Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 508

 

 

 

 

 

 

   2020            4             23                                       2020/ДШМ/508   

 

 

Б.Зт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Очмандах, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Н.Уранбайгаль,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Машбат,

шүүгдэгч Б.З, түүний өмгөөлөгч Б.Дагиймаа, Э.Ганхөлөг, С.Сувдмаа,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,  

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд  даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.З, түүний өмгөөлөгч Б.Дагиймаа, Э.Ганхөлөгийн хамтарсан, С.Сувдмаа нарын давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Б.Зт холбогдох эрүүгийн 1903001690161 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Хиад Боржигон овогт Б.З, 1980 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд механизмын оператор мэргэжилтэй, “Амгалан дулааны станц” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 1, Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Байдлаг гудамжны 11 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, /РД:НВ80071530/,

 

Шүүгдэгч Б.З нь 2019 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 13 цаг 50 минутын орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн харьяа механик инженерийн сургуулийн арын замд “Амгалан дулааны станц” ХХК-ийн эзэмшлийн “Веinben HD” маркийн 28-74 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 8.18, 16.6, зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Уртнасанг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.  

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Зын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Зт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Зт оногдуулсан 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Зын цагдан хоригдсон 6 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Зт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг түүнд оногдуулсан 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, хэрэгт хураагдан ирсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №462755 дугаартай үнэмлэх баримтыг эрх хасах нэмэгдэл ялын хэрэгжилтийг хангуулахаар гүйцэтгэх бичиг баримтын хамт Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах А.Арайд үүрэг болгож, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэг, 499 дүгээр 499.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт иргэний хариуцагч “Амгалан Дулааны Станц” ХХК-иас 8.951.408 /найман сая есөн зуун тавин нэгэн мянга дөрвөн зуун найм/ төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Зайсангийн 13-2 тоотод оршин суух, Чойжил овогт Сэрдамбын Машбатад /РД:ЙР71071879/ олгохоор шийдвэрлэснийг шүүх хуралдаан завсарласан хугацаанд иргэний хариуцагч “Амгалан Дулааны Станц” ХХК нь нөхөн төлснийг тэмдэглэж, нэхэмжлэлээс үлдэх, хоол хүнс, утасны нэгж, шатахуун, өмгөөллийн зардал зэрэгт хамаарах 4.568.503 /дөрвөн сая таван зуун жаран найман мянга таван зуун гурав/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Машбат нь амь хохирогчийн оршуулах зан үйлтэй холбоотой баримтгүй гаргасан зардал гэх 2.245.000 төгрөгийн шаардлагад хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.З давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хүний амь нас эрсэдсэнд маш их харамсаж байна. Шүүх хуралдаанаас хойш 4 сарын дараа хохирогч сахарын шижин, спиртний хордлого гэх оношоор нас барсан байсан. Хэрэв энэ хугацаанд эмнэлгээс гаралгүй, эмчилгээ хийлгэж байсан бол хохирогч эдгэх боломжтой байсан гэж задлан шинжилгээ хийсэн эмч хэлсэн. Иймд шүүх миний хувийн байдлыг харгалзан хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.  

 

Шүүгдэгч Б.Зын өмгөөлөгч Э.Ганхөлөг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор хөдөлшгүй нотлох баримтын үндсэн дээр шийдвэрлэсэн гэж үзэхгүй байна. Энэ маш онцлогтой хэрэг. Учир нь, Монгол улсын замын хөдөлгөөн нэлээдгүй камержчихсан байгаа. Гэтэл уг хараагүйчүүдийн нэвтэрдэг гарцан дээр камер ажлаагүй байсан нь хэргийг харамсалтай байдалд хүргэж байна. Уг нь тухайн хэсэг хамгийн камер шаардлагатай хэсэг юм байна лээ. Б.З нь “хөдөлшгүй баримтаар буюу өөрт нь мэдэгдэхүйцээр, хэд хэдэн гэрчийн мэдүүлгээр, эсхүл камерын бичлэгээр мөргөсөн болох нь тогтоогдсон бол үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрөхөд бэлэн байна” гэж байсан. Гэтэл тухайн үед том машинд мэдрэгдээгүй. Мөн хэд хэдэн удаагийн хэргийн газрын үзлэг зөрүүтэй, ганц харсан гэрч нь яг хараагүй “мөргөөд унах шиг болсон” гэх мэдүүлгүүд болон гэрчийн мэдүүлсэн байрлал, шинжээч эмчийн шүүх хуралдаан дээр хариулж байгаа эргэлзээтэй байдал зэргээс харахад шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх боломжтой байсан. Өмгөөлөгч нарын зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэд хэдэн хүсэлт гаргасан боловч ажиллагаа хийгдэлгүй шүүх хуралдаан болсон. Б.Зын сая хэлсэн тайлбар нь “хохирогч хэд хэдэн шалтгаан нөхцөлийн улмаас нас барсан” гэдгийг л тайлбарлаж байгаа юм. Түүнээс яг сахарын өвчний улмаас нас барсан гэж хэлээгүй юм. Анхан шатны шүүх хуралдаан дээр шинжээч эмч хэд хэдэн эргэлзээтэй тайлбаруудыг өгсөн учраас түүнийг шүүгдэгч тэгж ойлгосон байна. Шинжээч эмчээс “хэрэв асаргаа, сувилгаа сайн байгаад цусанд нь бохир ороогүй байсан бол хохирогч амьд байх боломжтой байсан” гэж тайлбарласан. Гэсэн мөртлөө прокурорыг асуухад өөр тайлбар хэлсэн. Энэ мэтчилэн нотлох баримт болон шинжээчийн дүгнэлт эцсийн байдлаар тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх шийдвэр гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. ...” гэв. 

