Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2022/01398

 

 

 

...-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч М.Баясгалан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2022/02721 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ...-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч .....-т холбогдох газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баяраа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Эрдэнэбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

...- нь 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Н.Батжаргалаас Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Цайз 48 гудамж, 8 тоот хаягт байрлах, 419 м.кв талбай бүхий газар болон байшинг худалдаж авсан. Кадастрын цэг тодорхойлуулахад .....- нь манай эзэмшлийн газраас 106 м.кв газрыг хууль бусаар эзэмшиж байсан нь тогтоогдож энэ талаар газрын албанд хандахад ...шүүхээр шийдвэрлүүлээрэй... гэх хариу өгсөн. Уг газрыг худалдсан Н.Батжаргалаас асуухад ...энэ талаар мэдээгүй... гэсэн. Худалдаж авсан газраа 419 м.кв талбай бүхий газрыг бүрэн бүтэн ашигламаар байна. Газрыг анх худалдаж авахдаа баримжаагаар хараад авсан, 419 м.кв-д хүрэхгүй гэж бодоогүй. Иймд .....-ийн эзэмшлээс газрыг чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2.    Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Хүн өөрийн газрыг үүднийхээ тамбурыг тойруулж хашаа барих нь ойлгомжтой. 2012 онд Х.Серкгүлийн нотариатаар ороод газрын албанд гаргасан баримтыг өгсөн байхад ...- ...наад зүйл чинь хамаагүй... гэж хэлсэн. ...- газрыг Н.Батжаргалаас худалдаж авахдаа мөнгийг хасаж авсан атлаа одоо газрыг чөлөөлүүлэхээр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Н.Батжаргалтай холбоо барихад ...Н.Оюунмаад үнийг нь хасаад газраа зарсан... гэж хэлсэн. Манайх үүдний тамбараа нэхэмжлэгчийн газар руу оруулж бариагүй. Тухайн үед ...-гийн нөхөр үүдний тамбурыг нураалгүй хашаагаа барихыг зөвшөөрсөн. Манайх газар болон байшинг н.Түмэнжаргалаас худалдаж авснаас хойш нэмж барьсан зүйлгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 137 дугаар зүйлийн 137.1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз 26а гудамжны 625а тоотод орших 419 м.кв талбайтай газрын 106 м.кв газраас хариуцагч Нямсүрэнгийн Алтанчөдөр /АЗ90120334/-ийг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Оюунцэнгэлийн Оюунмаа /ЖЬ85102666/-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх газрын өмнөх өмчлөгч Х.Серкгүль, Н.Батжаргал нар газар эзэмшлийн талаар маргаагүй бөгөөд байгаа байдлаар нь эзэмшиж байсан учир одоогийн өмчлөгч ...- газрыг чөлөөлүүлэхээр шаардах эрхгүй гэж дүгнэсэн. ...- нь Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо цайз 26а дугаар гудамжны 625а тоот хаягт байрлах, 419 м.кв талбай бүхий газар болон хашааг 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Н.Батжаргалаас худалдаж авсан. Өмчлөлийн газраа чөлөөтэй эзэмших ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд .....- миний өмчлөлийн 106 м.кв газрыг эзэмшиж саад болж байгааг худалдаж авсны дараа мэдсэн. Өмнөх өмчлөгч Н.Батжаргал .....-тэй маргаагүй нь түүний хувьд шаардах эрхээ алдсан. Харин ...- газрыг чөлөөлүүлэхээр шаардах эрхээ хэрэгжүүлэхэд саад болох ёсгүй.

.....- нь өмнөх өмчлөгч С.Пүрэвдаш болон Х.Серкгүль нарын хоорондын хэлцлийн дагуу хашаагаа барьж уг газрыг эзэмшиж байгаа гэж тайлбарласан. Өмнөх өмчлөгч С.Пүрэвдаш, Х.Серкгүль нарын хийсэн хэлцэл нь улсын бүртгэлд бүртгэгдэж, гэрчилгээнд өөрчлөлт ороогүй тул уг газрыг .....- эзэмших эрхгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож ,нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

Х.Алтанчөдөр нь уг газарт дур мэдэн хашаа бариагүй. 2021 онд худалдаж авсан.

Манайх энэ газрыг авахдаа дур мэдэн хашаа бариагүй. Мөн С.Пүрэвдаш болон Х.Серкгүль нарын хоорондын тохиролцооны талаар шүүх хуралдаанд хангалттай тайлбарласан. ...-гийн газрыг хууль бусаар эзэмшсэн зүйл байхгүй. Нэхэмжлэгч газрыг чөлөөлөхийг шаардаж маргаан үүсгэсэн тул бид шүүхэд хандсан гэж хэлсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор хязгаарлалгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

1.    Нэхэмжлэгч ...- нь хариуцагч .....-т холбогдуулан Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Цайз 26а гудамж, 625 тоот хаягт байрлах 419 м.кв талбай бүхий газраас хууль бусаар эзэмшиж байгаа 106 м.кв газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2.    Талуудын маргаж байгаа газрын өмнөх өмчлөгч нар гэх С.Пүрэвдаш, Х.Серкгүль нар Баянзүрх дүүргийн өмч, газрын харилцааны албанд гаргасан кадастрын зурагт өөрчлөлт оруулах хүсэлт хэрэгт авагдсан байх боловч уг хүсэлтийг газрын алба хэрхэн шийдвэрлэсэн болон тухайн газрын кадастрын зураг, газартай холбоотой шийдвэр, хувийн хэрэг зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримт хэрэгт авагдаагүй байна.

 

3.    Маргааны үйл баримтад хамааралтай, ач холбогдолтой байж болох Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Цайз 26а гудамж, 624А тоот болон мөн хаягт байрлах 625А тоот газрын өмнөх өмчлөгч нараас нэхэмжлэгч, хариуцагч нарт хэрхэн шилжсэн, хэлцлийн үндсэн дээр шилжсэн бол газрын хэмжээний талаар тусгагдсан эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тодорхой бус байхад хэргийг хянан шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2022/02721 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Н.БАТЗОРИГ