Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2022/01072

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2022/01072

 

                                   “ХК” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                              иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2022/01410 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “ХК” ХХК-ийн хариуцагч “АС” ХХК, Х.Ж, Т.М нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 77,918,760.74 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулах үндсэн, зээлийн хүү 24,409,495 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 124,891 төгрөг, нийт 24,534,386 төгрөгийг нэхэмжлэлээс хасуулах, Улсын бүртгэлийн ...... дугаартай ......., 19 м.кв үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.МӨНХЗУЛын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, Г.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ч нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1 Нэхэмжлэлийн шаардлага: хариуцагч Х.Ж, “АС” ХХК, Т.М нараас зээлийн үлдэгдэл 53,384,373 төгрөг, зээлийн хүү 24,409,495 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 124,891 төгрөг, нотариатын зардалд 21,500 төгрөг, нийт 77,918,760.74 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулна.

1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Хариуцагч нар 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр “ХК” ХХК-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 75,000,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдэн авч, үүргийн гүйцэтгэлд Т.Мгийн өмчлөлийн улсын бүртгэлийн ...... дугаартай, ......., 19 м.кв үл хөдлөх хөрөнгө, Х.Ягийн өмчлөлийн улсын бүртгэлийн ...... дугаартай, ............., 44,51 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан. Зээлдэгч нар үндсэн зээлээс 21,615,626 төгрөг, зээлийн хүү 18,421,719 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 55,096 төгрөг, нийт 40,072,441 төгрөг төлсөн. Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа тараа зөрчсөн тул бичгээр мэдэгдэл өгч, утсаар мэдэгдэж, уулзалт хийх зэрэг арга хэмжээнүүдийг авсан. Иймд Иргэний хуулийн 453.1, 242.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20.3, 21.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэл гаргасан гэжээ.

 2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулгад: ХКнаас 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 75,000,000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийг Улсын их дэлгүүрийн 5 давхарт байрлах АС кинотеатрын үйл ажиллагаа, тохижилтод зориулж бүрэн ашигласан. Үндсэн зээлээс 21,615,626 төгрөг, зээлийн хүүд 18,421,719 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 35,096 төгрөг, нийт 40,072,441 төгрөг төлсөн. 2019 оны 12 сараас эргэн төлөлт хийхэд санхүүгийн хүндрэл гарсан. Ковид-19 цар тахал дэгдэж, хорио цээрийн дэглэмийн улмаас үйл ажиллагаа бүрэн зогссон. Хорио цээрийн дэглэм үргэлжлэх хугацаанд буюу 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Улсын их дэлгүүрийн 2-7 дугаар давхарт гал гарсан. 5-6 давхарт үйл ажиллагаагаа явуулдаг байсан АС кинотеатр тодорхойгүй хугацаагаар үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Гал түймрийн улмаас бусдын эд хөрөнгө устаж, гэмтсэн үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, ажиллагаа явагдаж байгаа. Иргэний хуулийн 221.1, 221.2-т заасан хүндэтгэн үзэх нөхцөл гэж үзэж байна. Тухайн үед энэ талаар банкинд мэдэгдэж гэрээг цуцалж зээлийн хүүг зогсоохыг мэдэгдсэн боловч хариу ирүүлээгүй гэжээ.  

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл: Үндсэн зээлийн хүү 24,409,495 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 124,891 төгрөг, нийт 24,534,386 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасуулж, улсын бүртгэлийн ...... дугаартай ......., 19 м.кв үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулгад: Зээлдэгч зээлийн гэрээний хугацаа хэтрүүлсэн нь зээлдүүлэгчийн буруутай үйлдэл биш. Хариуцагч тал зээлээ хуваарьт хугацаанд төлөх үүрэгтэйг мэдэж байсан, мэдээгүй гэх үндэслэл байхгүй, энэ талаар хэрэгт баримтаар нотлогдоогүй. Хэрэв гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү тооцох талаар гэрээний 2.1.5-д заасан. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй байна. Талууд зээлийн гэрээгээр жилийн хүү 21,6 хувь, нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байхаар тохиролцсон нь Иргэний хуулийн 40.1, 189.1, 451.1, 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21.2, 22.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох шаардлагыг хангасан. Банк тухайн үед хариуцагч нартай эвлэрлийн гэрээ байгуулах саналыг удаа дараа хүргүүлсэн боловч эвлэрэхгүй хугацаа алдсан зээлдэгчийг буруутгах үндэслэл болно. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 5. Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан АС ХХК /РД:6038727/, Их тугчин овогтой Х.Ж /......, Боржгон овогтой Т.М /РД:УЖ77090301/ нараас 62,613,782 /жаран хоёр сая зургаан зуун арван гурван мянга долоон зуун наян хоёр/ төгрөг гаргуулан, “ХК” ХХК-д /....../ олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15,304,978 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд Т.Мгийн өмчлөлийн улсын бүртгэлийн ...... дугаартай, ......., 19 м.кв орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангаж, Х.Ягийн өмчлөлийн, улсын бүртгэлийн ...... дугаартай, ............., 44,51 м.кв орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай “ХК” ХХК-ийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 671,019 төгрөгийг орлогод үлдээж, хариуцагч нараас тэмдэгтийн хураамжид 541,219 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна.