 

Шүүгдэгч Б.Зын өмгөөлөгч Б.Дагиймаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолд Г.Быг Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Найм. замын хөдөлгөөн зохицуулах дохио. 8.18. гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч “зогс шугам” (1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг)-ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцны өмнө, бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио, зохицуулагчийн, эсхүл энэ дүрмийн 17.5-д заасны дагуу төмөр замын гармын өмнө зогсоно, мөн дүрмийн явган хүний гарц нэвтрэх 16.6-д заасан “Жолооч явган хүний гарц дээр тээврийн хэрэгслээ зогсоож болзошгүй түгжрэл, саатал тохиолдсон үед (зөвшөөрсөн гэрэл дохио асаж байгаа эсэхээс үл хамааран) гарц руу орохыг хориглоно”, Арав. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх чиг өөрчлөх, байр эзлэх, зогсоохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг бүрэн үнэлээгүй, эргэлзээтэй нотлох баримтыг шийтгэх тогтоолын үндэслэл болгосон гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Учир нь, Б.Зын хохирогчийг мөргөж амь насыг нь хохироосон гэх баримт хавтас хэрэгт бүрэн дүүрэн авагдаагүй. Гэрч Содбаярын мэдүүлгийг үндэслэж мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэн. Хэргийн газрын үзлэг 2 удаа хийгдсэнээс хоорондоо асар их зөрүүтэй. Гэрч Содбаяр нь эсрэг урсгалын зорчих хэсэгт зорчиж байсан жолооч бөгөөд гэрчээр мэдүүлэхдээ “Б.Зын тээврийн хэрэгсэл хохирогчийг баруун копудаараа мөргөж, хохирогч баруун тал руугаа унасан” гэж мэдүүлсэн. Гэтэл хэрэгт авагдсан фото зургаас харахад явган зорчигч нь зорчих хэсгийн 2 дугаар эгнээний голын хэсэгт унасан байсан. Тэгэхээр яаж баруун копудаараа мөргөж,  баруун дугуйнуудаараа дайраад байгаа юм бол зорчих хэсгийн 2 дугаар эгнээний голд явган зорчигч байрлаад байгаа юм бэ гэдэг нь ойлгомжгүй байна. Мөн хэргийн газрын үзлэгээр А, Б цэгийг тогтоосон. А цэгээс Б цэгийн хооронд 7 метрийн зайтай гэж тогтоогдсон. Тухайн өдөр хөдөлгөөний эрчим ихтэй, түгжрэлтэй өдөр байсан болох нь хэд хэдэн гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон. Гэтэл хөдөлгөөний эрчим өндөртэй үед Б.З нь хохирогчид машинаараа мөргөлөө гэж бодоход хохирогч яаж 7 метрийн зайд унаад байна вэ. Энэ талаар мөрдөгчийн магадалгаа гаргасан Пүрэвхандаас гэрчийн мэдүүлэг авсан боловч тодорхой хариултуудыг өгөөгүй. Мөн Б.З нь зам тээврийн осол гаргаж түүний улмаас хүн амь нас хохирсон гэж яригддаг. Өмгөөлөгч нарын зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт удаа дараа ослын улмаас хохирогч нас барсан уу гэдгийг тогтоолгох хүсэлт гаргасан. Гэтэл үүнд дахин шинжээч томилоогүй, шинжээчээс мэдүүлэг аваагүй. Харин анхан шатны шүүх хуралдаанд шинжээч эмчийг оролцуулсан. Шинжээч эмчээс хохирогчийн цусанд нь бохир орж идээлээд, холголт үүсч, цусан үржил гэх шалтгаанаар нас барсан гэсэн. Өмгөөлөгчийн зүгээс “идээлсэн холголт нь эмчилгээний горим алдагдсантай хамааралтай юу, асаргаа буруу хийгдсэнээс болж ийм нөхцөл үүсэх боломжтой юу” гэдэг асуултыг асуухад шинжээч эмчээс “асаргаа, сувилгаа буруу хийгдэж, эмчилгээний горим алдагдсанаас болж цусан үржил үүсэх боломжтой” гэж хариулсан. Гэтэл энэ асуултыг прокурор дахин асуухад өөрөөр хариулсан буюу эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгож байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хохирогчийн гутал дээр дугуйн мөр үүссэн гэдэг. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гутлыг эд мөрийн баримтаар хураан авч шинжилгээ хийлгүй шууд устгасан. Мөн шинжээч эмч Нанзад нь “Б.Зын унаж явсан тээврийн хэрэгсэлд хүн мөргөсөн ул мөр үлдээгүй” гэж мэдүүлсэн. Иймд Б.З нь тухайн ослыг гаргаж, ослоос болж хүний амь нас эрсэдсэн болох нь хэрэгт авагдсан баримтын хүрээнд бүрэн тогтоогдохгүй байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.  

 

Шүүгдэгч Б.Зын өмгөөлөгч С.Сувдаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурор хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн гэж үзсэн. Мөн анхан шатны шүүх нотолбол зохих байдал хангалттай тогтоогдсон, эргэлзэхүйц нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзсэн. Өмгөөлөгчийн зүгээс хэргийг дутуу шалгасан, эргэлзээтэй нөхцөл байдал байна гэж үзэж байна. Учир нь, амь хохирогч оюуны хүндэвтэр хомсдолтой байсан учраас 2018 оны 11 дүгээр сараас 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 24 сараар 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай групп орсон байсан. Гэтэл хэрэгт өрхийн эмчийн тодорхойлолтоор хөнгөн зэргийн оюуны хомсдолтой гэж 9 шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэсэн. Хохирогчийг амьд байхад нь оюуны хөнгөн хомсдолтой байсан уу, хүндэвтэр хомсдолтой байсан уу, хэрэг хариуцах чадвартай байсан уу, үнэн зөв мэдүүлэг өгч чадах байсан уу гэдгийг тогтоох шаардлагатай байсан. Хэрэв хохирогч оюуны хүндэвтэр хомсдолтой байсан бол замын гэрлэн дохиог ялгаж, салгаж, үүгээр явган хүн гарах ёстой гэдгийг ойлгож байсан эсэх нь эргэлзээтэй. Үүнийг дутуу шалгасан гэж үзэж байна. Мөн амь хохирогч Бат-Ирээдүй сувилалын газар 2 сар сувилуулж байгаад нас барсан гэж ар гэрийнхэн нь хэлсэн. Гэтэл тухайн сувилалын газар ямар эмчилгээ хийлгэсэн, ямар нөхцөлд байсныг нь нарийн шалгаагүй, энэ байдлаасаа болж хүндэрсэн байхыг үгүйсгэхгүй. Шинжээч эмч Ганболдоос “энэ шархыг горимоор нь эмчлүүлсэн бол эдгэрэх боломжтой байсан уу” гэж асуухад “тийм” гэж хариулсан. Тэгэхээр эмчилгээний горим зөв байсан уу гэдэг талаар эмч, сувилагч нараас нь асууж тодруулаагүй. Мөн хохирогч Гэмтэл согог судлалын үндэсний төвд 4 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл эмчлүүлж байгаад өөрийнхөө хүсэлтээр эмнэлгээс гарсан болох нь өвчний түүх дээр “41 хоног хэвтэн эмчлүүлж, эмчилгээний зардалд 1.400.000 төгрөг гарсан” гэж бичигдсэн байна. Гэтэл хохирогч 3.000.000 төгрөгийн эмчилгээний зардал гарсан гэсэн. Тэгэхээр эмнэлгээс өөрөө гарсан нь ийм нөхцөл байдалд хүргэсэн байх боломжтой, эргэлзээ төрүүлж байна. Мөн анхны хэргийн газрын үзлэгийн А, Б цэгүүд, нөхөн үзлэгийн А, Б цэгүүдтэй зөрүүтэй. Уг зөрүүг одоог хүртэл арилгаагүй. Мөн мөрдөгч Пүрэвханд хэрэгт зарлал тавьсан. Энэ зарлалдаа “Б.Зын машины урдуур хар хөх өнгийн машин орсон байна. Уг машиныг харсан хүн холбоо барина уу” гэсэн байсан нь эргэлзээ төрүүлж байна. Учир нь Б.Зын машины урдуур хар өнгийн машин явсан байна. Үүнд нарийн шалгалт хийгээгүй байдал харагдаж байна. Мөн хавтас хэрэгт хавсаргасан эрүүл мэндийн картанд 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдөр сэтгэцийн эмч үзлэг хийж тэмдэглэл үйлдсэн байсан. Энэ тэмдэглэлд хохирогчийг “юмны нарийн утга учрыг ойлгохгүй” гэж тэмдэглэсэн байдаг. Гэтэл Эрүүл мэндийн төвийн эмч Болормаа “юмыг ойлгохдоо сайн” гэж эсрэгээр нь тодорхойлсон байсан. Иймд мөрдөн шалгах ажиллагаа дутуу явагдсан, эргэлзээтэй нотлох баримтуудыг нарийвчлан тогтоогоогүй гэж үзэж байна. Мөн задлан шинжилгээний оношийн 3 дугаар зүйлд спиртийн архаг хордлоготой, элэгний өөхлөлттэй, нойр булчирхайн хатууралтай, тархины эмгэгшилтэй гэж дүгнэсэн байсан. Гэтэл уг спиртийн хордлого нь ахуйн спиртийн хордлого юм уу, эсхүл эмчилгээний спиртээс хордсон эсэх нь тодорхойгүй. Мөн дан ганц шархнаасаа болоогүй, хавсарсан хүндэрлээс болж ууц, зүүн сүүжний холголтын идээт үрэвслийн улмаас нэвчиж ясандаа орсон учраас идээ үүсгэж үүнээсээ болж нас барсан. Тэгэхээр хоёрдмол шинжтэй нас барсан байхад нэгдүгээр шинжээр нь Б.Зтай холбогдуулж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэм буруутай эсэхэд эргэлзээ төрвөл ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү. Энэ нь болгоомжгүй буюу хөнгөн ангиллын гэмт хэрэг учир хохирлыг байгууллага нь төлсөн. Хэдийгээр гэм хор арилахгүй ч гэсэн эргэлзээтэй зүйлүүдийг шалгаж байж хүний хувь заяаны асуудлыг шийдвэрлээгүй тул гомдолтой байна. ...” гэв.  

 

Хохирогч Б.Идэрийн хууль ёсны төлөөлөгч С.Машбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийг мөрдөн шалгах ажиллаганы явцад бүрэн тогтоож анхан шатны шүүх үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас хохирогчийг ослоос болж нас бараагүй, өвчний улмаас нас барсан гэж байна. Хэрэв ийм осол болж, хөлөө тайруулаагүй байсан бол юу гэж хэдэн сар эмнэлэгт хэвтэж, асаргаа, сувилгаа хийлгэж, яс, сүүж нь цоороход хүрхэв. Шүүгдэгч талаас ингэж ярьж байгаад эвгүй сэтгэгдэл төрж байна. Мөн оюуны хомсдолтой байсан болохоор машин доогуур гүйгээд орчихсон юм шиг ярьж байна. Амь хохирогч биеэ бүрэн аваад явах чадвартай хүн байсан. Тэр замаар ганцаараа явж чаддаг байсан. Уг гэрлэн дохио нь зүгээр гэрэл асахаас гадна дохио дугардаг. Өмгөөлөгч нараас хэрэв баруун талаараа мөргөсөн юм бол яагаад замын голд байсан юм бэ гэж байна. Машин баруун урд талаараа мөргөсөн бол голдоо л байж байна шүү дээ. Хэрэгт авагдсан зурагнаас харахад хохирогч үсрээд явчихаагүй, замын зах руу 7 метр мөлхсөн байсан. Эдгээр нөхцөл байдлуудыг бүгдийг нь тогтоож байж анхан шатны шүүх хуралдаан болж зохих ял шийтгэлийг оногдуулсан. Бидний хувьд гомдолтой байна. Хохирол бүрэн барагдаагүй гэж үздэг. Учир нь, гарсан баримттай зардлуудыг тухайн иргэний хариуцагч байгууллагаас төлж, зарим нэг баримтгүй зардлуудыг нь шүүхээс хэрэгсэхгүй болгосон. Хүнд ёс зүй гэж байна. Хүнээ алдчихсан айл ямар ч гараагүй зардлыг нэхэмжлэхгүй шүү дээ. Тэгээд шүүгдэгч талд ийм хэмжээний зардал гарсан гэхэд “энэ зардлыг бид төлье. Та гомдолгүй гээд хэлээд өгөөч” гэж утсаар ярьж байсан. Тэгээд юу болсныг мэдэхгүй чимээгүй болчихсон. Дараа нь давж заалдах гомдол гаргасан гэж шүүхээс надад мэдэгдсэн. Өөрөөр надтай харьцаагүй. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.  

 

Прокурор Н.Уранбайгаль тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт авагдсан хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч зураглал, гэрэл зургийн үзүүлэлт, мөн хохирогч Уртнасангийн амьд сэрүүн байхдаа өгч байсан мэдүүлэг буюу “гэртээ харих гээд дунд голын гүүрээр гараад замын хойд талд явган хүний гэрэл дохио хүлээгээд зогсож байтал хараагүй хүмүүст зориулсан гэрэл дохионы дуу дуугарсан. Би зөвшөөрсөн гэрэл дохио асахаар нь зам гарах гээд явган хүний гарцаар гарч байтал явган хүний гарцан дээр урт машин зогсож байхаар нь урдуур нь тойрч гарах гэж байтал машин урагш хөдөлсөн. Би тухайн үед айж, сандраад буцаад явах гэсэн боловч тэр машин намайг дайрчихсан. Тэгээд машин доогуур орсон бөгөөд автомашины дугуй миний хөл дээгүүр гарсан. Намайг зам дээр байхад жолооч гүйж гарч ирээд намайг хэн нэг хүнтэй хамт өргөөд замын хажууд гаргаж тавьсан” гэх мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Машбатын “миний эгч Уртнасан нь тухайн үедээ яаралтай хагалгаанд орсон. Тухайн өдрөө баруун талын хөлөө тайруулсан. Мөн 10 хурууныхаа үзүүр хэсгийг тайруулж гутлыг нь хадгалах шаардлагагүй гэсэн учир би сүсэглэж гутал хувцсыг нь ламаас асуугаад шатаачихсан. Гутлынх нь зүүн талаас баруун тийш жаажийсан, гутал доторх нь нил цус болсон, гутал болон оймсонд нь хүний биеийн зөөлөн эдийн жижиг хэсгүүд байсан” гэх мэдүүлэг. Мөн гэрч Бат-Ирээдүй, Содбаяр, Мөнхсүх, Дүүрэнбилэг, Борхүү нарын мэдүүлэг, мөрдөгчийн магадалгаа, хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн дүгнэлт, цогцост хийсэн шинжээчийн дүгнэлт зэрэг хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон. Анхан шатны шүүх хуралдаан дээр ч мөн хохирогч сэтгэцийн өвчтэй учраас ногоон гэрлээ хараагүй, дуут дохиогоо сонсоогүй машины урдуур орчихсон байна, хүнд даацын машинаар хүн мөргөсөн юм бол яагаад 7 метрийн цаана хохирогч унасан юм бэ гэх зүйлүүд яригдаж байсан. Гэрч Содбаярын мэдүүлгээр “явган хүний гарцан дээр том улаан машин хөндөлсөөд зогссон байсан. Гэтэл явган зорчигч гарч байтал мөргөөд явган зорчигч хөл нь муу юм уу гэмээр 2-3 удаа эргээд унасан. Тэгээд машины дугуй хөл дээгүүр нь гарсан” гэж мэдүүлсэн. Энэ гэрчийн мэдүүлгийг үндэслэж А болон Б цэгийг тогтоосон нь үндэслэлтэй. Учир нь, гэрч хэрэг хариуцах чадвартай, хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан. Бөглөрөлтэй гарцан дээр хүн заавал мөргөж, шидэгдэнэ гэж байхгүй. Тухайн хүн эргэлдэж машины доор унахад дээгүүр машин гарсан гэж хэд хэдэн гэрч мэдүүлсэн. Мөн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь жолооч замын хөдөлгөөн оролцохдоо аюулгүй байдлаа хангаж оролцоогүй. Өөрөөр хэлбэл, явган зорчигчийг зам хөндлөн гарч байсныг жолооч мэдээгүй байсан. Тэгээд дүгнэж хөдөлхөд хажууд талаас нь өөр тээврийн хэрэгслийн жолооч “чи хүн мөргөчихлөө шүү дээ” гэхээр нь буухад хүн мөргөчихсөн байсан гэх мэдүүлгээс дүгнэхэд тухайн жолооч замын хөдөлгөөн оролцохдоо аюулгүй байдлаа хангаж оролцоогүй. Мөн анхаарал болгоомжгүй явснаас болж энэ осол гарсан.  Хэдий тухайн үед бөглөрөлтэй байсан ч тээврийн хэрэгсэл явган хүний гарц руу нэвтрэн зогсохыг хориглоно. Б.З нь мөн уг заалтыг зөрчсөн. Мөн жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам орчны байдлыг биеэр шалгаж, бусдад аюул осол үүсэхгүй байх нөхцөлийг хангаж оролцоогүйгээс явган зорчигчийг мөргөж, амь насыг нь хохироосон. Хохирогч Уртнасан нь амьд сэрүүн байхдаа сахарын өвчтэй байсан. Гэхдээ шүүх хуралдаанд шинжээч эмчийг оролцуулж асуухад “хэрэв энэ хүн осолд орж, хөлөө тайруулаагүй байсан бол хохирогч амьд байх байсан. Ослоос болж нас барсан” гэсэн. Мөн анхан шатны шүүх хуралдаанд “сэтгэцийн өвчтэй хүнийг харгалзах хүнгүйгээр яагаад замын хөдөлгөөнд оролцуулсан юм бэ” гэх талаар ярьж байсан. Замын хөдөлгөөний дүрмийн 27.2 дугаар зүйлд “өөрөө, өөрийгөө удирдах чадваргүй согтуурсан, мансуурсан байдалтай буюу сэтгэцийн өвчтэй хүнийг харгалзах хүнгүйгээр харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулна” гэх заалт байгаа. Гэхдээ хохирогчийг сэтгэцийн өвчтэй гэж үзэхгүй. Учир нь, өөрийнх нь хяналтын эмчийн “Уртнасан нь биеэ авч явах чадвартай. Бусадтай харилцах харилцаа нь эрүүл” гэх тодорхойлолт байдаг учраас явган зорчигч Уртнасан нь замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад техникийн шинжээчийн дүгнэлт гаргаж өгөөч, мөрдөгч магадалгаа гаргасан нь үндэслэлгүй байна. Б.З замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэж удаа дараа хүсэлт гаргасан боловч прокурорын зүгээс хүлээж аваагүй. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд “тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч энэ хуульд заасан шинжээчийн эрхийг хэрэгжүүлж магадалгаа гаргаж болно” гэж заасны дагуу мөрдөгч Пүрэвханд дүгнэлтийг  үндэслэлтэй гэж үзсэн. Иймд 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв. 

                                   

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаа, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, нэмж шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Б.З нь 2019 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 13 цаг 50 минутын орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн харьяа механик инженерийн сургуулийн арын замд “Амгалан дулааны станц” ХХК-ийн эзэмшлийн “Веinben HD” маркийн 28-74 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 8.18, 16.6, зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Уртнасанг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Ц.Уртнасангийн: “...2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 12 цагийн үед хараагүйчүүдийн байранд Есүсийн цуглаан болдог юм тэнд оччихоод байж байгаад Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 21 дүгээр байранд манай гэр байдаг юм. Гэртээ харих гээд дунд голын явган хүний гүүрээр гараад би угийн тэр гүүрээр байнга гардаг тэгээд замын хойд талд явган хүний гэрэл дохио хүлээгээд зогсож байтал хараагүй хүмүүст зориулсан гэрэл дохионы дуу дуугарсан би зөвшөөрсөн гэрэл дохио асахаар нь зам гарах гээд явган хүний гарцаар явж байтал урд талд явган хүний гарцан дээр урт машин зогсож байхаар нь урдуур нь тойрч гарах гээд явж байтал машин урагш хөдөлсөн би тухайн үед айгаад сандраад буцаад явах гэсэн боловч тэр машин намайг дайрчихсан тэгээд машин доогуур орсон бөгөөд автомашины дугуй миний хөл дээгүүр гарсан би зам дээр байж байтал жолооч гүйж ирж байсан тэгээд намайг 1 хүнтэй хамт өргөөд замын хажууд гаргаж тавьсан. 103 маш хурдан ирж би 103-р ГССҮТ-д хүргэгдэж ирж тухайн үед зам дээр олон автомашинууд байсан би зам хөндлөн гарах гээд автомашиныг тойрох үед автомашин урагшилж би баруун талын дугуйн доогуур нь орчихсон маш их айсан аймаар байсан. Тухайн зам хөндлөн гаргах үед хүн байгаагүй. Би уул нь зам хөндлөн гарах үедээ зам гарах гэж байгаа хүмүүстэй зам гарчихдаг. Би цуглаан руугаа бүтэн сайн өдөр бүр тэр замаар ирж очдог юм. Тэр автомашиныг харсан. Яг миний урд талд явган хүний гарцан дээр зогсож байхаар тойрч гарч байсан. ...”  /1хх 49-50/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Машбатын “...2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр манай эгч зам тээврийн осолд орсон өдрөө гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж зүүн хөлийн өвдөгний үений доод хэсгээр, баруун хөлийн 4 хурууг тайрч хагалгаа хийлгэсэн. Гэмтлийн эмнэлэгт эмчилгээ хийлгээд шарх нь сайн эдгэхгүй байсан ба эмнэлэгт хэвтэж байх хугацаанд манай эгчийн цусан дахь сахарын хэмжээ нь ихсээд үүний улмаас шарх нь сайн эдгэхгүй байсан. Тэгээд гэмтлийн эмнэлгээс 4 дүгээр сарын 1-ний өдөр гарч Баянхошуунд Батгэрэлт ирээдүй гэдэг асрамж сувиллын газар эмчилгээ хийлгэж байгаад 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр нас барсан. Манай эгч ослоос хойш байнгын хэвтэрт байсаар нуруу, сүүжний хэсгээр цооролт үүсч, ослын улмаас тайралт хийлгэсэн шарх нь эдгэхгүй байсаар нас барсан. Хэрэг бүртгэлтийн шатанд эмчилгээний 2.840.762 төгрөгний баримт гаргаж өгсөн, эмчилгээний 3.490.595 төгрөгний тус тус эмчилгээний зардлын баримтыг гаргаж өгсөн. Уг баримтуудыг гаргаж өгсөнөөс хойш эмчилгээний болон талийгаачийн буяны ажилд зарцуулсан 8.433.546 төгрөгний хохирлын баримт гаргаж өгсөн байгаа. Яллагдагч талаас ямар нэгэн хохирлын мөнгө төлөөгүй байгаа. Эмчилгээний зардал болон талийгаачийн буяны ажилд зарцуулсан хохирлоо нөхөн төлүүлмээр байна.Бид нар ослын улмаас эгчийгээ алдсанд гомдолтой байгаа. ...” /2хх 77-78/,

 

цогцост хийсэн шүүх эмнэлгийн 1292 дугаартай дүгнэлт: “...1,Талийгаачид зүүн шилбэний дээд хэсэг, баруун тавхайн хуруунуудын тайрагдал болон ууц, зүүн сүүжний холголтын идээт шархны улмаас цусан үжилд орж нас баржээ. 2. Талийгаачид шинэ гэмтэл үгүй байна. 3. Зүүн шилбэний доод хэсгээр, баруун тавхайн хуруунууд, шивнүүрийн хамт мэс заслаар тайрагдсан байна. Нас барах үедээ согтолтгүй байжээ, гэрэл зургийн үзүүлэлт. ...” /2хх 57-62/,

 

шинжээч Ц.Ганболд: “...Талийгаачийн зүүн шилбэний дээд хэсэг. баруун тавхайн хуруу, шивнүүрийн идээт шарх, ууц зүүн ташаан толгой нь идээлж үрэвссэн эдийн дутагдал бүхий холголтын шарх үүсэж улмаар баруун уушигны доод дэлбэнгийн буглаа үүсэн цусан үжилд орж нас барсан. Гэмтлийн улмаас тайрагдсан мөчүүдийн шарх нь идээлж үрэвссэн мөн холголт, цооролт үүсэн байсан. Эдгээр нь учирсан гэмтлийн алсын хүндрэл юм. ...” /2хх 74-75/,

 

гэрч Д.Бат-Ирээдүй: “...2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 13 цаг 40 минутын орчимд Хан-Уул дүүргийн 19-ийн арын Механик инженерийн сургуулийн арын явган хүний гарцаар урдаасаа хойш /ертөнцийн зүгээр/ чиглэлтэй гарч байтал миний гарч байсан гарцны ертөнцийн зүгээр баруун талд зүүнээс баруун чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд нэг эмэгтэйтэй хүн зам дээр сууж байсан. Тэгээд намайг гүйгээд очтол уг хүнийг том оврын автомашин мөргөсөн бололтой байсан. Намайг очсоны дараа автомашины жолооч автомашинаасаа бууж ирсэн би өөрийн 99717876 гэх дугаараас 102,103-н тусгай дугаарт дуудлага мэдээлэл өгөөд байж байтал цагдаа ирсэн. Би жолоочийн хамт тухайн эмэгтэйг зам дээрээс өргөн явган хүний зам руу гаргасан. Эмэгтэйг явган хүний зам руу өргөөд гаргах үед миний гар цус болчихсон байсан. Тэгээд л цус гарч байгааг мэдсэн. 103 хурдан ирсэн би тэр эмэгтэйг 103-н машинд суулгаж өгчихөөд тэндээс явсан. Би явган зорчигчийг зам дээр байхад нь харсан.Тухайн үед жолооч маш сандарчихсан байсан. Миний утсан дээр осолтой холбоотой зураг байхгүй, би зураг дараагүй. ...”  /1хх 142-145/,

гэрч С.Содбаяр: “...2019 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 13 цаг 45 минутын орчимд Хан-Уул дүүргийн ШУТИС-ын харьяа Механик инженерийн сургуулийн арын замаар Хонда СРУ маркийн 06-70 ЭА улсын дугаартай автомашин жолоодон ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн чиглэлтэй зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд хараагүйчүүдийн явган хүний гарцан дээр ногоон гэрэл хүлээгээд зогсож байсан юм. Тухайн үед явганы ногоон гэрэл асчихсан, хараагүй хүмүүст хариулсан дуут дохио ажиллаж байсан. Тэгтэл нэг настай хүн уг замын хойд талаас урагш гарах гээд явж байгаа харагдсан бөгөөд намайг харах үед “Шуурхай алба” гэсэн бичигтэй улаан өнгийн том оврын автомашины баруун урд буланд нь тулаад ирчихсэн байсан бөгөөд автомашинуудыг явахыг зөвшөөрсөн ногоон гэрэл асах үед уг автомашин урагшилж уг настай эмэгтэйг мөргөсөн, Мөргөх үед нь тухайн эмэгтэй хөл нь муу юмуу гэмээр дороо 2-3 удаа эргэлдэж байгаад зам дээр унах үед нь автомашины баруун талын дугуйгаар хөл дээгүүр нь гараад явчихсан. Тэгээд би автомашинаасаа бууж очиход уг эмэгтэй 4 хөлөлчихсөн ёоёо гээд орилоод байж байхаар нь би өөрийн 99104035 гэсэн дугаараас 102 дугаарын тусгай утсанд дуудлага мэдээлэл өгсөн. Зам орчны байдлын хувьд миний явж байсан чиглэлийн урсгалд миний жолоодож явсан автомашинаас өөр машин байгаагүй, эсрэг талын урсгалд бол автомашины хөдөлгөөн ихтэй, түгжрэлтэй байсан. Намайг харах үед уг настай эмэгтэй автомашины цонхноос нилээн дор, автомашинтай нилээн ойрхон харагдаж байсан. Уг эмэгтэйг би явган хүний гарцаар гарч байгаад, том оврын автомашин явган хүний гарц руу ороод зогсчихсон байхаар тойрч гарах гэж байгаад мөргүүлчихлээ гэж харсан. Тухайн үед би автомашинуудыг явахыг зөвшөөрсөн ногоон гэрэл асахыг хүлээгээд улаан гэрлээр зогсож байсан бөгөөд явган зорчигчийг явахыг зөвшөөрсөн ногоон гэрэл асчихсан, хараагүй хүмүүст зориулсан гэрэл дохионы дуут дохио ажиллаж байгаад болих үед автомашинууд урагшилсан энэ үед хүн орилох чимээ гарсан, тэгээд харахад уг автомашин урагшилж тухайн хүнийг мөргөчихсөн, Уг явган зорчигч бол явганы ногоон гэрлээр явган хүний гарцаар гарч байгаад гарч амжилгүй автомашинд мөргүүлсэн. Намайг харах үед автомашины баруун урд буланд явган зорчигч зогсож байсан, тэгээд урагшлах үедээ баруун урд булангаараа мөргөж унагаад, баруун талын дугуйнуудаараа хөл дээгүүр нь гарчихсан. Би тухайн үед автомашиндаа ганцаараа явж байсан.Автомашин явж байсан урсгал, эгнээ бол мөн байна. Анх хүн автомашинд мөргүүлсэн гэх А, Б цэг бол биш байна. ...” / 1хх 149-150/,

 

шинжээч Л.Нанзад: “...Уг өдөр хэргийн газрын үзлэгийн бүрэлдэхүүнд ажилласан бөгөөд уг дуудлаганд очиход том улаан өнгийн автомашин явган зорчигчийг мөргөсөн байсан бөгөөд явган зорчигч 103-аар ГССҮТөв рүү хүргэгдсэн хэргийн газарт жолооч байсан. Уг “Веinben HD” маркийн 28- 74 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийг байлцуулан автомашинд үзлэг хийсэн бөгөөд хүн мөргөсөн гэх ул мөр үлдээгүй, жолооч хүн мөргөсөн байх гэсэн дугуйн зургийг гэрэл зургийн аргаар бэхжүүлж хэргийн газрын үзлэгт хавсаргасан. Хэргийн нөхцөл байдлаас шалтгаалан автомашинд болон дугуйнд ул мөр үлдэж болно. Энэ хэргийн хувьд ул мөр үлдээгүй байсан. ...” /1хх 171/,

 

гэрч Н.Мөнхсүх: “...2019 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 13 цаг 50 минутын орчимд ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийн баруун хойд талын 4 замын уулзвар замд зохицуулалт хийж байтал хүн автомашинд мөргүүлчихлээ хэргийн газрын хамгаалалт ав гэсэн. Намайг очих үед Механик инженерийн сургуулийн хойд зам хараагүйчүүдийн гэрэл дохионы ойролцоо том улаан өнгийн автомашин явган зорчигчийг мөргөсөн, явган зорчигч зорчих хэсэг дээр байгаагүй явган зорчигчийг явган хүний зам руу өргөөд гаргачихсан байсан. Намайг очих үед явган зорчигчийг замаас өргөөд явган хүний зам руу гаргачихсан байсан бөгөөд гэрэл дохионы шонгийн ойролцоо гаргачихсан байсан. Хэргийн газрын зурган үзүүлэлттэй танилцлаа. Нэмэлт үзлэгийн №3, №6 дугаартай зурган дээр тэмдэглэгдсэн Б үсгээс чиг хойд талын явган хүний зам дээр хэвтүүлчихсэн байсан бөгөөд хажууд нь жолооч болон тэнд явж байсан хүмүүс байсан. ...” /1хх 147/,

 

гэрч О.Дүүрэнбилэг: “...2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр жолооч ОШ.Борхүүгийн хамт ээлжинд гарсан бөгөөд 13 цаг45 минутын үед Хан-Уул дүүрэгт байрлах Механик инженерийн сургуулийн арын замд хүн автомашинд мөргөгдлөө гэсэн дуудлага авч ойрхон байсан учраас маш хурдан очсон. Дуудлаганд очиход нэг настай эмэгтэй замын хойд талдаа гэрэл дохионы шонгийн ойролцоо явган хүний зам дээр хагас суугаа, 2 хөлөө жийсэн байрлалтай байсан. Үзлэг хийхэд 2 хөлөндөө гэмтэл авсан, өөрөө маш их айж сандарсан байсан тул чиг тавьж боогоод, цус тогтоох, өвчин намдаах тариа хийгээд шууд ГССҮТ рүү хүргэж өгсөн. Замдаа би тухайн хүнийг айдас, сандарлыг нь дарахын тулд юу болсон, та юу хийж явсан, гэр бүлийнхэн тухай асуухад би нэг хурал, цуглаанаас буцаж явсан явган хүний гарцаар гарч байхад ийм гэнэтийн юм болчихлоо гэж ярьж байсан. ...” /1хх 186/,

 

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад лж авсан гэрэл зургийн үзүүлэлт /1хх 15-17, 19/,  гэрлэн дохионы горим /1хх 32, 34/, хохирогч Ц.Уртнасангийн мэдүүлэг /1хх 49-50/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Машбатын мэдүүлэг /1хх 44-45/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Машбатын мэдүүлэг /2хх 77-78/, цогцост хийсэн эмнэлгийн дүгнэлт /2хх 57-62/, шинжээч Ц.Ганболдын мэдүүлэг /2хх 74-75/, гэрч Д.Бат-Ирээдүйн мэдүүлэг/1хх 142-145/, гэрч С.Содбаярын мэдүүлэг /1хх 149-150/, гэрэл зургийн үзүүлэлт/1хх 153/, шинжээч Л.Нанзадын мэдүүлэг /1хх 171/, гэрч Н.Мөнхсүхийн мэдүүлэг /1хх 147/, гэрч О.Дүүрэнбилэг мэдүүлэг /1хх 186/, гэрч О.Борхүүгийн мэдүүлэг /1хх 188/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.Зыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Б.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцосон нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Б.З болон  түүний өмгөөлөгч нар нь “...гэм буруугүй болохыг тогтоож өгнө үү. ...” гэсэн агуулга  давж заалдах гомдол гаргажээ.

Зам тээврийн осол, хэргийн газарт 2019 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Автомашин анх хүн мөргөсөн гэх цэгийг “А” үсгээр, мөргүүлээд унасан гэх цэгийг “Б” үсгээр үл хөдлөх цэгээр зорчих хэсгийн хойд талд байрлах дугааргүй гэрэлтүүлгийн шонг сонгон авч “В” үсгээр тус тус тэмдэглэж хэмжилт хийв. А цэгээс Б цэг хүртэл 1.30 м, А цэгээс зорчих хэсгийн хойд хашаа хүртэл 4.10 м. ...” гэх /1хх 3-6/ гэсэн байх бөгөөд нэмэлтээр хийсэн тэмдэглэлд “Хэргийн газрын гэрэл зураг дээрх авагдсан “Б” цэгээс явган хүний гарц хүртэлх зай 7.4 метрийн зайтай гэж авагдсан”  гэж тэмдэглэсэн байдаг.

Анхан шатны шүүх хуралдаанд орсон шинжээч Т.Пүрэвханд мэдүүлэхдээ нэмэлтээр авсан хэргийн газрын үзлэгийн талаар/ Хэргийн газрын гэрэл зураг дээрх авагдсан “Б” цэгээс явган хүний гарц хүртэлх зай 7.4 метрийн зайтай гэж авагдсан байдаг. Харин тухайн тээврийн хэрэгсэл 11.4 метрийн урттай байдаг. Иймд тухайн тээврийн хэрэгсэл явган хүний гарцан дээр зогсож байсан гэж үзэх боломжтой байна. Учир нь “Зогс шугам” буюу 1.11 тэмдэг явган хүний гарцны зүүн талд байдаг. Шүүгдэгч Б.Зын эхний өгсөн мэдүүлэгт “би машины уртыг хэмжиж байгаад тухайн явган хүний гарцыг хөндлөн гараад явган хүний гарцны баруун талд гарч зогссон” гэж мэдүүлдэг. /ерөнхий утга/. Тэгвэл хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрчийн мэдүүлэг буюу хэргийн газрын нотлох баримтаар үзэхэд шүүгдэгч “Зогс шугам” тэмдэг дээр зогсоогүй, явган хүний гарцан дээр чигээр явж, явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан, явган хүний гарцан дээр зогсож байсан гэдэг нь тогтоогдоно... /1хх 149-151/,

