Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 433

 

     Г.Д-т холбогдох

     эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгч Г.Д, түүний өмгөөлөгч Л.Наранчимэг, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 60 дугаар шийтгэх тогтоол, Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 16 дугаар магадлалтай, Г.Д-т холбогдох 2039000210077 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Наранчимэгийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1993 онд өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд Сум дундын 10 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар,

Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 262 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, Г.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мал хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ. 

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Г.Д-г бусдын малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн цэнхэр өнгийн 49-34 ХЭА улсын дугаартай “Киа Бонго” маркийн автомашины үнэ болох 4,000,000, саарал алаг зүсмийн хязаалан насны морины үнэ болох 800,000 төгрөгийг шүүгдэгч Г.Д-с гаргуулж улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэсэн байна.

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хэргийг тус шүүхэд очтол шүүгдэгч Г.Д-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Наранчимэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Ялтан шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно гэж заасан бөгөөд миний үйлчлуүлэгч Г.Д-н хувьд 2019 оны 12-р сарын 09-ний өдрийн 262 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэгдсэн. Энэ байдал нь түүнийг өмнө ял шийтгэгдсэн гэж дүгнэх боломжгүй, тэнсэгдсэн шүүхийн хүчин төгөлдөр тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байгаа ба хорих ял оногдуулахгүйгээр тэнсэгдсэн тохиолдолд ялыг хэрхэн, яаж нэмж нэгтгэх талаар хуульд тодорхой тусгаж өгөөгүй бөгөөд хуулийг тайлбарлан хэрэглэхэд эргэлзээ гарч байгаа юм. Тиймээс анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж, өмнөх шийтгэх тогтоолыг хөндөхгүйгээр 2039000210077 дугаартай эрүүгийн хэрэгт ял шийтгэл оногдуулж, өмнөх тогтоолоос тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхгүй.

Гэтэл давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж байгаа нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар хяналтын журмаар гомдол гаргасан.  Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Ц.Бурмаа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Анхан шатны шүүх Г.Д-т холбогдох хэргийг шийдвэрлэхдээ түүний урьд тэнсэгдсэн байдалд хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Тус шийдвэрт прокурор эсэргүүцэл бичсэнээр давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон. Иймд магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Наранчимэгийн гаргасан гомдлыг үндэслэн Г.Д-т холбогдох эрүүгийн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.   

Анхан шатны шүүх өмнөх шийтгэх тогтоолоор Г.Д-г тэнссэн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй болон тэнсэгдсэн байдал нь шүүгдэгчийг өмнө нь ял шийтгэгдсэн гэж дүгнэх боломжгүй гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэгт нь шийтгэл оногдуулж, өмнөх тогтоолоос тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Наранчимэгийн зүгээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэгдсэн тохиолдолд ялыг хэрхэн нэмж нэгтгэх талаар хуульд тодорхой тусгаж өгөөгүй гэх агуулга бүхий гомдлыг гаргаж, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхийг хүсчээ.

2015 онд батлагдан 2017 оны 7 дугаар сараас хүчин төгөлдөр мөрдөгдсөн шинэ  Эрүүгийн хуулийн суурь үзэл баримтлалын хүрээнд хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоохыг шударга ёсны зарчмыг бодитой хэрэгжүүлэх үндсэн нөхцөл гэж үзсэн хууль тогтоогчийн санаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд тусгагджээ.

Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд гэмт этгээд үйлдсэн гэмт хэргийнхээ заримд шийтгүүлсэн эсэхээс үл хамааран шинээр илэрсэн болон үйлдсэн гэмт хэрэгт нь ял шийтгэж  өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялд нь бүгдийг нэмж нэгтгэж байхаар заасан байна. Эндээс дүгнэхэд хэд, хэдэн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд гэмт хэрэг бүрт нь ял оногдуулж тэдгээрийг нэмж нэгтгэх байдлаар эдлэх ялыг тогтоох нь ял оногдуулах үндсэн зарчим юм.

Хэдийгээр шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тохиолдолд ялыг хэрхэн нэмж нэгтгэх талаар нарийвчлан хуульд тусгаагүй боловч Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан зохицуулалтын дагуу тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэх бөгөөд үүнийг ял нэгтгэх ердийн журмыг хэрэгжүүлсэнд тооцдог.

Энэ хэргийн тухайд Г.Д-т оногдуулсан 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 262 дугаар шийтгэх тогтоол болон 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, дээрх зохицуулалтуудад тусгагдсан үзэл баримтлал, зарчмын дагуу гэмт хэрэг тус бүрт ял оногдуулж, нэмж нэгтгэх нь Г.Д-н эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 16 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай” гэснийг “...хэргийг прокурорт буцаасугай” гэж өөрчилж, бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

                                          ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                         ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                              Б.БАТЦЭРЭН

                                                                                                             Ч.ХОСБАЯР

                                                                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН