Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2022/01401

 

 

 

.....-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч М.Баясгалан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2022/01353 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч .....-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч ...-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 199,088,265 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Б.Зулбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

.....- нь ...-тай 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 430,000,000 төгрөгийг зээлдүүлсэн. А.Амгалан энэ зээлийг ...-т олгохдоо ХААН банк ХХК-аас 500,000,000 төгрөгийг зээлсэн. ХААН банк ХХК-ийн зээлийн гэрээний хугацаанд ...- зээлийн төлбөрийг төлөөгүй, энэ зээлийн төлбөрийг түүний хүсэлтээр А.Амгалан төлж барагдуулсан. .....- нь 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр банкин дахь хадгаламжаа цуцалж зээлийн төлбөрийг төлж хүүгийн орлогоор хохирсон. ...- нь 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 391,000,000 төгрөг төлсөн. .....- нь үлдэгдэл төлбөрийг тогтмол шаардаж байсан боловч ...- нь үндсэн зээлийн үлдэгдэл нь 39,000,000 төгрөг төлөөгүй байна. Зээлийн хүүг тооцохдоо 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 7 сарын хугацаанд 430,000,000 төгрөгөөс сарын 2,5 хувийн хүүгээр тооцно. Мөн зээлийн гэрээний хохирлыг 2 хувааж байгаа бөгөөд 50,398,356 төгрөгийг үндсэн зээл төлж барагдуулах хугацаа дууссан өдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 391,000 000,төгрөгийн төлөлт хийсэн 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл буюу 230 өдрийн хугацаанд төлөгдөөгүй байсан 430,000,000 төгрөгийг 18,6 хувиар бодсон. Харин 34,439,909 төгрөгийн хохирлыг 391,000,000 төгрөгийн төлөлт хийсэн 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 1733 өдрийн хугацаанд үлдэгдэл 39,000,000 төгрөгөөс 18,6 хувиар бодсон. Иймд ...-аас зээлийн гэрээний үндсэн төлбөр 39,000,000 төгрөг, хүү 75,250,000 төгрөг, зээлийн гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйгээс учирсан хохирол 84,838 265,төгрөг, нийт 199,088,265 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

.....-тай 2015 оны сүүлээр Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутаг дэвсгэрт байрлах М-15636, МV-17117 тоот ашиглалтын талбайд хамтран ажиллахаар болж уг хамтран ажиллах гэрээний дагуу 860,000,000 төгрөгийг хамтран ажиллах гэрээний мөнгөн төлбөрийн үүрэгт төлөхөөр болсон. Хамтран ажиллаах гэрээний дагуу .....- нь эхний 50 хувийн хөрөнгө оруулалт буюу 430,000,000 төгрөгийн төлбөрийн 360,000,000 төгрөгийг Макс импекс ХХК-ийн данс руу, үлдэгдэл 70,000,000 төгрөгийг миний данс руу хийсэн. Дээрх гэрээний дагуу Марко Поло ХХК-аас 2 ширхэг ашиглалтын лиценз ирсэн бөгөөд тухайн ашиглалтын лиценз дээр .....- болон Эн Си Жи Ти ХХК нар хамтран ажиллахаар болсон. Марко Поло ХХК-аас ирсэн ашиглалтын лицензийг тухайн үед ашиглачихсан, нөхөн сэргээлтийн асуудалтай байснаас болж .....- нь хамтран ажиллахаас татгалзаж өөрийн өгсөн мөнгийг зээлсэн мэт гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний байгуулахаас өмнө 2016 оны 01 дүгээр сард 70,000,000 төгрөгийг нь өгчихсөн. Үлдсэн 360,000,000 төгрөгийг гэрээ байгуулагдсанаас хойш буюу зээлийн гэрээ 05 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан ч10-ны өдөр аль хэдийн мөнгөө өгсөн байсан. Өмнөговь аймгийн Ноён суманд өөрийн мэдлийн Централ Могул ХХК, Эс Эс Жи Пи ХХК-иуд тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан. .....-гаас авсан мөнгийг төлөхийн тулд орон гэрээ зарсан. Тухайн үед хамтран ажиллах гэрээ, зээлийн гэрээг хүчингүй болгоё гэсэн хамтарсан 1 гэрээ байгуулах итгэмжлэл аваад 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 2 талаас гарын үсэг зурсан. Гэвч тухайн үеийн гэрээний нэмэлт хэсэг буюу гэрээний 1.2.7-т зарим хэсэгт нь гараар бөглөсөн. .....- нь хамтран ажиллах гэрээний дагуу өөрийн гаргасан мөнгөн хөрөнгийг зээл мэт нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 227 дугаар зүйлийн 227.3, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ...-аас 114,250,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч .....-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 84,838,265 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,841,502.50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 729,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч .....-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх талуудын хооронд 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр ззэлийн гэрээ байгуулагдаж тус гэрээгээр .....- 430,000,000 төгрөгийг 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл буюу 7 сарын хугацаатай сарын 2,5 хувийн зээлдүулэхээр харилцан тохирсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараар тэдгээрийн хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүсэж хураамж төлсөн нь тогтоогдсон.

Мөн шүүх ...Гэрээний дээрх тохиролцоог нэхэмжлэгчийн шаардаж буй төлбөрийг гэрээний талууд болох хуулийн этгээдүүдийн хамтран ажиллаж гэрээний хураамж гэж үзэж болохоор боловч талуудын уг гэрээний 4.3 дахь заалтаар дундаасаа авсан зээлийн (зээл гэдэг нь 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр .....- нь ...-т зээлсэн ш-16/262 тоот нотариатаар батлагдсан гэрээний дүн 430,000,000 төгрөг) төгрөгийг гарсан металын гарцаас шалтгаалан А, Б талууд хамтран эргэн төлнө... гэж заасан нөхцөл биелээгүй өөрөөр хэлбэл, тус гэрээ хэрэгжээгүй байна гэж дүгнэсэн атлаа мөнгийг ямар үндэслэлээр 430,000,300 төгрөгийг хариуцагч дангаар хариуцах ёстой гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Хамтран ажиллах гэрээний дагуу талууд өөрт ногдох хувь тэнцүүлэн үүрэг хүлээдэг. Б.Батбаяр ... ...-, .....- бид гурав хамтран ажиллах гэрээтэй байсан... гэж мэдүүлсэн. Түүний дагуу ажилласан гэх боловч гарсан үр ашиг түүний хуваарилалтыг тодруулаагүй. .....- нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснийг хариуцагч талд мэдэгдээгүй. 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Эн Си Жи Ти ХХК-ийг төлөөлж ...-, Эрдэнэтцэций хайрхан ХХК-ийг төлөөлж .....- нарын хооронд байгуулагдсан нэмэлт гэрээнд хариуцагчийн дээрх 391,000,000 төгрөгийг буцааж өгөөд гэрээг дуусгавар болгосон талаар тусгагдаагүй. Харин хариуцагчийн тайлбар болон талууд тус гэрээний 1,2.4-т А тал буюу Эн Си Жи Ти ХХК нь 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 215,000,000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 31-ний өдөр 215,000,000 төгрөгийг төлнө, 1.2.6-д Энэхүү нэмэлт гэрээ байгуулагдсанаар 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хамтран ажил гүйцэтгэх гэрээ хүчингүй болно, 1,3-т талуудын 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний нөхцөл хэвээр мөрдөгдөнө. Зээлийн гэрээний үндсэн төлбөрт 430,000,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хүүнд сарын 2.5 төгрөг... гэх тохиролцоо зэргээр зохигчид хамтран ажиллах гэрээг дусгавар болгохдоо нэхэмжлэгчээс зээлж авсан мөнгийг зээлийн гэрээний дагуу буцаан төлөхөөр болсон нь тогтоогдсон гэж шүүх дүгнэж нийт 114,250,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн.

Нэмэлт гэрээний 1.2-т 2016 оны 07 дугаар сарын өдөр хамтран ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дурдсан нь нэхэмжлэгч талын гаргаж өгсөн хамтран ажиллах гэрээний огноо эргэлзээтэй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Хамтран ажиллах гэрээний хураамжаа баталгаажуулсан болохоос зээлийн гэрээний харилцаа үүсээгүй. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв үнэлж дүгнэсэн. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Түүнчлэн, нэхэмжлэгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн зүйл байхгүй. Харин багасгасан бөгөөд энэ тухай хариуцагчид мэдэгдээгүй гэх тайлбар үндэслэлгүй. Хэргийг шийдвэрлэх шүүх хуралдаанд хариуцагч болон түүний өмгөөлөгчийн дэргэд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсныг гаргаж өгсөн.

Хэрэгт авагдсан гэрээний огноо болон уг үсгийн зөрүүтэй нь маргаанд ач холбогдолгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлсэн, талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

1. Хэргийн үйл баримт болон шүүхийн шийдвэрийн талаар

1.а. Нэхэмжлэгч .....- нь хариуцагч ...-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 39,000,000 төгрөг, зээлийн хүү 75,250,000 төгрөг, хохирол 84,838,265 төгрөг, нийт 199,088,265 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ... зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, хамтран ажиллах гэрээний дагуу төлсөн хураамжийг зээлийн гэрээний болгож бичгийн баримт үйлдсэн... гэж маргажээ.

 

1.б. Эн Си Жи Ти ХХК-ийн захирал ...- болон Эрдэнэтцэций хайрхан ХХК-ийн захирал .....- нар 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хамтран ажиллах гэрээг байгуулж, тус гэрээгээр Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутаг дэвсгэрт байрших алтны шороон ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хайгуул, ашиглалт, олборлолт, нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулахаар хамтран ажиллаж Эрдэнэтцэций хайрхан ХХК-ийн захирал .....- нь 430,000,000 төгрөгийг Эн Си Жи Ти ХХК-ийн захирал ...-т төлж 63 хувийг эзэмшихээр тохиролцсон байна. (хх-ийн 117-122)

 

Нэхэмжлэгч .....- нь дээрх хамтран ажиллах гэрээний дагуу 430,000,000 төгрөгийг хариуцагч ...-т шилжүүлэн өгсөн болох нь ХААН банк ХХК дахь .....-гийн депозит дансны хуулгаар тогтоогдсон ба энэ талаар талууд маргаагүй болно. (хх-ийн 10-12)

 

1.в. Талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээ хэрэгжих боломжгүй болсонтой холбоотойгоор талууд 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээг байгуулж, зээлдэгч ...- нь 430,000,000 төгрөгийг 7 сарын хугацаатай, сарын 2,5 хувийн хүүгийн хамт зээлдүүлэгч .....-д буцаан төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар өмнөх үүрэг буюу хамтран ажиллах гэрээний харилцааг дуусгавар болгож, буцаан төлөх хураамжийг зээлийн гэрээний үүргээр сольсон гэж үзнэ. Ийнхүү тохиролцох нь хуулиар зөвшөөрөгдсөн хэлцэл бөгөөд энэ тохиолдолд өмнөх үүргийн харилцаа ч дуусгавар болохоор мөн зүйлийн 236.2 дахь хэсэгт зохицуулсан тул хариуцагчийн ...хамтран ажиллах гэрээний дагуу өөрийн гаргасан мөнгөн хөрөнгийг зээл мэт нэхэмжилж байгаа... гэсэн татгалзал, тайлбар үндэслэлгүй.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Нэхэмжлэгч .....- нь хамтран ажиллах гэрээний дагуу хариуцагч ...-т төлсөн 430,000,000 төгрөгийг талууд зээлийн гэрээний үүргээр сольсон тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу 430,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

 

Түүнчлэн, хариуцагч ...- 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээгээр 430,000,000 төгрөгийг сарын 2,5 хувийн хүүтэй, 7 сарын хугацаатай зээлэхээр тохиролцож гэрээнд гарын үсэг зурж, хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэх түүний тайлбар мөн үндэслэлгүй болно.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

 

1.г. Зээлийн гэрээний дагуу хариуцагчийн төлөх үүргийг тооцвол, үндсэн зээл 430,000,000 төгрөг, зээлийн хүү (430,000,000 х 2,5 = 10,750,000 сарын хүү, 10,750,000 х 7 сар= 75,250,000) 75,250,000 төгрөг, нийт 505,250,000 төгрөг төлөхөөс 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр төлсөн 391,000,000 төгрөгийг хасахад 114,250,000 төгрөг төлөх үүрэгтэй талаар анхан шатны шүүхийн дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Анхан шатны шүүх ... нэхэмжлэгч зээлийн гэрээний дагуу хүү шаардсан тул хохиролд 84,838,265 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй ... гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

 

2.    Хариуцагчийн давж заалдах гомдлын талаар.

2.а. Үүрэг гүйцэтгэгч болон үүрэг гүйцэтгүүлэгч харилцан тохиролцсоны үндсэн дээр Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар аливаа үүргийг өөр үүргээр солих боломжтой бөгөөд ийнхүү зээлийн гэрээ байгуулснаар төлбөрийг бодитоор биелэгдэх боломжтой болгож, үүрэг биелүүлэх хугацаа заан, хүү тооцохоор тохирсон тул зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэх гомдол үндэслэлгүй.

 

2.б. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан талаар тайлбар өгснийг хариуцагчид мэдэгдээгүй гэх гомдол үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг өөрчилж, шаардлагын хэмжээг ихэсгэх эсхүл багасгаагүй тохиолдолд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.2-т зааснаар гардуулах ажиллагааг хийх шаардлагагүй юм. Түүнчлэн, талууд энэ талаар шүүх хуралдаанд мэтгэлцсэн болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2022/01353 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ...-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 729,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Н.БАТЗОРИГ