Хохирогч Ц.Уртнасанг шүүгдэгч Б.З нь авто машинаар мөргөж түүний автомашины дугуйн доор орох үед болсон үйл явдлыг шууд харсан  гэрч С. Содбаяр бөгөөд тэрээр: Тухайн үед би автомашинуудыг явахыг зөвшөөрсөн ногоон гэрэл асахыг хүлээгээд улаан гэрлээр зогсож байсан бөгөөд явган зорчигчийг явахыг зөвшөөрсөн ногоон гэрэл асчихсан, хараагүй хүмүүст зориулсан гэрэл дохионы дуут дохио ажиллаж байгаад болих үед автомашинууд урагшилсан энэ үед хүн орилох чимээ гарсан, тэгээд харахад уг автомашин урагшилж тухайн хүнийг мөргөчихсөн, Уг явган зорчигч бол явганы ногоон гэрлээр явган хүний гарцаар гарч байгаад гарч амжилгүй автомашинд мөргүүлсэн. Намайг харах үед автомашины баруун урд буланд явган зорчигч зогсож байсан, тэгээд урагшлах үедээ баруун урд булангаараа мөргөж унагаад, баруун талын дугуйнуудаараа хөл дээгүүр нь гарчихсан. Би тухайн үед автомашиндаа ганцаараа явж байсан.Автомашин явж байсан урсгал, эгнээ бол мөн байна. Анх хүн автомашинд мөргүүлсэн гэх А, Б цэг бол биш байна. ...” / 1хх 149-150/ гэж мэдүүлдэг бөгөөд дээрх нотлох баримтаас үзэхэд Зэм тээврийн осол, хэргийн газарт 2019 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэлд ноцтой зөрүү байхгүй, хэрэг учрал гарсан тэр даруй үзлэг хийгдсэн байна.

 

Хэргийг шууд харсан  гэрч С.Содбаяр нь нэмэлтээр хийсэн хэргийн газрын үзлэгт А болон Б цэгүүд анх хэрэг гарсан байдлаас зөрүүтэй тэмдэглэснийг гэрчилсэн байна.

 

Хэрэг учрал болсон тэр даруй гэрч С.Содбаяр хохирогчийг дайрсан авто машинаас нь   холдуулж  цагдаагийн байгууллагад дуудлага өгснөөр хуулийн байгууллага уг хэргийг газар дээр нь шалгасан бөгөөд хэрэгт бүрдсэн нотлох баримтанд ноцтой зөрүү байхгүй байна.

 

Тухайн гэмт хэргийн улмаас амь хохирогч Ц.Уртнасан хүнд гэмтэл авч улмаар амь нас нь  хохирсон болох нь цогцост хийсэн шүүх эмнэлгийн 1292 дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн 1292 дугаартай “...1,Талийгаачид зүүн шилбэний дээд хэсэг, баруун тавхайн хуруунуудын тайрагдал болон ууц, зүүн сүүжний холголтын идээт шархны улмаас цусан үжилд орж нас баржээ. Талийгаачид шинэ гэмтэл үгүй байна. Зүүн шилбэний доод хэсгээр, баруун тавхайн хуруунууд, шивнүүрийн хамт мэс заслаар тайрагдсан байна. Нас барах үедээ согтолтгүй байжээ, гэрэл зургийн үзүүлэлт. ...” /2хх 57-62/ гэсэн дүгнэлт, шинжээч эмч Ц.Ганболдын “...гэмтлийн хүндрэл нь ойрын болон алсын хүндрэл гэж хоёрт хуваагддаг. Ойрын хүндрэл гэдэгт богино хугацаанд нас барахыг ойлгоно. Энэ нь цус алдсанаас шалтгаалсан нас баралтад хамаарна. Харин алсын хүндрэл нь учирсан гэмтлийн улмаас цусан үжил, буглаа зэрэг үүссэнээс тохиолдоно. Амь хохирогч учирсан гэмтлээсээ бус хожуу үеийн хүндрэлээсээ болж нас барсан байна.

Цооролт, холголт нь сүүж, ташаа хэсэгт удаан хугацааны турш хэвтээ байдлаас болж дарагдалтаас үүсдэг. Учир нь амь хохирогч махлаг, тарган хүн байсан учраас удаан хугацааны турш хэвтэрт эмчлүүлж байсан. Улмаар түүний цусан хангамж дарагдаж биед нь шарх үүсэж үрэвссэн байсан. Амь хохирогчийн холголтын шарх нь булчин дагуу хөндийлж ясанд хүрсэн байсан. Мөн түүний биеийн булчин завсарт идээ авагдсан байсан. Амь хохирогч ослын улмаас мэс засалд орж хөлөө тайруулсан. Гэтэл мэс заслын дараа амь хохирогч хэвтрийн дэглэмд удаан байсан тул түүний биед цооролт, холголт зэрэг идээт уут үүссэн байсан. Үүний улмаас үжилт үүсч амь хохирогч нас барсан. ...” хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Машбатын “...2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр манай эгч зам тээврийн осолд орсон өдрөө гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж зүүн хөлийн өвдөгний үений доод хэсгээр, баруун хөлийн 4 хурууг тайрч хагалгаа хийлгэсэн. Манай эгч ослоос хойш байнгын хэвтэрт байсаар нуруу, сүүжний хэсгээр цооролт үүсч, ослын улмаас тайралт хийлгэсэн шарх нь эдгэхгүй байсаар нас барсан. ...” /2хх 77-78/ гэсэн мэдүүлгүүдээс үзэхэд амь хохирогч Ц.Уртнасан нь гэмтлийн улмаас цусанд нь идээт цусан үжилт үүсч нас барсан болох нь тогтоогдож байх бөгөөд амь хохирогчийг спиртийн хордлого болон бусад өвчний улмаас амиа алдсан гэж үзэх баримт хэрэгт байхгүй байна.

Анхан шатны шүүхээс  оногдуулсан  2 жил 8 сар хорих ял шүүгдэгч Б.Зын үйлдсэн хэргийн хэр хэмжээ,нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдалаас үзэхэд хүнд биш ял он оногдуулжээ.

 

Хэргийн үйл баримт бүрэн нотлогдсон,мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаар прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх тул хэргийг дахин шалгах шаардлагагүй, мөн хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй.

 

Иймд шүүгдэгч Б.З түүний өмгөөлөгч Б.Дагиймаа, Э.Ганхөлөг нарын гаргасан “хэргийг хэрэгсэхгүй болгох” талаар, өмгөөлөгч С.Сувдмаагийн гаргасан “ял оногдуулахгүйгээр тэнсэж” өгөхийг хүссэн давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн  шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.З, түүний өмгөөлөгч Б.Дагиймаа, Э.Ганхөлөг, С.Сувдмаа нарын гаргасан  давж заалдах гомдлуудыг тус тус  хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

 

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