Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/01380

 

....-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2022/01777 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ....-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ......- нарт холбогдох худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 40-00 УНҮ улсын дугаартай Mercedes benz S500L маркийн автомашины өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр, хариуцагч А.Ариунболдын өмгөөлөгч Л.Отгондорж, хариуцагч Б.Ундармаагийн өмгөөлөгч Ц.Сайнбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

....- нь Mercedes Benz S500L маркийн автомашины урьдчилгаа төлбөр болох 100,000,000 төгрөгийг 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдөр, үлдэгдэл 293,025,466 төгрөгийг 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Капитал банк ХХК дахь 2000025620 тоот данснаас Монголиан стар мелшерс (MSM ХХК) ХХК-ийн Голомт банкны харилцах дансанд тус тус шилжүүлсэн. Тухайн тээврийн хэрэгслийг авах үед Капитал банк ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А.Ариунболдод худалдахаар харилцан тохиролцсон. Тухайн тээврийн хэрэгслийг А.Ариунболд худалдан авахдаа төлбөрийг нь дараа төлөхөөр, эсхүл ....-ийн хүргэн Б.Буянбатын авах гэж буй зээлээс хасаж тооцохоор амаар гэрээ байгуулсан. А.Ариунболдод худалдахаар тохирсон учраас захиалгын гэрээг худалдан авагчийн нэрээр байгуулан, мөнгө хүлээж авсан. Түүний дараа тухайн тээврийн хэрэгсэлтэй холбоотой төлбөр төлөгдсөн эсэхийг удаа дараа ....-ийн зүгээс шаардсан. Гэвч 2019 онд Капитал банк ХХК-ийн эрх хүлээн авагчаас Б.Буянбатад холбогдуулан зээлийг төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл тухайн нэхэмжлэлээс харвал Mercedes Benz S500L маркийн автомашины 393,000,000 төгрөгийг Б.Буянбатын авсан зээлээс хасаж тооцсон. Тиймээс төлсөн машинаа өөрөө авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд ....-ийг 40-00 УНУ Mercedes Benz S500L маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоож, тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч А.Ариунболдын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа талуудын хооронд байгуулагдсан автомашин худалдах, худалдан авах гэрээ биелэгдээгүй учраас гэрээнээс татгалзаж, өгсөн авсан зүйлээ буцаан авахаар тодорхойлсон. 2014 онд автомашины төлбөрт 293,000,000 төгрөг төлсөн өдөр нь Капитал банк ХХК-ийн удирдлагын захиран зарцуулах, зарлага гаргах эрхтэй данснаас ....-ийн данс руу 500,000,000 төгрөг шилжүүлсэн нь автомашины төлбөр байсан. ....-ийн МSМ ХХК-аас захиалсан автомашин худалдан авахаар тохирсон гэж нэхэмжлэгч тайлбарласан. Гэтэл MSM ХХК-ийн ажилтан ... ....-тэй ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулаагүй, тухайн автомашиныг худалдаагүй. Худалдах, худалдан авах гэрээг А.Ариунболдтой байгуулсан ... гэж мэдүүлсэн. ....- нь MSM ХХК-аас автомашин авсан гэх үйл баримт нь тогтоогдоогүй. MSM ХХК-аас автомашин худалдаж аваад, өөрийнхөө нэр дээр шилжүүлээгүй бол өмчлөх эрх үүсэхгүй. Б.Буянбатын зээлээс хасахаар тохирсон нь он, цаг дарааллын хувьд алдаатай. А.Ариунболд нь 2013 онд автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Б.Буянбат түүнээс 2 жилийн дараа буюу 2015 онд зээл авсан. ....- нь өөрийн дансаар мөнгө орж, гарсныг далимдуулан, нэхэмжлэл гаргасан. Өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах буюу автомашиныг шилжүүлэх агуулга бүхий нэхэмжлэл гаргасан бол хэнээс гаргуулах гэж байгаагаа тодорхой болгох ёстой. А.Ариунболдоос автомашиныг нэхэмжилж байгаа бол тус автомашин А.Ариунболдын эзэмшил, ашиглалтад байхгүй. Б.Ундармаа нь тухайн автомашины өмчлөх эрхийг гуравдагч этгээдээс гэрээний журмаар шилжүүлэн авсан, өмчлөгч юм. 2013 онд автомашиныг худалдаж авахаар төлбөрийг төлсөн бөгөөд 2021 онд нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүргийн хөөн хэлэлцэх 3 жил байна гэж заасан хугацаа дууссан. 2019 онд автомашины үнэ Б.Буянбатын авсан зээлээс хасагдаагүй гэдгийг мэдсэн даруйдаа нэхэмжлэл гаргасан гэж байгаа боловч нэхэмжлэлийг 2021 онд гаргасан. Нэхэмжлэгч талын ярьж байгаа бүх зүйлс хоорондоо уялдаа үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Б.Ундармаагийн тайлбар, татгалзлын агуулга:

Б.Ундармаа нь 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Mercedes Benz S500L маркийн автомашиныг Бишрэлт пропертиз ХХК-аас бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлэн авсан. Бэлэглэлийн гэрээ нь хүчин төгөлдөр. Б.Ундармаа болон ....- нарын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй тул автомашины өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхгүй. Бишрэлт пропертиз ХХК болон Б.Ундармаатай бэлэглэлийн гэрээ байгуулан, бэлэг хүлээн авагч хүлээн зөвшөөрсний дагуу буюу гэрээний дагуу эд хөрөнгө шилжилт хөдөлгөөн хийгдсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 494 дүгээр зүйлийн 494.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул А.Ариунболдтой байгуулсан WDD2221851A060300 арлын дугаартай Mercedes benz S500L маркийн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, тээврийн хэрэгслийг хариуцагч Б.Ундармаагаас буцаан гаргуулах тухай ....-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 682,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 1,440,127 төгрөгийг нэхэмжлэгч ....-ээс нөхөн гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. ....- нь нэхэмжлэлийн шаардлагаа Б.Ундармаа, А.Ариунболд нараас 40-00 УНҮ улсын дугаартай Mercedes benz S500L маркийн автомашины өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагч нарт даалгуулах тухай гэж тодорхойлсон. Шүүх маргааны зүйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй, нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буруу тооцоолж хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч тээврийн хэрэгслийн элэгдэл, хорогдлыг тооцож зах зээлийн үнэлгээг 105,000,000 төгрөгөөр тооцож улсын тэмдэгтийн хураамжид 682,950 төгрөгийг төлсөн. Шүүх ....-ээс улсын тэмдэгтийн хураамжид 1,440,127 төгрөгийг гаргуулсан нь үндэслэлгүй байна. ....-, А.Ариунболд нарын хооронд хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэх үйл баримт тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Талуудын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй тохиолдолд ....- нь А.Ариунболдод автомашин худалдаж авч өгөх, үүрэг үүсээгүй, үүсэх боломжгүй. ....- нь автомашины үнийг төлсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон гэж дүгнэсэн атал тээврийн хэрэгслийг худалдан авах гэрээг А.Ариунболд MSM ХХК-тай гэрээг байгуулсан учраас тээврийн хэрэгслийг шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. ....- нь автомашины үнийг төлсөн учир худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж автомашиныг гаргуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч А.Ариунболдын өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

А.Ариунболд нь ....-ээс уг автомашиныг шилжүүлэн аваагүй. МSM ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлэн авсан нь хэрэгт авагдсан нотлох баримт болон гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон. Шүүх ....-, А.Ариунболд нарын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан Б.Ундармаагийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

....- нь 40-00 УНҮ улсын дугаартай автомашиныг 393,025,466 төгрөгөөр худалдаж авсан гэсэн боловч улсын тэмдэгтийн хураамжид 105,000,000 төгрөг тооцож төлсөн. Шүүх Улсын тэмдэггийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу автомашиныг худалдан авсан үнийн дүнгээс тэмдэгтийн хураамжийг тооцож төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Автомашины үнийг 105,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ байхгүй. Мөн нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа автомашины үнэ 393,025,466 төгрөг гаргуулахаар өөрчилж байсан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, хариуцах этгээдийг өөрөө мэдэж тогтоох нь түүний эрх. Б.Ундармаа болон ....- нарын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй. Б.Ундармаа нь уг автомашиныг Бишрэлт пропортиз ХХК-аас бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлэн авсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хязгаарлалгүй бүхэлд нь хянаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч ....- нь хариуцагч А.Ариунболд болон Б.Ундармаа нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, Mercedes S500L маркийн 40-00 УНҮ улсын дугаартай автомашины өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь өөрийн шаардлага, үндэслэлийг өөрөө тодорхойлох үүрэгтэй боловч шүүх дээрх тодорхой бус нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулах замаар хэргийн үйл баримтыг зөв тогтоож, улмаар тухайн маргаантай эрх зүйн харилцааг зохицуулсан хуулийг хэрэглэх учиртай. Гэвч нэхэмжлэгч ....-ийн хариуцагч ......- нарт холбогдуулан гаргасан шаардлага, түүний үндэслэл тус бүрийг тодруулах шаардлагатай байжээ.

 

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасныг анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШЗ2021/01158 дугаар захирамжаар уг хүсэлтийг хангахаас татгалзсан нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна.

 

Капитал банк ХХК-ийн дотоод үйл ажиллагаандаа ашигладаг данснаас 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ....-эд 500,000,000 төгрөг шилжүүлсэн талаар баримт хэрэгт авагдсан бөгөөд нэхэмжлэгч уг мөнгөн хөрөнгөнөөс автомашины үнэ 393,025,466 төгрөгийг төлсөн гэж, хариуцагч А.Ариунболд автомашины үнэ төлөх үүргийг нэхэмжлэгч ....-ээр дамжуулан гүйцэтгүүлсэн гэж өөр өөр тайлбар гаргаж байгаа тохиолдолд уг мөнгөн хөрөнгө нь Капитал банк ХХК-ийн мөнгөн хөрөнгө байсан эсэх, эсхүл А.Ариунболдын мөнгөн хөрөнгө байсан эсэхийг тодруулах нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой байж болохоор байна.

 

Ийм учраас Капитал банк ХХК дахь эрх хүлээн авагчийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй нөхцөл байдлыг тодруулахгүйгээр талуудын хооронд үүссэн худалдах, худалдах авах гэрээний шаардах эрхийн талаар болон өмчлөх эрхийн маргааны талаар эрх зүйн дүгнэлт өгч хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

 

Нэхэмжлэгч эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан тохиолдолд нэхэмжлэлийг үнэ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т зааснаар эд хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн үнийн дүнгээр тодорхойлогдож байхад анхан шатны шүүх Монголиан стар мелшерс (MSM ХХК) ХХК-тай байгуулсан гэх гэрээний үнээр нэхэмжлэлийг үнийг тооцсон нь буруу болсныг дурдах нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тодорхой бус байхад хэргийг хянан шийдвэрлэсэн, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн байх тул давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд үүссэн маргаанд эрх зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т тус тус зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2022/01777 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн урьдчилан төлсөн 682,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Н.БАТЗОРИГ