Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2022/01400

 

 

 

.....-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч М.Баясгалан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 182/ШШ2022/01250 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч .....-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч .....--ын Монгол дахь төлөөлөгчийн газарт холбогдох урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэр бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Лхагвахүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

.....- нь 2010 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 014 дугаар тушаалаар .....- анх хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийн судалгааны ажилтнаар ажилд орсон ба 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхэлнэ хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж хөтөлбөр зохицуулалтын хэлтсийн хяналт үнэлгээний албаны менежер албан тушаалд томилогдсон. .....- нь ажиллах хугацаандаа хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар биелүүлсэн боловч ажил олгогч 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/036/21 дугаар тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг дангаар цуцалсан. Ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлээ хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэж тайлбарласан. Гэвч хариуцагч байгууллагад хуулийн дээрх заалтын аль ч нөхцөл бий болоогүй ба өмнөх байдлаар хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа ба харин ч шинээр ажилчид нэмж авсан. Түүнчлэн, уг тушаалын талаар урьдчилж мэдэгдээгүй ба шууд тушаал гаргаж ажлаа хүлээлгэж өгөхийг шаардсан. Иймд .....-г урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга:

.....--ын Монгол дахь төлөөлөгчийн газрын санхүүжилтийг 2020 онтой харьцуулахад 30-40 хувиар багассан бөгөөд үүнээс улбаалаад байгууллагад хүний нөөцийн шилжилт, зарим орон тоог хасах болон орон тоог цөөрүүлэх шаардлага үүсч байгууллагын захирлын Байгууллагын стратеги төлөвлөгөө батлах, бүтцийн өөрчлөлт хийх тухай А/005/21 дугаартай тушаал болон зарим ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай А/007/21 дугаартай тушаалууд тус тус гарсан. Байгууллагын стратеги төлөвлөгөө батлах, бүтцийн өөрчлөлт хийх тухай А/005/21 дугаартай тушаалаар байгууллагын орон тооны дээд хязгаарыг 90 байхаар тогтоосон тул ажилтны орон тоог хасах, ажилтны тоог цөөрүүлэх бодит нөхцөл байдал үүссэн. 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр байгууллагын хүний нөөцийн ажилтан хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдаж байгаа ажилтан тус бүрд танилцуулсан.

.....- нь уг тушаалтай 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр танилцсан бөгөөд 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр нэр бүхий ажилчидтай нийлж захирлын тушаал нь үндэслэлгүй гарсан талаар тайлбарлан тушаалыг хүчингүй болгох агуулга бүхий хүсэлтийг байгууллагын удирдлагад и-мэйл хаягаар дамжуулан гаргасан. Орон тооны цомхтгол явуулсан ч байгууллага нөөц бололцоогоо ашиглан ажилчдын орон зайг нөхөн ажиллаж байгаа ба цомхтгол явуулсан ч үйл ажиллагаа тогтвортой хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна. Түүнчлэн, орон тоог хассан эсвэл цөөрүүлсэн ажлын байранд хамаарахгүй буюу хоосон байсан ажлын байранд ажилтан авахаар зар тавьсан. Нэхэмжлэгч ажлаас чөлөөлөх тухай тушаалыг 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гардан авч, ажлаа хүлээлгэн өгсөн тул 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах байсан. Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2 дахь хэсэг заасан шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 оны) 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч .....-г .....--ын Монгол дахь төлөөлөгчийн газрын хөтөлбөр зохицуулалтын хэлтсийн хяналт үнэлгээний албан менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6,594,297 төгрөг гаргуулан нэхэмжлэгч .....-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч .....-гийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт тэмдэглэл хийлгэхийг хариуцагч .....--ын Монгол дахь төлөөлөгчийн газарт даалгаж, нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч .....--аас улсын тэмдэгтийн хураамжид 120,458 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо цөөрүүлэх гэдэг нь тус байгууллагын хэд хэдэн орон тооноос тодорхой орон тоог хассаныг ойлгох ба Тахилт орон нутгийн хөгжлийн зохицуулагч 3 орон тооноос 1 орон тоогоор цөөрсөн, уг 3 ажилтны үйл ажиллагааны гүйцэтгэлийн түвшинг үнэлж дүгнэсэн үнэлгээг үндэслэн ажлаас чөлөөлсөн. .....- нь өөрийн үнэлгээ 48, удирдлагын үнэлгээ 51 оноо буюу хамгийн бага үнэлгээ авсан.

