Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 1013

 

Ц.Өд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Ганчимэг,

шүүгдэгч Ц.Ө, түүний өмгөөлөгч Ч.Б,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулж,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 829 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Өгийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 1808040381101 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн Ц.Ө, 1993 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт ............................ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ......................../;

Ц.Ө нь 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоотын 4-1066 тоотод, ямар ч шалтгаангүйгээр иргэн Б.Цгийн толгой, гар, гуян тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар: Ц.Өгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийн шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ц.Өг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Өг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг Ц.Өд мэдэгдэж, Ц.Өгийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Ө давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх уг хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь зөрчлийг хянаж үзээгүй болно. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан мөрдөгч А нь уг үүргээ биелүүлээгүй болно. Мөрдөгч уг хэргийг шалгахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцлийг бодитоор тогтоож чадаагүй, нөхөр Б-ын даргатай ярихад, утас булааж авснаас болж маргаан үүссэн. Би нөхрийнхөө ээжид гар хүрээгүй байхад хүрсэн мэтээр намайг яллах гэж нөгөө тал худал мэдүүлэг өгснийг үнэн зөвөөр тогтоож чадаагүй. Мөн хэргийг шалгах явцдаа нотлох баримт дутуу цуглуулсан, гүйцэд шалгаагүй. Б-ын даргаас мэдүүлэг аваагүй, миний утасны дуудлагад үзлэг хийгээгүй. Иймд уг хэргийн нөхцөл байдал бүрэн бодитой тогтоогдоогүй гэж үзэж байна.

Мөрдөгч Алтангэрэл намайг хэргээ хүлээвэл “хялбаршуулсан журмаар буюу 72 цагийн дотор уг хэргийг шийдвэрлэж, 450 нэгжээр торгуулаад, амархан шийдвэрлэгдэнэ, бага насны хүүхэдтэй хүн олон удаа мэдүүлэг өгөх, нааш цааш явахад хэцүү, гарын үсгээ зурчихад л болно” гэж ятган гарын үсэг зуруулсан. Гэвч энэхүү хөндлөнгөөс нөлөөлж, гарын үсэг зуруулсан нь миний Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг ноцтой зөрчиж байна. Мөн шүүхээр тогтоогдоогүй тохиолдолд хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй гэсэн хуулийн заалтыг зөрчиж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын биед хөнгөн хохирол санаатайгаар учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд анхан шатны шүүх уг хэргийг шийдвэрлэхдээ ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Би анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа бөгөөд бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг. Эдгээр нөхцөл байдлыг харгалзаж, ял оногдуулахдаа ялын төрөл, хэмжээг сонгох хууль зүйн үндэслэлтэй байна. Миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Өгийн өмгөөлөгч Ч.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүхийн шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт “хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг хянан хэлэлцэв” гэсэн байсан. Гэтэл энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэх хуулийн заалтыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, шүүхэд хэргийг ердийн журмаар хянан хэлэлцүүлэхээр шилжүүлсэн. Гэтэл шүүх хэргийг ердийн журмаар хянан хэлэлцээд ял шийтгэл оногдуулсан атлаа шийтгэх тогтоол бичихдээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг хянан хэлэлцлээ гэж бичээд ял шийтгэл оногдуулахдаа прокурорын саналаас эсрэгээр ял оногдуулсан байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөрчсөн энэ үйлдэл нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхөөргүй байна гэж үзвэл давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг зэргийг харгалзан үзэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Прокурор Д.Ганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 829 дүгээр шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Ц.Өд холбогдох хэрэгт, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судлахад:  

Ц.Ө нь 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоотын 4-1066 тоотод оршин суух хадам эх Б.Цгийн гэрт очиж, маргаан үүсгэн, цүнхнээс нь түрийвчийг нь авч булаацалдан, улмаар үснээс нь зулгааж, толгой руу нь цохиж, түүний эрүүл мэндэд “тархи доргилт, баруун шанаа, эрүү, баруун шуунд зулгаралтууд, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдлоо.

Шүүгдэгч Ц.Ө нь тухайн цаг хугацаанд болсон үйл явдал, Б.Цтэй муудалцсан шалтгааны талаар мэдүүлсэн /хх-8-10, 60/ байх бөгөөд түүний мэдүүлэг нь хохирогч Б.Ц /хх-6-7/, гэрч Б.М /хх-22/, гэрч Н.Б /хх-23/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 10385 дугаартай дүгнэлт /хх-20/ зэргээр давхар нотлогдсон байна.

Дээрх нотлох баримтууд болон хэргийн үйл баримтад үндэслэн Ц.Өг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Харин анхан шатны шүүх Ц.Өд хуульд заасан хэмжээний дотор буюу 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь түүний хувийн байдалд тохироогүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор ургийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үздэг.

Шүүх ял оногдуулахдаа Ц.Өг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хор уршиг их биш байгаа гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байх боловч түүнийг өрх толгойлсон, 1-3 насны 2 хүүхэдтэйгээ амьдардаг, хүүхдүүдээ асарч халамжлах үүргээ биелүүлэх боломж нөхцөлийг харгалзан үзэж ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй байсан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Ц.Өгийн “... шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээг сонгох хууль зүйн үндэслэлийг хянаж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй гэж үзэж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 829 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Өгийн орлого олох боломжийг харгалзан торгууль төлөх хугацааг 1 жилийн хугацаагаар тогтоох нь зүйтэй гэж үзэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 1.5 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 829 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Өг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Өг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Өд оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай” гэсэн,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэсэн тус тус нэмэлт заалт оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧИД                                                       М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                                            Д.ОЮУНЧУЛУУН