6.1. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд,

6.1.а. Хэрэгт авагдсан баримт, хариуцагч нарын тайлбараар хугацаа хэтрүүлэх үндэслэл нь нэхэмжлэгчийн буруутай үйлдэл байхгүй, гэрээг албан ёсоор цуцлаагүй байхад шүүх зээлийн гэрээг 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр цуцалсан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Энэ талаар хэрэгт ямар нэгэн баримт авагдаагүй. Харин хариуцагчийн банканд гаргасан хүсэлтийн дагуу маргааныг эвлэрүүлэн зуучлалаар шийдвэрлүүлэхээр харилцан тохиролцсон боловч хариуцагч Х.Ж Т.Мгийн барьцаа хөрөнгийг чөлөөлүүлж, нас барсан өмчлөгч Х.Ягийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэдэг байдлаар эвлэрлийн гэрээ байгуулахгүй хугацаа хэтрүүлсэн нь зээлдүүлэгчийн буруутай үйлдэл гэж үзэх үндэслэлгүй, энэ талаар шүүх хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй. Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.4, 222.5, 451,452, 453 дугаар зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

6.1.б. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд зээлийн хүү жилийн 21,6 хувь, нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байхаар тохиролцсон нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлсон байна гэсэн хуулийн шаардлагыг хангасан. Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 153, 156 дугаар зүйлд заасантай нийцсэн хүчин төгөлдөр гэрээ мөн. Гэтэл шүүх Х.Яг нас барсан үндэслэлээр Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар түүний өмчлөлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ. Нэхэмжлэгч талаас тус хөрөнгийн өмчлөлийн асуудал өв нээгдсэн тохиолдолд жич нэхэмжлэх эрхийг шүүхийн шийдвэрт тусгаж өгөх талаар шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан боловч анхаарч үзэхгүйгээр өмчлөгч нас барснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүрэг дуусгавар болсон гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Тайлбар ирүүлээгүй.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч “ХК” ХХК хариуцагч “АС” ХХК, Х.Ж, Т.М нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 77,918,760.74 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгүүдээр хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч Х.Ж эс зөвшөөрч зээлд төлсөн 24,534,386.7 төгрөгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасуулж, ........., 19 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

 

3. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн боловч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлээгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсгийг зөрчсөн байна.

 

4. Түүнчлэн, талууд 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 75,000,000 төгрөгийг бизнесийн зориулалтаар 36 сарын хугацаатай зээлдэн авах зээлийн, үүргийн гүйцэтгэлд Т.Мгийн өмчлөлийн ......... 19 м.кв 1 өрөө орон сууц, Х.Ягийн өмчлөлийн ......... 44.51 м.кв 1 өрөө орон сууцыг тус тус барьцаалах барьцааны гэрээг байгуулсан байна. Нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг Х.Ягийн өмчлөлийн орон сууцаар хангуулахаар нэхэмжилж, хариуцагч тал “Т.Мгийн өмчлөлийн орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлж, Х.Ягийн өмчлөлийн орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулна” гэжээ. /хх10-17/

 

Анхан шатны шүүх Х.Яд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ зээлийн барьцааны үүргийг, хувийн байдалтай салшгүй холбоотойгоор үүрэг дуусгавар болох тухай Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасан үндэслэлд хамааруулан дүгнэсэн нь буруу. Түүнчлэн талуудын хэн аль нь дээрх 58 тоот барьцааны хөрөнгийн өмчлөгч Х.Яг нас барсан гэж тайлбарлах боловч хэрэгт энэ талаарх бичгийн нотлох баримт авагдаагүй. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг хангалттай хийгээгүй байна. Хөрөнгийн өмчлөгч хэзээ нас барсан, хөрөнгө нь хуульд заасан журмын дагуу өвлөгчид шилжсэн эсэх зэргийг тодруулах шаардлагатай.

 

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2022/01410 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234,475 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.ДАВААДОРЖ

           ШҮҮГЧИД                                 Э.ЗОЛЗАЯА

                                                              А.МӨНХЗУЛ