Ажил олгогчийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны Б/044/21 дугаартай .....-гийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалд байгууллагын бүтцийн өөрчлөлт хийж, орон тоо цөөрүүлсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байрны орон тоог цөөрүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд .....- нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулахаар шийдвэрлэх эрхтэй ба энэ эрхийг хязгаарлах хуулийн үндэслэлгүй. .....--ын Монгол дахь төлөөлөгчийн газар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлөхдөө мөн хуулийн 40.5-д зааснаар энэ тухай ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй. Гэтэл ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг .....-д 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр мэдэгдсэн атлаа 02 дугаар сарын 26-ны өдрийн тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй. Тодруулбал, ажил олгогч нь .....-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан хугацааг баримтлаагүй гэж хариуцагч маргаж байгаа ч энэ нь орон тоо цөөлсөн үйл баримтыг үгүйсгэж чадаагүй болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан ...нэг сар.. гэдгийг тооцохдоо Иргэний хуулийн зохицуулалтыг баримтлах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн ...хөдөлмөрийн тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.. гэсэнд нийцнэ. Ажил олгогч нь ажилтанд ажлаас чөлөөлөх талаар мэдэгдэх талаар 2021 оны 02 дугаар сарын 29-ний өдөр мэдэгдэх тушаал гарах боломжгүй юм. Учир нь 2021 оны 02 сар нь 28 хоногтой байсан. 02 сарын 27, 28-ны өдөр нь Бямба, Ням буюу амралтын өдөр байсан тул .....- нь тухайн 2 сарын ажлын сүүлийн өдөр болох 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ажлаас чөлөөлөх тушаалыг гаргасан.

.....- нь цар тахлын нөхцөл байдлаас улмаас үйл ажиллагаандаа аудит хийж ажилчдын тоог цөөлүүлэх болсон. Ажил олгогч нь ажилтанд мэдэгдэлгүйгээр гэнэт ажлаас нь чөлөөлөөгүй. Өөрөөр хэлбэл, хуульд заасан хугацаанд мэдэгдсэн. .....- нь .....-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, захирлын А/005/21, А007/21 тоот тушаалуудыг үндэслэл болгосон. Дээрх А/005/21, А007/21 тоот тушаалуудыг орчуулгын товчоогоор орчуулуулж, нотариатаар баталгаажуулсан байх боловч орчуулгын эх сурвалж болсон баримт хэрэгт эх хувиараа авагдаагүй байгааг анхан шатны шүүх анхаараагүйгээр шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт нийцээгүй. Тодруулбал, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд хуулийн шаардлага хангаагүй байхад энэ талаар тодруулах, лавлах хуулийн шаардлага хангуулах, ийнхүү шаардлагад нийцээгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаас хасах ажиллагааг хийгээгүйгээс хэргийн оролцогч хуульд заасан шаардлага хангасан баримт гаргах боломжгүй болсон.

Мөн талууд орон тоог цөөрүүлсэн эсэх талаар маргасан бөгөөд .....--ын ажил, албан тушаалын өмнөх болон шинэ бүтцийг харуулсан хүснэгт нь мөн нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу 1 сарын өмнө мэдэгдэнэ. 1 сарын хугацааг хэрхэн тоолохыг Иргэний хуулийн 72, 73 дугаар зүйлд заасны дагуу тооцох шаардлагатай. Тухайн сараар тогтоосон хугацааг тухай өдрийн дараа сарын эхний өдөр дуусахаар заасан. 1 сараар тогтоосон хугацаа 01 дүгээр сарын 29-ний өдөр халагдсан тушаал гарсан гэж үзвэл 02 дугаар сарын 29-ний өдөр хугацаа дуусахаар байсан. Сарын өмнө мэдэгдсэн эсэхэд хууль зүйн хувьд дүгнэлт хийх ач холбогдолтой. Энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэг, 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу холбогдох нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй. Орчуулгын хувь хариуцагчид ач холбогдолтой байсан гэж үзвэл орчуулгыг эх хувиар нь өгөх боломж хариуцагчид байсан. Гэтэл өөрөө нотлох баримт гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй атлаа үүнийг шүүх алдаа гаргасан гэж үзэх үндэслэлгүй. Бүтэц, захирлын тушаал, баримтууд зэрэг бүх материалуудыг нотариатаар гэрчлүүлж өгсөн нь шаардлага хангаж байна. Орчуулах ёстой атал орчуулгагүй байна гэж давж заалдах шатны шүүхээс буцаах шалтгаан болгон тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд бүтцийн өөрчлөлт хийгээд нэг өдөр 14 ажилтанг халсан. .....-г 02 дугаар сарын 26-ны өдөр ажлаас чөлөөлж, 03 дугаар сарын 01-ний өдөр энэ орон тоонд н.Энхтуяаг авсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн тул хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

1.    Хэргийн үйл баримт болон шүүхийн шийдвэрийн талаар.

1.а. Нэхэмжлэгч .....- нь хариуцагч .....--ын Монгол дахь төлөөлөгчийн газарт холбогдуулан тус байгууллагын хөтөлбөр зохицуулалтын хэлтсийн хяналт үнэлгээний албаны менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч ... бүтэц орон тоог цөөрүүлсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдсэн, шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн, ажил олгогчийн тушаал үндэслэлтэй ... гэж маргасан.

 

1.б. .....- нь .....--ын Монгол дахь төлөөлөгчийн газарт хөдөлмөрийн гэрээний дагуу Хөтөлбөр зохицуулалтын хэлтсийн хяналт үнэлгээний албаны менежерийн албан тушаалд ажиллаж байгаад тус байгууллагын захирлын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/036/21 дугаар тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөр тасалбар болгон Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 оны) 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслэн ажлаас чөлөөлөгдсөн байна. (1хав-6)

 

1.г. Хөдөлмөрийн тухай (1999 оны) хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар аж ахуйн нэгж байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах эрхтэй талаар зохицуулсан.

 

.....--ын Монгол дахь төлөөлөгчийн газрын захирлын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/005/21 дугаартай Байгууллагын стратеги төлөвлөгөө батлах, бүтцийн өөрчлөлт хийх тухай тушаалаар үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө, зохион байгуулалтын бүтэц, өөрчлөлт орж буй албан тушаалын нэршлийг тус тус баталж, байгууллагын орон тооны дээд хязгаарыг 90 байхаар тогтоож, орон тоо цөөрүүлсэнтэй холбогдуулан нэр бүхий ажилтнуудын хөдөлмөрийн гэрээг 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөр тасалбар болгон 14 ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлахаар шийдвэрлэжээ. (1хав-40-44)

Хөдөлмөрий тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ гэж заасан. Мөн хариуцагч байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 17.6.14-т Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр сарын 40.1.1, 40.1.2-т зааснаар үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа нэг сарын өмнө бичгээр мэдэгдэж, гарын үсэг зуруулна гэж заасан байна. (1хав-82х)

 

Гэвч ажил олгогч .....--ын Монгол дахь төлөөлөгчийн газар нь ажилтан .....-д хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах болсон талаар бичгээр мэдэгдэж гарын үсэг зуруулсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Харин хариуцагч нь 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр байгууллагын Доксвейв сүлжээгээр нэр бүхий ажилтанд ажлаас чөлөөлөгдөх болсныг мэдэгдсэн гэж нэхэмжлэгч тайлбарласан.

 

Нэхэмжлэгч .....- нь хариуцагч байгууллагын захирлын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/036/21 дугаартай тушаалыг эс зөвшөөрч, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан гомдлыг мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацаанд буюу 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШЗ2021/0301 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байсан тул нэхэмжлэгч гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн ба энэ талаар хариуцагч тал гомдол гаргаагүй.

 

1.д. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 оны) 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасныг зөрчиж .....-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ажлаас чөлөөлсөн байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан ...2021 оны 02 сар 28 хоногтой, 02 сарын 27, 28-ны өдөр Бямба, Ням буюу амралтын өдөр байсан тул .....- нь тухайн 2 сарын ажлын сүүлийн өдөр болох 2021 оны 02 сарын 26-ны өдөр ажлаас чөлөөлөх тушаалыг гаргасан учир Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй... гэх гомдол үндэслэлгүй байна.

 

Учир нь Иргэний хуулийн 72 дугаар зүйлд хугацаа тоолох журмыг тогтоосон ба 72.2 дахь хэсэгт Тоолох хугацааны эцсийн өдөр ажлын бус өдөр байвал түүний дараагийн ажлын өдөр уг хугацаа дуусна гэж заасан тул ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах сүүлийн өдөр 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байжээ.

 

1.е. Иймд ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ биелүүлээгүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан шаардлагыг зөрчсөн байх тул анхан шатны шүүх энэ талаар үндэслэлтэй зөв дүгнэлт хийжээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч .....-г .....--ын Монгол дахь төлөөлөгчийн газрын хөтөлбөр зохицуулалтын хэлтсийн хяналт үнэлгээний албан менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6,594,297 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт тэмдэглэл хийлгэхийг хариуцагч .....--ын Монгол дахь төлөөлөгчийн газарт даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасантай нийцжээ.

 

2.    Давж заалдах гомдлын талаар.

 

2.1. Ажил олгогч өөрийн бүрэн эрхийн хүрээнд байгууллагын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулахаар шийдвэр гаргах эрхтэй хэдий ч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцлахдаа хуульд заасан журмыг баримтлах үүрэгтэй тул ...Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан хугацааг баримтлаагүй нь орон тоо цөөлсөн үйл баримтыг үгүйсгэх үндэслэл болохгүй... гэсэн агуулга бүхий хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

 

2.2. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаа тоолох журмыг зөв хэрэглэсэн тул энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй.

 

2.3.Хэргийн 34-39, 40-43 дугаар талд авагдсан бичгийн нотлох баримтуудыг хариуцагч талаас гаргасан байх бөгөөд эдгээр нотлох баримтууд хуульд заасан шаардлага хангасан эсэх талаар хэн аль нь маргаж байгаагүй тул анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 38.9 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг мөн хангах үндэслэлгүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 182/ШШ2022/01250 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 191,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Н.БАТЗОРИГ