Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2022/01410

 

 

2022 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2022/01410

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар 

Нэхэмжлэгч: ... дүүрэг, ..., ...  ХХК-ийн /РД:.../ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... тоотод байрлах, ...  ХХК /РД:6038727/

Хариуцагч: ... ... тоотод оршин суух, ...  овогтой ... ын ... /РД:... /,

Хариуцагч: ... дүүрэг, ... тоотод оршин суух, ...  овогтой ... гийн ...  /РД:... / нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд ... төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцлээ.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г..., Г.О..., хариуцагч ...  ХХК-ийн төлөөлөгч болон хариуцагч Х...., хариуцагч Т.... гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А..., нарийн бичгийн дарга А.Урансайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч нараас шүүх хуралдаанд тайлбарлахдааХ...., ... ХХК, Т.... нар нь банкнаас ... -ны өдөр ... тоот Зээлийн гэрээ, ... тоот Барьцааны гэрээг байгуулж, 75,0 сая төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан, зээлийн барьцаанд Т.... гийн өмчлөлийн улсын бүртгэлийн *** дугаартай, *** үл хөдлөх хөрөнгө, Х.***гийн өмчлөлийн улсын бүртгэлийн *** дугаартай, *** м.кв үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан. Зээлдэгч нар үндсэн зээлээс 21,615,626 төгрөг, хүүгийн төлбөрт 18,421,719 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 55.096 төгрөг, нийт 40,072,441 төгрөг төлсөн. Гэвч зээлдэгч нар гэрээний хавсралт дахь эргэн төлөлтийн хуваарийг удаа тараа зөрчсөн тул мэдэгдэл бичгээр өгч, утсаар мэдэгдэх, уулзалт хийх зэрэг арга хэмжээнүүдийг авч, зээлийн төлбөрөө төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу арга хэмжээ авахыг урьдчилж мэдэгдсэн ч үүргээ биелүүлээгүй. Иймд банк Иргэний хуулийн 453.1, Иргэний хуулийн 242.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20.3, 21.2-т заасныг үндэслэн Х...., ... ХХК, Т.... нараас зээлийн үлдэгдэл 53,384,373 төгрөгзээлийн хүүгийн төлбөрт 24,409,495 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 124,891 төгрөг, нотариатын зардалд 21,500 төгрөг, нийт 77,918,760.74 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ... тай ... -ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан, 75,0 сая төгрөгийг жилийн 21.6% хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж авсан. Уг зээлийг Улсын их дэлгүүрийн 5 давхарт ... кинотеатрын үйл ажиллагаа, тохижилтод зориулан авч, бүрэн ашигласан. Барьцаанд Т.... гийн өмчлөлийн ***тоот үл хөдлөх хөрөнгийг 17,290,000 төгрөгөөр, Х.Я-ийн өмчлөлийн *** м.кв орон сууцыг 59,198,300 төгрөгөөр, *** дугаар барьцааны гэрээгээр нэр бүхий тоног төхөөрөмжийг 41,667,304 төгрөгөөр үнэлсэн. Банктай байгуулсан гэрээнийхээ үүргийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 21,615,626 төгрөг, хүүгийн төлбөрт 18,421,719 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 35,096 төгрөг, нийт 40,072,441 төгрөг төлсөн. Би 2019 оны 12 сараас зээлийг эргэн төлөхөд санхүүгийн хүндрэл гарсан. Улмаар Ковид-19 цар тахал дэгдэж, хорио цээрийн дэглэмийн улмаас үйл ажиллагаа бүрэн зогссон. Учир нь 2020.01.27-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын *** захирамжийн 1.3-т зааснаар олон нийтийг хамарсан хурал цуглаан, соёл, кинотеатрын үйл ажиллагааг түр зогсоосноор кинотеатрын үйл явуулах боломжгүй болсон. Хорио цээрийн дэглэм үргэлжлэх хугацаанд буюу 2020.06.07-ны өдөр Улсын их дэлгүүрийн 2-7 дугаар давхарт гал гарсан. 5-6 давхарт үйл ажиллагаагаа явуулдаг байсан ... кинотеатр нь ослын улмаас тодорхойгүй хугацаагаар үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Дээрх осолтой холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс гал түймрийн улмаас бусдын эд хөрөнгө устаж, гэмтсэн үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, ажиллагаа явуулаад шийдэгдээгүй байна. Иргэний хуулийн 221.1-д хүндэтгэх үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно гэж, 221.2-т Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байвал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ гэж заасан. Тухайн үед зээлийн гэрээний эргэн төлөлт доголдох болсон шалтгаан, үүссэн байдлын талаар банкинд мэдэгдэж гэрээг цуцлан зээлийн хүүг зогсоох талаар мэдэгдсэн ч хариу өгөөгүй гэв.

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иймд үндсэн зээлийн хүү 24,409,495 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 124,891 төгрөг, нийт 24,534,386 төгрөгийг нэхэмжлэлээс хасуулах, улсын бүртгэлийн *** дугаартай *** үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлж өгнө үү гэв

Нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн нь үүрэг гүйцэтгүүлэгч буюу зээлдүүлэгчийн буруутай үйлдэл бус болно. Гэрээ нь талуудын хооронд бичгээр байгуулагдсан хэн аль нь хүлээн зөвшөөрсөн эрх, үүргийн харилцаа бөгөөд зээлээ хуваарьт хугацаанд төлөх үүрэгтэйг үүрэг гүйцэтгэгч өөрөө мэдэж байгаа бөгөөд мэдэхгүй гэх үндэслэл байхгүй, энэ талаар хэрэгт баримтаар нотлогдоогүй. Хэрэв гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү тооцох талаар гэрээний 2.1.5-д зааснаар тохирсон. Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.1.5-д Нэмэгдүүлсэн хүүг гэрээний хугацаанд төлөөгүй үндсэн зээлийн дүнгээс 20 хувь тооцно гэсэн нь Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний 20 хувиас хэтрэхгүй нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан. Улсын Дээд шүүхийн ***-ний өдрийн *** дугаар тогтоолоор нэмэгдүүлсэн хүү гэж зээлдэгч авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцааж төлөөгүй тохиолдолд зээлдэгчээр үндсэн хүү дээр нэмж төлүүлэхээр тогтоож, гэрээгээр тодорхойлсон хариуцлагын хэлбэрийг хэлнэ гэж, Иргэний хуулийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй гэдэг нь зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүний төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөхийг хэлнэ гэж, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэдэг нь зээлдэгч зээлийн гэрээгээр нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээсэн бол зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүгээс нэмэгдүүлсэн хүүг гэрээгээр тохирсон хувиар тооцож төлөхийг хэлнэ гэж тайлбарласан. Иргэний хуулийн 222.4-т Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэг тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцна гэж, 222.5-д Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй гэж заасан тул хариуцагч нарын сөрөг нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй байна. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд заасан хүү нь жилийн 21,6 хувь, нэмэгдүүлсэн хүү нь зээлийн хүүгийн 20 хувь гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 40.1189.1, 451.1, 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21.2, 22.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох шаардлагыг хангасан. Банк тухайн үед хариуцагч нартай эвлэрлийн гэрээ байгуулахаар санал удаа дараа хүргүүлсэн ч өөрсдөө эвлэрэхгүй хугацаа алдагдуулсан нь зээлдүүлэгч нарыг буруутгах үндэслэл болноИймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүхэд нэхэмжлэгчээс Зээлийн гэрээ, Барьцааны гэрээнүүд, Барьцаалбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 2 ширхэг гэрчилгээ, Зээлийн бүртгэлийн карт, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, Мөнгөн шилжүүлэг, Мэдэгдлүүд, хариуцагчаас *** ХК-ийн мэдэгдэл, Нийслэлийн Засаг даргын *** дугаар захирамж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Шинжээчийн дүгнэлт, Мөрдөгчийн тогтоол, Прокурорын тогтоолууд, ...  ХХК-иас Мэдэгдэл хүлээлгэн өгсөн тухай албан тоот зэрэг баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

...  ХХК нь ...  ХХКХ...., Т....  нарт холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 77,918,760.74 төгрөг гаргуулах, Т.... гийн өмчлөлийн улсын бүртгэлийн *** дугаартай, ***тоот үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Х.Я-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн *** дугаартай, *** тоот үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагаа нэмэгдүүлжээ.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ гэрээний хугацаа дууссан боловч үүргээ биелүүлээгүй гэж тайлбарласан, хариуцагч нь цар тахал болон гал гарсны улмаас үүргээ биелүүлэхгүй боломжгүй болсон, гэрээг цуцлах саналд хариу өгөөгүй тул зээлийн болон нэмэгдүүлсэн хүүний төлбөрийг хасуулах, үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гарган маргалаа.

 

Шүүх хуралдаанаар үндсэн болон сөрөг нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

... ХХК нь ... -ны өдөр Х...., ... ХХК, Т.... нартай ... дугаар Зээлийн гэрээг байгуулж, 75,000,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, бизнесийн зээлийн зориулалтаар зээлдүүлжээ.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байх зарчимд нийцсэн, талууд хүсэл зоригоо илэрхийлэн, гэрээнд гарын үсэг зурж, гэрээ хүчин төгөлдөр болсон байна.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйл болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх үүргийг, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулжээ.

Нэхэмжлэгч нь гэрээний дагуу зээлийг зээлдэгчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн, энэ талаар маргаагүй, зээлдэгч нар нь гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул зээлийг хүүгийн хамт шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч нар нь зээлийн гэрээний дагуу үндсэн зээлээс 21,615,626 төгрөг, хүүгийн төлбөрт 18,421,719 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 55.096 төгрөг, нийт 40,072,441 төгрөг төлсөн талаар талууд маргахгүй байна.

 

Талууд зээлийн гэрээний 6.1.4-т зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа зогссон, 6.1.9-д зээлдэгчийн эд хөрөнгийн аль нэг хэсгийг хураасан буюу устгасны улмаас үйл ажиллагаа явуулах боломгүй болсон тохиолдолд банкны санаачилгаар гэрээг цуцалж, зээлийг хугацаанаас өмнө бүрэн төлөхийг шаардана гэж тохиролцжээ.

 

Нийслэлийн Засаг дарга Ковид-19 цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор ***-ны өдөр *** дугаар захирамжийн 1.3 дахь заалтаар олон нийтийг хамарсан хурал цуглаан, соёл, кинотеатрын үйл ажиллагааг түр зогсоосон, ***-ны өдөр *** дугаар давхарт гал гарсан үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх үйл явдлын улмаас хариуцагч нар 5-6 давхарт ... кинотеатрын үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон нь зээлийн гэрээний 6.1.4 болон 6.1.9-д заасанд хамаарах бөгөөд хариуцагч нар банкинд энэ талаар мэдэгдсэн, нэхэмжлэгч энэхүү үйл баримтыг мэдэгдсэнийг хүлээн зөвшөөрсөн, харин хариуцагч нартай эвлэрлийн гэрээ байгуулахаар санал удаа дараа хүргүүлсэн гэж тайлбарлаж байна.

 

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2-т гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байвал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж зохицуулсан байна.

 

Тухайн тохиолдолд нэхэмжлэгч нь хариуцагч нарыг эвлэрэхгүй хугацаа алдагдуулсан талаар тайлбар гаргаснаас үзэхэд талуудын тохиролцсоноор банк санаачилгаараа ... дугаар Зээлийн гэрээг 2020.06.07-ны өдөр цуцалсан гэж үзэхээр байна.

 

Иймд Зээлийн бүртгэлийн карт дээрх 2020.06.25-ны өдрийг хүртэл үндсэн зээлийн үлдэгдэл 53,740,173 төгрөг, хүүгийн үлдэгдэл 8,745,718 төгрөг байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэжээ.

 

Талууд зээлийн гэрээний 1.2.2 дахь заалтаар 20 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 452.2-т нийцсэн, хариуцагч нар 2020.06.07-ны өдрийг хүртэл зээлийн гэрээний хугацаанд үүргийн зөрчил гаргасан байх тул нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 124,891 төгрөгийг тооцлоо.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1221 дүгээр зүйлийн 221.2-т зааснаар Х...., ... ХХК, Т.... нараас зээлийн нараас үндсэн зээлийн 53,740,173 төгрөг, хүүний төлбөрт 8,745,718 төгрөгнэмэгдүүлсэн хүүнд 124,891 төгрөг буюу нийт 62,613,782 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15,304,978 төгрөгийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Талууд дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулах зорилгоор Т.... гийн өмчлөлийн улсын бүртгэлийн *** дугаартай, *** үл хөдлөх хөрөнгө, Х.Я-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн *** дугаартай, *** м.кв үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус барьцаалан, ... тоот Барьцааны гэрээг байгуулсан нь Иргэний хуулийн 153, 156 дугаар зүйлд нийцжээ.

 

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д хуульд өөрөөр заагаагүй бол ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх хөрөнгийг худалдахыг шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэжээ.

Хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 62,613,782 төгрөгийг төгрөгийг төлөөгүй тохиолдолд Т.... гийн өмчлөлийн улсын бүртгэлийн *** дугаартай, *** орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Харин барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн *** дугаартай, *** м.кв орон сууцны өмчлөгч Х.*** нас барсан талаар баримтгүй боловч зохигч энэ талаар маргахгүй байна.

Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд нас барсан бол үүрэг дуусгавар болно гэж заасан ба барьцаа хөрөнгийн өмчлөгч нас барснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүрэг нь дуусгавар болох тул нэхэмжлэлийн шаардлагын Х.***д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид /70,200+617,860/ төлсөн 671,019 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тэмдэгтийн /471,019+70,200/ хураамжид 541,219 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан ...  ХХК /РД:***/, ...  овогтой ... ын ... /РД:... /, ...  овогтой ... гийн ...  /РД:***/ нараас 62,613,782 /жаран хоёр сая зургаан зуун арван гурван мянга долоон зуун наян хоёр/ төгрөг гаргуулан, ...  ХХК-д /РД:.../ олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15,304,978 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд Т.... гийн өмчлөлийн улсын бүртгэлийн *** дугаартай, *** орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангаж, Х.***гийн өмчлөлийн, улсын бүртгэлийн *** дугаартай, *** м.кв орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай ... ХХК-ийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 671,019 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тэмдэгтийн хураамжид 541,219 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