Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 829

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

Улсын яллагч Д.Ганчимэг /томилолтоор/,

Шүүгдэгч Ц....нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ханхар овогт ...ийн ...д холбогдох 1808040381101  дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

 Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн, эмэгтэй, 25 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эрдэнэтолгойн ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ханхар овогт ...ийн .../.../.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

Ц....нь 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоотын ...тоотод оршин суух Б....гийн гэрт ямар ч шалтгаангүйгээр иргэн Б....гийн толгой, гар, гуян тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

- Хохирогч Б....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай хүү ... гэр бүлийн маргаанаас болоод 2018 оны 07 дугаар сарын орчим манай гэрт ирсэн. Би ...тай зээл хөөцөлдөж байгаад гэртээ иртэл ...ын эхнэр болох ...нь 2 хүүхдээ дагуулаад ирчихсэн хашаан дотор зогсож байсан. Манай хүү ... ...г харчихаад ээжээ, би орвол наад ...чинь хэрүүл хийгээд унана, би орохгүй явлаа гээд машинаа асаагаад явчихсан. Тэгээд намайг ороход ...нь надад хандаж гэртээ ирэхгүй байх чинь яасан юм бэ гэхээр нь би гадуур ажил хөөцөлдөж яваад ирлээ гэж хэлээд гэрээ онгойлгоод ороход ...нь хойноос 2 хүүхдээ дагуулаад орж ирсэн. Би гэртээ ороод цүнхээ толины урд тавьчихаад түлхүүрээ өлгөчихөөд эргээд харахад ... миний цүнхнээс түрийвч гаргаад ирчихсэн энэ муу авгай чинь баян юм байна ш дээ гэж хэлэхээр нь би явж очоод алив түрийвч аваад ир гэтэл надтай түрийвч булаацалдахад 3.000 төгрөг газар унасан. ...бас миний гар утсыг булааж авах гэхээр нь би өгөхгүй гээд бид 2 ноцолдоод би гар утсаа өмднийхөө завсар хавчуулчихаад доошоо суутал миний дээрээс дараад би газар хэвтчихсэн. Тэгтэл ...миний дээрээс үснээс зулгаагаад толгойны хуйх хэсэг руү гараараа 2 удаа цохьсон. Баруун талын хацрыг самардсан. ...” гэх мэдүүлэг /хх 16-17 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

            - Шүүгдэгч Ц....гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би хамтран амьдрагч болох ...тай Баянзүрх дүүрэгт 2 хүүхдийн хамтаар түр амьдардаг байсан бөгөөд 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр салаад ... нь Сонгинохайрхан Дүүргийн 11 дүгээр хороо Овоотын ...тоот гэрт нь оччихсон амьдарч байсан. Би тэгээд хадам эх ...гийн Сонгинохайрхан Дүүргийн 11 дүгээр хороо Овоотын ...тоот гэрт нь 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 12 цагийн орчим явж очиход тэдний гэрт нь хэнч байхгүй цоожтой байсан. Би хашаан дотор нь 2 хүүхдийнхээ хамт хүлээж байтал 14 цагийн орчим манай хадам ээж болох ... нь хашаан дотор орж ирсэн бөгөөд би хадам ээжид хандаж та хэд чинь яачихваа, миний утсыг хүртэл блоклоод хаячихсан байх юм, би аль өглөө ирээд та нарыг энд хүлээлээ гэж хэлсэн. Тэгтэл тухайн үед ... нь машинтай явж байсан бөгөөд шууд хашааруу машинаа оруулахгүй яваад өгсөн юм. Харин хадам ээж Б.... нь гэрлүүгээ шууд явж орсон. Би тэгээд хадам ээжийн хойноос гэрлүү нь явж ороод та яагаад ...ыг явуулчихваа, надтай уулзуулахгүй яасан юм бэ, гэж хэлтэл би яаж мэдэх юм бэ, ... өөрөө яваад өглөө гэж хэлсэн. Тэгээд би хадам ээжид хандаж ...ын манай эгчээс авсан мөнгө юу болсон юм бэ, тэр мөнгийг нь өгөхгүй юм уу, гэж асуухад би ...тай гадуур зээл хөөцөлдөж яваад ирлээ мөнгөнтэй болоод өгнө ш дээ гээд хадам ээж бид 2 хоорондоо маргалдаж эхэлсэн юм. Тэгтэл удалгүй ...ын ажлын газрынх нь дарга надруу залгаад ...тай уулзсан уу, ... холбоо барьсан уу, ажилд нь гаргамаар байна гэж хэлэхээр нь би хадам ээжийн гэрт нь ирчихсэн байна, ... сая надтай уулзахгүй зугтаагаад явчихсан гэж хэлсэн. Тэгтэл Хадам ээж утас булааж авах гээд би өгөхгүй гээд утсаа барьж байгаад гараараа цээжрүү нь түлхээд бугуйнаас барилцаж аваад зууралцсан бөгөөд тухайн үед хадам ээж нүдний шил зүүчихсэн байсан, зууралцаж байх явцад нүднийх нь шилний ирмэгээр нь нүднийх нь хажууд урчихсан юм. Тэгээд бас би хадам эзжийн үснээс нь зулгаасан юм. Тэгээд би 2 хүүхдээ үлдээгээд утсаа янзлуулчихаад орой ирж авна гэж хэлээд ганцаараа гэрээс нь гараад явсан юм. Тэгээд автобусны буудал дээр автобус хүлээгээд зогсож байтал цагдаа ирээд намайг чамтай холбоотой дуудлага ирсэн гээд намайг авч явсан юм. Өөр зүйл болоогүй юм. ...” гэх мэдүүлэг /хх 59-60 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

- Гэрч Б....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...2018 оны 08 дугаар сарын орчим намайг гэртээ байж байхад манай ээжийн эгч болох ... над руу залгаад ...намайг зодчихоод 2 хүүхдээ хаяаад явчихлаа гэж хэлсэн. Тэгээд би шууд эгчийн хаяган дээр цагдаад дуудлага өгсөн. Хацар нь шалбарчихсан харагдсан. ...” гэх мэдүүлэг /хх 22 х/,

 

- Гэрч Н....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би ...тай хамтран амьдарч байгаад гэр бүлийн асуудлаас болж 08 сарын эхээр салж тусдаа амьдарч байгаа. 2018 оны 08 дугаар сарын 21-ний өглөө ээжтэйгээ гараад гадуур ажил хөөцөлдөж байгаад хашааныхаа гадаа машинтай ирж зогсоод хашааны хаалга онгойлготол манай хамтран амьдрагч ...нь 2 хүүхдийнхээ хамт ирчихсэн шууд над руу дөхөөд ирэхээр нь би машинаа асаагаад хөдлөөд явчихсан. ...ээжтэй хамт үлдсэн. Би 2 гудамжны зайтай ...г явахыг хүлээгээд зогссон. Хэсэг хугацааны дараа манай ээжийн дүү ...э эгч над руу залгаад ...ээжийг чинь зодсон гэж байна гэж хэлсэн. Манай ээжийн хацрыг маажаад цус гарчихсан, бас үс нь арзайчихсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх 23 х/,

 

- Гэрч А....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “......г анх 4 сартай байхад нь эцэг, эх нь манай гэрт авч ирж надад өгсөн юм. ...эцэг, эхээс 4-үүлээ айлын 3 дахь хүүхэд юм. ...гийн эцэг, эх, гэр бүлийнх нь Дорнод аймагт оршин суудаг юм. ...Сүхбаатар аймагт манай гэрт өссөн. ...Хэнтий аймагт КТМ-с тогоочоор төгсөөд тэгээд Улаанбаатар хотод ажил хийх гэж 2013 онд орж ирсэн. Улаанбаатар хотод орж ирээд ... гэх хүнтэй танилцаад гэр бүл болж амьдарсан. Гэхдээ одоо ...аас салчихсан байгаа юм. ...д одоо Улаанбаатар хотод очих газар болон төрөл садангийн хүн байхгүй, маш хэцүү байгаа юм. ...нь архи дарс хэрэглээд байдаггүй, маш даруухан төлөв томоотой, гадуур тэнээд байдаггүй, хүмүүстэй маргалдаж хсуудал үүсгэж байсан удаа байхгүй, хүнд их тусархуу хүүхэд байгаа юм.. ...” гэх мэдүүлэг /хх 26-27 х/,

 

- Шинжээчийн 10385 тоот дүгнэлт

             1.Б....гийн биед тархи доргилт, баруун шанаа, эрүү, баруун шуунд зулгаралтууд, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

             2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсэх шинэ гэмтэл байна.

             3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

             4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт /хх 19 х/,

  • Ц....гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 28 х/
  • Оршин суугаа газрын тодорхойлолт /хх 37 х/
  • Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 39 х/
  • Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх 40 х/
  • Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 44 х/
  • Эвлэрсэн тухай баримт /хх 53 х/
  • Хаан банкны дансны хуулга  /хх 31-36 х/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Шүүгдэгч Ц....гийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтанд тооцсон.

Гэм буруугийн талаар:

Ц....нь 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоотын ...тоотод оршин суух Б....гийн гэрт цүнхийг нь уудлаж түрийвчийг авах, гар утсыг булаах зэргээр түүнтэй ноцолдож байх явцдаа толгой, гар, гуян тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  болох нь:

-Хохирогч Б....гийн “... Би гэртээ ороод цүнхээ толины урд тавьчихаад түлхүүрээ өлгөчихөөд эргээд харахад ... миний цүнхнээс түрийвч гаргаад ирчихсэн энэ муу авгай чинь баян юм байна ш дээ гэж хэлэхээр нь би явж очоод алив түрийвч аваад ир гэтэл надтай түрийвч булаацалдахад 3.000 төгрөг газар унасан. ...бас миний гар утсыг булааж авах гэхээр нь би өгөхгүй гээд бид 2 ноцолдоод би гар утсаа өмднийхөө завсар хавчуулчихаад доошоо суутал миний дээрээс дараад би газар хэвтчихсэн. Тэгтэл ...миний дээрээс үснээс зулгаагаад толгойны хуйх хэсэг руү гараараа 2 удаа цохьсон. Баруун талын хацрыг самардсан. ...” гэх мэдүүлэг /хх 16-17 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

            - Шүүгдэгч Ц....гийн “... Хадам ээж утас булааж авах гээд би өгөхгүй гээд утсаа барьж байгаад гараараа цээжрүү нь түлхээд бугуйнаас барилцаж аваад зууралцсан бөгөөд тухайн үед хадам ээж нүдний шил зүүчихсэн байсан, зууралцаж байх явцад нүднийх нь шилний ирмэгээр нүднийх нь хажууд урчихсан юм. Тэгээд бас би хадам эзжийн үснээс нь зулгаасан юм. Тэгээд би 2 хүүхдээ үлдээгээд утсаа янзлуулчихаад орой ирж авна гэж хэлээд ганцаараа гэрээс нь гараад явсан юм. ...” гэх мэдүүлэг /хх 59-60 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

- Гэрч Б....ийн “...2018 оны 08 дугаар сарын орчим намайг гэртээ байж байхад манай ээжийн эгч болох ... над руу залгаад ...намайг зодчихоод 2 хүүхдээ хаяаад явчихлаа гэж хэлсэн. ... Хацар нь шалбарчихсан харагдсан. ...” гэх мэдүүлэг /хх 22 х/,

- Гэрч Н....ын “... манай ээжийн дүү ...э эгч над руу залгаад ...ээжийг чинь зодсон гэж байна гэж хэлсэн. Манай ээжийн хацрыг маажаад цус гарчихсан, бас үс нь арзайчихсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх 23 х/,

- Шинжээчийн 10385 тоот дүгнэлт

             1.Б....гийн биед тархи доргилт, баруун шанаа, эрүү, баруун шуунд зулгаралтууд, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

             2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсэх шинэ гэмтэл байна.

             3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

             4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт /хх 19 х/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

            Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг гарсан гэх прокурорын дүгнэлтийн талаар:

Ц....гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгахад шүүгдэгчийн хийсэн үйлдэл хохирогчийн эрүүл мэндэд учирсан хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх ёстой.

Шалтгаант холбооны хувьд үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалгуур болговол Б....гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Ц....түүний толгой, гар, гуян тус газар цохиж гэмтэл учруулсан гэх хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон учраас хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл /хх 19 х/ гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг.  

 

Шүүгдэгч Ц....өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.   

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Ц....гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

Хохирогч Б.... хохирол нэхэмжлээгүй, цаашид нэхэмжлэхгүй болох нь эвлэрлийн гэрээ /хх 53 х/-ээр тогтоогдсон тул Ц....г бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

 

 Ц....гийн үйлдэлд Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаа, гэмт хэргийн хор уршгийн хувьд их биш, хүүхдүүдэд улсаас өгдөг мөнгөн тэтгэмжээр амьжиргаагаа залгуулдаг, тогтмол орлого байхгүй, өөрийн гэсэн өмч хөрөнгө, хуримтлалгүй, хөдөлмөр эрхлэх боломжтой зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсоноос дүгнэлт хийхэд түүнд улсын яллагчаас 450 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж ирүүлсэн нь шүүгдэгчийн хувийн байдалд тохирохгүй гэж үзээд шүүхээс 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэсэн.

 

            Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1.Ханхар овогт ...ийн ...г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц....г 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ц....д мэдэгдсүгэй.

  4.Ц....гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  6.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц....д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