгаант холбоо бий. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан үндэслэлээр мөрдөгч П.Пүрэвханд лавлагаа гаргасан. Амь хохирогч Ц.У нь гэмтлийн улмаас цусан үжил үүсч нас барсан болох нь тогтоогдсон. Шүүх Д.З-т холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хяналтын шатны шүүх хуралдаанаар шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүүгийн гаргасан гомдлыг үндэслэн Б.З-т холбогдох хэргийг хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянав.

 

Шүүгдэгч Б.З нь 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 13 цаг 50 минутын орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар нутаг дэвсгэр, Шинжлэх ухааны технологийн Их Сургуулийн харьяа Механик инженерийн сургуулийн арын замд “Амгалан дулааны станц” ХХК-ийн эзэмшлийн “Beiben ND” маркийн 28-74 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 8.18, 16.6, 10.1 дэх заалтад тус тус заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.У-г мөргөж хүнд гэмтэл учруулж, улмаар Ц.У нь 4 сарын дараа нас барсан талаарх хэргийн үйл баримтыг шүүхүүд нотлох баримтад тулгуурлан үндэслэлтэй зөв тогтоосон атлаа шүүгдэгчийн гаргасан үйлдэлд эрх зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тохирсон хэсгээр оновчтой зүйлчилж чадаагүй байна.

 

Нотлох баримтуудыг судлахад Б.З нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Ц.У-г мөргөсний улмаас хохирогчийн биед хүнд зэргийн гэмтэл учруулсан болох нь хүний биед хийсэн шинжээчийн 2488 тоот дүгнэлтээр, амь хохирогч Ц.У нь зүүн шилбэний дээд хэсэг, баруун тавхайн хуруу, шивнүүрийн идээт шарх, ууц зүүн ташаан толгойн идээлж үрэвссэн эдийн дутагдал бүхий холголтын шарх, цусал үжлийн улмаас нас барсан болох нь цогцост хийсэн шинжээчийн 1292 тоот дүгнэлт болон тусгай мэдлэгийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шинжээчийн мэдүүлгээр тус тус тогтоогджээ.

 

Дээрх баримтуудаас харахад Б.З-н амь хохирогч Ц.У-г мөргөсөн үйлдлийг амь хохирогчийн нас барсан үхлийн шалтгааныг шууд холбон тайлбарлаж, Б.З-г хүний амь нас хохироосон гэж дүгнэх үндэслэлгүй бөгөөд энэ тохиолдолд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, амь хохирогчийн үхлийн шалтгааны хооронд цаг хугацаа, үр дагаврын холбоог тасарсан гэж үзнэ. 

 

Учир нь уг ослын улмаас Ц.У нь мэс заслын ажилбараар хөлөө тайруулж, удаан хугацааны турш хэвтэрт эмчлүүлэх явцад хохирогчийн цусан хангамж дарагдаж биед нь шарх үүсч үрэвсэн биеийн булчин завсарт авагдсан идээ нь сахарын өвчинтэй хавсарч улмаар нас барсан байна.

 

Хохирогчийн үхэлд хүргэх шалтгаан болсон эдийн дутагдал бүхий холголтын шарх, цусал үжил хүндрэлийг эмчлэх боломжтой байсан талаар шинжээч нарын дүгнэлт, мэдүүлгүүдэд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тусгагдсан байх тул үр дагаврыг шүүгдэгчийн хүнд гэмтэл учруулсан үйлдэлтэй хамаатуулан үзэх боломжгүй юм.   

 

Түүнчлэн, Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэх заалт нь замын хөдөлгөөнд оролцогчдыг сонор сэрэмжтэй, анхааралтай байхыг үүрэг болгосон санамжийн шинж чанартай ерөнхий заалт тул түүнийг зөрчсөн гэх байдлаар Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь оновчтой бус юм.

 

Харин Б.З нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо явган хүний гарц дээр зогсолт хийсний улмаас явган зорчигч Ц.У зам хөндлөн гарахын тулд 11.4 метрийн урттай тээврийн хэрэгслийг тойрох хүндрэл бий болгож, улмаар явган зорчигч энэ замыг явж амжаагүй байхад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зөвшөөрсөн гэрэл ассанаар жолооч зам, орчны байдлыг биеэр шалгалгүйгээр хөдөлгөөн эхлэж хохирогч Ц.У-г мөргөж, хүнд гэмтэл учруулсан үйлдэл нь Замын хөдөлгөөний дүрмийн 8.18, 16.6, 10.1 дэх заалтад тус тус заасныг зөрчсөн шинжтэй байна. Энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт зүйтэй байна.

 

Тиймээс Б.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иймд дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхэд өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүүгийн гомдлыг хэсэгчлэн хангаж, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэх тухай гомдлын хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 81 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 508 дугаар магадлалын тогтоох хэсэгт:

1. “Шүүгдэгч Б.З-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.”

2. “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүүгийн гомдлыг хэсэгчлэн хангаж, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэх тухай гомдлын хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                             ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                             ШҮҮГЧ                                                            Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                     Б.БАТЦЭРЭН

                                                                                                                     Ч.ХОСБАЯР

                                                                                                                     Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН